p.justify { text-align:justify; }
Яруу найргийн тухай урт бичвэр: Д.Урианхай

Яруу найргийн тухай урт бичвэр: Д.Урианхай

Яруу найргаас авдаг таашаал, мэдрэмжээ бусадтай хуваалцъюу хэмээн санаж хамгийн дуртай найрагчаа энэ удаагийн бичвэрийн эзнээр сонголоо. Дамдинсүрэнгийн Урианхай хэмээх энэ буурал найрагчийн шүлгээс “сайн шүлэг” гэж юу болох, “яруу найргийн мэдрэмж” гэж чухам юуг хэлж буйг бүрнээ мэдрэх байх хэмээн найднам.

1. Ганцаардлын тухай

Олныг нуршилгүй түүний нэг шүлгээс шууд эхлэе.

Дугтуй дүүрэн өвөл (“Захиа” шүлэг)

Юу вэ? Ганц мөртэй шүлэг гэж үү? Шүлгийн сайн байх, гайхалтай мэдрэмж илэрхийлэхэд урт, богино байх эсэх нь огтоос хамаагүй. Бараг богино тусмаа илүү нягт нямбай илэрхийлэлтэй болдог байж ч мэднэ. Энэ шүлгийг уншаад шууд дараах төсөөлөл буух вий: тэсэн ядан хүлээсэн хүнээсээ захидал хүлээж авчээ. Нээгээд унштал хүйтэн хөндий, хахир үгсээр дүүрсэн байж. “Дүүрэн” гэдэг үг нь эхнээсээ аваад дуусах хүртлээ, “өвөл” гэсэн нь хэчнээн ширүүн хайрамжгүй үгс бичээстэйг танд ойлгуулна. Ердөө ганц мөр шүлгээр ийм олон үйл явдал: халуун дулаан эхлэл, хосууд биесээсээ холдоод явсны дараах уйтай хоосон мөчүүд, итгэлээр тэжээгдсэн хүлээлт, эцэст нь хаягдах мэдрэмж… Бүтэн түүхийг хүүрнэчихэж байгаа хэрэг. Бусдад ямраар буухыг мэдэхгүй, надад бол ингэж л төсөөлөгддөг.

Доорх шүлгүүдийг уншихаар танд ийм нэг мэдрэмж төрөх вий: ганцаардах, өөртэйгөө ярилцах, нам гүмийг мэдрэх, ингэснээр хэсэгхэн зуурын тайвшралыг амсах.

Ганц тогоруу дэвэх нь,-
Нисэж буй бус,
Газраа чирээд тэнгэрт гарах 
Хань даллах мэт!..
…Ганц тогоруу одох нь-
Холдож буй бус,
Тэнгэрээ тэврээд газарт буулгаад ирэх
Хань эрх мэт! (“Ганц тогоруу” шүлгийн хэсгээс)

…Ганц хар ялаа цонхны наранд нисэн
Ганцаардлын хүндийг мэдэрсэн мэт намайг тойрно!..
Намар оройн ганц хар ялаа
Намайг тойрон эцэтлээ эргэх нь,-
Зугаатай ч юм шиг, тэр бүү хэл, ханьтай ч юм шиг!..
Зуны үдэд чамайг би хэрэггүй л ад үздэг байж дээ!.. (“Намар оройн ганц хар ялаа” шүлгээс)

Тэнгэр хов хоосон!.. Хөхөө буцчихаж!
Тэртээ хярын өнчрөнгө оройд
Хоёр сүүдэр эргэх нь,-
Хоёр хар хэрээ!.. (“Эгшин-I” шүлгээс)

…Эль хуль… эль хуль… хачин эл хуль!..
Эргэн тойронд “шар үнэн”-ий уруй л үерлэнэ!
Гагц, энд царцаа л чар-чар-р эгшиглэх нь,-
Гансрангуй сэтгэлийн минь “навчис”-ыг
Хавартай золгуулахаар “аргамжина”!.. (“Гагц, царцаа л царгих дуулдах нь…” шүлгээс)

Шувуунаас, амьтнаас ганцаардлыг олж харан түүнийг нь хуваалцана гэдэг, ганцаардахуйн шалтгааныг сэрнэ гэдэг жинхэнэ мэдрэмж юмаа. Энэ бол гиюүрч гансрахдаа хий хоосон утга уянга дүүрэн үгс хэлхсэн хэрэг огтоос биш! Энэ бол хов хоосныг, нам гүмийг сэрж мэдэрснээ бидэнд үгээр дамжуулан хүргэж буй юм. Угаас намар гэдэг өөртэйгөө ярихад яг тохирох улирал.

2. Амьдралын тухай

Амьдралд хөл алдах, цөхрөх үе бишгүй. Ийм үед ямар нэгэн “гайхамшиг”-т найдах, хуурмаг итгэл өвөртлөн түүндээ итгэн горьдож хүлээдэг. Өөрийгөө хуурч буйгаа мэдсээр байж ингэдэг, тэгээд дараа нь улам л хоосорч гонсойх вий.

... Халбагаар далай хороож байгаа юм шиг
Урагш муутай ахих амьдралд би
Урам хугарахдаа үргэлж зүүдэлдэг… (“Хаяарах үүрийн цасанд…” шүлгээс)

…Өвлийн нар шиг өнгөрөх амьдралд
Өглөө сэрээд л хаврыг хүлээнэ !
Өдөр бүрий л хүлээнэ!..

Хүлээж ядсан хүслэнт хавар нь
Хүлээлгэж хүлээлгэж нэг өдөр ирэх нь,-
Өнгөрсөн жилийн л хавар!.. (“Хаврыг хүлээгч цөөрмийн зэгс” шүлгээс)

Гэхдээ дахин сэрэх хүч, итгэлийг бид яаж ийгээд олж авч чаддаг. Амьдралын нугачаа буулганд сэтгэл бөхийн сөхрөвч эргээд бүгдийг мартан цоо шинээр эхлүүлэх тийм мөч, тэр хүч, өөрийгөө хурцлах зоримог сэдэл. Доорх шүлгээс тийм цогтой илэрхийлэл анзаарагддаг.

Үер, эргүүлэгтээ намайг живүүлэх бүрт
Үргэлж шинээр төрнөм, би…

Түүний шүлгүүдэд амьралын мөн чанарыг ухсан эрэлхийлэл, эргэцүүллүүд олонтаа тохиолдоно. Тухайлбал:

…Навчсын чинь шуугиан чиний үг үү, салхины үг үү
Намрын сэтгэл гэгэлзүүлсэн аниргүй чинь чиний нам гүм үү
Бараа тасарсан шувуудын орхисон зай юу 
Намрын торомны ноос шиг өнгө чинь 
Чиний өнгө үү, зэвэрсэн борооны өнгө үү 
Чи зовлон таньсан ухаант хүн шиг л дуугүй байх юм
Дуугүй үгийг чих сонсдоггүй 
Нүд, зүрх хоёр минь л сонсох юм 
Чамтай ярихад хэцүү юм, 
Чадахгүй байх тусмаа улам их хүсэх юм 
Аливааг асуумаар санагдана
Асуусанд чи дуугарахгүй 
Хүүхэд шиг, юу ч мэдэхгүй маанаг юм шиг, юм бүгдэд гэгээрсэн шиг 
Асуултад минь асуултаар л хариулах юм аа … (“Модод” шүлгээс)

Яруу найрагч мододтой ярьж байна. Энэ бол хэтийдсэн уянгын халил, хэлбэрдсэн философидолт огт биш. Тиймэрхүү ядмаг шүлгүүд илэрхий танигдана. Харин эл шүлэг ертөнцийн жамыг биеэрээ туулж мэдэрсэн намрын нүцгэн модод, амьдралын утга учрыг эрсэн найрагч хоёрын хоорондох эргэцүүлэл-хүүрнэл юм. Гэхдээ тэд биестэйгээ нүдээрээ, зүрхээрээ л ярилцаж байна. 
“Бараа тасарсан шувуудын орхисон зай юу?”- энэ ямар гоё хэлээ вэ? Саглагар мөчиртэй, ногоорон цэцэглэж ахуйд шувууд дүүрэн суудаг байж. Саргар мөчиртэй, шарлан нүцгэрэх цагт тэд орхин одож. Бүр бараа тасран, сураггүй одож. Амьдралын ийм гашуун үнэнийг тун энгийнээр илэрхийлж байгаа хэрэг биш гэж үү?

3. Хүний мөн чанарын тухай

Урианхай гуайн шүлгээс амьдралын тухай, хүний мөн чанарын тухай эргэцүүлэл мэдрэгдэх агаад амьдралыг таньж мэдсэн, зовлонг ухаарсан, тийм ч учраас бусдын өмнөөс энэлэж чадах зөөлөн өнгө аяс их цухалздаг.

Намар,
Ой шарлах бүрд би үхдэг.
Насны ганцад олон үхэх
Надад хамгаас хэцүү байдаг!..
Хавар,
Шинэ ногооны үнэрээр
Хөгшин үнээ өеөдөх бүрд би үхдэг!
Хавсрага салхин догшноор ульж,
Зулзаган модод үндсээрээ булга унах бүрд
Би үхдэг!

… Насны ганцад олон үхэх
Надад хамгаас хэцүү байдаг!
Энэнээс ч илүү хэцүү нь,
Нэг насанд,
Нэг л удаа үхдэг хүмүүстэй
Өдөр бүр амьд явах
Бүүр аймшигтай байдаг! (“Насны ганцад олон үхэх…” шүлгийн хэсгээс)

Тэр бусдын өмнөөс энэлж чаддаг, хэн нэгний үл ойшоосон тийм зүйлийг олж анзаараад харуусаж чаддаг уяхан найрагч билээ л. “Нэг насанд нэг л үхдэг хүмүүстэй өдөр бүр амьд явах”.. энэ үнэхээр хэцүү еэ. Юуг ч үл тоомсорлодог, хахир хатуу – түүнийгээ амьдралыг бодитой хардаг хэмээн хаацайлдаг, хүнийг энэрч ойлгох сэтгэлээ гээсэн, хүйтэн хөндий хүмүүстэй хамт амьдрах ямар хэцүү вэ? Тэр тусмаа ийм өр нимгэн найрагчийн хувьд.

Инээд шиг хуучин хүний амьдралд 
Нулимс шиг халуун байх!
Маргааш шиг ойрхон байх!
Магад ирэх үхэл шиг 
Давтагдахгүй байх!
Нулимс шиг хуучин хүний амьдралд 
Мөрөөдөл шиг гэгээн байх!
Хайргүй хүндээ ч хайр шагнах 
Харагдахгүй бурханы хутаг олох!
Мартагдахгүй гомдолоо 
Уйлахгүй тэсэхээр цайлган байх!
… Инээд шиг хуучин …
Нулимс шиг хуучин …
Гомдол шиг хуучин …, 
Харагдахгүй бурхан шиг 
Хүний амьдралд 
“Байхгүй юм” шиг нь 
Үргэлж шинэ байх!
“Байгаа” бүгдээс нь 
Мөнхөд өөр байх!.. (“Инээд шиг хуучин хүний амьдралд …” шүлгийн хэсгээс)

Энэ шүлэг бол Урианхай гуайн дотоод ертөнц, түүний амьдралын зарчим нь. Тэрээр энэ зарчим, үзэл бодолдоо үнэнч явсаар өдийг хүрсэн гэдэгт итгэнэм. “Давтагдахгүй байх”, “Мөрөөдөл шиг гэгээн байх”, “Уйлахгүй тэсэхээр цайлган байх”, “Үргэлж шинэ байх“, “Мөнхөд өөр байх” гэдэг бол Урианхай гуай өөрөө юм. Тэр ийм эмзэг зөөлөн, мөрөөдөмтгий, гэгээн цайлган, бас бусдаас өөр, үргэлж шинэ найрагч ажгуу.

Эх сурвалж: Цэг таслал/Чөлөөт бичвэрүүд/ фэйсбүүк хуудас

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *