-ГОЁ ХОББИ, ГОЁ ДАДАЛТАЙ БОЛ ХҮНИЙ АМЬДРАЛ УЙДАМГҮЙ САЙХАН БОЛДОГ-
Уяачид хэн нэгнийхнээ өндөр үнээр авсан хурдан хүлгийг очиж шинждэг. Мөн үнэ цэнэтэй хөөрөг авчихаад бусдыгаа дуудан үзүүлдэг хүмүүс ч бий. За тэгээд ганган машин авч, хэдэн давхар хаус барьсан хүмүүс ч найз нөхөд, ойр дотныхондоо дуулган дайллага цайллага хийнэ. Харин шог зураач С.Цогтбаяр бидэнд нэгэн сонирхолтой урилга илгээлээ. “Ах нь гоё номын сантай болсон. Ирж үзээч” гэв. Яваад очлоо. Мань хүн ёстой л сэтгэл нь ханачихсан сууж байна. Тэдний урлан гэж хэн боловч сатааран саатмаар, нүд баясгах зүйл ихтэй газар юм. Бас дулаахан, цаанаа л нэг сэтгэл татах тухтай.
Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Том өрөөнийхөө нэг ханыг тэр чигээр нь өнөө номын сангаараа гоёчихжээ. Нээрээ л нүд алдмаар сайхан эд юм. Нэвтэрхий толиуд, сонгодог уран зохиолууд, “Британика”, CD, DVD, альбом гээд бүгдийг нь төрөлжүүлээд өржээ. Ямар нэгэн ном унших хэрэг гарвал будилж хайхын зовлонгүй эмх цэгцтэйгээр байрлуулсан байна. Номтой байх сайн. Харин түүнийгээ сайхан хадгалах, сайн номын сантай байх нь үнэхээр бахархмаар ажээ. Номын сангаа зураач маань өөрөө захиалж хийлгэжээ. Францын “Sogal” хэмээх брэндийн загвар материалаар манай “Ганброс”-ынхон үүнийг урласан гэнэ. Нэгэнт л захиалж хийлгэсэн болохоор ном, альбом, DVD-нийхээ хэмжээг нарийн гаргаж тооцсон байна. Тийм болохоор номын санд хоосон орон зай байхгүй. Тэр хэрээрээ цэгцтэй сайхан харагдана. Өрөөний нөгөө талд мөн л хоёр том номын сантай. Тэдгээр нь өмнө байсан эд. Нэг нь Америкийн нөгөө нь Английн Элчингийн хэрэглэж байсан номын сангууд гэсэн. Дуудлага худалдаагаар авчээ. Хажуугийн жижиг өрөө ч номын сантай. Тэнд дандаа Гиннесийн цувралууд өрөөтэй харагдана. С.Цогтбаяр зураач Гиннесийн номыг аль 1980-аад оныхоос нь эхлээд цуглуулан авчээ. 2012 оныхыг ч аль хэдийнэ авсан байна. Энэ бүхнийг сонирхонгоо С.Цогтбаяр зураачтай цөөн хором хөөрөлдлөө. Ярианы маань сэдэв ном.
–Та номын тавиураа олон хүнд үзүүлэв үү?
-Найз нөхөд, ном сонирхдог хүмүүс ирж үзсэн. Уг нь би номын тавиурынхаа нээлтийг хийе гэж бодож байсан юм. Эхнэр “сүржигнэлээ” гэхээр нь больчихсон. Сайхан тавиур бол гоё цэгцтэй харагдахаас гадна номыг хүндтэй байр сууринд нь залж, хүндэлж байгаа гэсэн үг. Ийм тавиуртай болъё гэж их урт удаан хугацаанд хайсан. Надад орос, америк, англи номын тавиурууд байгаа л даа. Тавилгын том том дэлгүүрт номын тавиур байдаггүй. Асуухаар “хүмүүс авдаггүй юм” гэдэг. Эсвэл оффисын бичиг хэрэг, хавтас хийдэг шүүгээ үзүүлдэг. Номын тавиур бол огт өөр дизайнтай, өөр урлаг юм. Тэгээд л энэ тавиураа захиалж хийлгэсэн. Яг иймэрхүү загвараар манай хэд хэдэн найз захиалсан гэсэн. “Ганброс”-ынхон сонголт өргөн, хүссэн өнгөөр нь хийж байгаа гэсэн.
-Ерөнхийлөгчийн зарлигаар Номын баярын өдөртэй боллоо. Ер нь яагаад манайхан ном уншихаа больчихсон юм бол оо?

-Номын баярын өдөртэй болсон нь Архинаас татгалзах уриатай адилхан тийм сайхан зүйл юм. Манайхан материаллаг зүйлийг илүү анхаараад оюуны соёлоо орхиод байгаа юм шиг санагддаг. Уг нь монголчууд их уншдаг байсан юм. Номын сан, дэлгүүрүүд олон байлаа. Хүүхдүүдийг хүртэл Номын сайн нөхөр гэж зарлаж урамшуулдаг байв. Багаасаа ном их уншсан хүүхэд том болоод тэр хэвээрээ, зөв дадал хүмүүжилтэй болдог. Одоо хүүхэд залуус интернэтээр шальдар бульдар юм уншаад болоод байна гэж бодож байгаа. Харин ном унших бол тархины фитнес. Тархийг байнга хөгжүүлж, шинэчилж, шинэ мэдээлэл оруулж байх ёстой. Ном уншина гэдэг огт дүрсгүй, амт өнгөгүй юмыг уншаад өөрөө сэтгэн бодож амилуулж байдаг. Телевиз, радио бол өөр. Дуу, дүрстэй. “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь”, “Монте Кристо гүн”-г уншаад бид өөрсдөө сэтгэлдээ төсөөлж, найруулж, бүтээж байдаг. Сүүлд киног нь үзэхэд миний багадаа ном уншаад төсөөлж байснаас нэг их зөрөөгүй шүү.

-Одоо хүүхдүүд их алдаатай бичдэг болсон. Бас л ном уншихаа больсных гэдэг?
-Хүүхдүүдэд гүнзгий түгээмэл мэдлэг дутагдаад байгаа. “АХА” нэвтрүүлгийг үзээд бид гомдоод, харамсаад, огшоод байдаг нь хүүхдүүд ном уншихаа байсны нэг илрэл. Ном уншаад байхаар хүн алдаагүй бичдэг болдог. Яагаад гэхээр уншсаар байгаад нүдлэгдчихдэг юм. Монголчууд номоо хүндэлдэг, уншдаг ард түмэн. Бид өөрсдөдөө байсан гэрэл гэгээтэй чанараасаа ийм амархан салаад байж болохгүй. Мэдээж, техник технологийн дэвшил сайн. Гэхдээ сүүдэртэй талыг нь мэдэрч, сайныг нь аваад мууг нь орхиод явах хэрэгтэй. Монголын ирээдүй болсон хүүхдүүд ном уншихгүй, мэдлэг, амьдралын зөв хэвшил дадалгүй өсч байгаа нь харамсалтай. Ном уншаагүй, гэгээрээгүй бол хичнээн хөрөнгө мөнгөтэй байгаад хэрэггүй. Мэдлэггүй хүнд мөнгө, эрх мэдэл очвол ямар хор хөнөөлтэй болохыг бид харж л байна шүү дээ.
-Та хэдийнээс ном цуглуулж эхэлсэн юм бэ?

-Бидний үеийнхэн ном уншиж өссөн. Өөр сонголт ч байгаагүй. Хожим нь “Тоншуул” сэтгүүлийн дэргэдэх “Учиртай инээд” хамтлагийнхантайгаа хөдөө орон нутгаар их явсан. Хөдөө аймаг, сумын төв дээр очоод номын мухлагийн агуулахад заавал очиж үздэг байлаа. Ховор гоё гоё номнууд тэгж явахдаа их олсон. Зарим газраас шуудай номтой буцаж байсан. Номд дурлана гэдэг зөв шунал юм. Ном ховор байх үеийн шунал маань одоо хүртэл хэвээрээ. Гоё хобби, гоё дадалтай бол хүний амьдрал уйдамгүй гоё болдог. Гэгээрэл гэдэг бол ном унших, сурахын л нэр. Ид шид биш.
-Танд ямар чиглэлийн номнууд илүү түлхүү байна вэ?
-Урлагийн номнууд их. Алдартай кинонууд олон бий. Орчин үеийн хөгжмийн тухай бүхэл бүтэн номын сантай. Энэ бол хүмүүст тэр болгон байгаад байдаггүй ховор цуглуулга. Дэлхийн болоод Монголын түүхийн номнууд байна. Нэвтэрхий толиуд, шог зургийн ном, сэтгүүл, бурхны шашинтай холбоотой номууд байна. Амжилтад хүрсэн хүмүүсийн намтар гэх мэт хувь хүнийг хөгжүүлэх номнууд ч байгаа. Хүмүүс надаас “Энэ номнуудаа бүгдийг нь уншсан уу” гэж их асуудаг. Энэ бол харьцангуй ойлголт юм. Надад зурагт альбом их байдаг. Үүнийг бол уншихгүй үздэг. Нэвтэрхий толиудыг гэхэд л хүн бүгдийг нь нэг нэгэнгүй үзээд суудаггүй. Хэрэгтэй юмаа л хардаг шүү дээ.
-Ховор сонин номнууд их бий юу?

-Этгээд номнууд их бий. Гиннесийн номыг 2012 он хүртэл нь цуглуулсан. Шог зураач Риплей-н “Believe it or Not” номнууд байна. Этгээд сонин шийдэлтэй, стерео, 3D зурагтай номнууд ч байгаа. Ховор ном гэвэл 1905 онд хэвлэсэн Оросын “Живописная Россия” номыг нэрлэж болно. Ренчин гуайн Угсаатны зүйн атлас, Монголын нууц товчооны бүх хувилбарууд байна. Сальвадор Дали, Ван Гог гээд алдарт зураачдын альбомууд бий. Нэр хүндтэй зохиогчдын өөрийнх нь гарын үсэгтэй номууд ч үнэ цэнэтэй байдаг. Ийм номууд олон байгаа.
-Ер нь айлын номын санд ямар номнууд байх ёстой вэ?
-Мэдээж, тухайн хүний ажил мэргэжлийн номнууд байх нь зүйн хэрэг. Түүх, соёл, урлаг, утга зохиол гээд өөр өөрийн сонирхдог сэдвээрээ л хүмүүс номнуудаа цуглуулдаг шүү дээ. Ерөнхийлөгч айл бүрийг номын сантай болгох тухай санал хэлж байна лээ. Энэ их зөв санагдсан. Үнэтэй үнэгүй нь хамаагүй, айл бүр номын булантай, хүүхдүүд нь ном уншдаг байх ёстой. Номын хүндлэл эндээс эхэлнэ. Амьдралын зөв хандлагын эхлэл энэ юм. Ингэж байж номын авшиг шингэнэ.
Д.ОЮУНТУЯА