p.justify { text-align:justify; }
Өдөрт 2 ном уншиж дуусгадаг Денар буюу Дэлгэрнарангийн зөвлөгөө

Ер нь бол Денар гэдэг хүнийг таны адил огт мэддэггүй байлаа. Тэгж байтал, өнгөрсөн жил Unlock podcast -ийг сонсож байх үед номын хэлэлцүүлэгт зочноор орж “The Undoing Project” хэмээх номын тухай ярилцсан юм. Хамгийн их анхаарал татсан зүйл нь энэ хүн асар хурдан уншдаг талаар хөтлөгч Дээгий бишрээд ярьж байхыг нь би ч бас бишрээд л сонсож байлаа… Яаж тийм хурдан уншдаг байнаа гэсэн бодол толгойноос гарахгүй явж байтал Денар Монголд ирлээ, уулзалт хийх гэж байнаа гэж сонсоод л нөгөө Денар гэдгийг нь шууд мэдсэн л дээ :))

“Цэцэрлэгт байхдаа л уншиж сурсан Денар, 4-р ангидаа сургуулийнхаа номын сангийн бүх номуудыг уншиж дуусгасан байлаа”

Денартай уулзах арга хэмжээнд ажил давхцаж хоцорч ирээд ярианы эхлэл хэсийг сонсож амжаагүй ч хамгийн сонирхолтой хэсэг болох үзэгчдийн асуулт хариултыг voice record хийж авсанаа эмхэтгэж байна. Ирээгүй олон хүмүүст зориулав.

Товч мэдээлэл : Денар буюу Дэлгэрнаран нь Япон, Канад, Сингапур гэх мэт улс орнуудад ажиллаж амьдарч байсан бөгөөд одоо Сингапур улсын Ракутен компанид Ази номхон далайн бүс нутгийг хариуцсан бизнес хөгжлийн газрын менежер хийдэг байна.

Нөгөө Алдарт Денартай…

За тэгэхээр Денар юу гэж бидний асуултанд хариулсан бэ?

Эхний асуултыг Золзаяа миний бие тавилаа.

Би: Таныг Unlock-оор сонссон . Та яаж хурдан ном уншиж сурсан бэ? Арга барилаасаа хуваалцаач ?

Денар : Анх 1-р ангиасаа эхлээд л англи хэл сурахдаа би Англи- Англи толь бичиг болон Библи тавьж байгаад үгийг нь хараад л суудаг байсан. Маш удаан ном уншиж сурсан.

2-р ангид байхдаа “How to Improve your mind” гээд ном уншиж байхад тэр ном дээр өгсөн нэг зөвлөгөө байсан. Хүмүүс юм уншихдаа толгойдоо өөрийнхөө хоолой оруулж уншдаг байна. Өөрийн ярианы хурдаар номоо уншдаг гэсэн үг. Тийм болохоор л удаан уншаад байгаа юм. Хурдан унших арга нь уншихдаа хоолойгоо оруулахгүйгээр унших. Гаднаас нь харахад үнэндээ тогтоогүй юм шиг санагдаж магадгүй. Ихэнх хүмүүс номоо уншиж байгаад л нэг мэдэхэд анхаарал нь өөр юманд төвлөрөөд л буцаагаад ухраагаад унших тохиолдол байдаг. Хурдан уншихад ерөөсөө тэгдэггүй, хэзээ ч ухрахгүйгээр төвлөрөөд унших нь чухал, эхний ээлжинд удаан уншиж магадгүй. Унших явцдаа хэрэгтэй зүйлээ тэмдэглээд явж болно. Яаж хоолойгоо оруулахгүй унших вэ гэдэгт суралц, ингэхийн тулд үгийг зураг шиг харж сурах хэрэгтэй. Маш сайн төвлөрч унш, өөртэйгээ адилхан ном уншдаг хүмүүстэй найзла.

Өөртөө унших цаг гарга. Би өдөрт 2 цаг уншдаг. Галт тэргээр ирж очих 90 минут мөн нойлд 15 минутыг уншихад зарцуулдаг. Би өөрийгөө тийм ч хурдан ном уншдаг гэж боддоггүй. Манай найз нар хоолныхоо цагаар, цайгаа ууж байхдаа л бүтэн ном уншаад дуусгачихдаг, уншсан юмнаас нь асуухаар нь доторхыг нь шууд санаад хариулдаг.

Заримдаа би нэг зэрэг 4–5 ном уншдаг. Гол нь уншихдаа биш сурахдаа байдаг. Миний хувьд өөрт хэрэгтэй санаа оноо, сэтгэгдэл, зөвлөгөөнүүдээ тэмдэглэж аваад л үлдчихдэг. Ихэнх ном маш хурдацтай хуучирчихдаг, ялангуяа бизнесийн номнууд …

Асуулт 2: Таны илтгэл яриа нүдэнд ортол маш сайхан болж байна. Та яаж цэгцтэй, сонирхолтой ярьж чадаж байна? Гарааны бизнесүүд илтгэлээ хэрхэн цэгцтэй ярих вэ?

Гарааны бизнесүүд, жижиг бизнесүүд юугаа зарах ёстой гэхээр :

  • Эхний ээлжинд Би ийм асуудал, харж ийм юм хийлээ. Ийм юм дээр би ажилламаар байна, түүний төлөө бид ийм зүйл дээр ажиллаад үзчихсэн байгаа, үргэлжлүүлээд ийм зүйл хийх хүсэлтэй байна, бидний хувьд ийм чадалтай хүмүүс, бидэн ийм хэмжээний мөнгө хэрэгтэй байна.
  • Ерөнхийдөө дээрх бүтэцийн дагуу 5 минутанд багтаагаад л сайн бэлд, найзууддаа очоод ярьж шалгуул, худлаа хөрөнгө оруулагч дээр очоод ярьж үз, хариултыг нь сонс, хүмүүсээс санал онол ав, нилээд давтах ёстой.

Би итгэгч биш, эсрэгээрээ олны өмнө ярихаараа санаа зовоод байдаг. Харин толгой дотроо зураг зураад ийм хавьцаа ярих ёстой гэж бодоод явдаг, тайлбарлаад ярьж сурч байгаа.

Асуулт 3: Амьдарч байсан хотууудаас хамгийн таалагдсан хот аль нь вэ? Япон явахад заавал япон хэл сурах шаардлагатай юу?

Яаж амьдармаар байгаа гэдгээс ерөнхийдөө хамаарна. Харах өнцөг хүн болгонд өөр. Миний хувьд, миний хувийн бодлоор би тав тух, таашаалаа найзуудаасаа л авдаг.

Амьдрах газрын хувьд Сингапур хамгийн гоё.

Япончуудын 99,5% нь англи хэл мэдэхгүй. Тэгэхээр одоо Япон хэлээ сурах хэрэгтэй. Залуу хүн шинэ хэл сурах асуудалгүй, хэлийг нь ойлго, соёлыг нь ойлго, тэгээд дунд нь орно. Сэтгэлзүйн бэлтгэлтэй л бай. Битгий шантраарай.

Асуулт 4 : Японд ажлын энгийн 7 хоног хэрхэн өнгөрдөг вэ? Ажиллах тусам цаг нь багасдаг уу? Үнэлгээ нь ямар байдаг вэ?

Ажилчид өөрөө өөрсөддөө зорилго тавьдаг. Хагас жилийн дотор ийм амжилт гаргана, ийм хэмжээний борлуулалт хийнэ гэх мэтээр. Түүнийгээ даргатайгаа яриад нэг ойлголтонд хүрнэ. Хагас жилийн дараа шалгуулж, хэлсэн амандаа хүрсэн эсэхийг нь хардаг. Хажуугаар нь хувь хүний хөгжил нь хөгжсөн эсэхийг нь шалгадаг. Ярих чадвар, бичиг цаас боловсруулах чадвар нь сайжирсан эсэх ч юм уу?(Soft skill талаасаа) Өөрийнхөө сул талуудаа хөгжүүлэх ёстой байдаг.

Японд бол 9–10 цаг ажиллах нь нилээд түгээмэл байдаг. Төлөвлөсөн ажлаа хугацаандаа хийж дуустлаа суудаг. Тэгэхгүй болон олон сая доллар алдана, хийж дуусахгүй бол толгойгүй болно гэж хоорондоо ярьдаг.

Гэхдээ өөрийгөө олон цаг суулгах нь чиний л буруу гэж боддог. Чамайг хэн ч тэнд хорьж бариагүй. Хийх юм хийгээд явж байвал болно, хийх юмандаа дуртай байгаа бол олон цаг суусан ч яахав дээ.

Би ажлыгаа цалинтай сургалт гэж боддог. Компаниас юм сурангаа хажуугаар нь цалинжиж байна гэж хардаг.

Асуулт 5: Онлайн шоппингтой холбоотой асуулт асуув, Монголд хэрэгжүүллээ гэхэд юуг анхаарах ёстой вэ?

Хамгийн түрүүнд түгээлтийн асуудал, гэр орны хаяг, мөн төлбөр тооцоо… Монголыг би сайн мэдэхгүй байна. Хотод хаана юу байгааг мэддэг хүн байдаг юм уу?

Асуулт 6: Монголын залуус олон улсад өрсөлдөхөд хамгийн чухал 5 ур чадварыг та юу гэж нэрлэх вэ?

Миний хэлэх зүйлийг жоохон шүүлтүүртэй сонсоорой.

Өөрийгөө битгий Монгол гэж бод. Өөрийгөө 7 тэрбум хүний нэг л гэж бод. Гадаадад чамайг Монгол гэж хэн ч тоохгүй, мэдэхгүй. Чиний хийх юмаар чинь л үнэлэнэ. Тиймээс эхний ээлжинд Монгол гэдгээ хая, март. Би өөрийгөө Монгол гэдгээ ерөөсөө ч хэлдэггүй, хэлэх ч шаардлага гардаггүй. Зөвхөн виз гарахад л садаа болдог. Миний эргэн тойронд 40-өөд орны хүн сууж байна. Тийм учраас Монгол гэж цоройж гарч ирэхгүй. Мөн, өөрийн бодол санаагаа англиар илэрхийлж сур. Дэлхийн бүх мэдээллийг интернетээс авах боломжтой, Монголчууд аль хэдийнээ хөл нийлүүлэн алхах боломжтой болсон учраас хэл сур, мөн өдөр бүр шинээр мэдээлэл авч өөрийгөө хөгжүүл. Номер 2, өөрийн гэсэн зорилготой бол. Ажиллаж буй компанид өөрийн хүсэл мөрөөдөл, зорилгоо хэлээд, танай энэ хэсэгт ийм зүйл хийж сайжруулмаар байна, тэндээсээ би ч бас сурмаар байна гэж хэлдэг бай. Энэ 2 байхад бусад нь болчихно.

Монгол залуучууд өөрийн гэсэн зорилго байдаггүй.

Мөнгөнд болон нэр хүндэд нь болж битгий компанид ор.

Асуулт 7: Маш олон гоё санаанууд байдаг. Тэр санаануудын зарим нь амжилттай зарим нь амжилттгүй байдаг. Гоё санаануудыг хэрхэн цааш нь амжилттай авч явж ажил хэрэг болгодог вэ? Мөн хэрхэн анхаарал төвлөрөлөө сайжруулж сурах вэ?

Энэ тийм хэцүү биш,

Аймар олон энэ санаанаас бага хөдөлмөр зарж их мөнгө олох санааг нь түрүүлж хий. Янзын гоё , чухал, хэрэгтэй юм хиймээр л байдаг, тэр нь тэгээд их хөдөлмөр зарахаар, бага мөнгө олохоор байвал түүнийг хийх хэцүү.

Доорх байдлаар санаануудаа байршуулж үзээд сонгоно. Энэ тохиолдолд idea3-г хэрэгжүүлэх нь сайн юм.

Дараагийн асуултын хувьд : төвлөрөл хэрхэн сайжруулахыг би сайн хэлж мэдэхгүй ээ. Хувь хүний л чадвар байх. Манай Unlock podcast- ийг нээсэн найзууд бараг л ном уншдаггүй, өөрсдөө ном уншдаггүй учраас хүчээр ном уншъя гээд уншиж эхлэсэн.

Дуртай, сонирхолтой номоо 3 найзтайгаа нийлж уншаад сарын эцэст түүний талаар ярилц, санал бодлоо хуваалц. Тэгээд та нар гоёыг нь мэдрэнэ.

Асуулт 7 : Гаднаас яаж хөрөнгө оруулалт татах вэ?

Эхний ээлжинд дотоодоосоо хөрөнгө оруулалт татаад сур. Энэ их том House -уудад амьдарч байгаа хүмүүсийн дансанд аймаар их мөнгө байгаа ш дээ. Тийм болохоор 5%-иа — санал болгоод хөрөнгө оруулалт босго. Монголдоо туршаад үз, батла. Түүний дараа гадны хөрөнгө оруулагч хай. Гадныхан угаасаа л шинэ санаа хайгаад л явж байгаа ш дээ. Миний бодлоор хятадаас их мөнгө татах боломжтой гэж үздэг. Маш их мөнгө агаар дээр хөвөөд л явж байгаа…

Асуулт 8: Асуулт сайн сонгогдсонгүй.

Ямар хүн болмоор байгаагаа мэд. Миний туршлага гэвэл: Би японд очоод оюутны холбоонд ороод дэд даргаар нь 2 жил ажилласан. Олон хүмүүстэй харилцаж, туслаж, цэвэрлэгээ хийж, мөн хэдэн оюутнуудтай нийлж байгаад сургууль дээрээ хуушуур зараад 2000 доллар босгоод 2 нярайн аппрат Монголд бэлэглэж байсан. Тиймэрхүү ажил хийж, нийгэмтэй шууд харьцах нь их зүгээр байдаг.

Мөн Linked in -ээр дамжуулж гадаадад яаж гарахаа ол.

Миний хувьд 15 настайдаа их сургуульд орж байсан. Нас бол асуудал биш. Харин ч залуу байгаагаараа бахарх.

Асуулт 9: Сэтгэл судлаач мэргэжилтэй байж байснаа, бизнесийн салбарлуу орчихлоо гэж та ярьсан. Энэ сул талаа яаж давуу тал болгож хувиргасан бэ? Мөн өөрийнхөө 5 жилийн ирээдүйг юу гэж харж байна вэ? Өөрийгөө хэдээр үнэлэгдэх мэргэжилтэн гэж боддог вэ?

Юун түрүүнд нэг бөөсний онигоотой бол.

(Нэг оюутан зөвхөн бөөсний тухай уншиж, уншиж шалгалтандаа ороод ямар ч амьтны тухай асуусан бөөстэй холбоод байхаар нь аргаа барсан багш загасны тухай ярь гэхэд

Оюутан: Загас хэрэв хуурай газар амьдардаг байсан бол үстэй байх байсан үстэй юм чинь бөөстэй л байж таараа гээд л бөөснийхөө тухай ярьдаг.)

Би маркетингийн талаар юу ч мэддэггүй байсан. Тэгээд тэр дор нь хамгийн сүүлийн үеийн 20 ном уншсан. Тэхлээр 10 жилийн өмнө маркетингаар төгссөн хүнээс илүүтэй хамгийн сүүлийн үеийн мэдлэг авчихаж байгаа юм.

Дараа нь датагийн талаар судлаж эхлэсэн … гэдэг ч юмуу.

Олон улсын тавцанд та бусдын өмнө үнэлэгдээд явъя гэж бодож байгаа бол нэг юмаараа нарийсч мэргэш. Өөрийн бөөсний онигоотой бол.

Ямар нэгэн компанийг урдаа тавиад зөвхөн график дизайнаар нь тайлбарлаж чадах, зөвхөн брэндингээр нь , зөвхөн санхүүгээр нь зөвхөн ажилтнаар нь тайлбарлаж чаддаг бол. Тэгж нарийн тайлбарлаж чаддаг хүнийг л мэргэшсэн хүн гэдэг.

Би аймаар олон даргатай. Манай нэг дарга, төслийн менежмент талдаа маш сайн мэргэшсэн хүн байдаг. Тэр хүн ямар ч бизнесийг төслийн менежментээр тайлбарлаж чаддаг. Нэг слайдаа гаргаад л тэрийгээрээ л бүх юмаа тайлбарладаг. Дараагийн бас нэг дарга маань бүх юмыг санхүүгээр тайлбарладаг. Тоогоор тайлбарлаж чаддаг.

Харин би тэгтлээ мэргэшлийн болж чадаагүй байгаа. Одоохондоо бөөсний онигоотой болж амжаагүй байгаа. Гэхдээ олон талын мэдлэг байгаа. (Тонгорого хутга шиг л олон жижиг юмыг гаргаж ирээд л ашиглаад байдаг.)

Би анх ажилд ороод өдөр бүр өөр хүнтэй хоол иддэг байсан. Өдөр бүр өөр өөр хүнээс яадаг гэнээ, яадаг гэнээ гээд л бусдын талаар, туршлагыг нь сонсдог байсан.

Мөн маш мундаг ментортой болсон. Миний 3 менторын өгсөн зөвлөгөө бол:

Өөрийн 5 жилийн зорилгоо тодорхой болго, нэг юмандаа нарийсаад мэргэш. 4–5 жилийн дотор маш сайн мэргэш. Нэг юмаа эргэлдүүлээд байлгүй янз янзаар үзэж өөрийн гэсэн бөөсний онигоотой бол гэж хэлж байсан. Тэгээд тэрэндээ дургүй бол компаниа соль гэж хэлж байсан.

Цалингийн хувьд зах зээл үнийг тогтоодог. Түүнээс би тогтоохгүй. Миний цалинг та нар google-дээд л харчихаж болно.

Асуулт 10: Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж мэдээлэлтэй байдаг вэ?

Минут секунд бүр өөрчлөгдөж байдаг. Миний хувьд компани даяар мэдээллийн чанартай мэйл хүмүүсрүүгээ явуулдаг.

Өглөө ирээд 30 минут өөртөө цаг гаргаад л мэдээ уншаад, түүнийгээ товчилж бичээд л линкүүдийг нь тавиад мэйлддэг. Өдөр өдрийн цагаар мөн 3 цагт бас мэдээлэл хардаг. Bloomber, https://techcrunch.com/https://www.reuters.com/ гэх мэт хэдхэн л сайтууд л байгаашдээ салбарын. Тэгж байж л сүүлийн үеийн мэдээлэлтэй байхгүй бол болохгүй. Наад зах нь эд нарийг дагаад сурчих, мөр өөрийн салбарын нарийн сайтуудаа дага, унш.

Асуулт 11: Хэл сурах үр дүнтэй арга болон туршлагаа хуваалцана уу? Бидний хувьд байнга ярих орчин нөхцөл нь бүрдээд байдаггүй ч дуудлагаа хэрхэн сайжруулах вэ?

Би англи хэл сурахдаа ТВ дагаад л BBC гээд мэдээгээр ярьж байгаа хүний амыг нь харж байгаад ам бариад дууриагаад зэрэгцээд ярьдаг дасгал хийдэг байсан. Эхэндээ амны хайрцаг нь зөрөөд байдаг. Өдөр бүр давтана. Мөн дуу дуулаад л явж байдаг. Адил дуудлагатай хэлэх гээд хэлээ өвдтөл давтана.

Гэхдээ хэлийг ямар түвшинд сурмаар байгаа зорилгоо эхлээд тодорхойлчих. Хэлийг төгс эзэмшсэн хүн гэдэг нь тэр хэлээрээ хүмүүсийг инээлгэж чаддаг болсон хүнийг л хэлдэг.

Ном сайн унш, яагаад гэвэл юмыг маш сайн олон талаас нь тайлбарласан байдаг.

Би япон хэл сурахдаа хүүхдийн номноос нь эхлэсэн. Хүүхдийн сэтгэлгээг нь ойлгоод л , түүнийгээ томруулсаар илүү хүнд философийн сэдэврүү орж эхлэсэн. Хэл сурах хамгийн чухал нь дүрэм биш, яриа биш, тэр орны сэтгэлгээг нь сурах нь чухал. Юун дээр инээгээд байна, юу нь болохгүй байна, ямар үед юу хэлэх ёстой вэ гээд…Ямар нэг хэлц үг нь бүгд цаанаа түүхтэй байдаг. Түүнийг нь мэдэж ав. Өөртөө цаг гарга.

Гадаад хэл дээр ном уншвал хэл ч сайжрана, мэдлэг л нэмэгдэнэ.

Асуулт 11: Асуулт сонсогдоогүй, гэхдээ өөртөө хэрхэн зорилго тавихтай холбоотой асуулт байсан.

Зорилгоо чадвар гэж хар. Чадварт сур. Юу сурмаар байгаагаа тодорхойлоод түүнийхээ дагуу зорилгоо гарга.

Хүн 18 сарын дотор хийж байгаа ажлаа гартаа оруулчихдаг. Тийм болохоор 18 сарын дараагаас дараагийн юу хийхээ шийдэж яв. Алсын зорилго тавиад түүнийгээ 18 сарт хуваагаад, өөрийгөө шинэчилж бай . Үгүй бол нэг мэдэхэд дургүй ажлаа насаараа хийчихсэн хүмүүс байдаг шүү дээ.

Асуулт 12: Existential crisis -т орж байсан уу?

Тэр чинь завтай хүний ажил л гэж боддог ш дээ. :)) Зорилготой бол.

Асуулт 13 : Амьдралын хамгийн хэцүү үе юу гэж боддог вэ?

Хамгийн хэцүү үе ирээгүй гэж боддог. Миний хувьд амьд байвал алдаа гэж боддоггүй, туршлага гэж боддог. Ичмээр үе зөндөө байдаг л даа… Чадаагүй үед харамсааад байлгүй, яагаад би алдав гэдгээ ухрааж бодож, өөрөө өөрөөсөө алдааг хайдаг. Гутраад унах цаг өөртөө гаргадаг. Найзуудруугаа хэцүү байнаа гээд залгадаг үе байдаг.

Түүнээс ажил дээрээ ухаан алдаж унаж байсан, сар эмнэлэгт хэвтэж байсан, виз хөөгдөх шахаж байсан. Тэр болгонд зорилго намайг давж гарахад туслаж байсан. Тийм зүйл зөндөө байгаа. Тэрийг би хэцүү үе гэж боддоггүй.

Асуулт 14: Таны ажиллаж байгаа байгууллагын соёлоос хамгийн сэтгэлд хүрсэн соёл ?

Өөрийн байгууллагын соёлын талаар Захиралынх нь бичсэн номноос Workcentral -д бэлэглэв.

Өөрийхөө байгууллагаа, өөрийнхөө зүйлээ миний эзэмшил гэж ойлгож сурах нь миний хувьд хамгийн чухал байсан.

Манай нэг захирал надад тэгж хэлж байсан: — Би ямар нэгэн компанид орж уулзаад сандлынх нь хөл дээр тоос тогстон бол би тэр компанитай бизнес хийхгүй.

Өөрийн компанид сэтгэлгүй, байгаа орчноо арчилж чаддаггүй бол өөрийнхөө ажлаа сайн хийж чаддаггүй гэж дүгнэдэг.Үүнтэй адил зарчим Японд ч байдаг. Тиймээс манай оффис аймаар цэвэрхэн. Ажилчид нь бүгд л байнга л цэвэрлэж, арчиж байдаг. Энэ бол зөвхөн компанид хэрэгтэй биш, зүгээр л хувь хүний соёл. Үүнийг өөртөө шингээгээд авах хэрэгтэй гэж бодож байна.

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *