p.justify { text-align:justify; }
Агота Кристоф “Ихрүүдийн парадокс”

Агота Кристофийн ” Ихрүүдийн парадокс”

ТОМ ДЭВТЭР/НОТОЛГОО/ГУРАВ ДАХЬ ХУДАЛ

Бэсрэг хэмжээтэй боловч сонирхол татахгүй байхын аргагүй энэ 3 цуврал номыг уншаагүй, тэмдэглэл бичээгүй номын хорхойтон бараг үлдээгүй тул сүүлчийн Могикан нь бараг л би болж байх шиг байна.”Өнгөрсөн дурсамж бүдгэрч сэтгэлийн зовлон багасдаг жамтай. Гэхдээ хэзээ ч арилж алга болохгүй” нойргүйдэгч өвгөн хэллүү дээ.Тийм ч учраас зохиолын баатрууд үзэж туулсан зовлон шаналалдаа автсаар аажим үхэж байна. Том дэвтэр-ийн бүх баатрууд оноосон нэргүй байгаа нь намайг гайхшруулж, энэ бол ихэрүүдийг ялгах боломжгүй төдийгүй ихэр гэх төөрөгдөл үүсгэх зохиолчийн заль байна гэж бодогдсон юм.

”Нотолгоо”-д Лукас ахыгаа хайж Клаус ирдэг.”Чамайг ахтай гэдгийг би мэдээгүй.Чи ч надад энэ тухай огт хэлж байгаагүй.Өөр хүн ч хэлээгүй. Чамайг багаас чинь мэдэх Виктор хүртэл надад юу ч дурсаагүй…Петрийн хэлж буй энэ үг тэр ихэр биш гэдгийн нэг нотолгоо…Клаус Петрийг харан –Чи эхнэртэй болоо юу, хүнтэй суусан юм уу гэж асуухад, -Үгүй ээ.Энэ Клара.-Клара гэнээ? Тэр үхээгүй байсан юм уу??? Клаус өөрийгөө шууд барьж өгч байгаа нь энэ.Клараг хараад барьц алддаг нь ч аргагүй.Хуучны амрагаа хараад дурсамж нь сэргэж буй тэр хэсэг.Миний хөх инээд хүрэв.Яг л таамаглаж байснаар.Гэтэл Гурав дахь худал жинхэнэ паникт оруулав.Хангалттай галзуу эд юм гээч. Ихэр нь үнэн байж.Харин үйл лай, хувь заяаны эрхээр салсан ах дүү хоёрын туулсан амьдрал намайг гүнээ санаа алдахад хүргэсэн юм. Тийм элэг эмтрэм, гунигт тавилан тэр хоёрыг салгаагүй бол ах дүү хоёр зохиол бүтээл хамтран туурвиад аз жаргалтай амьдрах ч байсан юм билүү.Хувь заяаны шоглоомыг урдаас таах аргагүй юм даа.Дайн дажинд үхэж үрэгдэгсэдээс амьд үлдэгсэд, хагацал зовлонг туулж яваа нь илүү гунигтай юм даа гэж бодогдсон. Дарангуйлал, хүчирхийлэл гэгч хүний оюун санааг бузарлаж, зүрх сэтгэлийг урж тасдан, амьдын тамд унагадаг юм шив дээ.Харгис хэрцгий цаг үед өөрөөр байх аргагүй ч юм шиг.Гомдол, цөхрөлдөө автаж сэтгэлзүй нь гажсан баатрууд.

.Минималист аргаар уран зохиол бичих, бага зайд ихийг багтаах гэдэг үнэхээр амаргүй, зохиогчоос ур чадвар, оюуны бяд шаарддаг эд юм байна гэдгийг энэ гурван номоос мэдэж авлаа. Дайн, хувьсгал болж байна.Гэтэл энд ямар нэгэн тайлбар байхгүй.Хэн нь зөв буруу хийгээд ямар учир шалтгаантай тухай ямар ч тайлбар байхгүй. .Гүйцээ.Энэ чинь л уран зохиол шүү дээ.Тайлбарлан тоочно гэдэг мөхөс бичээч нарын л ажил байх.Хаашаа ч холбирч, эргэж болзошгүй хурц сонирхолтой үйл явдал, товч тодорхой хүүрнэл, толгой эргүүлсэн төөрөгдөл дунд улам шунан шимтсээр дуусах тэр мөчид зохиол бичнэ гэдэг авьяас, сэтгэлгээ, ур чадвар юм байна гэдгийг бүр ч сайн мэдэж авлаа.

Энэ зохиолд ёс бус, гаж этгээд, ой гутам юм юу ч алга.Харин ч баргар үнэнийг гашуунаар ёжлон бичсэн өнгө аяс анзаарагдана.Одоо бүр энэ байтугай ой гутам юм болж байгаа биз дээ. “…Энэ хар. Энэ тогтолцоог магтан дуулсан хэдэн роман.Энэ улс оронд зохиолч байдаг юм байх даа гэж бодогдуулахаар…Тиймэрхүү номнууд бол хэвлэсэн цааснаасаа ч хямд эд дээ…”гэж Клара хэлдэг.Нөгөө шатааж устгах ёстой хоритой номуудыг зоориндаа шуудайтай нүүрсэн дотор нуусан байдаг. Дайны дараа ямар нэг тотиалитар дэглэм тогтсон байна.Хувьсгалт намын хороо гэхийг бодвол коммунизм биз.Гэхдээ зохиолч ямар нэгэн тодорхой юм бичээгүй.Үйл явдал нь өөрөө тодорхойлж байна. “…Тэд ална. Дараа нь цагаатгана.Тэд уучлал эрсэн ч Томас нэгэнт байхгүй болсон.Тэд түүнийг минь босгоод ирэх үү? Хамаг үс минь ганцхан шөнийн дотор цайж , би галзуурсан тэр шөнийг тэд амьдралаас минь арчиж чадах уу?…Кларагийн монолог.Гүй ээ энэ чинь манай 37 оны аймшигт хэлмэгдүүлэлтийн дүр зураг мөнөөсөө мөн биз дээ. Зохиолч зөвхөн “тэд” гэж хашилтанд авсан.Хэн ч байж болно. Фашист, коммунист, ямар нэгэн дарангуйлагч төр…

Лукас-Клаус гэж ихрүүд байсан нь үнэн үү? Үнэн. Нэг ихэр нь өөрт тохиолдсон амьдралаас сэдэвлэн зохиол бичсэн нь үнэн үү? Үнэн. Энэ бүх үйл явдал хаа нэг газар болсон уу? Болсон байж таарна.Гурван худал-гурван үнэн. Дайны дүр зураг, үр дагавар хаана ч адилхан. Номын дэлгүүрийн эзэн, ганцаардмал Викторын насан туршийнх нь цор ганц мөрөөдөл “ном бичих” ажлыг эгч нь үгүй хийсэн учраас тэвчихын аргагүй дарамт амийг нь хөнөөхөд хүргэж байна.Ямар ч хүнд өөрийн хувийн орон зай, эрх ашиг, таашаал зуршил гэж байна.Түүнийг үгүйсгэж болохгүй. Хүн энэ орчлонд ирсэнийх ор мөргүй алга болж болохгүй. Ямар нэг дурсагдах юм үлдээх хэрэгтэй. Тэр нь ном, үр хүүхэд, урлагийн бүтээл, тарьсан мод ер нь юу ч байж болно.Үлдэх л юм.

Орчуулга энгийн, үйл дутуу нэмэр хачиргүй сайхан хөвөрч байна. Зарим нэг үл ойлгогдох юм гарч байна. “…Клаус минь, Ясмины цогцсыг хэн болохыг тодорхойлоогүй орхисон явдал хамгийн харамсалтай.” Энэ өгүүлбэрийг сайн ойлгосонгүй. Ясмины цогцос олдсон.Гэтэл хэн болохыг нь тодорхойлоогүй. Юу гэсэн үг юм бол. Мөн “…Цас лавсан орж орчныг тэр чигээр нь хараар будав. Явж байсан гудамж маань улам бүр бүдгэрэн харанхуйлав.” Хар цас орсон гэж таамаглахаас өөр арга алга. За энэ ч яахав. Эцэст нь хэлэхэд тархиныхаа эд эсийг сэргээсэн нэгэн сайхан ном уншлаа. Үнэхээр “ихрүүдийн парадокс” намайг гайхашрууллаа. Агота Кристофийг монгол уншигчиддаа танилцуулсан орчуулагч Д.Болортуяа танд талархаж байна. Арай өөр юм унших арай өөр мэдрэмж төрүүлдэг шүү.Сэтгэл жихүүцэм тийм мэдрэмж.


ТОМ ДЭВТЭР-бол үнэхээр супер. Хошигнол, ёгөөдөл, аймшиг зэвүүцэл аль аль нь хосолж үгүй ээ нээрээ ингэж сэтгэнэ гэж байхаа хэмээн уулга алдах үе байна.Хоёр ихрийн дэггүйтэл ёстой л нүдэнд харагдана даа. Үйл явдлыг бодож олно гэдэг хэцүү, түүнийгээ өвөрмөцөөр бичиж хүргэнэ гэдэг бүүр ч хэцүү байх. Юутай ч манай орчуулгын уран зохиолд нэг шинэ өнгө нэмсэн уран бүтээл, нэг шинэ авьяаслаг орчуулагч орж ирсэнд олзуурхаж байна.

Орчуулагч Доржийн БОЛОРТУЯА


Хөх Толбот Д.Төмөр-Очир

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *