p.justify { text-align:justify; }
П.Батхуяг “АЛИМ” /Егөө эсээ/

Хэл бичгийн ухааны доктор/Ph.D/, Зохиолч, яруу найрагч, Утга зохиол судлаач, шүүмжлэгч СУИС-ын багш Пүрэвхүүгийн Батхуяг

Үүнийг зүгээр л унш.Гүйцээ.

АЛИМ П.Батхуяг
/эсээ/

“Хэрүүлийн Алим” шиджээ гэх хэлц үгийг бишгүй л сонсож байлаа. Яагаад өнөө бидний үе хүртэл Алим хэрүүлийн бай болчихдог нь их л эртний сурвалжтай билээ. Бурхадын олгосон боломжыг ашиглаад хоньчин Парис гоо сайхан эхнэртэй болохыг мөрөөдөнгөө сайхан хүүхэнтэй учруулна гэсэн амлалтанд автаж, алимыг Афродитад өгчихдөг юм. Магадгүй хүн төрөлхтөний домгийн сэтгэлгээн дэх анхны АВИЛГАЛЫН тухай үгүүлэмж. Биеэ үнэлэх нь хамгийн эртний мэргэжил гэдэг шиг АВИЛГАЛ тийм л эртний зүйл болох нь. Угтаа Парис хэдэн сайхан тэнгэрийн дагины дунд хэрүүлийн алим шидчихснээс болж Трой хотын дайн эхэлдэг юм. Дараа нь мэдээж Адам, Ева хоёр. Хэлсээр байтал могойн хорлолд өртөж, цээртэй алимыг хувааж идээд Идений цэцэрлэгээс хөөгдөж байгаа юм. Тэр цагаас хойш хүмүүсийн аз жаргалтай амьдрал эцэс болж, зовлон бэрхийг эдлэх болжээ. Адам Ева хоёроос хойш хэн ч дахин Идений цэцэрлэгийг олоогүй гэдэг домог ч бий. 


АЛИМ. Энэ жимс нэг л буруу зөрүү явдалд заавал оролцсон байдаг гэмтэй. Хоёр охины минь багадаа сонсох дуртай байсан үлгэр “Цасангоо”. Нэгэн хорон санаат шулам хатан гоо үзэсгэлэнтэй залуу бүсгүйд ХОРТОЙ АЛИМ өгчихдөг юм. Яагаад заавал АЛИМ гэж. Лийр ч юм уу? эсвэл АНАР жимс байж болоогүй юм болов уу? Тэр хортой алим хүн төрөлхтөний үлгэрийн сэтгэлгээний хамгийн анхны хамгийн хүчтэй ХОРЛОЛ. Миний хоёр охин л лав гоо үзэсгэлэнт охиныг алим хазах үед дуу алдан харуусдаг билээ. Есүхэй баатрыг Татаруудад хорлогдон ХОРТОЙ АРХИ уужээ гэхэд тэгж харамсдаггүй юмдаг. Идэж уух зүйлээр дамжуулж хордуулж болохыг тэр л үлгэрт анх үгүүлсэн байх. Түүнээс хойш түүхэнд хичнээн ХОРТОЙ АЛИМ, хичнээн нүгэлт үйл гүйцэтгэснийг хэлж барах юм биш. 
Нэг онигоо бий дээ? Хоёр залуу шинэхэн хураасан алимаа захын хашаанд зэрэгцэн зогсоод заржээ. Хоорондоо өрсөлдөн байж алимаа зарж байв гэнэ. Гэтэл нэг нь “алим аваарай, алим аваарай. Чернобилийн алим аваарай” гээд хашгираад байжээ. Удалгүй бүх алимаа зарж дуусгав. Учрыг нь асуувал хадам ээждээ нэг килограм, хадам аавдаа нэг килограм, даргадаа нэг килогорам” гэсээр хурдан түргэн зарагдаж дууслаа гэсэн гэдэг. 
Энэ яахав онигоо төдий зүйл мэт боловч цаанаа ямар их учир утга агуулна вэ? Хэдэн жилийн өмнө урд хөршийн нэгэн цэцэрлэгч алимаа өтнөөс хамгаалж миний химийн шинжлэх ухааны мэдлэгийн түвшинээр бол ариутгалын хлормини шиг цагаан юм цацаж байхыг харсан юм. Тийм АЛИМ-ыг идэж л байгаа гэдэгтээ би л лав эргэлзэхгүй байна. Энэ жимс чухам яагаад ХОР, ХЭРҮҮЛ, ХӨӨГДӨЛТ гээд дандаа муу юмстай нэвт сүлбээтэй байдаг нь хачирхмаар. 


Эрдэмтэн Исаак Ньютоны толгой дээр унасан өнөөх гайхал АЛИМ ч бас л сайн юм хийгээгүй. Озоны давхарга, дэлхийн дулаарал, экологийн хямрал, ХХ зууны аль болж бүтэхгүй бүхэн Ньютоны толгой дээр санаатай унасан АЛИМ-наас эхэлсэн юм. Таталцлын хуулийг нээгээгүй бол хүн төрөлхтөн ингэтлээ сансарын уудам руу улайран дайрах байсан ч юм уу? Бурхадын уур унтууг тэгтлээ ихээр хүргэх байсан ч юм уу, бүү мэддээ. Одоо цагт Ньютоны амарч тухалсан тэр цэцэрлэгийн тэр модны сүүдэрт хэвтэж үзэх сонирхолтой жуулчид ээлжээ хүлээгээд оочерлож зогсдог юм гэсэн. Эрлэг номун хааны үүдэнд ээлжээ хүлээгээд зогсож байгаа мэт. 
Биднийг хүүхэд байхад социалист худалдаанд өвлийн сард хөлдүү алим их зардаг байжээ. Тэс хөлдүү алимыг хүйтэн усанд сойгоод хамаг үүдэн шүдээ хага ташуулан байж мэрж иддэгсэн. Энэ дурсамж хожим намайг: 
Хөлдүү алим мэрэн зөрөх 
Хөөрхөн охид…
Цаг хугацаа тэднийг 
Зогсолтгүй мэрсээр байгааг 
Мэдэхгүй л яваа даа?

гэсэн хирэндээ “гүн ухаанжсан” шүлэг бичихэд хүргэсэн юм. Үнэхээр бид хөлдүү алим мэрэх шиг цаг хугацаа биднийг мэрсээр байгаа билээ. 
Мөн “Шидэт хүүрийн үлгэр”-ийг уншиж амжаагүй байхдаа зохиолч Загдын Түмэнжаргалын “Нисдэг алим” гэдэг номыг уншчихаад асар их бишрэх сэтгэл төрж байв. Тэр нисээд явчихаж байгаа алим тэрхэн үед их зугаатай ер бусын санагдаж байсныг би нуухгүй. 
Дахиад л нэг АЛИМ. Хөөрхий муу Стив Жобсийн “Apple” баруун булангаасаа нэг сайн хазуулчихсан байдаг даа? Түүнийг зарим сэтгүүлчид АЛИМ хазсан АЗТАЙ эр гэж бичсэн байв. Мэдээллийн технологийн ертөнцөд тэр үнэхээр азтай эр байсан нь гарцаагүй. Харин хувийн амьдралын хувьд тийм ч азтай байгаагүйг бүгд мэднэ. Ядаж л 56-хан насалж байгаа юм. 
Харин 2010 онд Их Британы эрдэмтдийн баталснаар өдөрт нэг алим иддэг хүн огт алим иддэггүй хүнээс 17 насаар илүү насалж байна гэжээ. Тэгвэл нас уртасгах ид шид энэ жимсэнд нуугдаж байгаа байх нь. Гэтэл Адам, Ева хоёр шиг диваажингийн цэцэрлэгээс хөөгдчихөөд 100 наслаад яах ч билээ. Үгүй бол хоньчин Парис шиг Трой хотод хоргодож, нуугдаж зугатааж яваад 100 наслаад ч яах билээ. Харин Ньютон шиг нээлт хийчихээд 84 наславал өдөр бүхэн алим идэхэд яах вэ? 


Алимны бут улайран байгаа тухай Оросын яруу найрагчийн шүлэг уншаад болсон алим бөнжигнөн байгаа бут ямар сайхан харагддаг бол гэж төсөөлөн бодож билээ. Магадгүй тэр л шүлгийг уншаад зохиолч Ц.Цэдэнжав гуай Монголд алим тарихаар зориг шулуудсан байж болох юм. Одоо бол “монгол алим аваарай, монгол алим аваарай” хэмээн гадаа гудманд хашгирахыг сонсоод хэн ч гайхахаа байжээ. 
Сүүлийн үед хүмүүсийн хооронд хэрүүлийн алим шидэгчдийг АЛИМЧИН гэж ёжтойгоор нэрлэх болжээ. Танай албан газрын алимчин хэн бэ? гэж асуувал та нэг их гайхаж эргэлзсэний хэрэггүй. Хэн нэгэн алим тарьдаг хүнийг асууж байгаа юм биш. Хүмүүсийн хооронд үг хов зөөгчдийг хэлж байгаа юм. 
Харин Монголчууд хэзээнээс хэрүүлийн АЛИМ жинхэнэ утгаар нь шидэлцэж сурсан бэ? Алунгоо эхийн таван хүүд хэн гэгч АЛИМЧИН Малиг баягуудын зарцын тухай хэлсэн бол. Мөн хэн гээч АЛИМЧИН хаан эзэнд Зүчи мэргэдийн хүүхэд гэж хэлсэн бол. Хэн гээч АЛИМЧИН Хасар, Өэлүн эх хоёр иргэд албатаа чамлаад эс дуугарав гэж хэлсэн бол. Ухаж уудалмаар л асуудал. Эсвэл бүр хав дарж нууж хаамаар сэдэв. Нэгэн эртний үгэнд ”дорд хүмүүн хов ярьж, дунд хүмүүн хүн ярьж, дээд хүмүүн сэдэв ярьдаг” хэмээжээ. Одоо харин “дорд хүмүүн хов ярьж хэрүүлийн АЛИМ шиднэ” гэж засан өөрчилмөөр. 


Одоо би хамгийн ноцтой бодлоо бодох гэж байна. ЯРУУ НАЙРАГ бичдэг атлаа зарим хүмүүс яагаад АЛИМЧИН байсан бэ? Гайхмаар байгаа биз. Яруу найраг бичдэг гараар матаас бичих ч гэж дээ? Яруу найраг бичдэг гараар АЛИМ шидэх ч гэж дээ? хэмээн халаглан бодов. Манай уран зохиолд тийм АЛИМЧИН зохиолчид байсан гэдгийг, одоо ч байгаа гэдгийг бодохоор хэнд ч юм бэ? асар ихээр хэл үггүй ГОМДМООР. 
Эрүүл аж төрөх ёсыг ихээр сурталчлах болсон энэ цагт АЛИМ жимсний хаан, олон өвчинг эдгээгч гэж өргөмжлөгдөж байна. Тэр тийм ч биз. Мэдээж муу юманд ч сайн тал, сайн юманд ч муу тал байдаг хойно. 
Харин хүн төрөлхтөний ил цагаан түүхэнд АЛИМ БОЛ АЛИМ Л ШҮҮ ДЭЭ?

Purevkhuu Bathuyag

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *