p.justify { text-align:justify; }
Б.Эрхэмбаяр “Сүүтэй уулын савдаг”

Уул бүсгүй хоёр

БҮСГҮЙ

“Ай хөөрхий эрх чөлөө минь.Хэн юу бол гэхээс эмээхгүй өөрийнхөөрөө байх чинь ямар их жаргал вэ? Ёстой ганц хүсэж мөрөөдөж явдаг юм маань тэр” Даанч, анхнаасаа тийм байж сураагүй, бусдыг даган дуурайсаар торлуулж гүйцсэн эрх чөлөө минь. Ирмүүн бүсгүй багаасаа ганцаардагч нэгэн байсан нь эрх чөлөөг хүсэмжилж байсан хэрэг. Ганцаардал гэдэг бол эрх чөлөөний үүд хаалга.Даанч хөлгүй ангалд унах гэж буй мэт мэдрэмж төрдөгөөс бүгд айж ямар нэгэн юмтай зууралддаг. Тэр ангалруу зориг гарган унах аваас чи эрх чөлөөг эдлэх болно…гэж бичих ,ярих амархан харин хийж хэрэгжүүлэх хэцүү. Яагаад? Яагаад гэвэл бид нийгмийн амьтан учраас хүссэн хүсээгүй эрх чөлөөгөө хязгаарлуулж байдаг. Гэхдээ хүнд бас боломж бий шүү. Ийм боломжийн эрэлд гарсан Ирмүүн бүсгүй өөрийнхөө хүссэн эрх чөлөөнд нэг юм хагас дутуу хүрлээ. Тэр ууланд даяан хийж суухгүйгээс хойш нөгөө л хот хэмээх шунал шүгэлсэн газрынхаа хуурамч багтнуудын дунд хүчээр инээмсэглэн алхах л болно “Хайр, дурлал хоёрыг нэг л зүйл гэж боддог  золгүй хүүхнүүд хайртай хүнтэйгээ учрах гэсээр“хүйтэн хөнжилдөө өвдгөө тэврэн хэвтэх” гунигт тавиланд унадаг тухай шуудхан хэллээ.Бидэнд бодит амьдралын үнэн хэрэгтэй болохоос ёс суртахуун, моралийн хэм хэмжээ тогтоож байдаг цаг өнгөрсөн.Хол хэвтэнэ. Эмэгтэй хүн гэр бүлийнхээ золиос болж буйг огтхон ч мэддэггүй. Үүнийгээ өөрийн үүрэг, бурхнаас оноосон хувь тавилан гэж үзнэ. Сайн эр нөхөр, үр хүүхэд, гачигдах юмгүй амьдрал .Гэтэл хувь хүний хүсэл мөрөөдөл, өөрийхөөрөө байх эрх  чөлөөг энэ бүхнээр сольж байна. “Тэгээд ч хайр гэгч нь биеийн цэнгэл эдлэх амраглалаас ялгаатай. Хүсвэл хайргүй хүнтэйгээ ч энгэр зөрүүлж болно. Хүсвэл энэ биеэ хэнд ч өгч болно. Гагцхүү биеэ өгөх эрчүүд болгонд зүрхээ өгөх боломжгүй байдаг.Тэгээд ч эрүүл саруул эм махбодь эсрэг хүйстнээсээ эдлэх дур тачаалаас ангид байж чадна гэж үү?” хэчнээн бүсгүй ингэж шуудхан хэлэх бол.Хүний хоригдмол, дарагдмал дур хүсэл гэдэг хорьж барих тусам хамгийн осолтой юмны нэг. Нөгөө л улиг болсон романтик, хийсвэр, уянгын халилтай хайрын түүхүүдээс арай өөр сонсогдож байгаа биз. Бусдаас өөр байх нь хэцүү юм уу? Эсвэл бусдаас өөр хүн цөөхөн байдаг юм уу гэдэгт асуудлын гол нь байна. Бусдаас өөр гэж яг юу гэсэн үг вэ? Өөрийнхөөрөө л байна гэсэн үг л дээ. Энэ тийм хэцүү гэж үү? Хүнээс өөрөөс нь золиос шаарддаг учраас хэцүү.Гэхдээ тэр золиосын хүчээр хэзээ ч харамсахгүй эрх чөлөөнд хүрнэ гэдэг юутай сайхан.Ирмүүн бүсгүйн дотоод ертөнцийн эрэл хайгуулаар  зохиогч өөрийнхөө бодол эргэцүүлэлийг хөвөрдөнө. Манай өнөөгийн иргэншсэн гэх нийгмийн, хотын үнэн нүүр царай, хүмүүсийн зан араншинг шүүн тунгааж үзсэн байна. Хайр гэж юу вэ? гэсэн мөнхийн шаналгаат асуултанд бүсгүй хүний хувиар өөрийн үзлийг илэрхийлсэн байна. Бат бөх гэр бүл гэсэн сайхан халхавчны цаана яг юу болж, юу нуугдаж байдаг вэ? “Бусдаас дутуугүй бүтэн мэт амьдрах гэхдээ тэрхүү хүйтэн хонгилдоо хэн хэнийгээ хорьсоор хамт үлддэг” Аз жаргал гэх хийсвэр, зэрэглээ шиг зүйлийн хойноос хөөцөлдсөөр нэг насны амьдрал маань үр дүн муутай, утга учиргүй өнгөрч байгаа юм биш биз. Хайж эрээд байгаа тэр аз жаргал хүний дотоод ертөнцөөс эх ундаргатай ч гагцхүү гадагшаа л тэмүүлэх хүний хүсэл, бусдыг даган дуурайх араншин маань өөрөө өөрийгөө үгүй хийхэд хүргэж, бусдын хараат өрөвдөлтэй нэгэн болгож байгаа юм бишүү. Энэ нь нөгөө л нийгэм хэмээх дарангуйлал, ахуйн дарамттай шууд холбоотой. Ганцаардлаас эрх чөлөөнд хүрэх зам амаргүй ч тийм хүмүүс байсаар ирсэн, цаашид ч байх болно. Амьдралыг гагц зоосны нүхээр хардаг, эд баялагийн төлөө шунан тэмүүлдэг, бүгд бие биенээ даган дуурайдаг ийм нийгэм цаг үед , энэ давалгаанаас сугаран гарч чадах , өөрийнхөөрөө байж чадах тийм хүчирхэг хувь хүн хэд билээ. “Их мөнгөтэй болсон ч ханаж чадахыг мэддэггүйгээс насаараа өлсгөлөн амьдардаг” тийм хүмүүсийн дунд гунигт автан суугаа тэр хүн магадгүй аз жаргалтай байж мэднэ.Ирмүүний бодол эргэцүүлэл, эрх чөлөөгөө олж авсан тэр мэдрэмж сэтгэлд нэгийг бодогдуулна.

УУЛ

Уулыг нурааж, тэгшилж хот болгож болно. Харин хотыг уул болгож болохгүй. Хэчнээн уран гоёор хийсэн ч тэр жинхэнэ уул болж чадахгүй. Уул гэдэг оюун санаа,  амь сүнстэй учраас болохгүй. Хорвоогийн бүх юм хоорондоо шүтэлцээтэй. Ханцуй шүргэхэд ч урд насны учир шалтгаан буй гэсэн үг бий. Нүдэнд үл харагдах, гарт үл баригдах тэр уялдаа холбоог огтоос байхгүй мэт үгүйсгэх нь бидний танин мэдэхүй хэмжээ хязгаартай гэдгийг үл ойлгосноос тэр л дээ. Хязгаар үгүй орчлон ертөнцийн тун өчүүхэн хэсгийн харж мэдэрч буй гэдгээ шинжлэх ухаан хүлээн зөвшөөрсөн билээ. Уул ус өөрийн савдаг шүтээн, эзэнтэй  гэсэн Монголчуудын шүтлэг бол тэр далд шүтэлцээг зөн совингоор эртнээс таньж мэдсэн хэрэг. Сүүтэй уултай холбоотой шүтлэгүүд аман яриа, домог төдий зүйл биш гэдгийг барин тавин нотлон үзүүлэхийг зорьжээ. Гэхдээ дөнгөж л зах сэжүүрийг нь сөхсөн гэж байгаа. Далд нууц байх ёстой зүйлийг цаг нь болоогүй байхад  ил гаргах нь хор уршигтай байж мэднэ. Итгэхээс илүүтэй эсэргүүцэн тэмцдэг нь жам юм хойно доо. Хүн мэдэхгүй юмандаа дайсан гэж үг бий. Уулчин хүнд атаархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн. Салхи л хүүгэх дэлхийн зулайд цор ганцаар зогсож буй уулчин хүн чухам ямар мэдрэмж, таашаал авч байгааг дүрслэн бичих аргагүй.Мэдрэмжийг үгээр буулгах боломжгүй.Яруу найраг л ойрхон очих байх. ” Хотод бид хэрэггүй мөртлөө хэрэгтэй мэт харагдах бөөн новшинд дарагдаж амьдардагаа мэддэггүй.” Хүн бас сэтгэл дотроо хэрэггүй бөөн хог новш тээж явдагаа мэддэггүй. Бэсрэг хэмжээтэй ч агуулга сайтай зохиол юм. Зохиолын  үйл явдлын хэлхээс, учир шалтгааныг хооронд нь тун чамбай сүлжиж бичсэн учир уншихад түвэггүй, сонирхолтой, шинэлэг байлаа. Зохиолд гарах дүрүүд, хөх сарлаг, хар нохой, сахиус бүгд учир шалтгаанаар хоорондоо холбоотой. Зохиолыг торлон бичих арга гэж энэ. Ингэж бичдэг мундаг зохиолчид бий. Зохиогч нь өөрөө аялагч, уулчин хүн учраас бодит дүрслэл сайтай, итгэл үнэмшил төрөхөөр бичиж чаджээ. Ирмүүн хэмээх гол дүрийн бүсгүй энэ зохиолыг туурвигч хоёрын хооронд бас л нэг хамаарал холбоо байгаа. Тэр чухам ямар учир шалтгаантай болохыг хэн тааж мэдэх билээ. Судлаач Г.Батсуурийн шүүмжийн хариуд “ямар зохиолч болохоо уран бүтээлээрээ харуулнаа” гэж өөртөө итгэлтэй бичиж байсан энэ бүсгүй үнэхээр л харуулж чадлаа. Улиг болсон сэдвээс зайлсхийж уулчин бүсгүйн дотоод ертөнцөөр аялуулж, мөнх цаст уулын оргилд гарсан мэт сэтгэгдэл төрүүлж, ганцаардал, гуниг гэдэг өвчин эмгэг эморол биш эрх чөлөөг хүссэн тэмүүлэл юм байна гэдэг итгэлийг улам лавшруулсанд талархана.

Гуниг төрөх аваас та бүү үргээ.Хэнтэй ч үл хувааж эдлэх гагц таны л өөрөө амсах эрх чөлөөний цонх онгойж байгаа нь тэр.

Хөх Толбот Д.Төмөр-Очир

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *