p.justify { text-align:justify; }
Г.Аюурзанын “Бясалгал”-ын мөн чанар

Яруу найрагч Н.Мөнхбаяр

Г.Аюурзана “Бясалгал” шүлгийн түүвэр

Туйлын чанар, мөн чанар, язгуур чанар эдгээр бүгд нь тус тусдаа чанар уу, эсвэл цаагуураа хүйн холбоотой түгээмэл нэг чанар уу, ялгахад амаргүй. Харин эдгээр чанарыг гагцхүү сүнслэг чанараар л хүртэж чадмуй. 
Ийм мөн чанарлаг шүлгүүд нэг уншихад л цээжинд үлдэж он цагийн уртад мартагддаггүй ид шидтэй байдаг. Зах зухаас нь тэмдэглэвэл:

“Уул хичнээн цэнхэртэнэ
Төчнөөн хол
Хэдий чинээ гэрэлтэнэ
Төдий чинээ хүйтэн” /Г.Аюурзана/

Үлгэрлэвээс энэ шүлэг цонхны шил шиг юм. Цонхны шил материаллаг биет боловч гэрэл гэгээ нэвтрүүлэн түгээх чанартай. Дээрх шүлэгт дүрслэгдсэн холын уул яг л шил шиг, цаанаас нь туйлын чанар нэвт туяаран сийгэж байдаг. Ерөөсөө уулын тухай шүлэг биш туйлын чанарын тухай шүлэг. Туйлын чанарыг сийгүүлэхийн тулд уулыг ашигласан, уулаар хэл хийсэн хэрэг. Шүлгийг унших бүрт жихүүцэм, ер бусын харь мэдрэмж төрдөг.

“Хөх үдшийг нэвт 
Хүйтэн зүүд исгэрнэ
Хүйтэн хар тэнгэрт 
Улаан тогоруу ниснэ./Г.Аюурзана/

Энэ тогоруу бол уринд ирж сэрүүнд буцдаг бидний мэддэг усны шувуу биш, амьд ертөнцийн чанар юм. Хүн амьтаны зүрхнээс, өвс ургамлын үндэснээс, амьдарч буй бүхний гүнээс энэ “улаан тогоруу нисэх”-ийг сонсож болно. Сансрын харанхуй цээлээс харвал манай дэлхий ч ганц улаан тогоруу. Энэ бадагт амьдрахын төлөө тэмцэгч амьд ертөнцийн мөн чанар цог шиг улайж байхыг харж болдог. Өөрөөр хэлвэл сав ертөнцөөс шим ертөнцийг цохон улаанаар тэмдэглэжээ.

Ихэнх цаг нь
Эвдэрч зогссон 
Бяцхан суурин.
Ийм суурингийн 
Нохдын дуу золбоотой,
Хүмүүсийн инээвхийлэл гунигтай байдаг.
Ингэж хүлцэнгүй инээвхийлдэг хүмүүс л
Эртний бүрэнхий дууг мартаагүй явдаг.
Тэдний хүүхдүүд л шүлэгч болдог. /Г.Аюурзана/

Хүмүүнд язгуур мөн чанар нь л хамгийн хамаатай, өөр бусад цаг нар, хууль дүрэм, хэв загвар зэрэг бол хий хоосон зохиомол зүйл болох нь эндээс уншигдаж байна. Шүлгийн зарим үг, өгүүлбэрийг нэлээд бүдүүн хадуун аргаар логикт нааж код тайлах маягаар унших гээд үзье л дээ. 
Цаг бол гаднааас цагдан удирдах гэсэн хууль дүрэм, тулгалт шахалтын бэлэг тэмдэг. “Ихэнх цаг нь эвдэрч зогссон” гэхээр нийгмийн элдэв шахалт дарамтаас хол унаган жам ёсны цэвэр ариун амьдрал төсөөлөгдөнө. Өөрөөр хэлвэл “эвдэрсэн цаг”-ны цаана эвдрээгүй амьдрал оршин байна гэсэн үг.
“Эртний бүрэнхий дуу” бол хүний язгуур мөн чанар, үндэстний туулсан түүхийн цуурай. Ямарч овог үндэстэнд өөрт тулгарсан тэмцэл сорилт, түүх сургамж, жаргал зовлон, баяр гуниг байдаг. 
“Хүлцэнгүй инээвхийлдэг хүмүүс” бол тэр бүх сурвалж язгуур жам ёсыг тээн ухамсарлагчид. Язгуур мөн чанар жам ёсыг ухамсарлагч л шүлэг бичдэг. 
Эхэнд татсан туйлын мөн чанарлаг хоёр бадгийг сүүлчийн энэ бадаг шүлэг ч гэрчлэн баталж байна биш үү.
Г.Аюурзаны шилмэл шүлгийн түүвэр “Бясалгал”-д ийм мөн чанарын шүлэг багагүй байдгийн зах зухаас дурдлаа. Манай яруу найргийн сор, алт эрдэнэс нь яах аргагүй эдгээр шүлгүүд мөн билээ.


Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *