p.justify { text-align:justify; }
Х.Болор-Эрдэнэ “Гүйж яваа эмэгтэй”

“ГҮЙЖ ЯВАА ЭМЭГТЭЙ” Х.БОЛОР-ЭРДЭНЭ

Заримдаа би уйтгарлаж гунихаас бүүр залхаж орхидог. Аль болох л зайлсхийнэ. Эрүүл мэндийн шаардлагаар ч тэр сэтгэл санаагаа тэгш байлгах гэж хичээж буй үе минь яг одоо юм. Аль болох өөдрөг сайханд тэмүүлж, өдөр өдрөөс баяр хөөрөө ханатал амсаад бяцхануудаа тэжээн тэтгэх ёстой. Амарсан, сэтгэл түвшин үедээ үр хүүхэддээ ч сайн ээж болоод байх шиг санагддаг юм.
“Энэ номыг уншаад их уйллаа” гэсэн бичвэртэй олон таарсан тул уншихаас зайлсхийгээд л байлаа. Гэтэл инстаграммд дагадаг хайртай эгч минь уншжээ. Тэгээд сая эх орондоо амраад ирэхдээ энэ номыг сонголтондоо багтаалаа. 
Кофегоо санасан хүн өглөөний ундан дээрээ эхлүүлээд өдрийн хоолны өмнө, хүүхдээ цэцэрлэгээс авах замд, хүүгээ цэцэрлэгт хүрээлэнд тоглуулах хооронд, гэрийхнээ унтуулаад нүүрэндээ бигнүүр тавиад хэвтэхдээ гээд зав чөлөөгүй мөлжөөд номныхоо сүүлийн хуудсыг дүүргэв.

Монгол зохиолчийнхоо номыг ойрд уншаагүй бас цангажээ. Зохиолч энэ бэсрэг туужийн бичлэгийн хэв маягийг яг л Тугал охины дотоод ертөнц, сэтгэлзүйд тохируулан чамин цэвэрхэн бас хэн хүнд ойлгомжтой, хэтрүүлэггүй энгийн туурвижээ. Зохиолч гол баатраа хэрхэн олсон бол гэх бодол туйлын сониуч занг минь хөдөлгөж орхив. 
Зохиолчийн хувьд би Х.Болор-Эрдэнэ зохиолчтой хэдэн өгүүллэгийг эс тооцвол анх удаа уулзлаа. Яг одоо түүний “Хишигт” туужийг олж унших хүсэл ихээр төрнө.

Аравхан настай охин амьдралын эрхээр эцэг эхдээ орхигдон зовлон жаргалаа үүрч явна гэдэг хэн ч бодсон хэтийдсэн ачаа юм. Харин охины ээж аав хэдий хол ч үр хүүхдийнхээ далавчийг ургуулсаар өсгөсөөр байсан нь түүнийг энэ хүнд бэрх амьдралд хаттай, тэвчээртэй болгожээ. Түүнд уран нугаралт байгаагүй бол тэр энэ бүхнийг мөн давж чадахгүй байсан бизээ. 
Урлаг гэдэг ийм хүчтэй. Сайн эцэг эхийн гар дээр байж үзсэн хүүхэд амьдралын ямар ч бэрхшээл тохиолдсон түүнийг сөрөөд гарах сэтгэлийн их хаттай байдгийг сэтгэлзүйн шинжлэх ухаан хэдийнэ баталсан байдаг. “Би аав ээжтэйгээ хамт амьдардаг ч тэд энд амьдардаггүй юм шиг л надаас хол байдаг. Харин чи аав ээжтэйгээ хамт амьдардаггүй ч тэд чамтай хамт амьсгалдаг юм шиг ойрхон байдаг” (нүүр 85) гэсэн найзынх нь үг туйлын үнэн юм. Мөн тухайн хүүхдийн амьдрралын замд тааралдсан даган дууриамаар хүчирхэг хүмүүс ч их нөлөөлдөг. Романы баатруудаас охины аавын тухай олон дурдагдахгүй ч тэр миний бодлоор жинхэнэ баатар байлаа. Ийм аавтай охиноос энэ зэргийн хат тамир гарна даа гэж өөрийн эрхгүй бодогдсон шүү.

Нээрээ л энэ номын хуудас эргэх бүр өнгөрч одсон хүүхэд насны минь амьдрал зурайн орж ирнэ. Сургуулийн хуваарь авсан ч төлбөрийн чадваргүй гээд ажил хийж эхэлснээ, ээж минь өвлийн идэш ганц шар үхрээ муулуулаад зуун тавин мянган төгрөг дотуур халаасанд минь нууж оёоод “дандаа л дээд сургуульд орно гэдэг хүүхэд … хот яв даа” гээд үнсээд үдсэн тэр нэг шаргал намар сэтгэл шархируулан санагдав. 
Хотод ирэнгүүт хамаатны ах мөнгийг минь хадгалах нэрээр аваад эргүүлж өгөөгүйг, зуун тавин мянган төгрөгний төлбөртэй ямар ч сургууль байгаагүйг, жил хэртэй бага нагацындаа ёстой л гараа хаашаа хийхээ мэдэхгүй шалан дээр ээжийнхээ өгч явуулсан хөнжил гудсаа дэвсээд унтдаг байснаа саналаа. Айлд илүү үзэгдэж амьдрах амаргүй. Сүүлдээ охиныг нь уруу татаж баар хэссэн нэртэй болсон доо. Хөдөөний жаахан охин элэнцгийнх нь баар сав мэдэх билээ. Гэхдээ тэр үед хотод ирэнгүүтээ сургуулийн төлбөр төлж чадахгүйгээ мэдээд ажилд орсон. Ажилтай тулдаа өглөө гараад орой ирдэг байж билээ. Жил намайг амьдруулсан бага нагац эгчдээ одоо хүртэл талархдаг юм. Ачийг нь хариулна даа гэж бодож явдагаа.

Нагац эгчийнхээсээ өөрийн гэсэн ачаа бараагаа аваад хүүхэд хардаг айлындаа оюутан болтлоо амьдарсан. Муу хүний заяа завагт гэдэгчлэн надад их ч сайн сайхан айлууд тааралдаж байлаа. Яахав хааяа муу сайн зүйл болж гомдож, уйлах үе зөндөө тохиолдоно. “Хотын хүмүүс ямар муухай юм бэ ээжээ …” гээд л байрны урдах асарт суучихсан очих газаргүй мэгштэл уйлж байснаа санадаг л юм. Анх хотод ирээд ДОА гэсэн машин хараад дагаад явчихдаг хүүхэд байлаа. Таньдаг хүн байж магадгүй гээд л хэхэ. За тэгээд би чинь тавын таван хүүхэд асарсан хүн шүү дээ. Туйлын завгүй оюутан байсан. Ямартаа л манай ангийнхан “энэ Нандиа ер шоу цэнгээнд нэгддэггүй. Яг нөхөр хүүхэдтэй байхаа” гэсэн цуу яриа гарсан байхав. Хажуугаар нь бас амралтын өдөр хэдэн айлын гэр цэвэрлээд халаасны мөнгөө олчихно. Цалингаа буухаар ээж дүү хоёртоо хөөрхөн бондгор ачаа илгээнэ. Тэгээд л ер нь хорь гараад хотын хөөрхөн оюутан болсон доо. Асардаг дүүгээ том болгоод дахиад өөр танил нь ажлын санал тавьснаар айлаас айл, халаасны өрөөнөөс дахиад халаасны өрөө дамжсаар сургуулиа төгссөн. Тэр үедээ их ичдэгсэн. Хүүхэдтэй ч үерхэж амжилгүй оюутан насаа үдэж билээ. Одоо бол намайг ХҮН болгосон сайн муу бүх хүмүүст талархаж явдаг. Ер нь тэгээд хүн АЛЬ ЦЭГЭЭС ЭХЭЛЖ, ЯМАРХАН АМЬДРАЛ ТУУЛСНАА ХЭЗЭЭ Ч МАРТАЖ БОЛОХГҮЙ ГЭЖ БОДДОГ ЮМАА БИ.

Тугал охины амьдралд таарсан хүмүүсээс хамгийн аймшигтай нь сайхан сэтгэлт хүний арьс нөмөрсөн Бүдүүн ах юм. Сайн хүний дүр эсгэн амьдарч байгаа тэр хүн бас энэ романы хамгийн өрөвдөлтэй ч дүр юм. Бага нагац бол яахав сэтгэлзүй нь туйлгүй их гэмтсэн, эд мөнгөнд идүүлсэн, өөртөө итгэлгүй, аймхай хулчгар нэгэн. Тийм хүмүүс л бүхний түрүүнд дуугарч, бүхнийг омогдож, бүх хүнийг занаж зандарч, харааж, зодож цохиж явдаг. Тэд бол өрөвдөлтэйгээр өвчилсөн хүмүүс юм.

Нээрэн миний хонхны баярт бага нагац эгч минь хүргэн ахтай хамт томоос том цэцгийн баглаа тэвэрчихсэн ирж билээ. “Манайхнаас хамгийн түрүүнд сургуулиа амжилттай төгслөө миний дүү” гэчихсэн нүдэндээ нулимстай зогсож байсан. Би бас миний хонхны баярт манайхнаас хүн ирнэ гэж бодоогүй (ээж дүү хоёр хөдөө) баярласандаа зөндөө уйлж билээ. Одоо хүртэл тэр баглаа цэцгийн өнгийг хүртэл санадаг юм. 
Баярлаж талархсанаа бүү март!
Харин гомдож шархалснаа март! гэж өөртөө хэлдэг ч заримдаа санаснаар болдоггүй шүү. “Гомдоосон хүмүүс инээгээд явдаг байхад гомдсон хүмүүс зовоод явдаг” (нүүр 29) гэж юутай үнэн. Тэдний үлдээсэн шарх сорви цагийн аясаар аньдаг ч зүрхэнд шивсэн хурц үгс даанчиг арилж алга болохгүй нь гачлантайяа.

Хэцүү бэрхийг ч хөнгөхөн цэвэрхэн хүүрнэсэн энэ ном магадгүй олон хүнийг ном унших дуртай болгох буйза. Миний тэмдэглэлийг уншсан нэг ч хүн болтугай энэ номыг унших хүсэл бас төрөх бизээ. Ялангуяа залуухан охидод нэмэр болуужин гээд өөрийн амьдралын хэсэгхэнээс ний нуугүй дурдчихлаа. Тугал охины амьдралд тохиолдсон олон зүйл миний амьдралд бас тохиолдсон нь гайхшруулсаан. Мөн түүний амьдралд байсан олон зүйл минийхэд байсангүйээ. Өөрийгөө би гүйж яваад зогсчихсон гэж бодож байлаа. 
Гэтэл би гүйсээр байгаа эмэгтэй юм гэдгээ энэ номыг уншаад дахин мэдэрлээ. 
Баярлалаа эрхэм зохиолчдоо!

Тэнгис Нандин📝📕💓
20190902🙏😇🍁🍁🍁

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *