p.justify { text-align:justify; }
Соёрхын Пүрэвсүрэн “Ижий совин”

МЗЭ-ийн шагналт зохиолч Соёрхын Пүрэвсүрэн

ИЖИЙ СОВИН /Богино өгүүллэг/


Т
авилан заяа нь тэгш дүүрэн хүмүүн, замбуулин хорвоод нэгээхэн ч үгүй бизээ хэмээн бодол эгшээн суугаа хижээлхэн насны эрийг Амбага Ширнэн гэнэ. 
Хөмсөг өргөсөн, төвгөр духны доороос, нэвт шувт ширтэх бүргэд харц, монхойж угалзарсан хуцан хамартаа дүйсэн өргөн шанаа, бахим түүшин, агнагар цээжнээс хөндий хүнгэнэх мэт аргил дуутай, хүдэр эрийг том багагүй Амбага гэж авгайлдаг болохоор аав ээжийнх оноон хайрласан Ширнэн хэмээх алдар нь мартагдаж, эрх биш хүн амын бүртгэл, алтан соёмбо бүхий улаан паспорт дээр нь бичээстэй байдаг биз гэж хэн хүнгүй бодогдмоор аж.
Уржигдархан дарсан нойтон цас, цагийн эрхэнд тэсч чадалгүй, газрын уруу ховил татан урсана.
-Эвий дээ хөөрхий. Эх үрийн хүйн холбоос тасрах учиргүй гэж юутай үнэн билээ. Гэрээсээ холдож үзээгүй, миний муу сөөсгөр охин тэр айхавтар цасан шуурганд ганцаараа гүйнэ гэж баймгүй. Ижийгээ гэсэн зөн совин нь яалт ч үгүй л дуудсан байж таарлаа гэж бодохуй, хамрын уг шархирч, аягандаа эргэлдсэн хүрэн нүднийх харц номхорч, нулимс дүүрэн мэлтэгнэхүй гарынхаа алгаар шудраад, эрүүгээ тулан санааширав.
Эх нутгаа тэмцсэн нүүдлийн шувууд гангар гунгар дуугарч, эрвээхэй нялхарсан зуны эхэн сар гарчихаад байхад, тэнгэр хангай задарч, нойтон шамарга, цасан хуй дэглэн, гэм халгүй бүсгүй хүний аминд хүрнэ гэж хэний санаанд буух билээ.
Хөөрхий зайлуул. Ямархан үйлийн үрээр насан туршдаа галзуу солиотоороо дуудуулж, ямархан заяаны учигаар манайтай холбогдов доо гэж бодогдонгуут өөдсийн чинээхэн тоодгор охин нь нүдэнд нь харагдаж, сэтгэлийг нь хямраав.
Хэдхэн жилийн өмнөсөн…
..Амбага Ширнэн гэгч хайнагийн эмнэг гуна шиг догшин хурц хөдөлгөөнтэй, эрэмгий омголон барилдаантай ханхар эр цэргийн албанаас халагдан ирж билээ.
Хур бороо элбэг, айраг цагаа бийлэг, сайхан зун байлаа. Сумын наадмын түрүүг гарын үзүүрээр булаасан шинэхэн заанд сэтгэл алдарсан охид бүсгүйчүүд залуу эрийг харуулдан, орой үдшийн цагаар нойр хулжин санааширна.
Охидын зүрхэнд зул мандаасан, залуухан эрд жөтөөрхсөн нутаг усны эрчүүд архины аагинд далбилзаж, юу юугүй барьж аваад балбачих юм ярьцгаавч, бараа сүрийг нь хальтхан хараад, барьц алдан номгорсон тэр жилийн намарсан.
Гэтэл Амбага Ширнэн “дуугай” Ням өвгөнийхөөр буумхай болсон сураг чихтэй болгоны сонор гижигдэж, дагавар хүүхэдтэй, нурамгар хүүхний юунд нь болдог байна аа гэсэн адгуу яриа түрхэрч ирээд намжсан намар байлаа.
“Дуугай” Ням өвгөний ганц хүүхэн Оюун гэж өтгөн шаргал гэзгээ ганц сүлжсэн, эмсгий шар бүсгүй байдаг байв.
Хэрүүл шуугианаас хол, ааш зан аядуухан бүсгүйг номгочилж явсан эрс л хоног тааруулж байснаас, хайр дурлалдаа хөтлөгдөн, ханилна барина гэсэн хархүү тэднийхээр бууж байсангүй ээ.


Хүний л эцэг болсон хойно, Ням өвгөн үрийнхээ төлөө сэтгэл зовниж, олон шөнө нойроо хугаслан бодсоны эцэст 
-За хүү минь өвгөн ах нь ядуу зүдүү амьдралтай, дорой буурай хүн.
Үхэж үхэж үлдсэн ганц үр минь Оюун билээ. Өнчин ядуу ч гэлээ өөрийн ганц хүүхнийхээ төлөө сэтгэл тарчилдаг нь эцэг хүний араншин биз.
Дагавар хүүхэд хөтөлсөн миний муу нурамгар охиноор чи юугаа хийхэв.
Залуу насанд алдаж гэнэдэхийг алийг тэр гэхэв. 
Нэг л өглөө чи амьдралаа бодож, голомтоо дэгжээнэ. Охин минь бас л нэг эцэггүй хүүхэд тэврээд үлдэх биз.
Тийм болохоор ядарсан эцэг охин хоёроор тоглоом тохуу хийгээд яахав. Хүү минь эртхэн замаа бод гэж подхийтэл хэлэв.
Гэтэл амбага Ширнэн хөлсөө арчин сууж байснаа 
-Ням гуай минь энэ хонхорт Ширнэнгийнх гэж айл гал голомтоо үүсгэж гэмээ нь хэтийг нь цахих хүүхэн Оюун байх болно.
Хэрвээ та охиноо өгөхгүй гэвэл бид гурав оргоод талийна даа. Алтан дэлхий уужим болохоор бид гурвыг багтаах зай олдох байлгүй гэснээ учрыг нь олохгүй тоодойтол зогсож байсан зээ хүүг нь хөтлөөд морио аргамжихаар гараад явчихжээ.
Хүний байц андашгүй. Энэ хүүгийн нүдний харц яасан ч хулжин зан гаргахааргүй гүдэс шулуун юм гээч. Ийм харцтай хүн худал ярьдаггүй юм.
Миний муу хүүхний заяа буян түшээ юм болов уу даа.
Өөвгөр зээгээ аваад үлдэе гэвэл гомдчихдог юм болов уу. За даа залуу хүмүүс үр хүүхэд нь гараад ирэхээр миний хүүг төвөгшөөж ч мэднэ. Тэр үед нь авсан ч яахав дээ гэж шар охиндоо баярлан, сэтгэл амарсан билээ.
Ийнхүү Амбага Ширнэн залуу насны гэнэн хөөргөн үеэ бодон суусаар бага үд хэвийлгэх шахав.
Нутгийн сайхан бөх, ганц охинтой нь дэр хувааж, жил дараалан бүл нэмсээр тэрсхэн таван бандитай болсоноор Ням өвгөнийг насны бөгсөнд гялайлгажээ.
Хүргэн Ширнэн нь гашуун идээнээс хол зантай ч хаа нэгхэн хүртвэл, сүрхий ширүүн дориун ааштай.
Нутаг усны шазруун эрчүүдийг нэгийг нь нөгөөгөөр нь гуядан, хорхойтсон баавгай шиг тонгочиж байсан үе нэг биш удаатай. Харин нунж дорой эхнэрийнхээ бараанаар нүднийх нь харц зөөлөрч, бурантагтай тэмээ шиг хөтлүүлээд явчихдаг болохоор агсарч тавьтаргүйтсэн үед нь эхнэр хүүхдийг нь дуудах үе зөндөө.
Амьдрал ахуй нь тэгширч, тулхтай өвгөд цөөрөх тусам, залуу үедээ нөмөр нөөлөг болох, хатуу алба Амбагын нуруун дээр нэмэгдэж, нэг л мэдэхэд хөгшин хөвөөгүй түний амыг хардаг болсон байв.
Хаа нэг халамцсан үедээ
-Хөгшөөн хөл хучиж, цай аягалах, ганц охинтой болох юмсан гэж тоглоом хийн инээхэд, даруу төлөв эхнэр нь өвгөнөө урамшуулсан дөлгөөн харцаар хариу барин жуумалзана.
Амбага гэж ийм л эр хүн билээ.
Тэдний нутагт “хөсрий” Бадам гэж ухаан самуурсан бүсгүй байлаа. Цагийн цагт тааран шуудайны тал дундуур юм үүрч явна. Дотор нь юу ч байдаг юм бүү мэд. Уг нь ч навтас болсон гэрийн оронцогтой л доо. Даанч гэртээ тогтож суух нь ховор.
Нүдний гал нь үхчихсэн болохоос царай зүс, бие хаа дориун.
Ширэлдсэн хар гэзгээ самнах нь үгүй. Голын усанд л нүүрээ угаагаад нэг суухаараа мөддөө босохгүй.
-Хөсрий Бадам гол дээр оччихжээ. Морь усалмаар байх юм. Голын урсгал дээр суучихжээ гэж үглэцгээнэ.
Хүүхэд нохойд өштэй гэж жигтэйхэн. Айлд орох нь үгүй. Барааны газраас нохой шуугиулсаар ойртож ирээд зогсчихно.
Айлын авгай хүүхнүүд
-Хүүе цаана чинь “хөсрий” Бадам ирлээ гээд сэжиглэнгүй. Зарим өр зөөлөн нэг нь ааруул өрөм боож өгнө.
Толгойтой үс, дал мөрийг нь даган бөөс хуурс язайж байдаг гэж ярилцдаг. Нүдээр харсан биш хэн мэдэх вэ.
Уурлавал харааж загнаад, чулуу шороо цацаад бөөн шуугиан дэгдээх нь энүүхэнд.
Гэтэл олны нүдийг одонд өлгөсөн хачин жигтэй яриа хаваржин зунжин тархсаар навчис хатаж, нар буцтал үргэлжлэв.
Намрын зэвэргэн өглөө…
Нар битүү, үүрээр шахуу. Уяж хоносон морьд уяан дээр бөмбөлзтөл чичирч, хяруу унасан тал нэлэнхүйдээ зэврүүн.
Хээр хоносон сар, тал дугуй хүрээлж, хэвтэртээ хоргодсон хоньд хөл жийн ярагласан арван сарын эхээр юмдаг.
Хотны ноход боргож, ямаа тургилан үнээ тугал мөөрөлдөөд сүйд.
-Хар өглөөгүүр юу болов. Гараадах даа хө. Хотонд “хангайн нохой” эргэмээргүй юм гэж хэлж дуусаагүй байтал хаалга сэвхийн нээгдэж, үзээрийн царайтай, “хөсрий” Бадам босгонд тээглэн, сөхөрчих шахан орж ирэв.
Улаан нялзрай хүүхдээ хормойлчихсон орж ирээд, аргалын дөрвөлжинг тулан, суун туслаа.
-Ээ эцэг чинь. Юугаа хийж яваа барам бэ гээд Амбага орноосоо өндийн ухасхийн босвол
-Амбага ахаа энэ хүүхэд надаас гарсан гээд хөхөрч зэвхийсэн уруулаа дордойлгон химлэж, арай ядан хэлэв.
-Хүүе ээ та минь босооч. Энэ амьтан чинь төрчихөөд явж байна ш дээ. Түргэлээч дээ, мөн ч амгалан хүн шүү та гэсээр эхнэр Оюун нь хормойндоо тээглэн, ухасхийж хөөрхий Бадамыг түшиж авчээ.
Амьдралдаа анх удаа сандарч тэвдэн, цээж нүцгэн харайж, “хөсрий” Бадамыг сэвхийн өргөж баруун орон дээр хэвтүүлбэл, бөгсөн бие нь улаан нялга.
Энэ тэнэг чинь хамаг цусаа юүлчихсэн юм биш үү гэвэл
-Дуугаа аядаач та. Төрсөн амьтан сав нь хөөрчихнө. Энэ хүүхдийг нь тэвэрч бай гээд арвалзсан улаан юм паливгар гарынх нь алга дээр сарвагануулан тавиад, хоймор өөдөө палганан гүйв.
Ядаж байхад гурван том банди нь сургуульд
сурахаар төв явчихсан байв.
-Эвий эвий. Бүсгүй хүний зовлон дуусах биш. Алив хө Бадмаа амаа ангай. Энэ цайнаас хэд балгаадах. Ямар сайн байхав дээ. Хамаг тамираа барчихаж.
Та чинь хүн үзээгүй биш дээ. Юунд нь гөлрөөд зогсчих воо. Наад хүүхэд шүү юм нь зүгээр үү. Хүйг нь яаж тасласан юм бол. Алчихаагүй нь их юм гэж олон таван үг урсган сандарсаар, аяга шөл хийн уулгав.
Амбагын хоёр банди гайхан хараад, инээлдвэл Оюун хүүхэн шалдан хонгон дундуур нь шаб шаб хийтэл алгадаад хувцасаа өмсөцгөө гээд зандрахаа бас мартсангүй.
Өмссөн муу ноорхой хувцсыг нь тайчин авч, зэнзийрхэн барьсаар гадаа гарган, хотноос зайдуу дэлгээд, авдар саваа онгичин шинэ хувцас өмсгөв.
-Ахиа хүүхдийг нь хөхүүлэхгүй бол харангадах нь ээ гэхэд мөөмний толгойг бүлээн цайгаар арчиж, амлуулахчаа аядав. Бүсгүй хүн болохоор Амбагаас ичмэгмэр болж, нүүр буруулахад, орон дээо дэлгээтэй хуучин дээлээ нөмөргөв. Хөхөнд нь сүү ороогүй бололтой, ямааны сүү шингэлээд угжих уу гэж нөхрөөдөө харах нь овоо тайвширсан аж.
-Би шөлний юм гаргая гэсээр хоёр бандиа дагуулан гарахаар босоход нь сая л хүүхдийг нь ажиглаж
-Хөөрхөн охин юм байна. Хүйг нь дарах шинэ алчуур байна уу. Элдсэн үзүүрсэг гаргаад ходыг нь аваадах. Шөлний шинэ мах байгаа гэж цухалдана.
Хөсрий Бадам тэдний гэрийнхнийг сандаргаж орхижээ.
Хоёр хоног хүлээлгэж ирсэн түргэний эмч эх, хүүхдийг үзсэний эцэст, 
-Амбага ахаа хүүхдийн бие нь эв эрүүл юм байна. Харин эхийг аваад явъя. Цус их алджээ. Эмнэлэгт хэвтүүлье.
Та хоёрт найдаж охиныг нь орхилоо шүү. Хашир хүмүүс юу алзах вэ гэхэд төвөгшөөж чадсангүй.
Оюуны дээл хувцасыг өмссөн хөсрий Бадам явахгүй гэж дургүйцсэн ч угаасаа тамир тэнхээ дор байгаа болохоор урьдынх шигээ орилж хашгирсангүй. Эмчийг дагаад гарахдаа орон дээр унтаж байгаа охиноо эргэж хараад шуухиртал санаа алдахад нь хүн бүхэн өрөвдөөд уйлчих шахлаа.
Оюун дэрэн доороосоо мөнгө гаргаж Бадамд өгөөд
-За Бадмаа хө эмнэлэгт сайн эмчлүүлээрэй. Эмчийн үгэнд сайн ороорой. Маргааш Амбага ах нь эргэж очно гээд нулимсаа арчин хоцров.
Хэдэн банди нь хөрөвжиж, нялх хүүхдээс төшөөрсөн Амбагынхан том багагүй хөлсөж, шөнөжин гал түлэн хонодог ажилтай болов.
Хэдийгээр хөсрий Бадмын хүүхэд гэсэн эмзэг бодол сэтгэл ээрэвч, хэн нь ч бодлоо гаргаж хэлсэнгүй. Орой үдшийн бүрийгээр хамрыг нь хөөдөж, бор халзан туулай болгон домноод, ямааны сүүгээр угжина.
Торго болтол элдсэн үзүүрсгэн нэхий өлгийнд үнэгчлэн унтах охиныг бүүвэйлэн суугаа эхнэртээ хайр ивлэн 
-Эвий миний бор хүүхэн сэтгэл амирлангуй, сайхан амьтан юм шүү дээ. Миний ааш аягийг олох, хэдэн банди нараа өсгөх гэж зүтгэсээр наснаасаа эрт өтөлчих вий дээ.
Буян нүглийг минь буруу зөв гэж яллалгүй, бүгдийг хүлээн зөвшөөрдөг ханийнхаа сэтгэлийг гундаачихгүй юмсан.


Сумын наадамд анх түрүүлдэг жилсэн.
Хэд хоног архи айраг дэмбээ гуравтай ижилсэж, галзуу бар эрхшээсэн Дугар зайсан мэтээр өөрийгөө дөвийлгөн галзуурч яваад нэг орой хадмынд бууж билээ.
Заяаны хань гэдэг сонин шүү.
Нүгэл мартуулам, мэлтэгнэсэн харцанд нь бүх сэтгэл санаа минь үйчих шиг болж билээ.
Хажууд навсгансан хэдэн харчуулаа хөөх шахам мордуулаад, эргэж орсноос хойш ханийнхаа гараас уяатай ботго шиг холдсонгүй дээ.
Ийм сайхан бүсгүйтэй учирсан амбага Ширнэн азтай золиг шүү хэмээн өөрийгөө өхөөрдөн суулаа.
Шөнө унтуулдаггүй шинэ хүнийхээ даавууг угаан, хэдэн малынхаа араас шогшсоор гурав хоногийн дараа сумын төв орохоор мордов.
Сургуулийн дотуур байраар дайрч, гурван бандиа үнсчихээд, эмнэлэгийн дан цагаан байшингийн гадаа морио бөхлөн суутал сувилагч хүүхнүүд жиг жуг гэлцэн, бие биеэ нудралцаад, 
-За амбага заан бага хатнаа эргэж ирэв үү гэж ам Нараа аальгүйтхэд бусад дагаж инээлдэв.
-Шаазгай шиг шаг шаг хийсэн аальгүй барамнууд вэ. Бадам хаана хэвтэж байгаа вэ. Бие хаа нь сайн уу гэвэл 
-Таны хатны бие тун дажгүй. Сүйт хархүүгээ хүлээгээд л тормолзож суугаа гээд бас л тас тас хийн инээлдэв.
-Юугаа донгосоод байгаа шаарнууд вэ гэсэн шүү юм бодон эмчийн өрөөнд орлоо.
-За дүү хүү сайн байна уу. Манай Бадам яажшуу байна даа гэвэл
-Та ч айхавтар хүн юм аа. Таны Бадам тун сайн байгаа. 
-Юугаа дэмийрцгээгээд байгаа золигнууд вэ гэж унтууцав.
Гэтэл эмнэлэгийн нярав сахал Дорж шагайснаа 
-За амбага заан хэнз хүүхдээ тэврээд гялтганаж байх шив дээ.
Их хатнаараа хүүхдээ асруулж, бага хатнаа эргэж ирээд золбоотой хүн юм аа.
-Аа муу сахлаа чирсэн ухна. Чи л энэ жүжгийг дэглэсэн биз гээд ганцхан ухасхийн шүүрч, дэлдэн чихийг атган авч мушгиад ханз татчихаа шахав.
-Ёо ёо чиний тэр хөсрий Бадам чинь л тэгж хэлэх чинь билээ.
Худлаа гэвэл энэ хүүхнүүд бүгд мэдэж байгаа гэж хань татахад, бяр тэнхээтэй, муйхар эрээс айсан хүүхнүүд бүгд үг дуугүй толгой дохин баталцгаав.
-Ухаан самуурсан хүний үгээр олон долоон юм ярьцгаавал энэ Дорж шиг болно гэж мэдээрэй гэвэл бүгд гүйлдэн гарцгаалаа.
-За эмч минь тэр хүүхдээ авч үз. Эвгүйдвэл хөгширч яваа ах нь хэл аманд орох нь.
-Та хүлээж бай. Манайхан болсон хойно. Орой үдшийн цагаар хөөрхий Бадамыг ээрэн, хүүхдийнх нь эцгийг мэдэх гэж шалгаасан юм байна.
Тэр муу хүүхэн яахав дээ. Миний хүүхдийн аав Амбага ах л гэчихгүй юү.
Хүүхдээ танайд орхисон болохоор тэгж л бодсон хэрэг.
Хүн амьтан шоолохын донтойгоороо “ам”Нараа, сахал Дорж хоёр л анх найруулсан биз. Та ч Дорж гуайд үнэ хөлсийг нь төлчих шиг боллоо.
Энэ ухаан солиотой, тэнэмэл хүүхэнд хүүхдийг нь яаж өгөх вэ.
Тэвэрч яваад хээр хаячихвал яана.
Танайх таван бандитай айл. Ганц охин өсгөөд авчихвал эцсийн эцэст та хоёрт хэрэг болно. Өтлөхийн цагт хөлийг чинь хучина шүү. Хүүхдийнх эцэг нээрэн та ч юм бил үү гэвэл
-Юу гэнэ ээ хө гээд ухасхийвэл толгойгоо дарж сандарсан эмч
-За за худлаа. Тоглож байхад алчих гээд гэж инээд алдав.
Бадамтай уулзах уу, болих уу хэмээн эргэлзэж зогссоноо
-За юу ч гэсэн сумын захиргаа орж, энэ хүүхдийн учрыг олъё гээд морио хөтлөн алхаж яваад эргээд хартал, галзуу Бадам цонхон дээр зогсож байлаа.
Харсаар байтал хаяад явалтай биш дээ. Уулзаад мордохоос гэж үглэсээр морио тушин эргээд оров.
-За Бадам минь бие нь сайн уу гэтэл тэрбээр юу ч хэлсэнгүй. Харин амьгүй мэт гөлийсөн нүднээс нь ганц дусал нулимс бөнжийлдөн гарч ирээд хацрыг даган өнхөрхөд анзаарсан шинжгүй суусаар үлдсэн билээ.
Хөөрхий бүсгүйг өрөвдсөн Амбага үг сүггүй мордон, сумын захиргаанаас охиныхоо төрсний гэрчилгээг аваад харьсан аж.
Тэр өдрөөс хойш “хөсрий” Бадамын хүүхдийн эцэг Амбага юм гэнэ шүү. 
Эмнэлэгийн өрөөнд нөгөө Бадам чинь Амбагыг тэвэрчихээд уйлаад салахгүй байсан гэнэ. Мэдрэл муу ч гэлээ амбага Ширнэнд учиргүй сайн юм байна гэсэн яриа “Олон булаг”-ийн хөндийд салхины хурдаар тархав.
Өдрөөс өдөрт нүд булаан, өсч буй охиныг бүүвэйлэн суусан ноолгор Оюун олны үгэнд сэтгэл шархлавч эр нөхөртөө гаргаж хэлсэнгүй.
-Адуу малын эрэлд хээр хөдөө явж байгаад “хөсрий ” Бадамыг арай эрхшээчихсэн юм биш байгаа даа.
Охин минь адилхан ч юм шиг. 
Еэ бурхан минь би юу бодох нь энэ вэ. Миний хань арай ч тийм хүн биш.
Өмгөөлж хамгаалах хань ижилгүй, ядруу явахад хонь шиг өрлөчихөө шахдаг түрэмгий эрс зөндөө л байдаг байсандаг.
Гэтэл миний муу өвгөн тэс ондоо хүн шүү.
Ер нь дахин энэ тухай бодохоо больё. Хүнд муу хэлэгдлээ гээд муудах юм биш. Намайг үг зарвал миний хүн л зовно.
Ер нь ч хорвоод нуугаад өнгөрөх нууц гэж байх биш.
Энэ охин өсч торниод хэзээ нэг цагт Бадамаас төрсөн гэдгээ мэдэж л таарна.
Харин төрсөн эцэг дээрээ өссөн гэж сонсоод сэтгэл нь тайвшрах биз хэмээн эх хүний мяндсан ухаан нийтгэн суулаа.
Эхнэр нь юунд ингэтлээ шаналан байгааг тааварласан “амбага” Ширнэн олны гүжир үгэнд зүрх нь урагдах шиг болж амь тэмцэн бухимдана. Гэтэл эхнэр нь хар цагаан дуугүй. Энэ нь түүнд бүр ч хэцүү байв.
-Ахиа. Чи олны гүжир үгэнд итгээд, түүнээ хэлж чадахгүй надад гомдоод сууна уу даа.
-Яалаа гэж дээ өвгөн минь. Чи тийм хүн биш. Чи санаа зоволтгүй. Би охиныхоо ирээдүйг л бодож сууна.
Гэхдээ миний өвгөн тэр муу ядарсан хүүхнийг арай ноолчихсон юм биш биздээ гээд жуумалзав.
-Чи л тэгж бодохоор бусад хүн аргагүй. Маргааш наад хүүхдийг чинь авч давхиад, тэр эмнэлэг дээр нь хүргээд өгчихье. Тэр эмч сувилагч нар нь учраа олно биз.
Тэгсэн нь дээр юм шиг байна гэхэд, нөхрийнхөө гүдэс шулуун ааш, нэг шийдвэл буцахыг мэддэггүй араншинг бодоод
-За өвгөн минь тоглож байхад яасан урвагануур юм. Сар шахам хамт ноцолдчихсон чинь бүр дасчихжээ. Хөөрхөн байгаа биздээ. Хүнд хүн илүүдэх биш. Өсгөөд л авчихья. Золбин гөлөг тааралдсан ч, тэвэрч ирээд тэжээдэг биздээ хө.
Хүний мууд дурлаж, хэл амаа билүүдсэн хүмүүс цуурч л байг. 
Түүнд эмзэглэх хэрэггүй дээ гээд өвгөнөө аргадав.
Амбага эхнэрээ ажиглан сууснаа
-Хөгшин минь нялх хүүхэд тэвэрсээр бүр ч залуужиж байх шиг. Царай зүс чинь шингэрээд өөрөө төрсөн юм шиг л болчихжээ гэхэд
-Гэрээс гарахгүй болохоор тэр биз дээ. Харах тусам хайр ундардаг боллоо. Хөөрхөн байгаа биз гээд манцуйтай хүүхдээ нөхөртөө өгөв.
Тэр өдрөөс хойш дөрвөн жил харавсан сум шиг өнгөрчээ. 
Элдэв юм шалгаан, болжмор шиг шулганах охин нь энэ айлын баастай бурхан болсон аж.
Эрэл суралд яваад хэд хоног эзгүй байхад санаж бэтгэрээд царай алдчихдаг охиндоо Амбага амиа тавина. Бүсгүй хүүхэд аавдаа аминчхан байдаг нь үнэн ажээ. 
Амбага Ширнэнгийнх зусландаа буугаад удаагүй үе.
Таван банди нь сургуульд явчихаар гар хөлийн үзүүрт зарагдах хүнгүй хэцүүдэх аж.
Эхнэр Оюун нь өргөмөл охинтойгоо гэр доторхоо аядуулна.
Сургууль өнөө маргаашгүй тарах болсон тул хөвгүүдийнхээ морьдыг барилан дэллэх зуур бүүдийж бүрхсэн тэнгэрийн хаяаг сэтгэл зовинон хараад
-Өчигдөр орой сар хүрээлээд нэг л биш байсан. Тарвага зурам нүхээ битүүлнэ гэж баймгүй. Яах аргагүй л бөглөсөн нүх хэд хэд таарсан даа.
Хоньд хүртэл хэвтэртээ хоргодоод.. Арай аюул занга болох юм биш байгаа. Хэдэн хониныхоо араас мордоё. Юмыг яаж мэдэх вэ. Өвөлжөөрүүгээ дөхүүлнэ байгаа гэж ганцаараа үглэсээр мордов.
Нялх тугалтай үнээ малаа ойртуулахыг бодоорой гэж эхнэртээ хашгирч сануулчихаад хонио бөөгнүүлэн туулаа.
Гэтэл намуухан тэнгэр бүүдийн бүүдийсээр нойтон цас хаялан, бурганаж эхлэв.
Өглөөний нарыг наранд бүү бод гэгчээр үдээс өмнө эхэлсэн нойтон шамарга нүүр нүдгүй шуурч, төллөөд удаагүй малын нялх төл осгочих шахна.
Амбага хэдэн хонио уруудуулчихгүй шиг өвөлжөөндөө дөхүүлсээр, үдшийн бүрийгээс амжиж, дулаан бууцтай өвөлжөөнд хашчихаад гэрээдээ яаран шогшууллаа.
Исгэрэн шуурах нойтон цас энгэр заамаар чихэж, арайхийн гэрийн бараа харвал эхнэр охин хоёр нь байдаггүй.
Гэрийн нь хаалга онгорхой, цасан шуурганд савчих тул бушуухан хааж цүүлэв.
Нялх тугалтай хэдэн үхрээ туусаар ойртон ирэх эхнэр нь ганцаараа явааг анзаарсан амбага Ширнэн 
-Хөөе охин яасан бэ гэвэл шуурганы эсрэг нүүрээ халхалсан Оюун 
-Гэртээ байгаа. Орон доогуур ороод унтчих гэж хэлсэн шүү дээ гэлээ.
Өө нээрэн гэртээ ганцаараа айвал орон доогуур орчихдог шүү дээ. Би сая харсангүй л дээ гэж бодоод тайвширлаа.
Хоёул элбэн туусаар гэрийнхээ гадаа ирж, нялх тугалаа хашиж авлаа.
-Чи охин дээрээ орж бай. Би хэдэн адуугаа ойртуулъя гэхэд
-Дээлээ сольж өмсөөд яв аа гэж эхнэр нь хашгирлаа.
Тэр хоёр гэртээ ороод охиноо дуудвал байсангүй.
Авдар савны хойгуур урдуур, ор дэрний доогуур дээгүүр хичнээн хайсан ч тоодгор охин нь байсангүй.
-Миний охион. Миний хүү өө гэж хоолойгоо сөөтөл хашгиран гүйсэн ч бараа сураг алга. Хоёр тийшээ гүйлдээд ч нүүр нүдгүй шуурганд олигтой газар дөхсөнгүй.
Эцэст нь хоёр биенээ тэврэн енгэнүүлэн уйлалдав.
-Доод хотруу явчихгүй байгаа гэж арга тасарсан өнгөөр хэлэхэд
-Чи гэртээ хүлээж бай. Би очоод ирье гээд морио давиран давхив.
Шөнөжин айл хотлоороо цурам хийлгүй хайж шогшсон ч бөртийх ч бараагүй таг чиг.
Нойтон шамарганд битүү жиндсэн хүмүүс уйлж орилсон Оюун хүүхнийг аргадан тайвшруулахаар аргаа барах аж.
Айдас нөмөрсөн шөнийн харанхуй хорвоогийн жамаар холдон айлсарч, үүрийн шаргал гэгээ мэлтрэн гийж, шөнөжин дошгирсон цасан хуй намжих цагаар тэртээх хөндийгөөс хөв хөв хийн хуцах хөгшин халтарын дуу хүмүүсийн чихийг дэлдэв.
-Нээрэн банхар өчигдөр алга байсан шүү дээ.
Тэр л охиныг бараадан дагаснаас зайлахгүй гэцгээн эрчүүд нь морьдоо унан нохойн дуугаар чимээлэн хөдлөв.
Шөнийн турш орсон цас морины хэнхдэгээр татаж, арайхийн зүтгүүлсээр урд дэнж дээр гарвал хөгшин халтар нохой хүмүүсийн бараанаар чавхдан ирж, эзнээ тойрч хуцаад эргэн давхив.
Том багагүй давхилдан араас нь мөрдсөөр тэртээд цэг мэт тугдайн харагдах бор зүйлрүү дөхөн очихдоо бүгд зүрхшээн байлаа.
Яана даа гэхээс урагш алхаж чадахгүй, хөл ухран мятрах амбага Ширнэнгийн араас зайдан морь унасан гэргий Оюун нь орилж чарлан давхиж ирээд, буун харайж хунгарласан цас самардан, пөөнөгөр үстэй дээлээр охиныг нь боож тэвэрсэн нүцгэн шахуу бүсгүй хүнийг гаргаж ирсэн нь “хөсрий” Бадам байсан юм.
Энэ цасан шуурганаар яах гэж наашаа зүтгэсэн нь оньсого мэт санагдана.
Элгэндээ тас тэвэрсэн хүүхдийг салган авбал ор тас осгочихоогүй байв. 
-Эвий миний охин минь. Яачих чинь энэ вэ гээд уйлан чарлаж охиноо тэвэрсэн Оюуныг харж зогссон айл саахалтын хүмүүсийн нэг нь
-Энэ солиот гэрээс чинь хүүхдээ аваад гарсан юм биш үү гэвэл ийш тийш саравчлан харж зогссон өвгөн
-Үгүй байхаа. Энэ талиймарын мөр урдаас салхи сөрөн ганцаараа ирсэн нь мэдэгдэж байна.
Харин нохой дагуулсан охины мөр баруун хойноос чиглэн бас л ганцаараа ирж. Та нар сайн ажигладаа гэхэд хүмүүс 
-Нээрэн тийм байна шүү. Ямар сонин юм бэ гэлцэн ам амандаа шуугилдав.


Хүүхдээ тэвэрсэн чигээрээ амиа алдан, хөшсөн бурхан болоочийн цэвцийж ягаарсан цоцос дээр элбэг уужим хүрмээ тайлан, хучсан амбага Ширнэн эх үрийн хүйн холбоог гайхан биширч зогсов.
Хөөрхий “хөсрий” хэмээн адлагдсан Бадам төрсөн үрээ осгоочихгүй гэхдээ тамтаг болсон хөвөнтэй өмдөө хүртэл тайлан, охиныхоо хоёр хөлийг нэг шуумганд нь чихэн, нөгөө шуумгаар нь давхарлан ороож, пөөнөгөр цувцаа дээлээрээ битүү хулдан, тэвэрсэн байлаа.
Зан нь засарсан хангайн хөх салхи, үрийнхээ төлөө амиа зольсон “хөсрий” Бадамыг аргадах мэт бөөгнөрч ширэлдсэн гэзгийг нь сэрвэгнүүлэн хийсгэж, нарны шаргал туяагаар илбэн байх шиг санагдана.
Байгаль дэлхийн үзүүлэх сүр хүчний өмнө өчүүхэн өт хорхойноос үл ялгагдах хүмүүний амь хэврэгхэн ч гэлээ эх үрсийн хүйн холбоо, аюулыг амиараа халхлах зөн совин яасан агуу билээ хэмээн уяран суусан амбага Ширнэн тэртээд цэнхэртэх хөхөмдөг уулсын наахна дүнхийн цайрах Тасын суудал хэмээн нэрлэсэн их хайрханы зүг гүн бишрэлтэй ширтээд
-Үрийнхээ төлөө амиа зольсон зоригт монгол бүсгүйн гантиг цогцосыг таньдаа өргөн зална аа гэж залбиран байлаа.

Соёрхын Пүрэвсүрэн

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *