p.justify { text-align:justify; }
Кофетой таслал

Кино-9: Ан Ли “Lust, Caution”, 2007

Дэлхийн II дайны эхэн үе. Япончууд Хятадыг эзлээд байв. Шанхай хотын хэсэг оюутан Япончуудын талд ажилладаг нөлөө бүхий эрхмийг устгах үүргийг нууц бүлгэмээс авна. Түүнийг усгахын тулд бүлгийнхнээс нэг нь мань эртэй ойр харилцаатай болох шаардлагатай. Ингээд тэд ярилцаад нэг бүсгүйгээ өнөөх ноёнтонтой ойртуулах, үнэндээ бол нууц амраг нь болох хэцүүхэн үүрэгт томилов. Ядаж байхад бүсгүй онгон. Онгон бүсгүй эхнэртэй эрийн нууц амраг байх нь үнэмшилгүй, түүнээс гадна мань эрийг сексээр урхидах ёстой тул туршлагатай байх шаардлагатай. Ингээд оюутан залуус хоорондоо шодож, хожсон нэг залуугаа (арай ч хожигдсоныгоо биш шиг санаж байна, хаха) түүнтэй унтуулж охин биеийг нь хөнддөг.


Бүсгүй өнөө ноёнтны эхнэртэй нь найзалж, гэр орноор нь орж гардаг болсоор улмаар ноёнтонтой ч бас дотносож чадна. Хятад (Тайвань) кино гэхэд секс сценүүдийг харин ч урамтай үзүүлнэ дээ. Садист, хүсэл тачаал нь оргилсон хурц хэсгүүд нэлээн бий. Үүгээрээ бүх цаг үеийн хамгийн шилдэг эротик инонд ч бас багтаад амжсан байх. Японы талд үйлчилдэг өнөөх ноёны дүрд Хонконгийн супер од Тони Люн тоглосон: цэмцгэр, дэгжин, хатуу чанд, царайлаг эрийн дүр. Өнөөх хүүхэн нь аажимдаа урхидах ёстой эрдээ дурлаж орхино. Юун эх орон, юун урвагчийг үзэн ядах. 
Ингээд бүлгийнхэнтэй тохирсон ёсоор өнөөх эрийг устгах өдөр нь ирэв…

Найруулагчийн тухай товчхон:
Ан Ли-г Монголчууд “Бөгтөр уул”, “Пи-гийн амьдрал”, нэлээн дээхнэ үеийнхэн бол “Гэтэгч бар, хүрхрэгч луу” зэрэг киногоор нь сайн мэднэ. Тэр бол Тайванийн кино урлагийн нүүрийг тахалдаг цөөхөн найруулагчдын нэг. Хожим Холливүүдэд очиж кино хийх болсон. 
Дэлхийн А зэрэглэлийн 3 наадам (бас “Big Three” ч гэдэг)-аас 4 удаа тэргүүн шагналыг нь авсан хүн түүнээс өөр байдаг эсэхийг мэдэхгүй юм. Берлиний кино наадмаас 2 “Алтан баавгай”, Венецийн кино наадмаас 2 “Алтан арслан” хүртсэн лут эрхэм. Нэг “Алтан арслан”-гаа сая танилцуулсан “Lust, Caution” киногоороо хүртсэн юм. Одоо түүнд Каннын наадмын “Алтан дал мод” модыг авах л үлдсэн.
Дашрамд дурдахад дээрх “Big Three” наадмын дээд шагнал болох “Алтан баавгай”, “Алтан арслан”, “Алтан мод” 3-ыг бүгдийг нь хүрсэн тун цөөн найруулагч бий. Миний мэдэхээр Роберт Олтман, Микеланжело Антониони хоёр л байгаа байх.

Эх сурвалж “Кофетой таслал” хуудас

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *