p.justify { text-align:justify; }
Кофетой таслал…Уран зураг

 Казимир Малевич (1879-1935)

Марк Шагалын талаар бичиж байхдаа Зөвлөлт засгийн дэглэмээс болж Оросын маш олон авьяаслаг зураачид гадагшаа дүрвэсэн гээд эдгээр хүмүүсийн дотор Казимир Малевичийн нэрийг оруулж айхтар том алдаа гаргасан байна лээ. Хэрэг дээрээ Малевич Орост төрж, ажиллаж, тэндээ нас эцэслэсэн юм билээ. Ашгүй гэмээ хүлээж, буруу мэдээлэл бичсэн нүглээ наминчилчихлаа🙏 Одоо үндсэн сэдэв рүүгээ оръё.

Зураг 1: Black square

1990-ээд оны эхээр зурагтаар Бавуугийн Лхагвасүрэн гуайтай хийсэн ярилцлага гарсан юм. Сэтгүүлч түүнээс “Казимир Малевичийн “Хар дөрвөлжин” зургийг хараад танд ямар сэтгэгдэл төрдөг вэ?” гэж асууж билээ. Лхагвасүрэн гуай юу гэж хариулсныг нь санахгүй байна. Харин би мөнөөх зургийн нэрийг сонсоод дотроо “Арай цагаан дэвсгэр дээр хар квадрат зурж тэнэгтсэн байдаг юм биш биз дээ” хэмээн бодож байсансан. Хожим энэ зургийг хэрэг болгож интернэтээр хайж үзэхэд үнэхээр тийм байсан. Тухайн үед, “Хар дөрвөлжинг хараад чамд юу бодогдож байна вэ?” гэж хэн нэгэн надаас асуувал би нээрээ юу гэж хэлэхсэн билээ гэж зургийг харангаа бодож инээд хүрч байсан юм. Одоо харин надад хариулах завшаан гарч ирлээ. Миний хариулт: Юу ч гэж хэлж мэдэхгүй байна. Энэ хариулт түүний зурсан “Улаан дөрвөлжин” 1915, “Хар дугуй” 1915, “Хар загалмай” 1920 гэсэн зургуудад бас хамаатай.

Зураг 2: Black circle, red cross


Үүнийг бичихийн өмнө сайхь зургийн талаарх мэргэжилтний тайлбарыг би хэрэг болгож уншлаа. “Орон зайн төгсгөлгүй хийгээд хязгаарлагдмал байдлын эсрэгцэл, тогвортой боловч хөдөлгөөнтэй санагдах дүрс, цаг хугацааны зогсонги байдал эсвэл эсрэгээрээ урсан өнгөрөх цаг хугацааг мэдрүүлнэ” гэх утгатай зүйл бичсэн байсан. Зураач өөрөө энэ бүтээлийнхээ тухай “Аливаа дүрсний болон оройн зайн эхлэл” гэх маягийн тайлбар өгсөн байдаг юм билээ.
Юутай ч дүрслэх урлагийн уламжлалт илэрхийллийг эвдэж, аливааг дотоод сэтгэлдээ харсан тэр байдлаар нь зурдаг хэв маягийг бий болгосон шинэчлэгчдийн нэг бол энэ эрхэм билээ.

Зураг 3: Suprematist Composition: Airplane Flying


Түүний бий болгосон “Супрематизм” урсгалын зарим зургууд нь гэхдээ надад таалагддаг: “Suprematist Composition: Airplane Flying” 1915, “Suprematist Composition”, 1916 (Бурхан минь, энэ зураг 85 сая ам.доллараар үнэлэгддэг юм билээ). Энэ хоёр зураг үнэхээр хөдөлгөөнтэй мэт санагдахаас гадна ялангуяа сүүлийн зургийн өнгүүд тод, хоорондын зохицол нь гоё, дүрсний хэмнэл орон зай ч бас туйлын донжтой харагддаг.

Зураг 4: Suprematist Composition 1916

Зураг 5: Three women

Эх сурвалж: Кофетой таслал /хуудас/

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *