p.justify { text-align:justify; }
Тайван хүүхэд: Чаддаг болтол чинь хүлээе.

Тайван хүүхэд: Чаддаг болтол чинь хүлээе.
Өглөөний завгүй цагаар цамцаа өөрөө товчлох гээд хичээн зогсох хүүхдээ бид өөрийн эрхгүй яаруулж орхино, эсвэл хүлээж тэвчилгүй өмнөөс нь товчилчихно. Хөтлөөд гудамжаар алхахад цэцэг заагаад дэлбээ бүрийг нь нэг бүрчлэн ширтэн суух охиноо гараас нь гудчисаар чирээд одно. Хурдан ид, хурдан бич, хурдан унш гээд бид ингэхэд юунд ингэтлээ туугдана вэ? Хүүхдэд энэ ертөнцийн бүхий л зүйл цоо шинэхэн, соньхон билээ. Тэд нэг бүртэй биечлэн танилцаж өөрийн гараар тэмтэрч, өөрийн биеэр хийхийг оролдох нь хөгжлийн анхны алхам юм. 
Би хагас бүтэн сайнд жаалуудаа хажууд байрлах цэцэрлэгт хүрээлэн авч гарна. Тэнд бага насны хүүхдүүдээ салхилуулахаар гарсан ээжүүд арьс гараа нарнаас хамгаалж даавуугаар битүү ороогоод, малгай өмссөн байна. Хүүхэддээ мөн адил гадаа тоглох бүхий л бэлтгэлийг нь хангаад урт удаан цагаар хамтдаа тоглоно. Унадаг дугуй, агаарын тенис, бөмбөг сэлтээр үнэн сэтгэлэсээ цаг гарган тоглох юм. Хааяахан завсарлага авч үүргэвчнээсээ савтай ус, будааны ороомог иднэ. Би ийм үзэгдлийг эх орондоо яагаад ч юм ер хараагүй билээ. Намайг бага байхад ч гэсэн хүүхдүүд биеэ дагаад ганцаараа тоглоод байхаас эцэг эх нь багт нь ороод инээж ханиагаад тоглож байхыг хараагүй. Тийм болоод ч тэр үү хүүгээ гулсуур дээр тоглог гэж тавиад өөрөө алсаас харан суудаг байлаа. Энэ хооронд миний үеийн ээжүүд хүүхдүүдтэйгээ хэрхэн тоглож байгааг ажигладаг байв. Бүтэн сайн өдрийн өглөөгүүр аавууд гаргадаг юм билээ шүү. Тэд голцуу бөмбөгөөр тоглож харагддаг. 


Би өдрийн хоолны цаг болмогц хүүгээ ямар ч сонирхолтой тоглоом тоглож байсан яаруулсаар, загнасаар гэр лүүгээ аваад орно. Гэрээсээ гарахдаа ч тэр цаг боллоо гэж үзвэл уурлан үглэсээр авч гардаг байлаа. Ингээд нэгэнтээ цэцэрлэгт хүрээлэнд гараад ирсэн хойно цаг хугацаа зогсцон мэт санагдана. Учир нь ийм уур амьсгалыг Япон ээжүүд бүрдүүлжээ. Хүүхэд хэзээ уйдан гэртээ ормоор байна, тэр цагт дагуулаад орно. Ер юм бүхэнд яаруулахгүй. Яарч адгалгүй өссөн хүүхэд уургүй, тайван өсдөг ажээ. Чаддаг болтол нь хүлээх. Ханатал нь хүлээх. Энэ хугацаа мөнхийн юм шиг санагдах хэрнээ үнэндээ хүний амьдралын богинохон хэрнээ хамгийн чухал үе мөч юм санжээ. Япон ээжүүд хүлээх эрдэмдийг сайн эзэмшихээс гадна тэр хугацааг ашиглан орчлон ертөнцийн хуулийг аажим аажмаар заан сургадаг. Ямар сайндаа цэцэрлэгт хүрээлэнг хичээлийн талбар болгон хувиргаж орхих вэ. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ тоглох зуур тогтоож яваасай гэсэн сургаалиадаа хэлж сургадаг байна. Уургүй, тайван хүүхэд яарч адгадаггүй гэрт өсч хүмүүждэг.

(Хэрэгтэй гэж бодвол цааш түгээгээрэй❤️ 

Тайван ирээдүйг хамтдаа бүтээе)

Нийтлэлч Энэрэл Ээнээ

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *