p.justify { text-align:justify; }
Анна Григорьевна Достоевская “ДУРСАМЖ”

Анна Григорьевна Достоевская
ДУРСАМЖ


Хайртай зохиолчийнхоо хайрт гэргийнх бичсэн энэ хар номыг дахин уншихдаа зарим үед хоолой зангирч, нүдэнд нулимс цийлэгнэн номоо түр хааж байсныг хэлэх юун.
Оросын анхны өндөр боловсролтой сэхээтэн эмэгтэйчүүдийн нэг энэ бүсгүйн дурсамжийг уншихад гайхалтай сайхан урам зориг, баргар хүйтэн уйтгар гуниг аль аль нь төрдөг юм. 
Дөнгөж л хорь шүргэж байсан цэл залуухан, үзэсгэлэн гоо, сурвалжит баян тансаг амьдралтай бүсгүй өөрөөс нь үе мултарсан өр ширэнд баригдсан, унаж татдаг өвчин хуучтай, ядуу зохиолчийн гэрлэх саналыг хүлээн авсан нь хүнд хэцүү үед нь түүнд бурханаас илгээсэн тэнгэрийн элч гэлтэй.


Утга зохиолд шимтэн дурладаг, түргэн бичээч хийдэг энэ бүсгүйн гараар Достоевскийн суут бүтээлүүд бичигдсэн гэхээр хайрлан бахархах сэтгэл төрж байна. Ямар их зовлон зүдгүүр туулсан ч их зохиолчид хэчнээн их хайртай байсан тухайгаа, амьдралынхаа хамгийн аз жаргалтай гэрэлт өдрүүд хэмээн дурссан байдаг.
Байнгын мөнгөний гачигдал, талийгч ахаас нь өвлөн ирсэн дааж давшгүй өр шир, тэдний гэр бүлийг тэжээх хүнд ачаа, мөнгө нэхэх хамаатнууд , угжны хурга шиг тэжээлгэх дагавар “залуу” гээд ахуйн дарамтууд дунд хэрхэн зүдэн ядан зохиолоо бичиж байсан тэр үеийг харуусал төртөл бичсэн байдаг юм даа. 


Хэвлэлийн газрын эзэд гэх шулаач нар мөнгөний гачигдалтай, ядуу зүдүү хөөрхий Достоевскийн нэг хэвлэлийн хуудас гар бичмэлд 150 рубль төлдөг бол баян чинээлэг амьдралтай Толстой, Тургенев, Гончаров нарт 500 рубль төлж өөрсдөө гуйж авдаг байсан гээд бод доо.
Шорон гяндан, цаазын ял, цөллөг, хавчлага, хайрт ахыгаа, ханиа алдсан хагацал зовлон бүгдийг баатарлагаар даван туулсан сэтгэлийн хаттай, үхэхээс бусдыг үзсэн зохиолч маань мөрийтэй тоглоомонд донтож, хожигдохоороо биеэ татаж чадахгүй сүүлчийн зоосоо дуустал тоглодог байсныг хачирхан бичсэн байдаг.


Залуухан, хөөрхөн эхнэртээ хязгааргүй хайртай шигээ бас хартай байсныг ч нуугаагүй байна. Гэр бүлдээ их санаа тавьдаг, хүүхэдсэг хайр халамжтай сайн нөхөр, сайн аав, ер нь л уяхан зөөлөн өрөвч сэтгэлтэй, эмоцитой, янз бүрийн л зан чанар хослуулсан хүн байж.
Анна Григорьевна “Хайрлах урлаг”-ийг төгс төгөлдөр эзэмшсэн бүсгүй байжээ. Тиймээс аугаа зохиолч түүний хүчинд “Тоглоомчин”, ” Солиот”, “Хөвүүн”, “Альбингууд”, “Карамазовын хөвүүд” гэсэн мөнхийн бүтээлүүдээ туурвижээ.
Нөхцөл болзолгүй хамгийн сайхан нандин хайрын үнэн түүх! Уран зохиолд л байж болох, тийм ээдрээт амьдрал туулсан хүний гайхалтай хайрын тухай бодит түүх!

“Бурхан бий юу, үгүй юу” гэсэн мөнхийн зовлонт, шаналгаат асуултын хариуг эрэн бэдрэхдээ “Аугаа нүгэлтний аж төрөл” гэсэн нэрийн дор таван зохиол бичихээр төлөвлөж байсан аж. Нөгөө л гачигдал зовлон, унаж татдаг өвчин нь садаа болж бичиж чадаагүй ч хожим энэ санаагаа “Карамазовын хөвүүд” романдаа дэвшүүлж бурханаас ял асуусан аугаа суутан билээ. Бичиж ахуйдаа миний бүтээлүүдийн ноён оргил хэмээн зөнч оюунаараа тольдсон байна.
“Карамазовын хөвүүд” романы баатрууд хорин жилийн дараа тэр дүрээрээ дахин гарч ирэх нүсэр том зохиол бичих болон тав зургаан том бүтээл төлөвлөсөн боловч бурхан түүнийг арай л эрт дууджээ. 


“Солиот”-оо бичих гэж хамаг л нөөцөө шавхан их л зовж зүдэрсэн тухай дурссан байна. Достоевскийн зохиолын гол баатрууд ер нь л бодит хүмүүс байжээ. “Мэргэжил нэгт атаархагчид” гэж бас нэг зовлонтой хүмүүс амар заяа үзүүлдэггүй байсан гэнэ. Аль ч цаг үед байдаг зовлон юм даа.
Евенгели судрыг шимтэн судалдаг, бурханд чин сүсэгтэй зохиолч маань хүмүүсийн гэм нүглийг цагаатгах амлалт өгсөн бурхантай хүн төрөлхтний өмнөөс заалдах, түүнийг шүүх хүсэлтэй байгаагаа зохиолоороо дэлгэн тавьжээ.


Хүн төрөлхтний зовлонгийн шалтгааныг хайх үүрэг хүлээж бурханаас томилогдсон элч юм даа гэсэн сэтгэгдэл төрөв. Тиймээс л бурхан түүнд тийм хүнд хэцүү сорилт тулгасан байх. 
Бурхангүй, өмчгүй, шударга нийгэм тогтоохсон гэж мөрөөдөх болсон нь бүтээгчийн алдаа завхралд итгэл алдарч байсны шинж биз. Хурц оюун, билиг авьяасаараа онцгойрон ялгарах энэ суут хүний намтарыг уншсан хэн боловч дотоод сэтгэлий нь ойлгож, зохиол бүтээлий нь унших урам зориг төрөх биз ээ.


Достоевскийн зохиол уншихад хүнд, хэцүү, ойлгомжгүй гэж бодохоосоо өмнө хувийн амьдралтай нь танилцвал арай ойр дөт болно доо. Түүний зохиол бүтээлийг уншаагүй байлаа ч Достоевский гэдэг нэр утга зохиол, сэтгэлгээ, философийн ертөнцөд хүндтэй байр суурь эзэлсээр байх тул санаа чилэх юу билээ.


Гачигдал зовлон нүүрлэсэн зүдэг хэцүү амьдрал нь төгсгөл болж нуруу нь амрах тэрхэн мөчид зохиолч амьсгал хураасан нь эмгэнэлтэй. Үнэхээр бурханы сорилт байсан, зохиолч түүнийг нэр төртэй даван гарсан гэдэг омогшил цээжинд минь огшиж байна.
Олон хүн уншсанаараа овгор мундаг
болохгүй, анхдагч дэвшүүлсэн санаа, утга зохиолд оруулсан хувь нэмэр нь үнэ цэнэтэй хэвээр байгаад түүний гайхамшиг оршино. 
Суут бол суут, гайхамшиг бол гайхамшиг!

Хөх Толбот Д.Төмөр-Очир

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *