p.justify { text-align:justify; }
Багш бүхэн “Бурхан” биш…

Багш нарын баярт итгэж зориулав.
БАГШ БҮХЭН БУРХАН БИШ, ГЭХДЭЭ ЗҮГЭЭР “ХҮН” БАЙХ АЛБА
/эсээ/

Монгол хэлний үгсийн аймагт “агших” бол үйл үг. Нэг талдаа физик үзэгдлийг зааж байгаа юм. Харин бидний хүүхэд насанд бусдаас айж жижгэрэхийг хэлдэг хар ярианы гэмээр үг байлаа. Байрны ах нараас, бас хорооллын овгоруудаас агшиж, байшингийнхаа сүүдэрт цуглаад нэг л өдөр АХ болцгоогоод нар үзэж, хавь орчноо нам “атгах” тухай ярьж суудаг, гэнэн гэгээн мөрөөдөлтэй байв. Удалгүй тэр л мөрөөдөл биелэхийн даваан дээр төр эргэж, ардчилалын салхи хойноос ч юм уу, хаанаас ч юм бэ сэвэлзэж, олон зүйл орвонгоороо эргэж, наймаа арилжаа, сургууль соёлын мөр хөөж хэдэн тийшээ салан одож билээ. Бидний нэг хэсэг нь хүүхэд гэж биеэ үзэлгүй анхны жагсаал цуглаанд идэвхтэй оролцож, 15 настай алиа багаа мэдэхгүй Ардчилсан холбооны гишүүн болж, хэдэн жил улс төрийн амьдралд хачин идэвхтэй оролцсон юм. Тэр үед хүүхэд атлаа Ардчилсан залуучуудын анхны байгууллагыг байгуулж, хурал хуй хийж, хувьсгал хөдөлгөөнд оролцож явав. Даанч одоо бидний түүхийг бид л ярихгүй бол зарим зүйл санасанаас хачин буруу эргэчихжээ.


Харин цаг тийм болж, байдал ихэд зөөлөрсөн ч багш нараасаа үнэхээр агшдаг байжээ. Өнөөгийнх шиг нийгэм даяараа учир нь олдохгүй “айдас хүйдэс”-тэй бус гол нь хүндлэл гэдэг харилцааны том зах сэжүүр хэвээрээ байсантай холбоотой биз. Залуу эмэгтэй багш нарын өмнөөс” манай энэ боловсрол хуучинсаг энэ тэр” гэж цор цор хийж чадах ч ахмадуудын өмнөөс ам ангайх зориг ч байсангүй, тэгж болно гэсэн ойлголт ч байсангүй. Гэвч хааяа хааяахан дотроос өнөөх “хувсгалч” үзэл хатгаж, өөрчлөх шинэчлэх болжээ гэсэн үг хэл гаргаж л явлаа. Тэгэхэд багш нар минь биднийг хавчин гадуурхах биш бүр сайшаан дэмжиж байлаа. Энэ л үед бид нийгмийн хамгийн эрүүл саруул хэсэг тэдний төлөөлөлөөр дүүрэн байдгийг гадарласан юм. Хэзээд шинэ сэргэг, дүн нуруутай, эрүүл ухаан санаатай тэднээсээ эрдэм ном, мэдлэг боловсролоос гадна хүн чанарыг таньж мэдэж авчээ. Сайн муу хоёр мэдээж хаа ч тос ус шиг ялгарч байдаг. Тос шиг багш нар бидний үед ус шигээсээ олон байжээ.
Тэртээд өнгөрсөн цагийн хамуутай тэмээ шиг болсон дурсамжуудаас хагацаж, харин багш гэдэг үгийг анх хаана хэнээс сонссоноо нэхэн санах гэж оролдоно. Эмээгийн амнаас өдөр бүхэн ”БУРХАН БАГШ” гэсэн сайхан үг унана. “БУРХАН бол БАГШ, БАГШ бол БУРХАН” хэмээн ойлгосон минь одоо ч итгэл үнэмшлийн зах хязгаарт оршсоор буй. Нэгэнтээ Жалханз хутагт Дамдинбазар ийн айлджээ.

“Багш таны нэр чихний тосгуурт унасан төдийгөөр сэтгэлчлэнгийн чандмань эрдэнийг гар дор өгөн зохимой. Таны нигуурын гэгээнийг үзэж, таны айлдварын эгшгийг сонсож, таныг сэтгэлийн агаартаа дурдан санаснаар эдүгээгийн хийгээд хойтын хамаг хэрэг шамдал үгүйеэ өөрөө бүтэхийн тул таныг Бурханаас илүү хэмээн мэдвэй” гэсэн нь хий хоосон өргөмжлөл магтаал төдий бус жинхэнэ гэмийг ухаарсан хүний сэтгэлийн дуулал мэт сонсогдоно. Харин багшийг энэ мэт таньсан нь хэд билээ. Мөн энэ мэт танигдсан “бурхан” багш хэд билээ.

Чухамдаа багш эрдэм номыг түгээн тархаагч төдий бус хүний сэтгэлийн хорыг тайлагч оюуны ерөндөг мөн мэт. Үнэндээ НОМ бол ЗАМ биш харин ЭМ юм. Ном ЭМ учраас түүнд ТУН зайлшгүй. Минийхээр багш “оньсыг тайлан эрдмийн үүдийг нээж өгч та, оюун гийлгэн ээлтэй замыг зааж өгч ”байхаас илүү хүний амьдралын зөв зам мөрийг таниулж, сэтгэлийн гэмийг эмчлэгч байвал илүү зохилтой цаг иржээ. Түүнээс бус гадуур буруу замаар будаа тээчхээд бурхан амлагчид олон болж, эрдэм номтой гэгдэвч энэрэх хайрлах сэтгэлгүй нь элбэгшжээ.

Физикийн тулгуур хуулиудыг ойлгуулж, химийн бодис найруулж, тоо бодлого бодуулж, хуур хөгжим тоглуулж, зуун метрт гүйлгэж, зураг хөрөг зуруулж, өгүүлбэрийн задлал хийлгүүлж, өнгөрсөн түүхээ сануулж байгаа шигээ хичээл номын зав чөлөөгөөр “хүнд сэтгэл, хайр, энэрэл” гурав яагаад чухлыг байн байн сануулж байхгүй бол ирээдүй нь шавь нар чинь “хүн төдий дүртэй, хүсэл шуналын хүүдий”-нүүд болчихвий гэх айдас, басхүү “мөнгө, мөнгө” гэж мөөрөлдсөн манай үеийн балай юмнуудын нөлөө халдварлах аюул хангалттай нүүрлээд байна, багш нар минь.

Тэрхүү аюулаас ирээдүйгээ аврахыг бодохгүй бол “олж л байвал арга нь хамаагүй, би болж байвал бусад нь хамаагүй, төрийн дээр сандайлж суугаад түрийвчээ түнтийлгэх, дарга нэртэй хулхи царай гаргаж, хэн нэгний сүүдэрт хэвтээд хэрэг зоригоо бүтээх” гэсэн өчүүхэн дотортой энэ үеийхний “эргүү тэнэгийн” алдаа эндэгдэл маргааш удамших гээд байна. Хэрэв тэгвэл бидэнд маргааш гэж байхгүй.


Миний багш суут Очирбатын Дашбалбар нэгэн цагт “БАГШ” хэмээн ийн дуу айлдсан юм. “ БАГШ!… Энэ үгэнд л хайр энэрэл, хариуцлага, эр зориг, хүн чанар, өөрийгөө шавь нарынхаа төлөө золиосонд гаргах эгнэшгүй чанар нуугдаж буй. “ Багш аа…!” гэж зөөлөн дуудахад цээжний гүнд нэгэн чавхдас доргином. Энэ бол ертөнцийн гүнд нуугдсан ер бусын бөгөөд гэгээн тунгалаг аялгуу юм” хэмээжээ. Үнэхээр бахдам сайхан үгс биш гэж үү? “Багш аа…” гэж зөөлхөн дуудахад сансарын хүрд хэдэнтээ эргэвч үл тасрах сайн ерөөлийн холбоо бүрэлдэн тогтох ажээ. Тэр л сайны ерөөлийг атгаг муу, ашиг хонжооны зам болгохыг би хувьдаа хэзээ ч зөвшөөрөхгүй. “Шавь, шавь” гэж олон хүний нэрийг дуудавч ном дор дагасан “шавьгүй” шахам багш нар минь сурах бичгийн агуулга зааснаас та бодох санахын ухаан хайрлаагүй байж мэднэ шүү? Тэгвэл бодохтун. Сайн бодохтун.
Бидний сүүлийн хорь орчим жил үлгэр дуурайллаа болгосон Америк гэдэг хүчирхэг улс бий. Тэр улсын эрдэмтэн Хэнри Вард “Багш хүн хязгааргүй нөлөөтэй, энэ нөлөө нь хаана хэзээ дуусахыг хэн ч хэзээ ч мэдэхгүй” гэсэн гэдэг. Хөрөнгөтөн Америкийн “империалист” нөхөр хэлсэн болохоос янзтай үнэн үг билээ. Энэ мэт үлгэр болгохуйц үг бишгүй л байдаг. Оросын нэрт “кино жүжигчин” В.А. Сухомлинский ”Багшийн мэргэжил гэдэг нь хүний сэтгэлийн эмзэг нандин ертөнцөд тасралтгүй нэвтрэн орох, хүн судлалын мэргэжил билээ” гэсэн байна. Дээрх мэргэдийн үг үнэн бол энэ нийгмийн ужиг муухайг арилгах, үр үндсийг нь тас татах хүч та бидэнд лавтай байна. Хүч хэрэглэсэн тэмцэл, элдэв жагсаал цуглаан, үймээн самуун одоо бидэнд хэрэг тусаа өгөхгүй. Улам л бусдын олз, хүний хоол болно. Харин “хүн байхын” боловсролыг хүрд цээжлүүлэхийн эрдмээс илүүд үзэж, ажил мэргэжилдээ үнэнч, эх хэл, нийгэм-түүхийн олон зуун мянган багш нар минь маргаашийг засан тохинуулж, ирээдүйгээ авилга, луйвар, жаран сая, эрх мэдлийн хорт хавдар, нам төрийн мунхрал, нэр төрийн хэнээрхлээс салгаж, эерэг хандлага, эх оронч үзэл, энэрэнгүй сэтгэлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд санаа зорилгоо нэгтгэх цаг иржээ. Ном заахынхаа завсараар “хүн байхын учрыг” таниулцгаая. Гайхамшигт Б.Явуухулангийн хэлснээр ”хүүгийн сэтгэлээр эх орондоо хайртай байсан юм гэж хойч үедээ ам бардам хэлүүлэх” чинь хөрст дэлхийд төрсний нэгээхэн учир юм шүү. Тэгээд ч эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч Нэльсон Мандела “Боловсрол бол дэлхийг өөрчилж чадах хамгийн хүчтэй зэвсэг” гэсэн билээ. Тэр зэвсэг бидний гарт байна. Хүсвэл дэлхийг биш юмаа гэхэд дэлгэрхэн МОНГОЛОО эх нутгаа тоногч, элэг сэтгэлгүй дээрэмчдээс салгах боломж бидэнд байна.


Цагийн хонх дүн дан дуугарч байна. Сонссон ч сонсоогүй, дуулсан ч дуулаагүй мэт явах нь сайны ёр биш. Цалин хөлс бага, ахуй хангамж муу “хүйтэн” нийгэмд даарч яваа ч гэлээ эх орон, шавь нар, ирээдүйгээ гэх халуун сэтгэлээ дундалмааргүй л байна. Италийн математикч Руффин Паоло “ Багш хүнийг лаатай зүйрлэлтэй. Тэд бусдыг гэрэлтүүлэхийн төлөө өөрийгөө зориулдаг хүмүүс байдаг” хэмээжээ. Тэрхүү утга төгөлдөр, ухаарал шингэсэн үгийг “Багш нар олны тусын тулд, ирээдүйн үйл хэргийн төлөө үнэхээр бахдам үйлийг бүтээж байгаа хүмүүс. “Багш хүнийг лаатай зүйрлэлтэй. Бусдыг гэрэлтүүлэхийн төлөө өөрийгөө зориулдаг” юм. Бусдын тусын тулд өөрийгөө зориулахаас илүү буянтай ажил хаа байх вэ” гэж “Титэм үг” зохиолдоо Нацагийн Багабанди абугай давтан үгүүлснийг сануулах юун. Энэ л мэргэдийн үг бидэнд хийх ёстой ажлаас минь гадна хийхээс аргагүй ажлыг минь давхар сануулж байна.
Дахиад л өөрийн санааг бусдын үгээр дайя. Шведийн зохиолч Йохон Вилгельм Снеллман “Залуусын атар газар шиг сэтгэлийн хөрсийг зөнгөөр нь орхивол тэнд зэрлэг өвс, шарилж, өргөс л ургана” хэмээн шулуухан болоод шударгахан хэлжээ. Дахиад л эргэцүүлэн бодохтун. Сайн бодохтун. Хаа сайгүй шударга бусын зэрлэг өвс шазайж байна. Үр үндсийг нь л таслалгүй удваас үнэндээ бидэнд гишгэх эрүүл газар үлдэхгүй. Хор улам гаарч, хожим толгой сэгсрэхэд оройтсон байх вий. Одоо л монгол залуу хүн бүхний тархи толгойд АРДЧИЛАЛ үнэт зүйл мөн болохыг, ах нар буруу замаар будаа биш шороо тээж явааг ойлгуулж, зам мөрөө эргэн харж, засаг төрөө засах, заяат улсаа хөгжүүлэх шинэ үеийг цаг хугацаанд үл бэлдвээс ажил хийсэн нэр зүүж, цалин хүлээхийн хэрэг ч алга.


Үнэндээ ном эрдэм түгээх нь язгуураасаа буянтай ажил. Мөн чанараараа сэтгэл зүрхний ажил. Үнэн мөний хуулиар “Сайн багш өөрийгөө цаг хугацааны нугачаанд улиран одогч хүн гэдгээ хүлээн зөвшөөрдөг” /К.Каррутерс 1939/ тийм чадалтай, тийм оюун ухаантанг хэлдэг билээ. Түүнээс бус өнгөрсөнтэйгээ өнхрөлдөж, хуучинтайгаа хутгалдаж, буруутай эвлэрч, бузартай эвсэх нь БАГШ хүний үзэл зорилгод үнэндээ харш. Сайныг дэлгэрүүлэхийн төлөө хайлан урсах лаа биш юмаа гэхэд харанхуйд асаасан ширхэг шүдэнз мэт сэтгэлээ шатаавал ямар вэ? Бодохтун. Болгоохтун.
“Багш хүн юуны түрүүнд өөртөө итгэлтэй, сахилгатай байж, түүний дараагаар гавьяа зүтгэлтэй, сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй” гэсэн сайхан үгийг өнөөгийн Туркийн төрийн дууллын үгийг бичсэн яруу найрагч Мехмет Акиф Эрсоё хэлжээ. Энэ л үг надад урьдын багш нарыг минь эрхгүй санагдуулав. Тэд сахилга баттай, гавьяа зүтгэлтэй дээр нь дэндүү сайхан сэтгэлтэй байж билээ. Бид тийм хүмүүсээс айхгүй ч гэлээ дотроо “агшдаг” байлаа. Харин одоо нэг л зүйлийг дахин дахин сануулахыг хүснэ.
БАГШ БҮХЭН БУРХАН БИШ, ГЭХДЭЭ “ЗӨВ” ХҮН БАЙХ АЛБАТАЙ.
Олон удаа харь газрын номт мэргэдийн бишгүй сайхан үгийг иш болгон дурдав. Эцэст нь нэг сайхан монгол үгээр дутаад байгаа санагдав. Тэгээд ч үүнээс илүү сайхан үг олдсонгүй.
ШАВИЙН ЭРДЭМ БАГШААС ЗУЛЫН ГЭРЭЛ ТОСНООС

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
2019-09-25

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *