p.justify { text-align:justify; }
Аз жаргалын чимээ /Ээнээгийн тэмдэглэл/

Ѳглѳѳ бүр цонхны хѳшгѳѳ сүр дуулиантайгаар нээх чимээ. Саррр… Энэ чимээ бол аз жаргалын чимээ. Тавцан дээр жир жир жиргэх тарган бор шувууд дэрхийн нисэж, мѳн хѳнжил дотроо эвхрэн унтах нѳхѳр маань бондгос хийтэл цочино.

Бурхан бид хоёрт гурван энхрий үр бэлэглэжээ. Нарны тусгал хѳшигний цаанаас багатаж ядан манай цонхоор гулсан орж ирээд хүүхдүүдийн зѳѳлѳн бондгор хацар дээр, эгдүүтэй жижигхэн гаран дээр тусахыг хором хэртэй ажиглах мѳч удаах баяр жаргал минь.

Ѳглѳѳ бүхэн дуулиантай. Үзэсгэлэнт ѳглѳѳтэй мэндэлж байтал гурван цэрэг нүдээ нухлан сэрцгээж удалгүй унд цай, шүд гар, хувцас хунар болон бужигнана. Цэцэрлэгийн хоёр банди жорлонд дугаарлах, биестэйгээ ноцолдох, тоглоомоо булаацалдах энүүхэнд, бага дүүгээ эд бараа мэт хѳлнѳѳс нь чирээд явж байх энүүхэнд. Гадны хүмүүс харвал манайхыг хүүхдүүдээ яаж хүмүүжүүлдэг айл вэ гэж мэдэх юм. Үнэндээ надад мэдэх юм алга. Хүүхэд хүмүүжлийн ѳчнѳѳн ном уншиж, сар бүр хэвлэгддэг хүүхдийн сэтгүүл эргүүлдэг атал манай гэрт ер нь ѳѳрчлѳлт байна уу гэхээс толгойгоо шаах эгзэгтэй агшин зѳндѳѳ тохиолдоно. Байгаагаас, хань бид хоёр хүүхдүүдээ зѳв хүмүүжүүлчих юм сан гэх гал халуун сэтгэл, хичээл зүтгэл л байх шив.

Би шүдээ угаахдаа хэзээ ч кинон дээр гардаг гоо бүсгүйчүүд шиг цэх зогсож угаадаггүй. Нэг гараараа шүдээ зүлгэн, нѳгѳѳ гараараа зохицуулагч хийх юм уу том хүүгээ хѳѳж тууна. Эхэндээ ойрхон гишгэлэн, дараа нь хараажаар түргэн хѳдѳлгѳѳнтэй хүүгээ гүйцэж барихын тулд эрслэн хурдлана. Тэр дуүгийнхээ бѳмбѳгийг хэнэггүйхэн булаагаад ѳгѳлгүй, хоржоонтойгоор бѳгсѳѳ оцоолгож хэлээ гаргаад “Намайг барич ээ, намайг бариач ээ” гэхийг ѳглѳѳний амгалан сэтгэлээр хүлцэн, эелдэгээр сануулах хэрэгтэй гэж бодно. Гэвч ээж ч гэсэн мэдрэлийн эстэй, тэвчээрийн хязгаартай эгэл жирийн хүн шүү дээ. Чихгүй толгойлоод, дүү нараа уйлуулаад байхаар нь аргагүй хоолойгоо бүдүүсгэж араас нь элдэх ажил эхэлнэ дээ. Шүдний сойз амандаа зуусан ээж нь үсээ ч самналгүй пижигнэхийг харсан хүү бѳмбгийг эргүүлж ѳгѳх нь бүү хэл, эсэргээрээ хѳѳрч догдлоно. Япон байр жижигхэн, тэгж хѳѳцѳлдѳх зай талбай байхгүй мэт боловч буйдан даваад ширээ тойроход чамгүй урт зам аж.

Тэднийг гарч явсаны дараа гэр ундуй сундуй. Шат уруу буухдаа дунд хүүгийн “Нарны шил зүүмээр байна” гэх нь дэргэд мэт тод цуурайтна. Аав нь юу ч юм хариу бувтнахад орцоор дүүрэн уйлаан боллоо. Тэднийг гараад хаа хүрэхэд чимээ тасрах нь уу гээд ажтал хоёр зуун метрийн цаахантай “Тэрийг хараа аалз байна” гэж хэлэхийг ялган сонслоо.

Надтай нийлээд таван хүний гадуур болон гэрийн хувцас энүүгээр тэрүүгээр хѳглѳрчээ. Байсан юм байрандаа байдаг цаг үе ард хоцорсон. Ѳрѳѳсѳн оймс дэрэнд наалдсаныг, түшлэгтэй сандал дээрх удирдлагатай машиныг, эвлүүлдэг тоглоом хаалганы нугасанд гацсаныг, угаалгын цоргонд наалдсан аавын сахлыг, угаалтуурт хѳглѳрѳх аяга шаазан, тѳмпѳн савыг, хоолны ширээн дээрх боов боорцгийг, тайлаад хаясан шээстэй живхийг цэгцэнд оруулав.

Охин маань ийшээ тийшээ гүйх ээжийгээ хараад инээд алдана. Одоохондоо. Түүнийг тэврэхдээ тэврэж суулгахдаа суулгав. Тэр гартаа ах нарынхаа тоглоод уйдчихсан удирдлагатай машины удирдлагыг сэгсчиж, арван хором давгүй саатаж байснаа уйдав бололтой чулуудчихаар нь дахиад л ах нарынх нь түрүүжингээ булаацалдаж одоо хэний ч анхаарлыг татахааргүй болсон бѳмбгийг атгуулав. Охин маань ах нарынхаа багадсан хувцаснаас ѳмссѳн тул яг эрэгтэй хүүхэд шиг харагдана. Саарал футболк, гал сѳнѳѳгч машин, нохойтой ѳмд. “Ишш, ээжийн охин, хоёулаа удахгүй гэрээсээ гардаг болохоороо ягаан бас цагаан хувцас ѳмсдѳг болно за юу” хэмээн хошуу дэвсэн хэлээд алим чихсэн мэт бумбагар хацрыг үнсэв. Ээжийнх нь хоолой шингэрээд ирсэн чинь охин гараа сарвайн авахуулах гэлээ. “Байж байгаарай, ээж нь одоохон, тоосоо соруулаад л гэрийн ажил дууслаа. Тэгээд хоёулаа ням ням идье, тэгэх үү?” Охин маань чадахгүй гэх шиг үсээ зулгаан уйлав. Ам нь цангаж байж магад бололтой болохоор нь ус уулгаад живхийг нь солив. Суудаг газар нь суулгах гэтэл гэдийж зѳрүүдлэх гэв. Тэгэхээр нь ташаандаа тэврэн суулгаад сул гараараа тоосоо соруулах гэтэл ѳнѳѳх маань надтай тоос соруулагчны гар булаацаалдаад бууж ѳгѳх шинжгүй. Би ч мѳчѳѳгѳѳ ѳгсѳнгүй. “Байж бай л даа, ээж нь гялс энийг л хийчъе тэгэх үү? Миний охин жаахан томоотой суу”. Бариулчихмаар юм хайж саяхан эмхэлсэн тоглоомын сав онгичлоо. Энийг ч тоохгүй, тэрийг ч тоохгүй. Дандаа ѳгсѳѳр байгаад сонин биш болчихсон тоглоомууд. Мэргэн санаа тѳрсѳн нь будаа хутгадаг эржгэр хутгуур. Би ухасхийн босч дѳнгѳж сая угааж тавьсан хутгуурыг гарган гарт нь атгуулахдаа жүжиглэх хэрэгтэйгээ сайн мэдэж байв. “Пээээх, энийг хараач ээ, ээж нь юу аваад ирсэн бэ? Ямар го го юм аваад ирэв ээ”. Жүжиглэлт үнэмшилтэй байх тусам эржгэр хутгуурыг илүү сонирхоно.

Тоос сорогч хүнгэнэв. Хивсэн дээрх үүрмэгийг соруулахаар гурав дѳрвѳн удаа гараа татаж сунгаад зүдрэв. Сордоггүй шүү. Хартал уут нь пиг дүүрчээ. Уутыг солих гэтэл солионы уут алга. Хүнс цуглуулахдаа худалдаж авахаа мартахгүй юм шүү. Аа, тэмдэглэхгүй бол мартчихна. Хүүхэд гаргаад мартах санах олон болсоныг хэлэх үү. Жижиг сажиг баахан ажил. Хѳргѳгчний нүүрэн дээр худалдаж авах хүнсний жагсаалт эрийсний хамгийн доор нь тоос соруулагчны уут хэмээн нэмэв.

Ѳглѳѳний цай. Нүдэлж шарсан ѳндѳг, нимгэн хэрчсэн байцаа. Кофе бас талх.

Гэр орон цэвэрхэн, салхивчаар цэнгэг салхи сэвэлзэн цав цагаан нимгэн чүүлийг дэрвүүлнэ. Ханын цаг ѳглѳѳний арван цагийг заах ба цагны дэргэд гэр бүлийн зураг хадаастай аж. Ягаан даашинз ѳмссѳн би дунд хүүгээ дѳнгѳж ѳлгийдѳн аваад ѳвѳр дээрээ авчээ. Харин том хүү маань одоогоосоо жижихэн, халзан шахуу нимгэлсэн үстэй, хайр хүрэм инээмсэглэнэ. Хүүхдүүдийн аав халимаг үсэндээ хими хийлгэн янзалжээ. Энэ үед би гурван хүүхдийн ээж болно чинээ тѳсѳѳлж байгаагүй. Гэтэл ганцхан жилийн дараа дахиад ѳѳр нэгэн бяцхан хүүхдийн ээж болчихдог гэхээр амьдрал тѳсѳѳлж барамгүй гэнэтийн явдлаар дүүрэн санжээ.

Мэдээж би удаан цайлж суухгүй. Охин маань хутгуураа тэртээ хол шидээд сүйд боллоо. “Аргагүй ээ, аргүй. Түрүүнээс хойш хичнээн удаан тэгж юмхнаар саатах билээ. Алив, нааш ир. Хоёулаа мээмдэнэ ээ”. Ер нь амьдралын эгэл жирийн бүхэн хязгаарлагдаж байж эс бѳгѳѳс цаг хугацаа, амлалтанд туугдаж байж сая час хийсэн хүсэмжит жаргал болон хувирдаг шиг. Удахгүй охиноо уйлахыг мэдэж байсан тул ѳгний цай эгэл жирийн ѳдрѳѳс илүү амттай байсан. Охин. бид хоёр тааваараа жаал эрхэллээ.

Хорвоод мэндлээд зургаан сар болж буй тэр минь бор хоолонд орсон. Бид хоёр мээдмээд дараа нь хоол идэв. Бидний хооллохыг харвал хэн ч намайг туршлагатай ээж гэж хэлэхгүй. Халбагатайгаа дѳхүүлэх хооронд ѳлссѳн охин минь халбагатай хоол руу чичирч дайрахдаа хамаг хоолоо энгэр замаараа асгаж цутгана. Би дахин халбагадана. Охин ганцаараа заваартаж суудаг бол яай гэхсэн, миний хацар ам, гар, бүр гэрийн хувцас тэр чигээрээ гурил, будаа, луувангийн шүүсэнд будагдаад эцэст нь усанд орох болно.

Уг нь би хүүхэд тѳрүүлээгүй байхдаа уснаас гараад анхилам тосоор бүтэн биеэ тосолдог байлаа. Үсэндээ тос түрхэж алчуураар бэгнэх зуураа нүүрэндээ маск тавьж хѳмсѳгний зэрлэг зулгаана… Одоо бодоход ганц бие үед ч таашаах, амтлах зүйлүүд элбэг байж дээ. Энгийн үйлдэл бүхэндээ ухамсараа жаахан хандуулах тѳдийд хэмжээлшгүй том баяр жаргал болно. Аз жаргал бага балчирт алим идэх тѳдийд мэдрэгддэг байсан бол ѳсвѳр насанд нүүрээ будахаас мэдрэгддэг байв. Харин ѳнѳѳдрийн миний аз жаргал эгэл жирийнээс л тѳрѳх юм. Хѳшигний чимээ, хүүхдийн хүзүүний үнэр, завгүй амьдралын чѳлѳѳнд уншсан ном гээд л…

Охин бид хоёр усанд оров. Түүнийг уйлвал ухасхийхэд бэлэн шүршүүрийн хаалгаа цэлийтэл онгойлгоод, байс хийгээд л шүршүүрийн усыг хааж ѳнѳѳхийг уйлж буй эсэхийг соотойтол чагнана. Энэ үйлдэл минь багад үзэж байсан Бэмби хэмээх нэртэй янзагны ээжийг санагдуулдаг. Бага зэрэг уйлагнавал “Ээжийн охион, ээж нь энд байгаа шүү, харж байна уу” гээд л ярина. Мэнчийтлээ уйлаад сүйд майд болвол савантай юутай хээтэйгээ давхиж гарах. Сүүлдээ цугтаа ордог болов. Тус тусдаа орж байхаар ингээд л хамтдаа орчих байж шүү дээ, ээж нь жаахан тэнэг байх аа тэ. Миний охин ээжийнхээ ѳвдѳг дээр суун тасралтгүй урсах шүршүүрийн даралтат усаар тоглоно.

Усны дараах массажыг алхасаж болохгүй. Нярай хүүхдүүд тосон иллэг хийлгэснээр ээжээсээ хайрыг мэдрэх, тайширч сайхан унтаж амрана. Мѳн гэдэсний хий гарах, хуурайшилтаас хамгаалах, арьсны хавдраас сэргийлдэг. Хоол идээд усанд орсон хүүхдийн ам цангах тул ханатал нь хѳхүүлснээр манай гэрийн хамгийн бяцхан, ѳхѳѳрдѳм цэрэг давсандаа явдаг юм.

Та нар харж байна уу? Хэрэв охиноо унтуулсаны дараа усанд орж, гэрээ цэвэрлэсэн бол надад ном унших цаг олдохгүй байж. Иймд охинтойгоо хамт хийж болох бүхнийг урьдчилан хийж бэлтгэнэ. Ном сэтгүүл эргүүлэх, ѳдрийн тэмдэглэл хѳтлѳх, цахим хуудсаар эргэлдэх гээд юу дуртайгаа хийх юугаар ч үнэлэгдэшгүй ховор нандин цаг минь айсуй. Чимээ шуугиан дэгдээлгүй суувал овоо хэдэн номын хуудас эргэнэ. Эвгүй нь таараад найтаалгах ч юм уу гэнэтийн дуу гаргаваас чийдэн асах эрсдэлтэй. Чиш… Цагийн зүү чиг чаг, чиг чаг, чиг чаг… Номын хуудас шар, шар, шар…

Тэмдэглэл бичсэн : ЭНЭРЭЛ ЭЭНЭЭ

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *