p.justify { text-align:justify; }
Кофетой бичвэр

Жан Метценже (1883-1956)

Жан Метценже мундаг зураач төдийгүй дүрслэх урлагийн онолч; бүр зохиолч, яруу найрагч гэж байгаа. 
Анх нео-импрессионизм, фовизм чиглэлээр зурдаг байсан бөгөөд хожим кубист болсон. Кубизмыг Пикассо үндэслэсэн бол энэ эрхэм тэрийг нь онолын хэмжээнд боловсруулсан хүн юм.
Баахан “-изм”-ын талаар бичээд танилцуулга маань жаахан ойлгомжгүй болсон байж магад тул зарим уншигчиддаа зориулан Метценжегийн зурдаг байсан “-изм”-үүдийн талаар цухасхан тайлбарлая.

Зураг 1: Clairiere, 1903

– Нео-имперссионизм: Байгаль, гадаах орчинг дүрслэхдээ тогтсон сургалтын арга барилаар бус зураач өөрийн дотоод сэтгэлдээ бууж буй байдлаар “бичих” арга юм. Илүү гэгээлэг өнгийг ашиглах, өнгөний уусгалт хийх, ялангуяа уусгалтандаа цэгэн дүрслэлүүдийг түлхүү ашиглан дотоод мэдрэмжээ илэрхийлдэг урсгал. Энэ урсгал нь модерн урлагийн анхдагч болой.
– Фовизм: Хэдийгээр тун богино хугацаанд хөгжөөд намжсан боловч авангард урлагийн цаашдын хөгжил, ялангуяа өнгөний хүчтэй илэрхийллийг бий болгоход үлэмж нөлөө үзүүлсэн урсгал. Цөөн боловч тод, “хашгирсан” өнгүүдээр илэрхийлэх, орон зай алслалтыг тогтсон арга барил дэгийн дагуу бус зөвхөн өнгөний хослол, тоглолтоор илэрхийлдэгээрээ өвөрмөц. Улаан, ногоон, хөх гэх зэрэг хүчтэй цөөн өнгөөр голчлон зурдаг.
– Кубизм: Энэ урсгалаас эхлэн бодит дүрслэлээс зайлсхийж эхэлсэн. Обьектыг нэг бүрчлэн дүрслэхгүй, ерөнхий хэлбэр нь байх боловч нарийн деталь хэсгийг геометрийн дүрсээр илэрхийлдэг. Орон зай, харааны өнцгийн сонгодог дэгийг огт баримтлахгүй төдийгүй далд байгаа зүйлсийг ч ил гарган харуулж зурдаг. Өөрөөр хэлбэл үзэгч зургаас тухайн обьектыг бүх талаас нь харж чадахуйц тийм байдлаар үзүүлдэг. Тухайлбал, хүнийг хажуунаас нь харж зурлаа гэхэд нэг нүдтэй биш 2 нүдтэй дүрслэх, тэгсэн атлаа хамрыг хажуу талаас харсан байдлаар зурах жишээтэй. (яг л “Пэппа тоорой” гээд хүүхэлдэйн киноны дүрүүд шиг 😄)

Зураг 2: Les Arlequins, 1925

Дээрх бол би бээр олж мэдсэн зүйлээ өөрийнхөөрөө ойлгож ухсан тайлбар юм шүү. Мэргэжлийн хүмүүс, урлаг судлаачид үүнийг салаа мөчир, дэд урсгалаар нь, тэдгээрийн хоорондын ялгаа, өнгө дүрслэлийн онцлог зэргээр нь илүү дэлгэрэнгүй тайлбарлах биз ээ. 
Дурдсан 3 урсгалын талаар энд нуршсан бас нэг шалтгааныг тайлбарлая: Ер зураач нар амьдралынхаа турш хэд хэдэн урсгал чиглэлээр зурж туршин, өөрийгөө тодорхойлох гэж үздэг. Зарим зураачдын хувьд түүний тодорхой цаг үед, тодорхой урсгалаар зурсан зургууд нь л надад таалагддаг. Харин Метценжегийн хувьд мань зураачийн бүхий л цаг үеийнх нь зургууд, өөрийгөө илэрхийлсэн бүх “-изм”-ийн бүтээлүүд нь надад таалагддаг юм. Иймээс түүний өөрийгөө илэрхийлж, туршиж байсан 3 “-изм”-ын талаар дэлгэрүүлж бичин “тал засч” буй хэрэг.
Өмнөх бичвэрийнхээ зарчмыг дагаж, танилцуулж буй зураачийнхаа онцлох хэв маяг голчлон ашигладаг өнгө дүрслэл болон тэр нь бүтээлүүд дээр нь хэрхэн илэрч буй талаар тайлбар оруулахаас түтгэлзэн үүгээр бичвэрээ өндөрлөе.


Зураг 3: Woman with a mandolin, 1950

Эх сурвалж-Кофетой бичвэр/Фэйсбүүк пэйж/

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *