p.justify { text-align:justify; }
“Хаан чоно хоёр” /Исгэсэн туурь/

ХААН, ЧОНО ХОЁР. 
(Исгэсэн туурь). 

Манай Далай хаан Өгээдэйн өгөөмөр сэтгэлийг магтан дуулсан ганц л хүн байдаг нь алдарт Жувэйин вм даа. Уг нь тэрбээр Толуйн удмынханд захираглан, албыг нь хашиж, цалин пүнлүүг нь идэж байсан боловч шударга түүхч, онгодтой найрагчийн хаа эрэмбийг алдаагүйд нь бид талархаж баршгүй. 
Харин тэр их хүний үлдээж өгсөн хөлгөн туульсыг нь бид тэр бүр ашиглахгүй л байх шиг санагдах юм. 
За, энэ ч яахав вэ, Өгэдэйн магтсан хууч яриануудыг нь хожмын хүмүүс тун эргэлзээтэй хүлээж авна гэдгийг Жувэйни мэдэж байсан бололтой. Тэгээд ч тэрбээр : 
“… Энэ түүхийг сонсох буюу унших хүн эдгээр үлгэрийг хамгийн яруу шүлэг, эсвэл хамгийн хуурмаг зохиолын хүрээнд оруулж үзэх магадгүй. Иймээс би үнэн гэдгийг батлахыг хичээсэндээ далай хааны тухай олны дунд ярьдаг үлгэрээс шигшин шүүсээр мянганы нэг хувь төдийг орууллаа …” гэж бичээд “Дэлхийг дийлэн дагуулагчдын түүх” номынхоо “Хаан (Өгэдэй) цадиг “гэсэн бүлэгтээ Өгэдэй хааны амьдралын 50 учралын тухай бичил хуучийг өрсөн байдаг. 
Энэ хуучаас Өгэдэй хааны өгөөмөр үрэлгэн зангаас илүүтэй энэрэнгүй хийгээд шударга голч, алсын хараатай, арга самбаатай хуульч төрх намбыг та бүхэн хардаг билээ. 
Хархүрэм хотыг ид мандан бадарч байхад гурвантаа ирсэн, сүүлчийн удаа буюу 1251 онд ирэхдээ жил гаруй Орхоны хөндийд амь зуусан энэ сударч, яруу найрагчийн үзсэн, сонссон нь үнэхээр их, багтаж ядаж байсан болохоор яажшуухан хасаж, танаж байсныг төсөөлөх гээд үзвэл олон юм ойлгогдох болов уу ! 


Дээр өгүүлсэн 50 хууч – үлгэрээс ганц жижгийг нь танд сонирхуулахаар шийдлээ. 47 дахь энэ үлгэр дэндүү жижигхэн, тэгээд ч Жувэйни шиг шинэхэн Их нийслэлийн тансаг дүүрэгт суугаад, эргэн тойрноо харсан шиг бичиж суугаа биш учраас би жаахан дэлгэрүүлэхээр шийдлээ. 
1240 оны өвлийн эхэн сарын цасан шуурга тавьсан нэгэн шөнө Хархүрэмийн ойролцоо хороонд амьдардаг Мянхлай бөх гэдэг чинээлэг эрийн хотонд чоно өнгийн багагүй хохирол учруулжээ. Маргааш өглөө нь Мянхлай, хааны ордонд очоод “Хаантан минь, би хоосорлоо. Мянган хонио чононд сүйтгүүлчихлээ” гэж сүр бадруулжээ. Байдлаас үзвэл Өгэдэй хаантан гадаалж явсан юм шиг ээ.”Тэр чоно тэгээд хаачсан вэ?” гэж хаан асуусан аж. Мянхлай эг маг хийж зогстол ашгүй хэдэн мусульман эр амыг нь зууртал багласан нэг хөөрхий чоныг хөтлөөд явж таарчээ. Мянхлай бөөн баяр болж “Нөгөө чоно энэ байна” гэсэнд (үнэндээ хонь сүйтгэсэн чоно биш шүү дээ!) Хаантан инээд алдаад мусульмануудад 1000 динар өгч чоныг аваад монгол эрд хандан “энэ чоныг хороолоо гээд чамд ямар ч ашиггүй. Тийм учраас чоныг авъя. Харин чи сангаас 1000 хонь авагттун ! ” гэж зарлиг буулгажээ. Хааныхаа өгөөмрийг мэдэх Мянхлай санаснаа ийнхүү бүтээж, сэтгэл ханаад, мусульманууд 1000 динартай болж, цөм хангалуун тарцгаажээ. Харин Өгэдэй хаан, шадруудаараа мөнөөх чоныг хөтлүүлэн хотын түүргээс гарцгааж гэнэ. Чухам аль зүгт гарсан, морьтой явган нь ч сударт байхгүй болохоор яалтай билээ. Тэгэхээр Тарвагатай хөтөл (Хархорины зүүнтээ) чиглэсгээд гарсан гэж өөрсдийн – хөөрөө тооцъё ! Ямартаа ч гэсэн энэ жижиг үлгэрээс Хархүрэм нийслэл маань чонотой, хоньтой, монголтой, мусульмантай яггүй төвлөрсөн газар болчихоод байгааг ажиглаж болмоор байна. Нэлээд холдоод Өгэдэй хаан түшмэддээ ийн айлджээ. 
– Энэ чоныг бид тавьж явуулна. Тэгвэл чоно сүрэгтээ нийлээд бидний ямар аймшигтай гэдгийг нөгөөдүүлдээ хэлж таарна. Найз чонынхоо үгийг сонсоод нөгөөдүүл нь айж энэ хөндийгөөс бүрмөсөн зайлах болно гэсэн байна. Энэ наргиан бүгдэд таалагдаж, хөөрхий чонын уяа, хүлээг тайлан сулласанд “тэнгэрийн нохой” маань азтай агшинг алдахгүйг хичээн хөдөө – гийн бор талаар чавхдан сунаж гэнэ ээ. Гэвч хүмүүсээс өөр бодолтой амьтад бас байсан юмсанж. Нохойч түшмэлийн авч явсан нач нохой аль хэдийнээс чонын үнэр авчихаад байж ядан байсныг гадарлах хүн байгаагүй нь харамсалтай. 
Жувэйнийн бичснээр “арслан шиг том” хар нохой чонын араас ухасхийж, хүүе, хаая гэхийн завгүй бхриад хэдэн хэсэг болгочихов гэнэ. Ан гөрөөнд хавтай бараа бологчдод энэ явдал ер сонин биш байсан нь магад. Харин Өгэдэй хаан айхтар хилэгнэж “Тэр нохойг алж, чонын амийг төлүүл ! ” гэж тушаасан гэдэг. Гэвч энэ гайхалтай “амин золио” хийгдээгүй юм билээ. 
Хөгжилтэй эхлэсэн явдал гунигтай дуусч Өгэдэй хаан ордондоо маш гунигтай буцаж иржээ. Орой болж хаан гунирхарсаар, эцэст нь шадрууддаа хэлсэн нь : 
-Миний бие ойрноос тун муу байгаа. Чингээд нэг ч болтугай амьтны амь аварвал Мөнх тэнгэр таалах буй заа гэж бодсон юм. Гэвч авын нохой миний төлгийг таслачихлаа. Чоно нэгэнт үхсэн болохоор миний цаг хугацаа ч дууссан бололтой гэж айлдсан ажгуу. “Хэд хоносонгүй хаан үнэхээр халив.” Жувэйни. 


Өгэдэй хаан 1241 оны 12-р сарын 11 -ний өглөөгүүр Өтөг Хулан уулан дахь амралт – зугаалгын аяны ордондоо таалал төгссөн билээ.Тэр их уулын нэр өдгөө нэгэнт солигдсон бололтой, харин уул байсаар л байгаа. Тэр тусмаа их нийслэлийн дөрвөн зүг, найман зовхисын хаа нэгтээ байгаа. Юуны өмнө уугуул нутгийнхан л эрж хайвал илүү өгөөжтэй мэт санагддаг.

Зохиолч, сэтгүүлч, түүхч, зураачОнход.Т.Мандирын зурсан Өгөөдэй хааны эш хөрөг.

Яг одоо намайг Чингэлтэйн тахилгат амандаа энэ бяцхан туурийг исгэсэншүүхэн бичиж суухад соёлын өв судлаач, эрэмгий залуу эрдэмтэн Цо. Жаргалсайхан Хархориноор явж байгаа сурагтай. Өврийн хангайн унаган хүү юмсан. Хамгийн гол нь тэр залуу
Эртний Хархүрэм хотын тухай дагнан судалдаг, тэр талаар том ном бичсэн гэлцэх юм билээ. Тэр бүтээлд нь Өтөг Хулан уулын тухай байж ч мэдэх юм. Даанч надад тэр номыг харах завшаан олдоогүй л байна. Бичиж амжаагүй байсан ч зориод эрвэл тэр уулыг олохдоо л олох хөвгүүн дээ гэж найддаг.

Онход. Т. Мандир. 2019.08.08 нд.

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *