p.justify { text-align:justify; }
Ээнээ “Соёлын шок”-нд орсон түүх

Энэрэл ЭЭНЭЭ /Нийтлэлч, блоггер/

“Соёлын шок”- нд орсон түүхийг минь сонсвол та нар лав элгээ эвхэн унаад ѳгѳх байх.
Улсын хил даваад урд хѳршийн онгоцны буудал дээрх “Гүйдэг цахилгаан шат” надтай хамгийн анх нүүр тулсан технологийн дэвшилтэт бүтээгдэхүүн байлаа. Миний хѳл хѳдлѳѳгүй байхад, маш сонин ѳѳрѳѳ намайг зѳѳгѳѳд л, хѳдлѳѳд л тун догь сэтгэгдэл тѳрүүлсэн сэн. Авдар шиг хүнд, дѳрвѳлжин улаан аялалын цүнхээ чирэн урт заалаар алхах явдлыг хэмнэж, хѳлийг минь амрааж ѳгсѳнд тэрүүхэндээ баярлаж, үгүй ээ баярлаж гэхээсээ илүүтэйгээр хѳх инээд хүрч явлаа. Урд үзээгүй зүйлс бүгд сонин хачин. Олон хүний дунд юм үзээгүйгээ мэдэгдүүлж болохгүй, ядаж инээхгүй байя гэвч, инээд минь барих тусам хариугүй дэлбэрэх гэж буй шаар шиг цээжинд минь багтаж дийлэлгүй тас тас хѳхрѳв.


“Соёлын шок” гэгч нь намайг дайрчээ. Анх “скай” худалдааны тѳвд хамгийн анхны цахилгаан шат орж ирсэнийг санана. Дээшээ доошоо явдаг цахилгаан шат. Дэлгүүрээс юм худалдаж авахаар биш тэр цахилгаан шатыг үзэх гэж хотын ѳнцѳг булан бүрээс хүмүүс цугладаг байсан үе саяхан мэт санагдана. Би тэдгээр хүмүүсийн нэг бѳгѳѳд тэр шатаар дахин дахин дээш доош явж тоглодог байв. Харин 2009 онд хотод маань дээшээ доошоо явдаг цахилгаан шат элбэгшисэн ч уртаа коридорт зориулагдсан урсдаг цахилгаан шат байгаагүй. Одоо ч байхгүй байх тийм ээ? Инээд хүрэх нь аргагүй байгаа биз?


Тэр ѳдрѳѳс миний “шок” ѳдрүүд эхэлсэн юм даа. Цоо шинэ бүтээгдэхүүнүүдээс аваад хувь хүний харилцаа, үйлчилгээ, залуучуудын ѳѳрийгѳѳ хѳгжүүлэх гэсэн хүсэл эрмэлзэл, тэмүүлэл, ѳрсѳлдѳѳн зэрэг нь урд харах нь бүү хэл дуулж ч байгаагүй нээлт байсан юм. Ѳѳрийгѳѳ жаатай, гаатай охин гэж боддог байлаа. Үгүй дээ, би зүгээр л ганц үлээхэд л хаашаа хийссэн нь мэдэгдэхгүй тоосонцор юм билээ. Намайг олон зүйл миний хэр жижигхэн амьтан бэ гэдгийг мэдрүүлсэн.


Тэр дундаа нийтийн тээвэр болох галт тэргийн чиглэлүүдийг заасан газрын зураг бол байж боломгүй толгой эргүүлэм зурааснууд байв. Улаан, цэнхэр, шар, бор гэх мэтчилэн ѳнгүүдээр алаглуулж тэмдэглээд хэдэн тийш нь мушгиралдуулаад эрээччихсэн. Бурханы гарын үсэг гэлтэй тэр тоо томшгүй зурааснуудын тайлбар нь гэсэн чинь баахан дѳрвѳлжин хадны сүг зураг шиг үсэгнүүд. Түүнийг хараад би гэрээ, сургуулиа олох учиртай гэхээр мѳрѳнд ачаалал мэдрэгдэж ар дагзаар хатгуулна.


Манайх шиг баруун урсгалгүй зүүн урсгалтай болохоор машин зам гарах гэж мунгинасан амьтан.. Дээлтэй “гар” анх Улаанбаатар хотод олон машинтай зам гарч үзэж байгаа аятай хѳгийн юм их болсон. Машинаас гадна хүмүүс нь хүртэл дандаа зүүн урсгалаа дагаад алхаад, дугуйгаа унаад сурчихсан тул би хаа нэг зүгрүү явах тоолондоо урсгал сѳрѳх хэрэг болно. Таг солгой нѳхѳр их удаан будилсоон.


Олон сонин содон зүйлсээс хамгийн жигтэй нь номонд улайрах залуус байлаа. Би худал яриагүй шүү. Тэд маш их уншдаг. Нийтийн тээврийн унаанд цүнхээ шалан дээр тавьж хоёр хѳлѳѳрѳѳ хавчисхийж зогсоод нэг гараараа бариулнаасаа бариад нѳгѳѳ гараараа номынхоо хуудсыг сурамгай гэгч нь эргүүлж уншина. Нүдний шилтэй ѳвѳѳ эмээ нар номоо жимбийтэл нь хавцаслачихсан уншиж харагдана. Сонин гарчиглах дундаж насны компаний ажилтангууд гээд надад маш сонин, онцгой санагдсан. Би л лав монголд гадуур ном уншиж суугаа хүн битгий хэл ангидаа сурах бичгээс ѳѳр ном уншиж суугаа хүүхэд нэг ч хараагүй юм чинь. Тийм ээ, тэд биднээс ялгаатай нь уншдаг. Цүнхнийх нь аль нэг тасалгаанд ном байж, сиймхий гарвал ѳнѳѳхѳѳ дэлгэнэ. Амаа цангахаар ус уудаг шигээ оюунаа цангахаар ном уншдаг. Зарим архаг уншигчийн шал нь хүнд номнууд ѳрж тавьсанаас болж цѳмѳрсѳн жишээ, уншсан номнуудаараа номын сан босгосон жишээ, гишгэх газаргүй болтлоо номоор дүүрсэн гэрээ том байраар сольсон жишээ гээд хүн үнэмшихийн аргагүй уншдаг хүмүүс бий.


Ам хамраа олохгүй гадаад орон магтлаа гэж бүү бодоорой. Тэнд бас арчаа муутай хүмүүс бий шүү. Зарим нь шалаа номоор дүүргэж байхад зарим нь гишгэх газаргүй болтлоо шалаа хогоор дүүргээд хѳлѳѳрѳѳ ярж унтах зайгаа бэлддэг хүмүүс ч байна. Хүний олон газар сурах, жигших зүйл тѳчнѳѳн л их тааралдах юм даа.
Ѳндѳр цамхаг, хурдны галт тэрэг ѳнѳѳ манайд үгүй ч сайн зохиол бүтээлүүд номын дэлгүүр, номын сангуудаар дүүрэн шүү, залуусаа. Улс орны хѳгжил ардын хѳгжлѳѳс эхтэй. Харин ардын хѳгжил номоос эхтэй биш гэж үү?
Тэдний эдэлж хэрэглэдгийг хэрэглэж чадахгүй байж болох ч тэдний уншдагийг бид уншиж чадна. Тэдний оюун юунд баясч байна, биднийх ч гэсэн баясаг. Аль болох ихийг унших хэрэгтэй, сайныг нь ч мууг нь ч хамаж унш. Ингэж унших явцдаа юунд илүү сонирхолтойгоо хүнээр хэлүүлэлтгүй мэдэх чадвартай болохвий. Үнэнийг хэлэхэд анхан уншигчид залхуутай санагдах нь бий, гэхдээ ямар ч зүйлийг удаан үргэлжлүүлбэл “зуршил” гэгч туслагч түшээд ѳргѳѳд ѳгдѳг. Залуу насандаа унших зуршилтай болоод авбал энэ насандаа алдсан ч эргээд босоод ирнэ гэдэгт би итгэдэг юм.

Ээнээгийн тэмдэглэл фэйсбүүк хуудас

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *