p.justify { text-align:justify; }
“ТОНШУУЛ”

“ТОНШУУЛ” СЭРГЭЭСЭЙ ГЭСЭН АСАР ОЛОН ХҮНИЙ ХҮЛЭЭЛТИЙГ БИД ХҮНДЭТГЭСЭН

Монголын үе үеийн уншигчдын дотнын танил, 84 жилийн түүхтэй, улс төр уран сайхны “Тоншуул” сэтгүүл эргэн сэргэж, цуврал ном хэлбэрээр гарч эхэлж буй нь Номын баярын өдрүүдтэй давхцаж байна. Энэ бол шог зохиол, шог зурагт шимтэх дуртай монголчуудын хувьд том баяр юм. Тус цувралын редакцийн зөвлөлийнхөн МУСГЗ шог зураач Самандарийн Цогтбаяр, МЗЭ-ийн болон Ч.Лодойдамбын шагналт зохиолч, шог зураач Алтангэрэлийн Амарсайхан нарыг “Номын ертөнц” сэтгүүлийн хойморт урилаа.

-Юуны өмнө та бүгдэд баяр хүргэе. “Тоншуул” маань яагаад хэлбэрээ өөрчилж, цуврал ном болж гарч эхэлж байгаа юм бол?
С.Ц: Манай “Тоншуул” цагтаа 135 мянган хувиар хэвлэгдэн гарч түүхэн рекордыг тогтоож байсан, Монгол хүн бүр мэддэг, Монголын үндэсний том брэнд. Шог зохиолчид, шог зураачдын уран бүтээлээ ард түмэндээ хүргэдэг индэр нь юм. Сэтгүүл 2006 оныг дуустал хэвлэгдэн гарч байснаа түр зогссон. Энэ хугацаанд манай шог зохиолчид, шог зураачид үзэг бийрээ эгшээгээгүй, бүтээж туурвисаар л байсан. Биднийг хаа ч явсан хүмүүс “Тоншуул гарч эхлэхгүй юм уу?” гэсэн нэг л асуултаар яриагаа эхэлдэг. Тоншуулыг сэргээсэй гэсэн асар олон хүний хүлээлтийг бид хүндэтгэж “Тоншуул”-аа эргэн сэргээж байна.


А.А: Сэтгүүл хэлбэрээ өөрчилж байгаа нь учиртай. Аливаа сонинд гарч байгаа мэдээ нэг уншаад л хуучирчихдаг бол манай “Тоншуул”-д ихэвчлэн цаг хугацаанаас хамааралгүй хошин шог зохиолууд, шог зургууд, онигоо хошигнол, нутаг нутгийн шог, хоржоонтой ярианууд нийтлэгддэг. “Тоншуулын шинэ шилмэл бүтээл №1”-ийг маань жилийн дараа уншсан ч, арван жилийн дараа уншсан ч үнэ цэнээ алдахгүй таныг инээлгэж, стресс тайлж амраасаар л байх болно. Ийм л учраас он сар өдөр бичсэн хэвлэл биш зөвхөн цувралын дугаараа №1, №2, №3 гэж бичсэн цуврал ном байх нь оновчтой гэж манай уран бүтээлчид зөвлөлдөөд шийдсэн.


-“Тоншуул” ном болсон гэхээр ямаршуу өнгө төрхтэй болоо бол, гэж уншигчид тэсч ядан хүлээж байгаа байх даа?
-С.Ц: Юуны түрүүнд сэтгүүлийн хуудсаар дамжуулж, “Соёмбо принтинг” ХХК-ийн ерөнхий захирал Д.Лувсандоржид баярлалаа гэж хэлье. Энэ хүнтэй хамтарч ажилласны хүчинд л “Тоншуул” маань дахин төрж байгаа. Хатуу хавтастай, бүх нүүр өнгөтөөр, сайн чанарын шохойтой цаасан дээр, орчин үеийн хэвлэлийн бүх тэргүүний технологийг шингээсэн маш сайхан ном болон “Тоншуул” хэвлэгдэн гарч байгаа. Монголын үе үеийн уран бүтээлчдийн бий болгосон үнэ цэнэтэй брэндийг үнэ цэнэтэйгээр хэвлэх ёстой гэж “Соёмбо” комапанийнхан маань сэтгэл гаргасан.


А.А: Ямар ч хүн харсан “Тоншуул” сэтгүүлийн маань өнгө төрх мэдрэгдэж, танил дотно мэдрэмж сэрж байгаасай гэх үүднээс “Тоншуул” гэсэн 70, 80 аад онд гарч байсан сэтгүүлийн танил шрифттэйгээр 2002 онд дахин сэргэх үед С.Цогтбаяр зураачийн маань шинэчилж дизайныг нь гаргасан сэтгүүлийн толгой хэвээрээ байгаа. Нүүрний өнгө аяс, дизайн нь уламжлалаа хадгалсан байдлаараа, наргиатай шог зурагтайгаар хэвлэгдсэн байгаа. Харин дотор хуудасны дизайныг нь орчин үеийн хэвлэлд нийцүүлэн шинэлэгээр шийдсэн. Манай “Тоншуул”-ын хэвлэлийн дизайнер С.Давааням дизайны маш өвөрмөц дэгжин шийдэл хийсэн байгаа.


-“Тоншуул” цувралд орж байгаа бүтээлүүд маань агуулга тал дээрээ мэдээж шинэчлэгдсэн байж таараа. Энэ талаар өгүүлбэл?
-С.Ц: Мэдээж агуу их Цэгмидийн Байды, агуу их Цэндийн Доржготов хоёргүйгээр “Тоншуул”-ыг төсөөлөх аргагүй. Энэ хоёр багшийн маань шинэ бүтээлээр эхний цуврал маань эхэлж байгаа. Шог зургийн хувьд Ц.Байды багш болон Ц.Намжилдорж нарын сэтгэлгээний шог зургуудыг онцолж тэмдэглэх ёстой. Төрсөн ах дүүс энэ хоёр шог зураачийн сүүлийн үед зурсан шинэ шог зургууд нийтлэгдсэн. Н.Оргил, А.Бат-Эрдэнэ хоёр шог зураач маань Монголын шарж буюу нөхөрсөг шог зургийн төрлийг авч яваа. Энэ цуврал дахь дээрх хоёр зураачийн донжтой, наргиатай шаржуудаас уншигчид сэтгэлийн таашаал авна гэдэгт итгэлтэй байна. Оргилийн шаржууд ур хийцийн хувьд маш өвөрмөц болоод байгаа.


А.А: Шог өгүүллэг фельетоны хувьд Төрийн шагналт Б.Цэнддоогийн бүр нэг цээжний гүнээс ёргиж ёжилсон фельетонууд энэ удаагийн цувралын онцлох нийтлэл болж байгааг хэлье. Залуучуудаас нийтлэлч Гамп, Артаньян нэрээрээ уншигчдын танил болсон Д.Түмэн-Өлзий, Д.Билгүүн нарын бүтээлүүдийг нийтэлсэн. Энэ хоёр бол “Heard with the eyes” буюу “Нүдээр сонсох” хэмээх аман ярианы дуудлагаар бичдэг шинэ арга барилыг Монголын шог зохиолд оруулж ирсэн хүмүүс. Гадаад хэлний багш мэргэжилтэй Д.Баясгалан гээд залуу зохиолчийн шинэлэг сэтгэлгээтэй фельетоныг бас онцлон хэлэх ёстой.


-“Тоншуул” хэсэг хугацаанд завсарласан болохоор уран бүтээлчдээ буцаан дуудаж, бүтээлийг нь бүрдүүлнэ гэдэг хэцүү байв уу?
-С.Ц: Хэдий сэтгүүл түр зогссон байсан ч “Тоншуул” уран бүтээлчдийг нэгтгэсэн төрийн бус байгууллагынхаа үүргийг гүйцэтгэсээр л байсан. Бид байнга холбоотой байж, шинэ номын нээлтүүд, шог зургийн үзэсгэлэнгүүд дээр цуглардаг. Нэгэндээ тохиосон баярт үйл явдлыг нэгдмэл нэгэн сэтгэлтэйгээр хамтдаа тэмдэглэж, тохиолдсон уй гашуугаа хамтдаа давж байсан. Энэ тал дээрээ “Тоншуул” зогсоогүй, үйл ажиллагаа нь хэвээрээ явсаар өнөөдрийг хүрсэн.


А.А: Амьдрал л юм хойно энэ хугацаанд олон сайхан уран бүтээлчид биднийгээ орхин одсон байна. Өнгөрсөн онд шог зураач Д.Далайдээрх, энэ он гармагц МУСГЗ, шог зохиолч И.Цэрэнжамц мөнх бусыг үзүүлсэн. Энэ хоёрын маань сүүлд туурвисан бүтээл энэ цувралд нийтлэгдсэн. Ний нуугүй хэлэхэд зарим нэг уран бүтээлчдээсээ холбоо тасарчихаж. Налайхаас Л.Бархүү гээд өвөрмөц сэтгэлгээтэй шог зургууд ирүүлдэг байсан залуутай, Өвөрхангайн Б.Батчимэг гээд сайн фельетон бичиж эхэлж байсан бүсгүйтэй холбоо барьж амжихгүй л явна. Цаашдаа уран бүтээлчидтэйгээ холбоо харилцаагаа сэргээж, улам олон уран бүтээлчдийг цувралууддаа багтаана гэж зорьж байгаа.


-“Тоншуулын шинэ шилмэл бүтээл” цувралыг ямар давтамжтайгаар хэвлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-А.А: Эхэн үедээ хоёр улиралд нэг цуврал гаргана гэсэн төлөвлөгөөтэй байна. “Тоншуул” сэргэснээр шог зохиолчид, шог зураачид маань идэвхжиж таарна. Тэгэхээр яваандаа улиралд нэг удаа, улам идэвхжээд, шижигнээд ирвэл далайцаа нэмээд, сард нэг цуврал ч гаргадаг болно гэсэн өөдрөг бодол бий.


-Тоншуулын шинэ шилмэл бүтээл №1 цувралд ямар зохиолч зураачдын бүтээл орж байгаа вэ?
-С.Ц: Ц.Байды, Ц.Доржготов, И.Цэрэнжамц, Б.Цэнддоо, Н.Даваадаш, З.Ядмаа, Б.Монголхүү, Л.Өлзийбат, Ц.Намжилдорж, Т.Бямбадорж, А.Бат-Эрдэнэ, Н.Оргил, М.Амархүү, С.Болдоо, Г.Баатарнум, Ж.Сарантуяа, Ж.Нямдорж, А.Амарсайхан, Д.Жаргалсайхан гээд манай шог зохиолчид, шог зураачдын шог өгүүллэг, фельетон, шог зургууд, егөө хошигнолууд орж байгаа. Манай Баакийн онигоонууд тусдаа булан болж нийтлэгдсэн. Шинэ залуу уран бүтээлчид ч олноор төрөн гарсан тэдний бүтээлүүд ч олноор орсон.


А.А: Шог зураачдаас хамгийн идэвхтэй ажилладаг, сошиалд өдөрт хоёр гурван зураг нийтэлчихдэг хүн бол С.Цогтбаяр ах маань. Энэ хүний олон шог зурууд цуврал №1-д орсон байгаа. “Тоншуул” эргэн сэргэсэн 2002 оноос хойш шог зохиол шог зурагт орж ирсэн Ц.Ганбаатар, Д.Баясгалан, Д.Мянганзам, Д.Самдан, Гамп, Артаньян, Б.Жамбалсүрэн гээд шог зохиолч, шог зураачдын бүтээлүүд орсон байгаа. Сүүлийн үед цор ганц эмэгтэй шог зураач болчихоод байгаа Ч.Цэцэгдарийн шог зургууд нийтлэгдсэн. Шагдайн Цэнд-Аюуш, Г.Дамба, Б.Ерэнтэй, Ж.Саруулбуян гээд манай “Тоншуул”-ын нэр хүндтэй зохиолч, зураачдын бүтээл энэ цувралд орж амжаагүй. Энэ хүмүүс маань дараагийн цувралаас эхлэн шинэ бүтээлүүдээ өгч эхэлнэ гэж амласан байгаа.


-Монголд шог зохиолын эрэлт бий, “Тоншуул” амжилттай байна гэдэгт итгэл үнэмшилтэй байна уу?
-С.Ц: “Тоншуул” бол нийгмийг өт хорхойг түүж эмчилж ирсэн. Хүний дутагдал доголдлыг егөө хошигнол, инээдмээр дамжуулж хэлэх бол монголчууд бидний цусанд байдаг зүйл. Монголын ард түмэн шог зохиол, шог зураг, егтлол хошигнол, ёргио наргианд дуртай, хошин шогийн гайхамшигтай мэдрэмжтэй. Тийм болохоор “Тоншуул” маань 70, 80 жил оршин тогтнож ирсэн, цаашдаа ч амжилттай байх болно.


А.А: Зарим нэг хүн танай “Тоншуул”-ын орон зайг хошин шогийн хамтлаг продакшнууд эзлээд суучихсан гэж хэлэх нь бий. Энэ бол эндүүрэл. Тайз дэлгэцийн хошин шог уран бүтээл гэдэг бол тусдаа зүйл. Шог зохиол, шог зураг гэдэг бол инээдмийг шал өөрөөр илэрхийлдэг. Тэгэхээр бидний орон зай сул хүлээж байгаа гэсэн үг. “Тоншуул” маань ажилттай байж, цаашид шог зохиолч, шог зураачдын арми эгнээгээ улам тэлсээр байх болно гэдэг итгэлтэй байна.

Ярилцсан Я.Одгэрэл

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *