p.justify { text-align:justify; }
Ч.Айтматов “Жамиль”

Д.Нандинцэцэг -Нийтлэлч/Блоггер/

ЧИХЭНД БУС ЗҮРХЭНД ДУУЛСАН ДАНИЯР
Жамиль” Чингиз Айтматов

Түүний дуу чихнээ шүргэх агшинд юу юугүй аньсага чийгтэнэ. Юу билээ? 
Номон дээр бичиглэсэн зүйлс чихэнд минь хүрлээ гэж үү?
Чихнээс халиад зүрхэнд минь дуулж, тэндээс хэсэг уярал хайрлын нулимсыг өмчлөн унагалаа гэж үү? 
Юусан билээ? Данияр минь …

Чингиз Айтматов хэзээний миний зүрхэн дундуур туучуулан бичигч билээ л. Анх түүний “цаазын тавцан”-г тавьж ч чадахгүй дүүргэсэн дээ. Он гарснаар өдийг хүртэл бяцхан үрээ асрахын хажуугаар овоо хэдэн ном уншсаны тал илүү хувь нь мэдээж уран зохиолын ном. Одоогоор оны эхний хагасын шилдэг зохиолд “Жамиль”, “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” хоёр бууна. Гэвч би “Жамиль”ийг их удаан уншихсан гэж мөрөөдсөөр нэгэн сайхан эгч минь бэлэглэсний ачаар золгосон. Үдийн кофе уух зуурт уншиж дүүргэхүйц авсаар ном боловч сэтгэл зүрхэнд үүрд үлдэм бүтээл. Тиймийн тул Кундера гуайн номноос миний сэтгэлд дээгүүр заларжихуй. 
Өршөөхтүн.

Хамгийн сайн найз минь Киргиз, хамгийн дуртай зохиолчдын минь нэг бас Киргиз гоё давхцал байгаа биз? Яг ийм сайн номтой учрах нь бас их том хувь тохиол. Би хувь тавиланд их итгэдэг хүний нэг л дээ. Ном унших хүртэл тодорхой цаг хугацаатай. Яг л зөв үедээ зөв цагтаа тэр бүтээлийг сэтгэл зүрхээ бадраан уншиж, мэдрэх юугаар ч сольшгүй гайхамшиг байдаг. Унших ёстой цагтаа л уншлаа. Сэтгэл зүрхэндээ Жамиль болчихсон Даниярын дуунд уясан цээжийг нь налан явнам.

Аль өвөл уншсанаас хойш тэмдэглэл эхэлчихээд дүүргэлгүй өдийг хүрчээ. 
Өөрөө өөртөө өртэй юм шиг ширээн дээрхи номнуудын дунд ягааран харагдах “бяцхан” Жамилийн зүг гэмшлийн харцаар ширтсээр … 
Зүгээр л тэр байгал, баатруудын сэтгэлзүйн уналт босолтийн уран дүрслэл хийгээд хөдөөхи ажил хөдөлмөрийн зураглал уншмагц л нүд дүүрэн нутаг нуга дэлгэгдэж, тархи оюуныг тань амраана. Реалист зохиолын өгөөжтэй тал нь энэ буйза. Ямар ч үед их гоё сэргээш болдог. Дээр нь Айтматовын зохиолууд Монгол хүний сэтгэл зүрхэнд нэн наалдацтайг яана. Бүр сэтгэл зүрхний торгон утсыг хөндөн долгилуулна гээч.

Энэ бүхнээс илүүтэй Жамилийн тэр гоё зоримог зан чанар намайг илүү догдлуулсныг нууж чадашгүй нь. Тэр шулуун шударга хийгээд ойлгомжтой зан байдал, ямар нэг өөрчлөлтийг зоримгоор хүлээж авах чадвар хийгээд сэтгэлийн тэнхээт байдал нь түүний үзэсгэлэн гоог илүү өнгөлөн гялалзуулагч байсан. Наалдсан болгонтой налиганадаггүй өөрийн үнэ цэнээ мэдэрсэн бардам байдал нь бас түүний чимэг. Тэр ирээдүйгээ үнэн бодитоор харж чадсан. Тиймдээ ч тэр зүгээр хулгайлагдаж, танихгүй шахуу айлд сэтгэлгүй хүний эхнэр болчихоод насан туршдаа хувь тавилантайгаа эвлэрэн худал “амьдарсан” дүр эсгээгүй билээ. Түүнийх нь төлөө би их бахархсан. Ийм хүчирхэг сэтгэлзүйтэй амьдралдаа үнэн бодит өөрчлөлт хийж чадсаных нь төлөө “Жамиль”-г мянга мянган хүмүүс дурлан уншсан байх. Олон олон эмэгтэйчүүдийг эрэмгийлж, хурцалсан бизээ! Нөгөө л хэвшмэл хайрцагнаас гарч чадсан, эмэгтэйчүүдийг уяж боож, эд бараа шиг хулгайлдаг байсан гинжин хэлхээг тасалж чадсан гайхам дүр. Нөгөө эгчмэд хүүхнүүдийн мөнхөд зааж сургадаг “тэвч тэвч! Эмэгтэй хүн тэвчиж, уучилж байж л гэр бүлээ бүрэн бүтэн авч үлддэг” гэсэн улиг домог болсон ядаргаатай сургаалыг даган амьдарч буй эмэгтэйчүүд өчнөөн байхад тэр л өөр байж чадсан. 
Шархдаж ядарч эцсэн, өнчин өрөөсөн, нутаг нугагүй Даниярийн байр байдал Жамилийн сэтгэлийг улам булааж, зүрхэн дотор нь итгэлийн бяцхан үндэс цухуйлгаж, сэтгэлзүйн хувьд улам хүчирхэг, шийдмэг болгож байгаа нь гайхалтай. Үнэндээ Жамиль эр хүн шиг эр хүнд л татагдаж яваа нь тэр юм. Тийм болохоор л тэр буй хэдэн хувцсаа баадагнаж дамжлаад хайртай хүнийхээ гараас хөтлөн урдаа зурайх өргөн талыг гатлах зориг зүрхтэй байгаа юм.

Зүгээр л хүний амьдралд бусдын зааварлаж зөвлөхийг сонсох шаардлагагүй үе гэж бий. Тэд бидний амьдрал, зовлон шаналал, баяр гунигаар амьдарч үзэхгүй. Ганц дусал нулимсыг чинь ч тэд таны өмнөөс унагахгүй. Тиймээс “сэтгэл доторхыг үгээр илэрхийлж ярихын ч хэрэггүй үе гэж байдаг” гэж зохиолч дэмий нэг бичээгүй юм. Бид нэг л амьдардаг. Зогсоох ёстой галт тэргийг шаардлагатай бол зогсоогоод, өөрийн сэтгэл зүрх рүү өнгийж, өөрийгөө танин мэдэж, явахыг хүссэн замаараа бусдыг яах бол? юу гэх бол? гэж бусдад хамаарагдан эмээлгүй алхах зүрх зоригтой байх хэрэгтэй. Дахиад л бүхнийг эхлүүлж, анхны алхамаа хийхийн үнэ цэнийг та эндээс ойлгож болох юм.

Тэнгис Нандин📝📖💓
201903 Сөүл🏙

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *