p.justify { text-align:justify; }
“Эрлэгийн хааны бичээч”-ийн тэмдэглэл

МО ЯНЬ “АМЬДРАЛЫН ХҮРДЭНД ЗҮДЭГСЭД

“Оёдолчин хүн оёдолын машинаа хойш тавьж, утас зүүгээ барьж авахтай л ижил би эргээд бийрээ барьж авсан юм. Энэ үйлдлээрээ дамжуулж орчин үетэй сөргөлдсөн гэх үү дээ.Бийрээ аваад сэтгэл ихэд сэргэж, цаас чахрах дуу, мөр мөрөөр олшрох ханз үсгийг харахад гайхалтай сайхан мэдрэмж төрсөн шүү. Компьютер дээр юм бичээд унтраахад юу ч хийгээгүй юм шиг нэг л хачин мэдрэмж төрдөг бол бийрээр бичсэн цаасандаа хүрэхэд цаанаа л нэг сэтгэл хангалуун, өнөөдөр үүнийг бичлээ гэж бодоход баяр хөөр төрнө” хэмээн Нобелийн шагналт зохиолч Мо Янь бичжээ. Мо Янь энэ нүсэр бүтээлээ дөчин гурван жил бодож, бясалгаж харин дөчин гурав хоногт багтаан бийрээр 490,000 ханз бичиж дуусгасан аж.

Баян чинээлэг Симэнь Нао цагийн шуурганд хэлмэгдэн буудуулж тамын орноо хоёр жил тарчлаад эрлэгийн хааны өмнө хилсээр хэлмэгдсэн тухайгаа өчиж өршөөл гуйснаар буцаж хүн төрөлдөө очих эрхийг авсан боловч бүр хэцүү зовлон зүдгүүр хүлээж буйг яахин мэдэх билээ. Эрлэгийн хаан түүгээр тохуурхахаар шийджээ. Өөрийн төрсөн тосгон Гаомидаа, төрөлх гэр бүлдээ эргэн ирсэн боловч дудран болон төрсөн түүнийг  өрхийн эзэн баян чинээлэг Симэнь Нао гэж хэн мэдэх билээ. Урд насандаа “эрлэгийн хааны бичээч” явсан Мо Янь өөрийн туулсан амьдрал, соёлын хувьсгалаас шинэ эргэлтийн бодлого хүртэлх хятад орны тавин жилийн түүхийг төрөлх тосгон Гаомид өрнөсөн үйл явдлаар товчоолон өгүүлсэн тун сонирхолтой зохиол юм.

Амьдралын хүрдэнд зүдэгсэд-ийг унших гэж үнэхээр их зүдэрсэн шүү. Ном нь уншихад хэцүүдээ бус Симэнь Нао зөрүүд илжиг, муйхар үхэр, овжин гахай, ухаалаг нохой, дэггүй сармагчин болон гэр бүлдээ эргэн төрсөөр байгаа тухай үйл явдлууд үнэндээ их өрөвдмөөр байсныг хэлэх үү. Симэнь Нао адгуус амьтан болон төрж байгаа ч ухаан санаа нь хүн хэвээр учир гэр бүлийнхээ бүхий л аж төрөлд санаа зовж, буруу булхай бүхний гэрч нь болж, адгуусанд хувилсан хүн болж амьдрана гэдэг юутай зүдэргээтэй. билээ. Зохиолч МО ЯНЬ зохиол дотроо өөрөө нэг баатар нь болж, өөрийгөө хөнлөнгөөс ажин шоглож суух ямар их зугаатай байсан бол оо. Адгуус амьтад ч гэсэн өөрийн зовлон жаргалтай,  хүмүүн бидэнтэй адилхан “амьдралын хүрдэнд зүдэгсэд” юм. Буддын шашны “сансарын хүрд”-ний сургаал номлол бодит амьдрал дээр нэг иймэрхүү л байдаг болов уу гэсэн сэтгэгдэл төрсөн юм. Үйлийн үр, лай ланчиг гэж бий шүү хэмээн сануулж байгаа юм. Урд хойд насны явдал мөр ямархан сэжмээр хоорондоо холбоотой байдгийг тайлж мэдэх аргагүй ч амьтадыг хайрлан энэрэх сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Таны өвөр дээр эрхлэн суугаа муур, хашаанд гүйж яваа үнэнч нохой чинь нөгөө ертөнцөд одсон таны хайртай дотно хүмүүс гээд төсөөлөөд нэг үз дээ. Амьтадын нүдээр хүний ертөнцийг харж буй зохиол японы алдарт зохиолч Нацүмэ Соосэки “Муур миний өчил”-өөс эхлээд байдаг. Энэ зохиолын онцлог нь гэр бүлдээ таван үе дамжин эргэн төрж буй тэдгээр амьтад цус махны тасархай үр удамдаа санаа зовж буй тэр “сэтгэл зовнил”, өөрийнхөө хэрээр тус болохыг хичээж буй тэр “хүнлэг” үйлдлүүд, буруу булхайг жигшин зэвүүцэж буй тэр арга хэлбэрүүд юм.

Зохиол бүхэлдээ уран хошин өнгө аяс, ёгтлол егөөдлөөр дүүрэн. Соёлын хувьсгалын үе дэхь хийрхэл, самуурал, дампууралыг тун ч тодорхой дүрслэн үзүүлсэн байна. Гэхдээ удирдагч Маогийн үзэл санаа, үйл хэрэг тэр чигтээ буруу байсан гэж үзсэнгүй. Зохиолын гол дүр хөх нүүрт Лань Лянь “соёлын хувьсгал”-ыг  эсэргүүцэгч бэлгэ тэмдэг юм. Гэтэл Мао дарга нас барж бүх нийтийн гамшиг тохиож, гашуудал зарлах үед мөнөөх хөх нүүрт маань “Мао дарга минь, би ч таны ард түмний нэг, таны хүү.Энэ газрыг та л надад өгсөн…хувийн аж ахуйтан болох эрхийг минь ч үлдээсэн…” хэмээн шуудхан хэлдэг байгаа. Угтаа хамгийн их өширч хорсох учиртай хүн юм шүү дээ. Үүгээр Мао бол ард түмнийг дарангуйлагч харгис хэрцгий этгээд биш алдаа оноотой ч ард түмнийхээ “эцэг” нь байсан юм шүү гэж харуулахыг зорьжээ. Маогийн “соёлын хувьсгал” хэмээх туршилт нь жирийн ард иргэдэд гай гамшиг учруулсан ч коммунист намын бодлого буруу гэсэн үг биш.Алдаа завхрал гаргагч бусармаг этгээдүүд буруутай болж таарлаа. Мо Яний нарийн арга ухаан, заль мэх энд харагдаж байгаа юм. Үнэндээ тосгоны хамгийн адтай сэргэлэн Мо Яньд энэ зэргийн уран арга байлгүй яахав. “Өлсгөлөн намайг зохиолч болгосон” гэж зохиолч дурссан нь буй. Өнөөг хүртэл миний эрэлхийлж хайсаар байгаа нэг зүйл бий. Тэр бол хүмүүний сэтгэлд хийх эрэл хайгуул. Би бичиж байхдаа энэ асуултуудынхаа хариултыг эрж хайж, судалж байдаг юм./МО ЯНЬ/

 Энэ бол түүний уран бүтээлийн гол зорилго байх. Хүний хувь тавилан хийгээд төрөлх, язгуур мөн чанар хувьсан өөрчлөгдөхгүй заяагдмал зүйл гэсэн үзэл зохиолын дүрүүд,  хөх нүүрт Лань Лянь дээр бүр ч тодорхой харагдана. Тэр эцсээ хүртэл өөртөө үнэнч үлдэж чадсанаар үзэл санааны хувьд ялж байна. Нийгмийг, хүмүүсийг тэрсэлж амьдарна гэдэг хэцүү бэрх юмны нэг. Тийм хүчирхэг үзэл санаатай хүмүүс аль ч цаг үед ганцаарддаг гэдгийг “хөх нүүрт”-ийн туулсан амьдрал харуулна. Өлсгөлөн ба ганцаардал. Энэ бол түүний бичдэг гол сэдэв. Гучин хоёр модон хүний үлгэр, шидэт хүүрийн үлгэр гэх мэт аман зохиолын уран сэтгэмж, баялаг зохиомжийг ашиглан нэгэн “реализм”-ыг бүтээн туурвисан нь энэ. Үйл явдлыг өгүүлэгч нь илжиг, үхэр, гахай, нохой мэт  амьтад байхаас гадна бүх үйл явдлыг гэрчлэгч “Данхар толгойт” гэгч хүүрнэгч бий. Гурван тохой өндөртэй, данхар толгойтой, ухаалаг харцтай өгүүлэгч Лань Цяньсуй буюу “мянган жил” нэрт тэр хүн бол…хэн юм бол гэж бодно. Зохиолч Мо Янь бол өөрөө жинхэнэ нэрээрээ зохиол дотроо туслах дүр болж яваа.Тэгэхээр хэн байх вэ? Таван дэвтэр нүсэр бүтээл боловч зохиолын хөгтэй үйл явдлууд, уран хошин элэглэлүүд уншигчийг уйдаахгүй. “Соёлын хувьсгал”-ын тухай олонхи зохиол айдас хүйдэс төрүүлж байдаг бол мань Мо Янь инээдэм наргиан, хошигнол ёгөөдөл дунд үзүүлэхийг зорьсон нь “хөвөнд боосон чулуу”-аар түншихын үлгэр буюу. Нийгмийн гажуудлыг элэглэн шоолсон энэ бүтээл нь амьтадаар дамжуулж “хүнлэг энэрэнгүй” сэтгэлийг хүний дотроос “хайж” байна. Жам ёсны эсрэг бүхэн хэзээ нэгэн цагт нуран унана. Үйлийн үр барагдах цаг хугацаа гэж бий. Номын хуудсыг хааж дуусахад ийм бодол төрлөө. Алдаа завхрал , өлсгөлөн ядуурал, хүнд хэцүүг даван туулах тэдгээр хүмүүс коммунизмд итгэх итгэлээ алдсангүй. Чухамдаа энэ л Мо Яний “хөвөнд боосон чулуу” мөн дөө. Тэр угаасаа л багын дэггүй, “адтай чөтгөр” байсан учраас аль ч цаг үед аргыг нь олоод амьдарч чадна. Бичих туурвих авьяас багаас нь тодорч ахуйд тэр ирээдүйгээ аль хэдийн олж харсан байх.

“Нийгэм хэдэнтээ солигдож, бүр үгүй болсон ч уран зохиол, урлаг үлддэг”

2012 оны Нобелийн шагналт зохиолч МО ЯНЬ

Хөх Толбот Д.Төмөр-Очир

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *