p.justify { text-align:justify; }
“Хүрээний ганган хүүхнүүд” цуврал-3

ЦЭВЭЭН ТЭРГҮҮНИЙ ГАНГАН ОХИН ЦЭРМАА

Жанжин Д.Сүхбаатарын гэргий Янжмааг монголчууд андахгүй. Харин жанжины нууц амраг явсан Цэрмаагийн талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Олноо Цэвээн тэргүүн гэж алдаршсан Лувсанцэвээний ганц охин Цэрмаа нь хорь, гучаад оны Нийслэл хүрээний гангачуудын нэг байжээ. Энэ тухай зохиолч, сэтгүүлч Б.Туяа 1990-ээд оны үед хэвлэгдсэн “Таван цагаан шувуу” хэмээх номондоо тодорхой өгүүлсэн байдаг. 1976 онд 73 насан дээрээ хорвоогоос хальсан Цэрмаа гуайн тухайн үед өгүүлж байсан дурсамжийг сэтгүүлч Б.Туяа цаг тавиун болохыг хүлээж байсаар ардчилал сэргэсэн ерээд оны үед дэлгэн тавьж байлаа. Цэвээн тэргүүний ганц охин Цэрмаа өгүүлрүүн: “Сүхийг одоо манайхан Сүхбаатар жанжин л гэж бурхан шиг өргөмжлөн дууддаг болж. Эгчийнх нь хувьд тэр жирийн л эр хүн байж. Би түүнд сэтгэл алдарч явлаа. Баян айлын эрх танхил охин гэж Сүх маань надаас цэрвэсэнгүй. Би ч түүнийг ирээдүйд хувьсгалын жолоодогч хүн болно гэж бодож явсангүй. Бид хоёр зүгээр л хүн хүндээ дасдаг хорвоогийн жамаар бие биенээ олоод л учирчихжээ. Тэгж дотно явсныхаа дурсгал болгож дугуй унаж авахуулсан зургаа Сүх надад өгсөн юм. Харин би цагийн аясаар түүнийг хадгалж явж чадалгүй үрчихсэндээ гэмшээд бардаггүй юм. Хэрвээ тэр зураг одоо болтол хадгалагдсан бол надад гэрч, түүхэнд өв болох байлаа. Хорвоогоос аль сайхан юм өнгөрч улирахыг тэр гэхэв. Сүх бид хоёрын холбоог хожим Эрүүлийг хамгаалах яамны сайд байсан “Өндөр” Дамдин гэдэг хүн мэддэг байлаа. Бас маршал Чойбалсангийн гэргий Гүндэгмаагийн дүү мэднэ. Би Сүхтэй анх их сонин учирлаар танилцсан. Би хөдөөлж, хааяа Манзуширийн хүрээнд цам үздэг байв. Нэг удаа хоёр гурван хүүхэн, долоо найман харчууд нийлээд найрлаж байв. Орой болсон тул явъя гээд намайг гэрээс гарах гэтэл “Өндөр” Дамдин амдаж зогсоод “Сүх чамайг үлдээч гэж гуйж байна” гэж хэллээ. Удалгүй Сүх өөрөө ч гарч ирлээ. Намайг битгий яваач гэж ятгав. Хэсэг тээнэгэлзээд би үлдэхээр шийдэв. Хүн надад Сүх хань бүлтэй гэж хэлсэн тул би болгоомжиллоо. Тэгсэн атал намайг үлдээч гэж Сүхийг гуйхаар би үгүй гэж хэлж чадаагүй л юм даа. Ингэж л бид хоёрын сэтгэлийн холбоо анх эхэлсэн. Түүнээс хойш Сүх намайг нэг удаа гэртээ дуудуулаад “Чи Дамдинтай л учиртай юм шиг байгаарай” гэж захив. Тэгээд “Өндөр” Дамдин бид хоёрыг явуулсангүй. Бид хоёрт баруун талд гудас дэвсээд ор засч өгөв. Бид хоёр ч хуурай эр, эм болоод л унтах боллоо. Миний ичсэн зовсон гэж жигтэйхэн. Төдөлгүй Сүх “Чи унт” гэж Янжмаад зандрангуй хэлээд өмнүүр нь дээл хувцастайгаа бүхлээрээ унтав. Тэр шөнө бид лав бүгдээрээ нүд хамхилгүй үүр цайлгав. Сүх Янжмааг өглөө эрт босгож цай чануулав. Би ч дотроо уурлаад чанасан цайг нь уусан болоод бушуухан холдохын түүс болж хашааны хаалгаар гарч явтал Сүх миний араас гүйж ирээд “Яадаг юм бэ. Янжмааг мэдэг гэж би зориуд тэгсэн юм. Би хэнээс ч өөрийнхөө сэтгэлийг нууж чадахгүй” гэснээ дотор цэлмэтэл сайхан инээмсэглэж билээ. Үүнээс хойш бид хоёрыг үүгээр түүгээр явахыг анаж барих гэж Янжмаа нэг хамар муутай авгайтай нийлж эрэл сурал болдог байв. Сүх бид хоёр нэг хэсэгтээ үнэхээр салж хагацаж чадахгүйд хүрсэн дээ. Хэрвээ Сүх эхнэр хүүхэдгүйсэн бол надад эргэлзэж цааргалах юм байсангүй. Надад тэр үед Хүрээнд байхгүй гэлцдэг, суухад л бараг өвдгөнд тунардаг тийм гоё урт сувдан ээмэг байлаа. Би яагаад ч юм бэ, ээмэг, бөгжөө байсхийгээд л Сүхэд хадгалуулах дуртай байлаа. Гэтэл талын гөрөөс шиг цахилж явсан эрх зоргоороо танхилхан нас минь өнгөрч эцэг эх маань намайг угсаа хэргэмтэй, ноён зэрэгтэй хүнтэй суулгахаар ятгав. Сэтгэлтэй хархүүтэйгээ нийлж чадаагүй хүн чинь яахин бусдын эрхшээлд орох билээ. Төдөлгүй нэг удаа сор залах галын наадамд явж байгаад Шагдарын Гомбожав гэгчтэй танилцав. Нуруу туруу нь Сүхтэй ч адилхан юм шиг. Ингэж би эцэг эхээ дийлж өөрийнхөө саналаар эр нөхрөө сонгож ахимаг насны хүнтэй нийлэв. Гомбожавтай суусныхаа дараа би Сүхтэй одооны энэ Сэлбийн гүүрний тэнд хааяа болздог байлаа. Сүх маань зүсээ хувиргаж намайг тосдог байж билээ. Сүхийг хойшоо явахад манай эцэг нанжин гахай гөлөмтэй эмээл, мөнгөн хазаартай хос сайхан морь бэлэглэж байсан юм. Богд манай аавд Сайн ноён хааны хашааг бэлэглэсэн юм. Тэнд Сүх, манай аав тэргүүтэн асартай майхны хаяа сөхчихөөд шагай харвах нэрийдлээр нууц хурал хийдэг байв. Эцэг минь намайг ганц охин минь гээд ухаангүй хайрлана. Манайх маш их мал хөрөнгөтэй байсан. Би бүсгүй хүн гэхэд сааль сүүний ажилд ч орж мэдэхгүй, ганц ч үнээний дэлэн шувтарч үзсэнгүй. Ёстой л сайн эцгийн арван цагаан буянаар эрх жаргалаараа өссөн дөө. Би том том луун хээтэй хятад торгон дээлийг ногоон, шар, бор өнгө сэлгэж өмсдөг байлаа. Үс гэзэг жигтэйхэн урт, үзүүр нь бараг хонгонд хүрнэ. Миний эцэг Цэвээн тэргүүн чухам яагаад буруудсаныг бүү мэд. Сүх аавыг маань хоёр ч удаа хэргээс мулталж амийг нь аварч байсан гэдэг. Хамгийн сүүлд Бодоо, Сүх хоёрыг хамт байхад нь манай эцэг уулзаад ингэж хэлсэн юм гэнэ лээ. “Хэрвээ шашин бурханаа шүтэх юм бол би бос гэсэн газар чинь босч, суу гэсэн газар чинь сууж явъя. Хэрвээ шашин шүтлэгээ гэсгээх юм бол шашингүй төрийг ямар төр гэхэв. Та нартай нэгийгээ үзэлцэж, нэхий дээлээ тайлалцана” гэж хэлжээ. Тэгтэл Бодоо ихэд уурлаж “Нэгийгээ үзэлцэнэ гэдэг чинь энэ хүн Сүх бид хоёрыг ална гэсэн үг. Чи ийм хүнийг хэргээс сугалж тавих гэлээ” гээд буу барин босч ирээд Сүхтэй муудалцаж байсан гэдэг юм билээ” хэмээжээ. Цаг хатуу, социализм, коммунизм ид мандан бадарч байсан далаад оны үед ингэж зоригтой дуугарахыг бодоход Цэвээн тэргүүний охин Цэрмаа үнэхээр л хэлье гэснээ хэлэх гэж шийдсэн бололтой. Тэгэхгүй бол түүнтэй хамт Сүх жанжины тухай нэгэн сонин содон түүх үгүй болох гээд байж л дээ.

ХЭМЖЭЭЛШГҮЙ ХӨРӨНГИЙН ЭЗЭН ХЭЕНХУАР

Дээхэн үед Да хүрээнд “Янлин хуар”, “Хэен хуар”, “Ши-дү хуар”, “Ганьхуар” зэрэг хуартай дуунууд нэг үе ихэд дэлгэрсэн байх бөгөөд хуар гэдэг нь хятадаар цэцэг, цэцэгс гэсэн утгатай аж. 19-р зууны сүүл үед Да хүрээнд Хэенхуар гэдэг цуутай хүүхэн байж. Тэрбээр хар залуугаасаа баян данжаадын эхнэр болжээ. Харин аз гээч нь үү, эз гээч нь үү, түүнийг хорь гаруйхан настай байхад баян данжаад нь амьсгал хураасанаар Хэенхуар мундашгүй их өв хөрөнгөн дээр эзэн суусан байна. Тэрбээр ганган жороо морь унаж гангарахаас гадна шилэн байшинд тансаглаж, алтан амсартай худагнаас ус уудаг байж. Сүүлдээ тэр шүлэг, дууны авъяастай хүмүүсийг тансаг ордондоо урьж их хэмжээний мөнгө төгрөгөөр өөртөө зориулж хэд хэдэн дуу, шүлэг зохиолгосон гэх бөгөөд тэднээс “Хэен хуар” гэдэг дуу Да хүрээ даяар ихэд алдаршиж, өнөөгийнхөөр бол хит болж байсан байна. Жишээ нь,

“Суудаг байшинг минь, Сураглаад асуувал даа хө, Цуварсан гурван байшингийн, Дунд талын шилэн байшин хө, Хэен хуар аа, хэзээнээсээ мөн дөө хө, Уудаг ундыг минь, Сураглаад асуувал даа хө, Урд талын гурван худагны, Дунд талын алтан худагаа хө, Хэен хуар аа, хэзээнээсээ мөн дөө хө, Унадаг морийг минь, Ажиглаад харвал даа хө, Усан тэлмэн жороо, Ухаа хонгор морь шүү дээ хө, Хэен хуар аа, хэзээнээсээ мөн дөө хө”

гэх зэргээр хүрээний ганган хээнцэр хүүхний намба төрх, орчин нөхцөл, чамин тансаг эд зүйлсийг нь зураглан үзүүлсэн байх ажээ. Дашрамд хэлэхэд Төрийн шагналт, нэрт хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа агсан Нийслэл хүрээний гангачуудын тухай ийм нэгэн дурсамж үлдээжээ. “Нийслэл хүрээний гангачуулын хувьд өвлийн цагт цагаан нэхий дээл нь дээдийн дээд гоёл байсан. Ер нь тэр үед нэг дээл хийсэн бол ном хурахад нэг, цагаан сараар нэг гаргаж өмсдөг, бусад үед өмсдөггүй болохоор нэг насны л юм байдаг байлаа. Нугалаанаас хойш даалимбаар гоёдог болсон. Торгоор шинэ дээл хийлээ гэхэд гоёондоо өмсөөд л далд хийдэг байсан. Тэр үеийн баячууд Жанчхүү хийцийн битүү угалзтай гутал, мөнгөн эмээл, хазаар, мөнгөн тоногтой нанжин гахай гөлөмтэй эмээл, үйтэнхуар гадартай хөвөнтэй дээл, дотуураа чисчүү цамц, торгон өмд гэх зэрэг одоогийн жийп машинаас ч үнэтэй юмаар гоёдог байв. Тэр үед би Нийслэл хүрээнээс жигтэйхэн сайхан гурван хүүхэн харж билээ. Түүнээс хойш тийм сайхан хүүхнүүдийг ер олж хараагүй юмдаг. Намайг 18 настай том хархүү болчихсон байхад ээж маань “Миний хүү тэр гурван сайхан хүүхнийг хар даа” гэж билээ. Харсан чинь Жанчхүүгийн хээ хуар болсон хилэн малгайтай, сайхан хар гэзгэндээ мөнгөн бүрээстэй жингэнэж дуугарсан боолт зүүсэн, нэг нь торгон, нөгөө нь чисчүү, гурав дахь нь дурдан, бүгд цэнхэр өнгийн дээл өмсөөд, шар дурдан бүс ороосон жинхэнэ монгол бүсгүйчүүд байж билээ. Өргөн дээлээ жавхайтал бүсэлчихээр их гоё галбиртай, харьцуулах юм бол шоргоолж шиг л харагддаг, ёстой гоёж чаддаг байсан. Тэр үеийн хүүхнүүдийн царай зүс ганддаггүй, холцруутдаггүй, их гоё өнгөлөг байлаа. Бодвол сааль сүү хийдэг, тэрнээсээ болдог байсан юм болов уу даа…”

Зохиолч, яруу найрагч Б.Ойдов

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *