p.justify { text-align:justify; }
Соёрхын Пүрэвсүрэн “Пидаа Нацаг”

МЗЭ-ийн шагналт зохиолч Соёрхын Пүрэвсүрэн

Пидаа Нацаг /Богино өгүүллэг/

Хөлөрсөн магнайгаа заадлаар нь салтал зүдэрч
Хөмхий тэвчээр хоёроо цус шүүртэл зууж
Хонон өнжин дуншсан хөл хүнд бүсгүйг
Хорвоо дэлхий өрөвдөхдөө тэнхлэгээрээ хазайх шахав уу
Цагийн зүү урагшлахгүй гацсан мэт
Цагаан совин цээж ёргин бачуурна…
Амьдрал үхэл хоёр суудал зэрэгцэн харгалдаж
Ажиг сэжиг хоёр сэнтий булаалдан сөргөлдөж
Айдас хүйдэс бөртөлзөж, хормойд ороолдсон цагаар
Үртэй болохын хүслэнд, дэлүүртлээ шаналсан ижий
Үүрийн шаргал гэгээнээр хоёр яс хагацаж
Аминаасаа амь салган, арай ядан хөнгөрхөд
Алтан нар баярласандаа инээмсэглэж байх шиг санагдав аа …


…Пидаа Нацагийн эхнэр дөчин еснийхөө жил нярайлж, чихтэй бүхнийг дэлдийлгэж, амтай бүхнийг ангайлгав.
Тэр хоёр ханилан суунаас хойш нэгэн үе өнгөрч, чилийтэл хүлээсэн арван гурван жилийг, чиний минийх гэлгүй амар тайван амьдран туулсан билээ.
Хижээл насны цээжинд үрийн зулай үнэрлэх аз буян заяасан пидаа Нацаг түмэн үрчлээтэй шар царай, зовхи нь суларсан зууван шар нүдээрээ улаа бутартал инээмсэглэн, тоодон ногоон хүрмээ шүүрч аван гарахдаа, арван тав зургаан насны тэрсхэн гурван охинд
-Ижийгээ төрүүлсэн эмчийг гарч иртэл яг эндээ хүлээж байгаарай хэмээн захиад, үүдрүү гүйв.
Эхнэртээ шөл уулгах гээд адгаж сандарсан мань эр шилэн хаалгыг харалгүй эрчээрээ гүйж очин, түсхийтэл мөргөчихөөд,
-Ээ пидаа. Ямар тэнэг пидаа нь эмнэлэгийн хаалгыг шилээр хийдэг байна аа гэж цухалдан үглэсээр гарч одов.
Уурлаж цухалдах, тэвдэж сандрах үедээ өөрөө ч мэдэхгүй
-Пидаа пидаа гэсэн хачин үг хэлдэг Нацагийг үеийнхэн нь шоолж, пидаа Нацаг гэж хочилж дуудна. Зарим нэг нь хөөе Пидаа гэж дуудахад хээв нэг -Өөв гэж суудаг хэнэггүй зантай эр.
Олоон жилийн өмнө пидаа Нацаг баазынхаа нярав бүсгүйд сэтгэл алдарч, уйгагүй хөөцөлдсөөр гэртээ оруулж, нэг хөнжилд шургаж, ганц оронд багтсан ч гэлээ хоёрхон жил ханилаад, чимээ аниргүй холдоцгоосон билээ.
Зүс царай тунгалаг, бие хаа тэгш, зан ааль түвшин, бүрэг даруухан бүсгүй хэрхэн юуны учир Нацагаас хөндийрч холдсоноо хэнд ч ам нээсэнгүй.
Пидаа Нацагтай холын замд ганзага нийлдэг жолооч нөхөд нь хундага дарсны даруулга болгож мань хүнээс асууж шалгаасан ч үгийн зөрүүгүй дөмбийсөн хархүү, ханилж явсан бүсгүйдээ хир халдаан муулалгүй, дүлий хэлгүй мэт гүлдийсээр, мартаж санахын хязгаарт булж орхисон аж.
Тав зургаан жил гоонь эрийн гундуу амьдралаар шогшиж, дөчин насны дөрөлжөөр гагц мөртэй цогиж ирсэн Нацаг нэг л өглөө гурвын гурван дагуул хүүхэд чирсэн, үе насны ягаан бүсгүйг гэртээ аваад ирсэн байлаа.
Энэ бол арван гурван жилийн өмнөх явдал билээ.
Анх учирсан тэр үеэ эргэж санах дургүйдээ ч тэр үү. Эсвэл таагүй учрал сэтгэлд нь толбо үлдээсэн ч юм уу. Нацаг тэр хоёр өөрсдийн амьдралаа өөрсдөөсөө ч нуух шахна.
Яг үнэндээ бол хүнээс нуугаад байх онцын шалтгаан огтхон ч байхгүй билээ.
Баруун аймгууд зүглэх их замын хөл нутаг Баянхонгор аймгийн Бууцагаан суманд ачаа буулгаад буцаж явсан пидаа Нацаг аймгийн төвийг эмжин мяралзах Түйн голын эрэг дээр түр саатан, салхи шүгэлдэн ганхах бургасны сүүдэрт бор цай пурхийлгэн сууж байлаа.
Гэтэл тоодойсон цамцтай, жаахан охин Хонгорын хонгор шаргал салхиар жимбүүрдсэн зулзаган төгөлийн завсраар туулайн бүжин шиг бүлтэгнэн, өмнөөс хараад зогсож байхыг олж үзэв.
-Үгүй энэ чинь хүн амьтан харагдаагүй дээ. Юун хүүхэд гараад ирэв ээ гэж гайхаад
-Өшш, наашаа ир гэж хуруугаараа дохин дуудав. Гэтэл арай намхан бас нэг хөөрхөн охин тонтого тонтого дэгдсээр эгчийнхээ араас гараад иржээ.
-Миний хоёр дүү хаанаас гүйгээд ирэв. Ижий аав нь хаана байгаа юм бэ гэж ийш тийшээ харан асуухад,
-Тэнд гэж булцгар хуруугаараа заасан охины бумбагар улаан хацар, холцруутсан магшгар хамар, дэндүү өхөөрдмөөр харагдахад, тэсгэлгүй инээд алдсан пидаа Нацаг суудлаасаа өлийн заасан зүг рүү нь харав.
-Гэрлээ, Цэцгээ та хоёр хаачив аа гэж чанга хашгирсаар өлгийтэй хүүхэд тэвэрсэн залуухан бүсгүй гарч ирсэн нь одооны эхнэр Саран нь билээ.
-Аа та цуг яваа юм уу, энэ хоёр охины ээж нь мөн үү. Танай хоёр энд байна аа гэж сөөнгө хоолойгоор хариу хэлсэн пидаа Нацаг хэрзгэр цээжнээсээ санаа зовонгуйрч, дэлгэж хаясан эрээн даавуун цамцаа нөмөрч,
-Хээрийн цай амттай гэдэг юм. Та цай уу гэж хэлээд, хажуудаа хаясан хүрмээ дэлгэж өгчээ.
Нацагийн өмнөх ууттай боорцогруу харсан гурав хэрийн насны охиныг эгч нь гараас нь татаж, ээжрүүгээ дөхөхөд,
-Миний дүү нар боорцог ид гэж хэлээд ууттай боорцогоо өмнө тавилаа. Хүрэмнийх нь захыг цааш нь түлхэж, нойтон ширэг өвдөглөн суусан бүсгүйд цай аягалан өгвөл, уйлагнасан хүүхдээ хөхүүлэхээр жишүү харан суусан бүсгүй
-Та хаанаас хаа хүрч явна даа гээд, нүүрлүүгээ унжсан үсээ хойш илэн, халуун цай оочлов.
-Өө ах нь Бууцагаанд ачаа буулгаад хот зүглэж явна. Та хэд эндхийн хүмүүс үү гэвэл
-Үгүй дээ. Бид дөрөв хот явчих санаатай л зам сахиж сууна. Та биднийг хотруу дөхүүлээд өгөөч. Бид хэд гэж зовлон дунд шаналсан, өнчин өрөөсөн хүмүүс байна. Хүүхдүүдийнхээ аавыг хүний газрын тэнгэрт өргөчихөөд буцаж явна.

Гартаа барьсан зардал мөнгөгүй, уйлж дуулсан улаан цурав гурван хүүхэд дагуулсан эмэгтэйд унаа олдохгүй юм аа. 
Говь-Алтай аймгаас хэд дамжин явсаар өчигдөр л энд ирлээ гээд сүүмийсэн гөлгөр харцаар алсыг ширтэн суусан бүсгүй, хацрыг нь даган бөмбөрөх нулимсаа арчих ч тэнхэлгүй сууж байв.

Ууттай боорцогноос хоёрыг авч дүүдээ өгсөн улаан хацарт охин, омголтсон уруулаа долоон, хяламхийн харсан ч, өөртөө авалгүй ээжийгээ налан суухыг харж, өөрөөс нь нэрэлхээд байгааг анзаарч,
-За та гурав цайлж бай. Би нүүр гараа угааж сэрүүцээд авъя. Та хэд ядрана гэхгүй бол суугаад л яваач дээ гэж хэлээд гол дээр очив. 
-Ээжээ та энэ боорцогноос хоёрыг идчих. Та өлсөхөөр мөөмөнд чинь сүү орохгүй. Сүү байхгүй бол Улаанаа уйлна гэснээ, дүүгээ хойш татаж,
-Одоо чи боль. Энэ ахын боорцог дуусчихвал, хулгайч хүүхдүүд байна гээд авч явахгүй гэсэн охины үгийг сонсоод өрөвдсөндөө уйлчих шахлаа.
-За охидуудаа цөмөөрөө борцтой будаа пор пор хийлгэж бор ходоодоо баярлуулж аваад мордоно доо. Харин та хоёр нүүрээ энэ усаар угаачих. Би халтар нүүртэй хүүхэд авч явдаггүй хүн байгаа юм гэж хэлээд ээж өөд нь харж, нүд ирмэв. Шөл нь багадсан будаа лаг лагхийн буцалсаар агшиж, хуршсан борцны үнэр бургас сүлжин тархаж, баахан золбин гөлөгнүүд гүйлдэн ирж, өлөн нүдээр гар дагуулан харж, тойрон хэвтэцгээжээ.
– Та хэдэд маань аяга байгаа юу гэвэл 
-Миний охин дүүгээ авч бай. Ээж нь цүнхээ аваад ирье гэж хэлээд бослоо. Ганц цэнхэр үүргэвчнээс ижилхэн гурван хуванцар аяга гаргаж ирээд угааж суугаа бүсгүйг харж суусан пидаа Нацаг 
-Уг нь шөлтэй хоол хийсэн ч будаа нь болохгүй буцалсаар хуурга болчихжээ гэж хэлэн нөгөө гуравт аягалж өгөв. Том охин нь их хэрсүү охин гэдэг нь харваас андашгүй. Өөрийнхөө хоолыг идэлгүй дүүгээ аргадан хооллоод, ээж өөдөө харж, 
-Та дүүг нааш өгөөд хоолоо ид гэж хэлэхэд
– Ах нь авч байя. Миний дүү өөрөө хоолоо ид. Одоо сайхан сэрүүн унаж байна. Ингэсхийгээд хөдөлцгөөе гэлээ.

Үүдэн шүд унасан охиныг харсан Нацаг, 
-Өө пидаа минь ээ. Чамайг чинь охин гэсэн чинь, эмээ байсан юм байна шүү дээ гэчихээд, пидаа гэсэн үгээ гэнэт анзаарч ичсэндээ ойрхон хэвтэх золбин гөлөгийг 
-Жав чи гэж зандрав.
Хөөрхий бүсгүйн нөхөр хүний ачаанд явж байгаад осолд орсон гэнэ.
Өдөржин өлөн зэлмүүн суусан хэд хоол идэж цадаад машинд суун хөдөлмөгц, нам унтацгаачихав.
Энгэртээ тэвэрсэн охиноо унагачих шахан үүрэглэх бүсгүйг харсан Нацаг машинаа зөөлөн зогсоож, хүүхдийг нь авахад ядарсан бүсгүй мэдсэнгүй. 
Суудлынхаа түшлэгийг авч, өвдөг дээрээ тавиад, өлгийтэй хүүхдийг эвтэйхэн тэвэрч, зөөлөн хөдлөв. Цаг гаран нам унтсан бүсгүй, машины донсолгоонд цочин сэрээд, хүүхдээ хайн сандарснаа, жолоочийн өвөр дээр байгааг мэдэж,
-Яана аа би унтаад өгчээ. Наад охиноо нааш нь өгчих. Та яаж хүүхэд тэврээд жолоо барих вэ хэмээн санаа зовсон янзтай хэлэв. Зам зуур зогсож, хоол хош идэн, яаралгүйхэн явсаар хотын бараа харсан Нацаг Толгойтын хэдэн гудамж сүлжин явсаар нийтийн байрны дан цагаан байшинд ирэв. Бүсгүйн гэр энд байдаг ажээ.
Түлэх түлээгүй байшинд нойрмоглон уйлалдах хүүхдүүдээ аргадан үлдсэн Саран бүсгүйд санаа зовон, яаж шуухан байгаа бол гэж өр өвтгөн бодсоор цалингаа авсан өдрөө, хонины өрөөл мах, годон уут гурил, боов боорцог аваад Сарангийнд давхиж хүрэв.
Хожим энэ тухай Саран
-Уут дүүрэн гурил будаа, өрөөл мах, боов боорцог үүрээд орж ирсэн Нацагийг харахад түнэр харанхуй шөнө, нар мандах шиг л болж билээ. Нааш гэх хүнгүй ядарч явахад, гар сунган туслах халуун сэтгэлтэн цөөхөн юм билээ. Манай хүнийг бидэнд бурхан л илгээсэн байх гэж залбирч явдаг юм даа гэж дурсан уйлдагсан.
Түрээсийн муу байшинд зутарч суугаа тэднийг хэд хэдэн удаа эргэж тойрч ирсэн Нацагийг цагаан сарын өмнөхөн тавгийн идээ барьсаар орж ирэхэд нь бага охин нь хатгаа авчихсан сандаргаж байлаа. Дув дуугүй тааз ширтэн суусан пидаа Нацаг 
-Саран минь зөвөөр ойлгоорой. Ядарч зүдэрсэн та хэдийг зовлон зүдгүүрээр чинь далимдуулан дарлах гэсэн санаа биш шүү. Би ихэнхи өдөр шөнийг хээрийн замд үддэг хүн. Хаврын урь орж, дулаартал та хэд манайд оч. Даарахгүй болсон үедээ буцаад ирнэ биз. Навтас болсон энэ байшинд гурван хүүхдээ хөлдөөж мэднэ гэхэд, үнэндээ дургүйцэх, цааргалах арга үгүй тул
-Та л мэддээ гэж нулимс дуслуулан хэлээд буруу харж билээ.
Ийнхүү битүүний урд өдөр нүүж ирсэн Сарангийн охидод шинэ дээл хувцас авчирч өгсөн пидаа Нацагт баярлалаа гэхэд үг багадам санагдаж байв.
-Чи энэ цөрвийсөн шар нөхрийн юунд нь болдог байна аа гэсэн найз хүүхнүүддээ 
– Иш та нар хүний сэтгэлийг ойлгох биш дээ. Манай хүн чинь гаднаас нь харахад уурлаж шарвалзсан хажиг зожиг харагдаж магадгүй л юм. Харин сэтгэлийнх нь хөг бол мухар шанаганд мялхаасан сүү шиг л мэлтэгэнсэн, цав цагаанхан хүн. Ийм хүний нөмөрт яваагаа буян заяа гэж залбирч явна даа. Талийгаач нөхрөө таньж мэдэх хүнгүй, хүний нутагт шороонд булчихаад зогсож байхад тэнгэр хөмөрчих шиг л санагдаж, мөөмнөөс өөр хоолгүй гурвын гурван хүүхдээ хараад хорвоог яаж барна даа л гэж бодож явахад, Нацаг минь таарсан юм гээд уйлдаг байж билээ.

Пидаа Нацаг байхаасаа байхгүй нь их, уурлахаасаа инээх нь олон бөгөөд, хагас сар явж ирэхдээ мах сүү, хоол ундаар гал тогоогоо дүүргэж орхидог байв. 
Харин хүний урманд өдөж хоргоосон үг хаяж, өвөр түрүү маажиж малтах араншин гаргадаггүй тул битүүхэн хүлээгээд байгаа юм шиг, шөнө орой нойр сэргэн, сэм сэмхэн чагнаархаж хэвтсээр үүр цайлгаад, өглөө нь өөрөөсөө ичих шиг санагддаг болжээ.
Тээвэрт явсан хойгуур нь хиртэй хэдэн цамцыг нь угааж, суудаг Саран хурдан ирэхгүй юм байхдаа гэж машины дуу чагнан хүлээгээд байдаг болсноо өөрөө ч анзаарахгүй байлаа. 
Гэтэл нэг орой холын тээврээс ирээд, машин тэргээ тавин, хүнтэй уулзана гэж хэлэн гарч яваад, шөнө дунд өнгөртөл алга болоход нь эхэндээ хоолыг халааж хүлээн, одоо л ороод ирэх байх гэж хөлийн чимээ чагнаж байснаа сүүл сүүлдээ хэн нэг хүүхнийд хоноглож байгаа юм шиг бодогдож, хардаж харамлах сэтгэл өөрийн эрхгүй үерлээд байлаа.
Гэтэл шөнийн хоёр цагийн үед хоёр найзаараа хүргүүлэн, өөрийн ухаангүй согтуу орж ирэхэд нь санаа нь амрах шиг болж билээ.
-За Саран минь манай муу пидааг хайрлаж яваарай. Миний найз чинь ховорхон олдох эр хүн шүү гэж тультраасан нөхрөө нөгөө найз нь чирч гарахдаа
-Эр эмийн дунд илжиг бүү жороолоо гэсэн хуучны үгтэй юм. Архидаад ирэхэд нь хүлээгээд сууж байгаа ийм сайхан эхнэр пидаа та хоёрт олон таарахгүй шүү гэхийг сонсоод, баярласандаа уйлчихмаар санагдаж билээ. Согтуу хүмүүсийн дуугаар сэрсэн охидоо унтуулсны дараа, ширээ дэрлэн хурхирч байгаа Нацагийн орыг нь засаад, сугадаж чирэн, авчирч, гутал хувцасыг нь тайлан хэвтүүлтэл, согтуу хүн сохор ухаантай гэгчээр гарынх нь бугуйнаас зөөлөн атгаж, өөрлүүгээ татсанаа, үг дуугүйхэн тэврэн авахад нь түлхэх тэнхээ хүрсэнгүй.
– Би та дөрвийг ирээгүй байхад, гэртээ ирэхээс дургүй хүрдэг байлаа. Харин одоо бол хичнээн ядарсан ч гэрлүүгээ яардаг болсоон. Охид чинь надад дасч, би та дөрөвт хайртай болсоон. Охидоо өсөхийн цагт орхиод явчихвал би гомдох хүн биш шүү гэж чихэнд нь шивэгнэх согтуу эрийн тачаалыг тэгтлээ их хүлээж байсан мэт энгэрт нь шигдэж, элгэнд хярж билээ.
Түүнээс хойш олон жил өнгөрчээ. Хөөрхий зайлуул хүний хүүхдүүдийг өөрийн үр шиг хайрлан, өдөр шөнөгүй тэдний төлөө зүтгэж яваа нөхөртөө удам судрыг нь залгах ганц хүү гаргаж өгөхсөн гэж мөрөөдөн хүлээвч, санаснаар болдоггүй хорвоог яалтай билээ. Өлгийтэй ирсэн бага охиноо арван нас хүрдэг жил 
-Өвгөөн уг нь би чамдаа ганц хүүхэд гаргаж өгөхсөн гэж олон жил мөрөөдсөөр өдий хүрлээ. Насны танагтай дээр хоёулаа ганц банди өргөөд авчих уу гэж аргадан гуйвал, эхнэрийнхээ зүг огцом харснаа
-Тостой гараар баримгүй гурван сайхан охин байхад, өөр хүүхдээр яахав. Удахгүй зээ хүүхдүүдийн хөлд дарагдана. Тэгээд ч чамд биш надад учир байгаагаа би мэднэ ээ гэчихээд гараад явчихаж билээ. Өдий олон жил амьдрахдаа өвгөнийхөө эмзэг сэтгэлийг ойлгохгүй явсандаа өөртөө бухимдаж, хэд хоног гэм хийсэн гэмтэн шиг сэтгэл бэлбэгнэж явсан аж.
Гэтэл хүүхэн нас хулжиж, ахимаг нас айлчилсан тавиад насны босгон дээр ижий совин анирдаж, бие болоод сэтгэл нь дэгэлзэж хөөрөөд байхаар нь эмчид очоод үзүүлтэл, удаан гэгч харж суусан эмч хүүхэн
-Эгч минь хожуу насны жирэмслэлт байна даа. Ураг хэвийн, өсөлт зөв байгаа ч гэлээ таны насны хүнд хорих л ёстой гэж бодож сууна. Төрөхийн хүндрэл эх үрийн эндэгдэлд ч хүргэж болох юм гэхэд эмчийн үгийг дутуу хагас сонссон Саран
-За эмч минь яадаг ч байсан тээж төрүүлнэ. Энэ хүүхдийг л гаргаж байвал, эгчийнх нь амь хайран биш гэж хэлээд гүйж гарав. Ойрхон замд, тээвэрт явсан нөхрөө хүлээн, залуухан бүсгүй шиг гэгэлзсээр өдрийг бараад, арайхийн гадаа машин ирэхэд охидуудтайгаа уралдан гарав.
Пидаа Нацагийнхаа толгой дээр ус хийж өгөн, үсийг нь угаагаад,
-За чи минь хүүтэй болсон доо гэж инээд алдан аальгүйтвэл,
-Хүүе цаад Гэрлээ чинь үү гэж асуугаад тачигнатал инээв.
– Бишээ тэнэг пидаа минь гэснээ өөрийнхөө хэвлийрүү заавал, урам хугарсан харц шидэн, 
-За ингэж тоглоод яахнав дээ гээд гомдсон царайтай гараад явчихав.
-Энэ муу пидаа чинь арай намайг өөр юмнаас хүүхэдтэй боллоо гэж бодмооргүй юм аа гэж гайхан, араас нь гарвал, хашааны буланд хураасан түлшний модон дээр сууж байлаа.
Эмчийн хяналтанд орсон бичгээ барин очоод, 
-Чи яасан баярлахгүй байгаа юм уу. Бурхан чи бид хоёрт үр хүүхэд хайрлаж байхад гээд бичиг баримтаа өгвөл үг дуугүйхэн харж суусан Нацаг өөрийгөө чимхэн, 
-Ёо гэж хашгираад, галзуурсан мэт хэсэг инээв. Дараа нь эхнэрийнхээ хэвлийд нүүрээ наан чив чимээгүй уйлж, ээ пидаа, ээ пидаа би ямар азтай пидаа вэ гэж хэсэг үглэсэн ажээ.
Үрийн заяа гэдэг ирэх цагтаа л ирдэг бололтой.

Соёрхын Пүрэвсүрэн. 2018.02.13

1 Comment

  • Editor Editor Posted October 31, 2019 5:19 pm

    best

Add Comment

Leave a Reply to Editor Editor Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *