p.justify { text-align:justify; }
Нүд уруулыг нь хэн ч, хэзээ ч олж харахгүй…

Нүд уруулыг нь хэн ч, хэзээ ч олж харахгүй
Нүцгэн хөлөөрөө газар гишгэхгүй
Өхөөрдүүлж амжаагүй, тэнгэрийн цэнхэрийг үзэхгүй
Өөдөөс минь эгцлээд “Ээжээ! гэж дуудахгүй
Миний хүн болж амжаагүй хүүхэд!

Зүрхэн дор минь хөдөлж эхлээд байсан
Зүггүйхэн чамайг салхи аваад явчихсан
Зүүдэн дотуур минь инээд алдан гүйсээр
Зүс буруулж нарнаас нуугдсан үр минь!

Нүд гялбам аянга цахилгаан шиг
Нүүх ганцхан алхамд тодроод бүдгэрэхдээ
Сандааж, зүрхэнд минь гүн сорви үлдээсэн
Саваагүй амьтан чи хэн байсан бэ?

Энгэрт шургаад наалдах л байсан
Эрхлэн тунирхаад өмөлзөх л байсан
Бяцхан амьтан чи тэнгэрийн элч байсан уу?
Биеэс минь биелсэн Бурхан байсан уу?

Яруу найрагч Л.Өлзийтөгс

1997 он

“Тэнгэрт ургадаг модод” шүлгийн түүвэр.

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *