p.justify { text-align:justify; }
Ж.Пүрэв “Мянган захидал”

МЯНГАН ЗАХИДАЛ роман /Төрийн шагналт зохиолч Жамбын Пүрэв /

“Зүрхний хилэн” романаараа тѳрийн шагнал хүртсэн Ж. Пүрэв зохиолчийн “Мянган захидал” нэрт ном хэд хоног ширээг минь гялалзуулж, сэтгэл баясгав. Номын садан, нүүр номд Хѳх толбот нэрээр танигдаад буй Тѳмѳр-Очир ах эл номыг бэлэглээгүй сэн бол ѳдийд зохиолчийн нэг ч зохиолтой танилцах хувьгүй ойворгон нѳхѳр явах байлаа. Номын эхний нүүрэнд “Эгшиглэнт эх Янжинлхам бурхам мэт, Эерэг сайхан бүхнээр оюунаа баясгагч, Энхрий үрсийн ээж, айлын сайхан гэргий, Ээнээ дүүгийнхээ урт холын аяныг сүүгээр мялаая” хэмээн Тѳмѳр-Очир ах таталган бичжээ. Ном бэлгэнд хүртсэн ѳдрийн тухай дэлгэрэнгүйг хойш тавиад бал бурам мэт уншууртай, дан ялангуяа сурган хүмүүжүүлэгч нарт гарын авлага, эцэг эхэд зэгсэн хүүхэд хүмүүжүүлэх ур ухаан болж дѳнгѳх номын агуулга болоод онцлох хэдэн зүйлээс дурдах хүсэлдээ автаад хуруунууд минь арвалзаад хэлэх юм биш.


Дэнгийн гэрэл тосноосоо, шавийн эрдэм багшаасаа. Багш хүн ямар байх ёстой юм, ямар бодол тээж сурагч хүүхдүүдтэйгээ харьцах хэрэгтэйн талаар эл номноос юун түрүүнд үзэж харах байх. Мягмар хэмээх цэл залуухан, биеэр ѳндѳргүй, нүдэнд дулаахан бүсгүй Улаанбаатар хотын дунд сургуульд багшилж буйгаар роман эхэлнэ. Түүний санаа сэтгэл сурагчдынхаа хол ирээдүйг тѳсѳѳлж, ѳѳрийн мах цуснаас тасарсан үрсийн холхид санаа тавих эх хүмүүн шиг чилэн буйгаар эхний мѳрүүд хѳврѳх нь романы бичлэгийн ерѳнхий уур амьсгал гэлтэй. Хувь хүний эргэцүүлэл, эрмэлзэл, тэмүүллээр жигүүрлэсэн, сүү шиг цагаан сэтгэл хуудас эргэх бүрт халин асгарах номоор оюунаа баясгах уншигч авгай ѳѳрийн мэдэлгүй зохиолчийн гол зорилго болох “Нэг нь нийтийн тѳлѳѳ, нийт нь нэгний тѳлѳѳ” хэмээх уриаг зэргэлдээхэн амьдарч буй мэт бодит, тод томруун баатруудын дүрээр ясандаа тултал ойлгох нь дамжиггүй. 


Хорин таван жилийн турш хорин дѳрвѳн сурагчтай захиагаар харилцаж, хүн нэг бүрт захианы хайрцаг нээгээд түүнийгээ шимтэн шимтэн уншсаар 1000 дахь захиагаа хүлээж авсан Мягмар багшийн ѳѳрийнх нь хувь хүний хѳгжлийг бодол эргэцүүллээс нь олж харж болно. Зѳв хүмүүжилтэй хүнд цаг хугацаа ѳнгѳрѳх бүртээ ухаан дагуулдаг байж мэднэ. Мягмар багшийн залуудаа ана мана үзэлцдэг байсан ахмад багш Сэвжидмааг үзэх үзэл, сурагчдаа дүгнэх дүгнэлт, хань ижил, найз нѳхѳд, нийгэм, ажил хоршоог харах нүд жил ирэх бүрт хэрсүүжиж шижир алт мэт болох. Ийм сайхан ухаарал, бодрол хѳврѳх зохиолын гол агуулга захидал байсан юм.
Мягмар багшийн хамгийн анхны бие даасан ангийнхан тѳгсѳхдѳѳ таван зүйлийг биендээ амласан билээ. 


1. Хүн бүр улс эх орондоо хэрэгцээтэй мэргэжил эзэмшихийн тулд ѳѳртѳѳ байгаа хамаг хүчээ дайчилж цаашид суралцана.
2. Ангийн дотор тогтсон халуун сайхан нѳхѳрлѳлийг ариунаар хадгалан авч явна.
3. Амьдралын ямар нэгэн шалтгаанаар хэн нэгэн ядрах зовох явдал учирвал түүнд ангийн хүн бүр халуун сэтгэлээр туслан, нэгийгээ хаяж гээхгүй.
4. Хүн бүр юу сурч, яаж хѳдѳлмѳрлѳн амьдарч явдгаа жил бүр Мягмар багшид захидал бичин тайлагнаж байх. Багшийн зүгээс тэр бүхнийг тунгаан үзэж бусдад товчоор мэдээлэх талаар туслах.
5. Ангийн сурагчид дотроос аль их юм сурч, ѳндѳр бүтээл гаргасан дээрээ таван жил тутамд нэг удаа цугларан бие биенийхээ байдалтай танилцаад, цаашид юу зорихоо хэлэлцэн тогтоож байх.

Дээрх дүрмийн дагуу, тав дугаархыг эс тооцвол анги хамт олны хувь болоод нийгэм, албаны амьдралыг шим шүлт арвинтай захидал бичгээс уншлаа. Харин ид бүтээж, хѳдѳлмѳрлѳж яваа залуус таван жил тутамд уулзана гэдэг нь худал болж хорин таван жилийн дараа уулзжээ. Миний бие хэдий уншигч ч гэлээ, нарийн товч ззхидлын ачаар гол баатрууддаа дасаад байсан тул уулзалтыг тэсэн ядан хүлээж хэн хэнтэй ямар яриа ѳрнүүлэх бол гэсэн шиг тандан байв. Сайн багш, эцэг эх, хамт олны буянаар нэг ангиас тѳрийн шагналт хайгуулчин, Улсын гавъяат жүжигчин, физикийн ухааны доктор, экскаваторч хѳдѳлмѳрийн баатар, нарийн бичгийн дарга сэтгүүлч, хүний их эмч, малын их эмч, багш инженер зохион бүтээгч мэргэжилтэй бусад хүмүүс бүрэлдэн бий болжээ. Мэдээж тэр дунд харамсалтайгаар архинд орсон, ѳнгѳ мѳнгѳнд шунаг сурагчид тѳрсѳн боловч тэдгээр хүүхдүүдээ олны хүчээр гар сунган, татаж авах үйл ажиллагааг хийж буй нь нулимс асгаруулах шахлаа.


Дараагийн онцлууштай зүйл гэвээс социалист нийгмийн бүтээн байгуулалт тэр дундаа мал аж ахуйн судалгааг хѳгжүүлэх оролдлого үсрэнгүй хѳгжиж байсныг Наваандугар сурагчийн захианаас уншлаа. Улсын маань хѳгжил дэвшлийн тѳлѳѳ дээд үеийнхэн хичнээн их хѳлс хүчээ шавхаж байсныг жинтэй хэдэн хүмүүсийн зогсоо нь үгүй мѳртүүдээс харав. Энд надад ажиглагдсан нэг зүйл байна. Тэр юу гэвэл тухайн үед тѳр засгаас хянан шалгалт, шаардлагыг арвин хийдэг байжээ. Тэд ажилчдын тайлантай танилцаж хувь хүн бүрийг хараа хяналтандаа байлгадаг айхавтар байж. Мѳн хувь хүмүүс хэт ѳѳрийгѳѳ дѳвийлгѳсѳн биш, аль болох ѳѳрийгѳѳ дарж, ѳѳрийгѳѳ шүүмжилж ѳдѳр хоногтой золгодог байсан нь ѳнѳѳ үед дутагдах мэт.
Эх хүн болохоороо үргэлж хүүхдүүддээ хэлж сургах, тэднийг хүмүүжүүлэхэд нэмэр нэрмээс болох санаа хайж явдаг надад сургамжит ном байлаа. “Ѳѳдгүй хүүхэд бол эцэг эхийн дутагдлын үр дагавар”. “Эцэг эхээс хүүхэдтэй ажиллах нэг арга бол сул дэмий цаг гарган тэдэнд уйтгарлан сэлгүүцэх зав гаргахгүйгээр гэрт таарах ажлын хийлгэж байх явдал юм. Хүүхдийг ажилд сургахын а тусыг та бүхэн сайн мэдэж байгаа” гэх мэт ѳвѳг дээдсээс хэлэгдэж ирсэн хүмүүжлийн арга барил ѳч тѳчнѳѳрѳѳ хуудсанд дарагдаастай байх аж. Сурган хүмүүжүүлэх ажил ч амаргүй дээ. Дан ээж юм уу аав биш бид нийтээрээ үр хүүхдүүдээ хүмүүжүүлэх үүрэгтэй. Үр хүүхдийнх нь буруу байсан ч тэднийг ѳѳгшүүлэн ѳмѳѳрѳх явдал тэднийг эвдэж буйтай агаар нэг болохыг ойлгов.

Европын зарим улсад “Хүүхдээ сайн хүмүүжүүлнэ гэж юуг хэлэх вэ?” гэсэн асуултанд “Сайтар нийгэмшүүлж чадсан хүнийг хэлнэ” гэдэг гэсэн. Эл номд ч гэсэн дээрх санаа агуулагдаж, олноор нэгэн хүн бүтээж авах оргилуун хүсэл бадраасаар сүүлийн хуудас хаагдлаа.
Номын тэмдэглэлээ тѳгсгѳх гэсэн боловч Мягмар багшийн нѳхѳр Санжаа гуай нүдэнд харагдаад байх юм. Санжаа мандтугай.

Энэрэл Ээнээ /Enerel Eenee фэйсбүүк. /Ээнээгийн тэмдэглэл/ хуудас.

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *