p.justify { text-align:justify; }
Л.Н.Толстой “Анна Каренина” роман

Анна Каренина орчуулагдаагүй хэл бол амьд хэл биш” Нобелийн шагналт А.Камю

Л.Н.Толстой “АННА КАРЕНИНА” (Роман)
“Мөнхийн үнэ цэнтэй туурвил’ гэж шагшигдсан Орос суутны зохиол ” Жаргалтай айлууд ерөнхийдөө адил төстэй, харин бүхий л зовлонтой гэр бүл өөр өөрийнхөөрөө л зовох юм даа.” гэсэн үйл явдлын гаргалгаа гэмээр өгүүлбэрээр эхэлдэг. 
Шербацкийнхний гэр бүлийн амьдралыг тойрон өрнөх хайр дурлал, нийгмийн харилцааг тусган үзүүлсэн уг зохиол гол дүрийн Анна бүсгүйн золгүй хувь заяаг гол зурж, сэтгэл ширхийтэл дүрслэн үзүүлж чадсанаараа уншигчийн оюун санааг гойд татдаг тийм хүчирхэг туурвилын нэг, уламжлалт сонгодог зохиолын хэв маягийг бүрэн дүүрэн шингээж чадсанаараа зуун зууныг дамнан мөнхрөх шидийг олжээ. 
Эмэгтэй хүний дотоод торгон мэдрэмж, далд ухамсрын дарагдсан хүсэл тачаал, эр хүнээс дутахгүй эрэмгий зориг, эмзэг нандин сэтгэлийн хөгийг дурайтал дүрслэн бичсэн язгууртан Толстой гайхалтай сэтгэл зүйч байжээ гэж өөрийн эрхгүй бодогдоно. Гэр бүлийн зөрчлийг хэдхэн хүний харьцаан дээр тулгуурлан үзүүлэхдээ тэр нь хэн хүнд бат нот үнэмшилтэй санагдах, хэн нэгэнд танил дотно дүр зураг бууж байх тийм орчинг бий болгож, сэтгэл зүйн драмыг гайхалтай өрнүүлсэн болохоор шимтэн уншиж, нэвчих орохын ид хав зохиолоос амтагдана. Язгууртан дээдсийн хүрээлэлд өрнөх хайр дурлалын адал явдал, гэр бүлийн зөрчлүүд нь цааш өрнөж, нийгмийн харилцааны тусгал хэлбэрээр өргөжих бөгөөд Левин хэмээх хувь хүний дүрээр буцан ирж, дотоод монологоор улс орны хувь заяа, ирээдүйн тухай эргэцүүлэл болон хөврөх нь зохиолчийн уран зохиолоор дамжуулан хэлэх гэсэн нийгэм-сэтгэл зүйн анализ шинжилгээ юм. Үүгээрээ аугаа Толстой зөвхөн зохиолч төдийгүй, тухайн үеийн Оросын нийгмийн том сэхээтэн, сэтгэгч, гүн ухаантан гэдгээ давхар батлан харуулж байгаа юм. 


Царайлаг, хүүхний хорхойтой Облонский таван хүүхэдтэй эхнэрээ хуурахыг ердийн явдал гэж бодох бөгөөд баригдахгүй байх нь чухал гэсэн зарчим баримтлана. Түүний хувьд эхнэр Долли нь хүүхэд гаргах, гэр орны нь авч явах, хүсэл тачаалы нь хангах эд бараа төдий юм. Өнөө ч манайд нийтлэг дүр зураг! Ийм хүнээс сэтгэл хүсэх, хамт амьдрах гэдэг байж боломгүй дарамт боловч, үр хүүхдээ гэсэн эмэгтэй хүний агуу сэтгэл ямар ч буулган доор хүлцэн тэвчих тийм зориг тэвчээрийг олдог ажээ. Түүний дүү үзэсгэлэнт Китти бүсгүйн хайр дурлал, ахуй амьдрал тэс өөр, жинхэнэ романтик хайрын нандин түүх, уншиж суухдаа өөрийн эрхгүй энхрийлэл төрдөг тийм гоё хэсгүүд зөндөө байдаг. 
Хүний хувь заяа, сонголтоосоо шалтгаалан өөр өөрийн замаар өрнөж байгаа нь тэр ээ. Эгээ л Дон Кихот шиг уран зохиолын хамгийн алдартай дүрүүдийн нэг Анна бол хэн бүхний зүрхэнд хамгийн амьд, бодитой хувь хүн болон үлдсэн байдаг. Сайхан бүсгүйчүүдтэй хайр сэтгэлийн романс үүсгэж явдаг, тогтворгүй зантай, нууцлаг хүйтэн Вронский гүнгийн ээлжит золиос нь хөөрхий Анна болох тавилантай байжээ. 


Гаднаас нь харахад эд баялаг, нэр төр, сайхан ахуй амьдрал гээд юугаар ч дутаагүй Анна Каренинад эмэгтэй хүний хамгийн гол хүсэл байж болох халуун янаг хайр сэтгэл, дулаан дотно энхрийлэл, бүсгүй хүнийг гоо үзэмжийн сайхныг өөрт нь мэдрүүлэх тийм сэтгэл дутаад байжээ. Өндөр албан тушаал, хэргэм зэргэмтэй баян чинээлэг, нэр төрөө л эрхэмлэх нөхөр нь шашны ягшмал үзэлд автсан хүний хувиар эхнэртээ ёс төдий хандаж, хүйтэн хөндий байдаг нь Аннагийн сэтгэл хөрөх, өөр нэгнийг хүсэмжлэх шалтгаан болж үйл үрийн гогцоонд оржээ. Халуун хайр сэтгэл, хамгийн гол нь эмэгтэй хүн өөрийгөө бүрэн дүүрэн мэдрэх тэр юугаар ч сольшгүй эрх чөлөөний төлөө эд баялаг, нэр төр, ганц хүүгээрээ дэнчин тавин зүтгэсэн Аннаг би яагаад ч буруутгаж чадахгүй байна.
Олон бүсгүй Аннатай цуг сэтгэл нь эмтрэн, ямар шийдвэр гаргахы нь тэсэн ядан хүлээн, уйлж суусан гэдэгт би эргэлзэхгүй байна. Анна бол хайр дурлал, хүсэл тачаалдаа толгой нь эргэн мансуурсан хүүхэн төдий биш, хоцрогдсон ёс заншлыг таягдан хаяж, нийгмийн хүлээснээс сугаран гарахыг тэмүүлсэн фенимист үзлийн бэлгэдэл болсон дүр хэмээн дүгнэж үзэж болохоор байна.
Нэгэн номын хорхойтон их зохиолчоос :
-Аннаг яагаад үхүүлэв? гэж асуухад,
– Тэр чинь л өөрөө галт тэргэн доогуур орчихсон шүү дээ. 
гэж хариулжээ. 


Тиймээ, амьтай шүншигтэй зохиолын баатар зохиогчийн санаан зоргоос гадуур орших бөгөөд цаашдын хувь заяагаа өөрөө хөтлөн авч явна гэдэг нь энэ л байх даа.Эмэгтэй хүний сэтгэлийн нандин долгисыг тийм нарийн чимхлүүр гаргаж бичсэн болохоороо өнөөг хүртэл хайр сэтгэл, гэр бүлийн түм буман зохиолуудаас толгой өндөр, оргилд нь явдаг биз ээ. 
Левин өөрөө Толстой учраас түүний монолог хэт нуршуу урт юм шиг санагдавч надад бол зохиолч өөрөө дуу хоолойгороо хүүрнэж байгаа мэт ер бусын сайхан сэтгэгдэл төрдөг билээ. Оросын анхны Нобелийн шагналт зохиолч болох хувь тохиосон ч “Их мөнгө гай болно” гэх утгатай үг хэлээд алдар нэр гавьяа шагналаас татгалзсан суут сэтгэгчийн ямар учраас тэгснийг мэдэхгүй ч аугаа их оюундаа зохиол туурвилынхаа ирээдүйг тольдон харж байсан ч юм бил үү хэн мэдлээ.
Аннатай учирсан тэр зуныг би ерөөсөө мартдаггүй юм. Эрдэнэ баавайг ичингүйрэн, нууцаар уншиж байсан би энэ үед эрийн цээнд хүрсэн болохоор нэг л их том зүрхтэй амьтан байж билээ.

Хөх Толбот Д.Төмөр-Очир

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *