p.justify { text-align:justify; }
“Хүрээний ганган хүүхнүүд” цуврал-4

ДАНЖААДЫН ГЭРИЙН ХОРИОНД ОРСОН “ДЭГЖИН” САРАН

Гучаад оны үед Нийслэл хүрээнд “Дэгжин” Саран хэмээх царайлаг хүүхэн нэг хэсэг мандан бадарчээ. Ядуу айлын царайлаг охин тэрбээр эхэндээ тийм ч дэгжин байсангүй. Харин хүрээний баян хужаатэй дэр нэгтгэсэнээр олон түмнээс “Дэгжин” хэмээх алдрыг хүртэх болжээ. Түүний охин Улаанхуаран мөн л ээжийнхээ замаар орж баян хятадын гэргий болж явсан бөгөөд тэрбээр одоогоос хэдэн жилийн өмнө ээжийнхээ тухай энэхүү дурсамжжийг хүүрнэж билээ. “Миний ээж Саранг гуч, дөчөөд оны Улаанбаатарчууд андахгүй. Одоо даанч тэр үеийн хүмүүс цөөрсөн байна. Ээж маань өөрийнхөө дур хүслээр баян хятадтай дэр нэгтгэсэн хэрэг биш. Ерөөсөө л аав ээж нь амьдрахын эрхэнд түүнийг худалдчихсан юм гэдэг. Ээжийг маань үеийнхэн нь жигтэйхэн сайхан хүүхэн байсан гэж ярьдаг байлаа. Би ч ээжийнхээ сайхан явсаныг зах зухаас нь гадарлана. Урт нарийхан соруулаар тамхи татаад л, халуун ханзан дээр хэвтэж байдаг, заримдаа шанз хөгжим тоглоно. Минж ч билүү, юу ч билээ, нэг ангийн үсэн хөнжилтэй. Ажил ч хийхгүй, хэвтэж л байна. Бид хятад аавыгаа Даадаа гэж дууддаг байлаа. Ээж, Даадаа хоёр хуруувчин чинээ мөнгөн хундаганд данх шиг том алтан гүцнээс архи хийж уудаг байлаа. Манайх гуанз болон нарийн боовны мунхлагтай, хятад тогоочтой байсан. Тэр тогооч нь яг л ээжийн нөхөр гэсэн үг. Нэмнээтэй юм шиг хөвөнтэй өмд, цамцнаас салахгүй. Сайран сайран алхаатай. Харин тэр хоол хийхдээ гаргууд сайн. Даадаа ээжийг Жунгаа гэж дуудна. Жунгаа гэхэд ээж хачин дуртай. Бид нар тэгж дуудахаар нь инээд хүрээд байдаг байлаа. Жунгаа гэдэг чинь улаан хошуутай шувуу шүү дээ. Ээж маань 20 настайдаа өөрөөсөө хорин насаар ах Даадаатай суугаад намайг гаргасан. Ганган гэж жигтэйхэн. Ээж маань хуруу болгондоо шахуу алтан бөгжтэй, хачин том алтан ээмэгтэй байлаа. Хүмүүс түүний ээмгийг харчихаад “Чихтэй нь хамт хуу татаад зугтчихмаар лут ээмэгтэй юм байна. Энийгээ зүүгээд орой үдшийн цагаар ганцаараа гадагш гарав даа. Тэгвэл чи ээмэггүй болохоос гадна чихгүй болно шүү” гэж сануулдаг байж билээ. Ээж маань торгон дан дээл өмсчихөөд орон дээрээ буруу харж тамхи татаад л хэвтэж байна. Хааяа өндийгөөд нүүрээ тольдоно. Цагаан будааны бэрээсэнд их дуртай. Хятад тогоочийг бэрээс хийж өгөхөд баярласандаа түүнд шанз тоглож өгдөг байж билээ. Манай хашаанд том том улаан цэцэг ургадаг байлаа. “Та нарыг тасдах юм бол хурууг чинь тайраад нохойд хаяж өгнө шүү” гэж Даадаа айлгадаг байсан болохоор бид тийшээ зүглэх ч үгүй. Тэр нь хар тамхины ургамал байсныг бид их хожуу мэдсэн. Даадаа зун ногооны талбай эргэхээр явахдаа аймаар олон голио хувинд хийгээд авчирна. Тэгээд баахан ногоо амталж хуураад даргитал буцлаад ирэхэд нь гурилаа дөрвөлжин хэрчиж хийгээд л нөгөө арвалзсан голионуудаа цацахад нэг нэг гурил зуураад бууз шиг бөөрөнхий болчихно. Тэгээд л бид иддэг байлаа. Хачин гоё амттай. Тэр байтугай Даадаа могой жигнэж иддэг байсан. Тос нь гоожсон яг л хонины чихсэн хошного шиг зөөлхөн. “Хятад хүн ямхын богино гишэгдэлтэй, дэлхий шиг уужим сэтгэлтэй” гэж Даадаа бидэнд сургадаг байлаа. Зарим шөнө тэр ээжийг зоддог байсан. Царайлаг сайхан болохоор нь монгол эрчүүдтэй харддаг байсан биз. Ээж маань хааяа орноосоо босоод гадаа нарлахдаа наран цэцгийн самар цөмөөд л суугаад байна. Зайлуул монгол эрчүүдтэйгээ уулзахыг хүсдэг байсан биз. Даанч Даадаа түүнийг гадагш нь гаргахгүй. Ялангуяа хүрээнийхэнээс “Дэгжин” Саран гэдэг алдрыг хүртсэнээс хойш Даадаа түүнийг гэрийн хорионд оруулсан гэдэг юм. Ээж маань хэдий сайхан төрсөн ч өөрийнхөө эрхээр жаргаж чадаагүй. Хүний эрхэнд зовсоноос өөрийнхөө эрхээр жарга гэдэг үг юутай үнэн болохыг би ээжийнхээ амьдралаас гадарладаг болсон доо.

Хятадууд үхэхээсээ өмнө авсаа бэлддэг гэдэг үнэн шүү. Даадаа нэг их том хүрэн авс бэлдэж билээ. Тэр нь амбаарт хэвтэж байна. Бид түүн дотор нь нуугдаж тоглодог байлаа. Даадааг нас барсаны дараа ээж шөнө зүүдлээд унтдаггүй байлаа. Орилж хашгираад л босоод ирнэ. Яасан бэ гэхээр “Даадаа чинь зүүдэнд хүрч ирээд мөнгө төгрөг, үнэт эдлэлээ нэхээд, хамаг юм түжигнүүлээд байна” гэж хэлнэ. Тэгээд ээж Даадаагаас үлдсэн хашаа байшин, эдлэн газрыг зараад тухайн үеийн Усны гудамжны Шар дэлгүүрийн ойролцоо нэг шавар байшин худалдаж авсан. Даадаа өөд болсоноор ээж маань жинхэнэ эрх чөлөөтэй болсон доо. Өдөн цагаан малгай тавьчихаад, дугуй унаад л, үйтэн хуарыг өнгө өнгөөр нь сольж өмсдөг ганган авгай үе үе ший янгуунд очно. Тэр үед ээж маань “Хайран сайхан залуу нас минь Даадаатай цуг өнгөрчээ. Би хичнээн ганган дэгжин ч хөгширч яваа болохоор утгагүй санагдаад байх юм. Энэ алтан ээмэг, бөгжнүүд залуу насыг маань орлож чадахгүй юм байна. Залуу сайхан нас маань Даадаагийн халуун ханзан дээр шал дэмий өнгөрчээ” гэж гасалдаг байлаа. “Нүгэл буян” кинон дээр “Энэ хүрээ гэдэг бүсгүй хүний гоо үзэсгэлэнг бүр ч их сордог” гэж Тоохуар авгай хэлдэг шүү дээ. Ээж маань яг л ийм болсон. Хэнээс ч сурсан юм бүү мэд, ээж маань үхэхээсээ өмнө есөн цагаан зоосоор мэргэлдэг болчихсон. Сүүлдээ ший янгуунд ч очихоо болиод халуун ханзан дээрээ хангинатал ёолоод л хэвтдэг болсон. Тэгээд нөгөө есөн цагаан зоосоороо есөн хар нүглээ цайруулна гээд орон дээрээ завилж суучихаад мэргэлдэг байж билээ. Хөөрхий, тэгээд удалгүй савны хорт хавдраар нас барсан даа. Ер нь дээхэн үед хятад хүнтэй суусан монгол хүүхнүүд амьдралынхаа төгсгөл үед зовлон үүрэх нь их байдаг байлаа. Яг л “Нүгэл буян” киноны Тоохуар авгай шиг. Би ч бас ээжийнхээ замаар орсон. Одоо үр хүүхэд ч байхгүй зовж л явна”.

ХАЙТАНГИЙН ХАШААНД ХАДАГДСАН ДАЛАЙ ВАНГИЙН МӨНХТӨМӨР

19-р зууны сүүлч, 20-р зууны эхэн үед Да хүрээний зүүн өмнөд хэсгийн “Гоожингийн гудамж”-нд Далай вангийн Мөнхтөмөр хэмээх сайхан хүүхэн амьдарч байсан бөгөөд хожим түүний хашаанд жанжин Д.Сүхбаатарын эцэг “Цагаан дээлт” Дамдингийнх ирж суурьшсан гэдэг. Гэхдээ энэ нь Мөнхтөмөрийн эцэг эхээсээ өвлөсөн хашаа биш, түүний нөхөр Хайтан хэмээх баян хятадын хашаа байж. 19-р зууны сүүл үед “Гоожингийн гудамж”-ийг хувийн худалдаа, үйлдвэрлэл эрхэлдэг Хайтан гэгч анх үүсгэжээ. Энэ тухай манай судлаачдын бичсэн “Хүрээний зүүн өмнөд хороо харчууд” хэмээх өгүүлэлд бас дурдсан байх аж. Жишээ нь “1920-иод оны үед Гоожингийн гудамжны баруун жигүүрт хойноосоо гурав дахь хашаанд Хайтан гэгч хятад, цахарын эрлийз суудаг байв. Энэ хүн Мөнхтөмөр гэгч монгол эхнэртэй, тэр нь Сэцэн хан аймгийн Далай вангийн хошууны харьяат Даваагийн ойрын хамаатан учир түүний бэлбэсэн эхнэр Хишигтийнхийг хашаандаа суулгасан. Бас энэхүү Хишигт нь Сүхбаатарын дүү Долгоржавыг үрчилж авсанаараа урагсаж 1909 онд Сүхбаатарын эцэг “Цагаан дээлт” Дамдингийнх энэ хашаанд суух болжээ” гэж өгүүлсэн байх бөгөөд жирийн нэг худалдаачин Хайтан, түүний эхнэр Мөнхтөмөр нарын нэр ийнхүү түүхэнд бичигдэж үлдсэн нь жанжин Д.Сүхбаатарын нэр сүртэй холбоотой болов уу. Хэрвээ Хайтангийн хашаанд хэн ч биш нэг этгээд сууж байсан бол ингэж нэр нь дурдагдахгүй байх байлаа. Гэхдээ Хайтан гэгч нь тухайн үедээ Да хүрээнд бас л зартай нэгэн байж. Тэрбээр “Гоожингийн гудамж”-нд үүсгэсэн жижиг дэлгүүрээрээ ихэд алдаршсан тул түүний гудамжийг нэг үе “Хайтангийн гудамж” гэж нэрлэдэг байжээ. Харин 1913 оноос эхлээд уг гудамжны урд аманд Сангийн яамны ойн түрээс бичдэг газар буй болж, хүрээнийхэн энэхүү ажлыг Монголд анх сэдсэн орос сургагч А.Козин гэгчийн нэрээр “Козингийн яам” гэх болсон бөгөөд яваандаа энэ нь “Гоожингийн гудамж” болж сунжирсан байна. Энэхүү гудамжны ганц бийлэгжүү эр болох Хайтан гэгч нь царайлаг эхнэр Мөнхтөмөрийгөө хашаа хорооноосоо гарахыг эрс хориглодог байж. “Хай, алтан саатай хоргой дээлтэй, сувдан гуталтай, ганган чамайг хараад монгол эрчүүдийн нүдний хор унана” гээд эхнэрээ гэрийн хорионд байлгадаг байсан гэх бөгөөд царайлаг эхнэрийг нь харахын түүс болсон ойр хавийн нь эрчүүд,
“Хайран сайхан хүүхэн
Хятадын хашаанд өтөллөө
Ханчин сувдан гутал нь
Ханзны ёроолд үгжирлээ
Далай вангийн Мөнхтөмөр
Данжаадын өвөрт хөгширлөө
Даавуун хоргой дээл нь
Дараастай чигээрээ торлогдлоо”
гэх мэтээр шоолдог байжээ. Гэхдээ Хайтангийн энэ арга нь тухайн цаг үедээ өөртөө болон эхнэртээ зөвдөж байсан байна. Учир нь Ардын хувьсгал ялан мандсаны дараачаар баян хятадуудтай дэр нэгтгэсэн монгол хүүхнүүд олон түмэнд нүд үзүүрлэгдэх болсоноор хятад эр нь ч тэр, халх хүүхэн нь ч тэр Да хүрээний гудамжаар явахад их л хэцүү болжээ. Сүүлдээ хятадуудтай суусан монгол хүүхнүүд зохиолчдын анхааралд өртөж элдвээр бичигдэх болсон байна.

Энэ тухай жүжгийн нэрт найруулагч, зохиолч Д.Намдаг агсан жараад оны үед зохиолч Л.Түдэв гуайд маш нарийн мэдээлэл өгсөн байдаг. Тухайн үед түүний яриаг тэмдэглэлийнхээ дэвтэрт бичиж авсан Л.Түдэв зохиолч 2005 онд хэвлэгдсэн “Үзэг чихаруун, шүд хавируун” хэмээх номондоо тэрхүү тэмдэглэлээ дэлгэн тавьж байлаа. Товчлон сийрүүлбээс: “…Зохиолч Ядамсүрэн хятад хэл сайтай байсан. Тиймээс ч түүнийг Манжуурт авч явсан юмдаг. Тэрний эгч, дүү хүүхнүүд ч хятад хүнтэй суусан байв. Өөрөө ч бас нэг ийм юманд орж билээ. Тэр үед хүрээнд нэг ганган авгай байв. Бээжин аялгуугаар ярина. Бас хятад шийнд хятадаар тоглоно. Ер нь авъяас билэгтэй, зүс царай сайхантай хүүхэн байв. Хүрээний харчуул түүн рүү хошуурна. Гэтэл Ядамсүрэн сургуулиа орхин тэр хүүхэн рүү гүйгээд болж өгдөггүй болж дээ. Багш нь Цэрэндорж гуай байсан юм гэдэг. Тэгээд арга барахдаа Цэрэндорж гуай Эвлэлийн төв хороон дээр ирж “Би нэг шавьтай юмсан. Одоо замаа алдах нь. Та бүгд нэг аргалж өгөөч” гэхэд цаадуул нь “Өө, таньд бид яаж хүрэх вэ. Та л өөрөө аргалж үз” гэжээ. Цэрэндорж гуай Шүүх яаман дээр очиж “Би ч аргалж болох юм, гэхдээ хуулиас л гадуур юм хийчих гэх бий дээ” гэж. Тэгээд нэг өдөр Ядамсүрэнг банздуулж орхисон юм гэдэг шүү. Цэрэндорж гуай сайн болгож тавьсан юм. Банзадсаныхаа дараа нарийн бичгийн даргаараа ажиллуулсан юм даа. Тэр үед хөдөөнөөс хотын сургуульд хүүхнүүд ирээд л удалгүй алга болчихдог байв. Тун удалгүй баян хятад худалдаачны авгай болчихсон ихэмсэгээр явж байдаг буюу замаа алдан завхардаг байв. Иймд бид тэр байдлын эсрэг зохиол бичих болов. Ядамсүрэнгийн “Залуу хос”, “Гурван хүүхэн” зэрэг зохиол тэгж гарав. Бас бус зохиолчид ч тийм юм бичив. Тэр үед театрын дарга Гомбожав жаахан задгай амтай. “За энэ хятадтай хүүхнүүд суухыг эсэргүүцсэн юм бичээд л байна. Ядамсүрэн нөгөө эгч дүү нараа яах юм бол. Цөм хятадтай суучихсан” гэж ирээд л шоглон дамшигладагсан…” гэж өгүүлсэн байх бөгөөд энэ нь ёстой л үзэг чихаруун, шүд хавируун мэдээлэл мөн болой.

Зохиолч, яруу найрагч Б.Ойдов

З

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *