p.justify { text-align:justify; }
“Хүрээний ганган хүүхнүүд” цуврал-5

БОГДЫН НОГООН ОРДНЫ “ЦЭМЦГЭР” ХАНД

1900-гаад оны эхэн үед “Цэмцгэр” Ханд хэмээх бүсгүй Да хүрээнд царай зүс, авхаалж самбаагаараа тэргүүлж байсан байх бөгөөд энэ бүсгүй 8-р Богд Жавзандамбын хатан Дондогдуламын төрсөн эгч Дэндэвдулам, Богд хаантай нэг үе амраглаж байсан ч улсын эх дагина болох хувь дутсан “Ухаа хонгор” Юмнэрэн нартай үеэрхэх далимаараа Богдын ногоон ордоноор хааяа нэг наадам цэнгэл үүсгэдэг байж. Дэндэвдулам нь Хөвчийн жонон ван Цогбадрахын гэргий, Юмнэрэн нь Богдын таалалд нийцэж асан цуутай хүүхэн байсан болохоор Да хүрээний баян чинээлэг эрчүүд энэ хоёроос жийрхэж, харин нөхөр сүүдэргүй “Цэмцгэр” Хандтай суух гэж тэмүүлдэг байжээ. Гэвч хар багасаа сурвалжит хүний гэрт өсч торнин 16 насандаа Бээжин, Манжуур яваад үзчихсэн, бусдыгаа бодвол юм үзэж, нүд тайлсан “Цэмцгэр” Ханд баргийн эрд хариу өгдөггүй байж. Царай ялдам, бие эвлэг, ааш элгэмсэг нэгэн байсан ч өвсний шүүдэр шиг хайлаад өнгөрөх үзэсгэлэн гоогоор хорвоог байлдан дагуулж эс чадна гэдгийг тэрбээр тун сайн ухаарсан болохоор тухайн цаг үеийн зарим нэг хөнгөмсөг хүрээ хүүхний жишгийг дагаж баян луухаануудын өвөр дамжин самуурсангүй. Зүсний сайханд эрдэх аваас бүтэлгүй эрсийн биеийн ивээс, тачаалын шивээс болоод өнгөрнө гэдгийг тэр сайн мэддэг байж. Тиймээс “Цэмцгэр” Ханд Богд хааны өргөж авсан өнчин өрөөсөн хүүхдүүдийг эрдэм номд сургаж асан “Мэргэн бээс” Ишгомбо гэдэг тохитой томоотой хүнтэй амьдралаа холбосон байна. Гэвч тэр тун удалгүй Ишгомбоос салж сарниад сураг алдарсан байх жишээтэй. Ахмад сэтгүүлч Галсангийн Жамъян гуай Монголд анх газрын гүнд орсон, анхны уурхайчин Баянжаргалын Чойном гэдэг хүнийг нэхэн сурвалжлах явцдаа “Цэмцгэр” Хандын тухай бяцхан мэдээлэл олсоноо нэгэн нийтлэлдээ дурдсан байх аж. Жишээ нь “Б.Чойном гуайд нэгэн сонин учрал тохиов. Богд Жавзандамбыг хаан ширээнд заларсаны дараа манай сүсэгтнүүд тогтдоггүй хүүхдээ юмуу, өнчин өрөөсөн хүүхдүүдээ Богдын ивээлд хүртээхээр өгдөг байж. Ингээд 33 эрэгтэй хүүхэд цугларсаныг Богд лүндэн буулгаж торгон цэрэг болгох эрдэмд сургах “цэцэрлэг” байгуулан даамлаар нь Боржигон овгийн эрдэм номтой, харваач Ишгомбо гэдэг хүнийг томилон “Мэргэн бээс” цол хүртээж Ханд гэх залуу сайхан бүсгүйг хатан болгож өгсөн түүхтэй. Ишгомбо тэр хүүхдүүдээс Батсүх, Сандаг гэдэг хоёр хүүхдийг өргөж аван хүүхдээ болгосонд хатан Ханд нь “Надаас хүүхэд гарахгүйг яаж мэдэв” хэмээн дургүйцэн салаад, Ишгомбо ч эх дагина Дондогдуламын аягачин Цэнддулам гэгч царайлаг охиныг авч суусан юм билээ. Ишгомбо Цэнддуламтайгаа сууж, үрчилсэн хоёр хүүхэдтэйгээ хамт амьдарч, улмаар бээс зэрэг хэргэмээ цуцлуулан Ардын засагт хүчин зүтгэж байгаад 1930-аад оны сүүлчээр хөдөө гарч Төв аймгийн Баянзүрх сум, Налайх орчмоор амьдарч байгаад 1946 онд таалал төгсчээ. Хоёр хүү нь өсч том болж Батсүх нь нарийн төмөр замд, Сандаг нь Налайхын уурхайд ажиллах болов. Энэ үед Чойном талийгаач Ишгомбын эхнэр Цэнддуламтай суусан байна” гэж өгүүлжээ.

ЛОСОЛЫН ХАЙРЫГ ТАТАЖ ЯВСАН ЖАМЪЯН ГҮНИЙ ЧИМЭД

1920-иод оны үед Зүүн хүрээний мөргөлийн замын урд талын гудамжинд Ардын засгийн Гэгээрлийн яамны анхны сайд Онхотын Жамъян гүн суудаг байж. Энэхүү гудамж нь бас түүхтэй. 1919 оны 11-р сарын 16-нд Улсын дээд, доод хоёр хурал Сюй Шу Чжаны харгис тулгалтаар Монголын тусгаар байдлыг устгасан бөгөөд энэ өдөр Лосол, Жигмэддорж, Данзан, Догсом нарын хэсэг эх орончид Онхотын Жамъянгийнд цуглан хуралдаад “Шашин үндсээ хамгаалах хэрэгт амь бие, эд хөрөнгөө хайрлахгүйгээр тэмцэнэ” гэдгээ санал болгож, тэр шөнөдөө Богд хаанд бараалхаж байсан түүхтэй. Дээрхи саналыг дэвшүүлж очсон С.Данзан, Д.Догсом нарыг Богд хаан талархан дэмжиж, боов, чихрээр шагнаад гаргаж байсан гэдэг. Учир нь тухайн цагт хаан эзнийхээ гараас чихэр, боов авна гэдэг нь тэнгэрийн хишиг хүртсэнтэй ижил утгатай зүйл байж. Манай хувьсгалчдаас Жамъян гүнтэй хамгийн дотно харилцаатай, багш шавийн барилдлагатай байсан нь Лосол ажээ. Тухайн үед Жамъян гүнгийнх Чимэд хэмээх сайхан охинтой, түүнд нь Лосол ухаан алдталаа дурласнаар төдөлгүй Онхотын Жамъяангийн хүргэн болж хувирсан байна. Гэвч цуутай хүүхэн хуримгүй гэгчээр хүрээний ноёд баяд сайхан хүүхэн Чимэдэд сэтгэл алдарч эхэлжээ. Төдөлгүй Илдэн ван Доржпаламын хүү Пунцагцэрэнжалчуу гэгч Богдын зарлигаар Чимэдийг Лосолын өврөөс булаагаад авчихаж. Үүнээс болж Лосол дээдэст талгүй болж, энэ нь хувьсгалын үйл хэрэгт буруугаар нөлөөлсөн тухай зарим түүхч бичсэн нь бий.

ЦАГИЙН УРТАД МАРТАГДААГҮЙ “ЦАГААН САР”-ЫН ЯНЖИНДУЛАМ

“Цагаан сарын шинийн нэгэн
Болоод ирэвээ дээ хө
Цагаан эсгий гаднаа дэвсээд
Тэнгэр бурхандаа мөргөлөө дөө хө хө
Царайлаг төрсөн Янжиндуламдаа
Санасныгаа хэлэвэл дээ хө хө ай хө
Цагаан гурилын суумайг жигнэсэн чиг
Амт нь үгүй болно доо хө хө хө хө”
хэмээх ардын сайхан дууг сонсох бүрийд эрт цагийн хүрээний хөөрхөн хүүхэн нүдэнд тусмой. Энэхүү дуунд дуулагдан буй Янжиндулам нь бодит хүн ажээ. Тэгэхдээ бүр саяхан болтол амьдарч асан, тодруулж хэлбэл 1988 онд 90 настайдаа таалал төгссөн “эрт цагийн” урт настан байлаа. Ардын дуунд мөнхөрсөн Янжиндуламыг алтан үеийн жүжигчид андахгүй мэддэг, зарим нь түүнтэй уулзах гэж зориуд гэрт нь очиж байсан түүх бий. Харамсалтай нь дал, наяад оны үед Янжиндуламын нэр бүхий “Цагаан сар” дууг дуулуулах нь байтугай цагаан сар тэмдэглэхийг хориглож байсан удаатай. Харин өөрчлөн байгуулалт, ил тод байдал сэргэж ирсэн 1980-аад оны сүүл үеэс “Цагаан сар” хэмээх хүрээ дуу дуулагдах болсон билээ. Энэхүү дууг 1988 онд Монгол улсын гавъяат жүжигчин Ш.Даваахүү анх тайзнаа амилуулж байлаа. “Цагаан сар” дууг хятад бийрийн нарийн үзүүрээр зурж байгаа юм шиг цээл сайхан хоолойгоор уянгалуулсан гэх урмыг хүртэж явсан Ш.Даваахүү хүрээний хөөрхөн хүүхэн Янжиндуламын тухай дурсахдаа “Би 1988 онд ардын богино дууны улсын анхдугаар уралдаанд “Цагаан сар” дууг анх дуулж гуравдугаар байр эзэлж байлаа. Анх дууны үгийг хүмүүс огт мэддэггүй байсан. Харин манай хүргэн ах монгол хэл, уран зохиолын багш Гомбожав маань надад зааж өгсөнөөр энэ дууг амьдруулж олны сонорт хүргэсэн. Хүрээний хөөрхөн Янжиндулам гэдэг нь бодит, түүхэн хүн байхгүй юу. Тэр хүний хүүхдүүд 1988 онд намайг “Цагаан сар” дууг дуулж байх үед “Манай ээж 90 гарсан хөгшин амьд сэрүүн байгаа” гээд надад баярласнаа илэрхийлж билээ. Би ер нь хэнэггүй талдаа хүн. Тэр үед хүрээний хөөрхөн Янжиндуламтай уулзъя, хаана байдаг вэ гэж асуугаагүй. Удаа ч үгүй Янжиндулам гуай маань бурхан болсонд их харамссан. Да хүрээний их л сайхан хүүхэн байсан гэдэг. Тэгээд л энэ сайхан хүнд зориулж “Цагаан сар” дуу шинээр дуулагдаж байсан түүхтэй юм” гэж өгүүлсэн байх аж. “Гурван сарын шинийн нэгэн Болоод ирэвээ дээ хө хө Гуу жалгаар ургасан ногоо нь болвол доо Ганхаж найгаад ирэвээ дээ хө Гуниггүй төрсөн Янжиндуламдаа Санасныгаа хэлбэл дээ хө хө ай хө Гоодин фигээ зажлаад өгсөн чиг Амт нь үгүй болно доо хө хө хө хө” хэмээсэн цоглог дуу хүрээ хүүхэн Янжиндуламын хөөрхөн төрх, хөг аясыг эрхгүй санагдуулах буй за.

Зохиолч, яруу найрагч Б.Ойдов

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *