p.justify { text-align:justify; }
“Хадны мангаа нар” -ын тухай

Шүүмжлэгч нарын тухай

Хамгийн түрүүнд утга зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурийн шүүмжийг алгасалгүй унших дуртайгаа хэлье. Батсуурийн онцлог нь тухайн шүүмждээ тааруулж донж маягий нь олохдоо гарамгай. Сэтгэлзүйд нь задлан шинжилгээ хийдэг.
Сэтгэлзүйд нь задлан шинжилгээ хийдэг. Эмоцитой бичнэ. Шүүхэд дуудагдсан, тэр байтугай ял сонсох дөхсөн гэдгээрээ энэ үед гоц сонин үзэгдэл болсон шүүмжлэгч. Массын уран зохиолын фанатууд хайртай зохиолчдыг нь шүүмжлэнгүүт гэнэт л ийм тийрэн хаанаас гараад ирэв гэж дор бүрнээ шуугисан. . Тэр бүү хэл ихэд тулхтай яруу найрагч М.Уянсүх ” Сайхан ордон дотор батгана дуугарахад гутна” ч гэлүү сөрсөн базаа хийж байсныг санаж байна. Овоо том чулуу хөдөлгөсөн хэрэг шүү. “Эмээ”нарын уран зохиолд харшилтай.
“МЕТА УТГА” шүүмж судлалын ном гаргасан. “Бүдэгхэн оддын гэгээ” блог, Peak.mn сайтаас шүүмжүүдий нь уншиж болно.

Утга зохиол судлаач, шүүмжлэгч доктор Г.Батсуурь

Х.Чойдогжамц гэж мундаг шүүмжлэгч бий. Гол нь баримт нотолгоо сайтай, гарах гарцгүй болтол ноцдог жинхэнэ “Монгол банхар”. Шүүмж бичнэ гэдэг мэдлэг, мэдээллээс гадна мэдрэмж, анализ юм шүү дээ гэдгийг утгаар нь харуулж буй залуу. Шүүмжлэгч хүний хамгийн гол шалгуур болох “шударга” байх гэсэн энэ мөрдлөг бол түүнд хангалттай. Бурханд үнсүүлсэн хүү гээд буй Д.Нямдорж хэмээх яруу найрагчийн шүлгийн номонд шүүмж бичсэнийг уншаад бахархасан. Бүгд л магтаалын цаасан малгай өмсгөж байхад “Авьяас заль хоёр нэг дор багтахгүй ” гэж зоригтой дуугарсан шүүмжлэгч шүү. Үнэхээр заль байсан гэдгийг нотолж чадсан. Театр, киноны шүүмж бичиж буй цөөхөн хүмүүсийн нэг. “ГҮН ХЭЛМЭР” шүүмж судлалын номоороо Г.Сэр-Одын нэрэмжит шагнал хүртсэн нь яруу найргийн бус төрлөөр шагнал авсан анхны тохиолдол байх. “Бүдэгхэн оддын гэгээ” блог, Tagtaa.mn сайтын нийтлэлч.

Утга зохиол судлаач, шүүмжлэгч Х.Чойдогжамц

Ако Кензо буюу Алтанхуяг гэж яруу найрагч залуу байна. Гол нь утга зохиолын академик боловсролтой, авьяастай учраас уран зохиолын цаад мөн чанарыг нээн харуулахдаа гоц. Дэлхийн сонгодогуудын хүнд хэцүү тааврыг тайлж, тайлбарлаж байгаа хүний нэг. Орчин цагийн утга зохиолын шүүмж онол ном гэхээсээ илүү мэдлэг, мэдрэмжинд тулгуурлаж буй гэдгийг ойлгуулж буй залуу. Tagtaa.mn сайтын нийтлэлч. МОНЦАМЭ агентлагийн тоймч залуу. “ЗУРМАЛ НҮДЭТ ХЭРЭЭ”, “ШУВУУДЫН ГҮН УХААН” зэрэг яруу найргийн ном хэвлүүлсэн. Шүүмж судлалын ном нь удахгүй хэвлэгдэх байх.

Яруу найрагч Г.Алтанхуяг /Ако Кензо/

Гарцаагүй П.Батхуяг гэж зохиолч байна. Би зохиолууды нь уншиж үзээгүй. Гэхдээ шүүмжээс нь харж байхад маш гүн гүнзгий яргаж ордог, хүн буцааж няцаах аргагүй тайлбар хийдэг шүүмжлэгч. Үндэслэл, нотолгоо сайтай түүний шүүмжийг эсэргүүцэх боломжгүй. 2×2=4 гэдэг шиг тов тодорхой юмтай хэн маргах билээ. “ЭСРЭГ ЦАГ” эсээ шүүмжийн цуврал ном бий.

Утга зохиол судлаач, шүүмжлэгч доктор П.Батхуяг

Я.Баяраа гэж яруу найрагч бий. Д.Урианхайн гуайн зохиол бүтээлийн онцлог болоод амьдралыг үзэх философийг хөндсөн шүүмж нь үнэн янзтай болсон. Орчин цагийн Монгол киноны тухай шүүмж нь маш гоё. Ер нь нухацтай, ур чадвар өндөр шүүмж бичигч санагдсан. Харах өнцөг гэж нэг юм байнаа. “Үндэстний тойм” сэтгүүл, Tagtaa.mn сайтын нийтлэлч. Яруу найргийн “ЦӨН”, “ТАСЛАЛ” номуудтай.”ХАРАХ ӨНЦӨГ” уран сайхны шүүмжийн ном нь дуншиж буй.

СУИС-ын багш, яруу найрагч Я.Баяраа

Утга зохиолын шүүмж гэх “хадны мангаа”-г арай өөр зүгт чиглүүлсэн У.Бямбаням гэж судлаач залуу бий. Шүүмж эсээ гэх шинэ төрөлд авьяасаа сорьж буй энэ залуу “ЦАГ ХУГАЦАА ХЭЛНЭ” номоороо цахиур хагалсан. Бидний мэдэхээс мэдэхгүй олон уран бүтээлч, дэлхийн утга зохиолын “шинэ од”-уудын тухай эсээ шүүмжүүд нь сонирхолтой. Tagtaa.mn сайтын нийтлэлч, “Гэрэг” сэтгүүлийн тоймч.

Утга зохиол судлаач, шүүмжлэгч У.Бямбаням

Эдгээр судлаач, шүүмжлэгч нарын ихэнх нь Tagtaa.mn сайтын нийтлэлчид тул тус сайтаар зочилж шинэ үеийн судлаач, шүүмжлэгч нарын бүтээлтэй танилцаж болох нь.

Нийтлэлч Хөх Толбот Д.Төмөр-Очир

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *