p.justify { text-align:justify; }
“Бурханы бэлэг”

Достоевскийн хувь заяаг өөрчилсөн зохиол

“Достоевский гурван аугаа бүтээл тууривсан нь Солиот, Гэм зэм, Карамазовын хөвүүд. Достоевскийд үргэлж дөрөвдэх байдаг. Мөрийчин бол түүний дөрөвдэх гайхамшиг” хэмээн манай нэрт нийтлэлч Баабар “Карамазовын хөвүүд” романы тухай “ “Бурханд халдаж бугийг нүцгэлэгч” шүүмждээ бичсэн байдаг. “Мөрийчин” бол түүний агуу бүтээлүүдийн “дөрөвдэх” гайхамшиг төдийгүй амьдрал, хувь заяаг нь өөрчилсөн зохиол гэдгээрээ мөнхөд үнэ цэнтэй юм.

Амьдралынхаа хамгийн хүнд хэцүү үед өр ширэнд баригдаж, өрийн шоронд суух дээрээ тулсан суут зохиолч маань эрх чөлөөгөө хасуулахгүйн тулд нэгэн хэвлэлийн газарт хандаж гурван боть бүрэн түүврийнхээ эрхийг 3000 рублиэр худалдахаас гадна нэг шинэ роман бичиж өгөх үүрэг хүлээжээ. Том ах  Михал нь нас барахад эрхэлж байсан “Время” сэтгүүлийн хамаг өрийг Достоевский өвлөж авсан байна. Түүгээр ч зогсохгүй талийгч ахынхаа бэлэвсэн эхнэр хүүхдийг тэжээх давхар үүрэг хүлээж байсан үе тул байдал хүнд хэцүү байж. Эхнэр нь нас барсан, унаж татдаг өвчтэй,  ядуу зүдүү хөөрхий зохиолчид яг үнэндээ шинэ зохиол бичих ямар ч боломж бололцоо, эрч хүч байсангүй. Гуравхан мянгаар зохиогчийн эрхээ өгнө гэдэг Достоевскийн хувьд доромжлол мэт байсан ч хамгийн хяслантай нь шинэ романаа гэрээнд заасан хугацаандаа амжихгүй бол асар их хэмжээний торгууль хүлээхээс гадна зохиогчийн эрхээ үүрд алдах аюул нүүрлэх байв. Хэвлэлийн газрын эзэн  Стелловский гэгч  “зальны хөрөнгө” хугацаандаа бичиж амжихгүй гэдгийг ч тооцоолсон байна. Нэг ёсондоо урхинд оржээ. Намар нь Москвагаас ирээд зохиол дээрээ суусан боловч хоёр сар суугаад ч олигтой юм бичиж чадалгүй цөхөрч гүйцжээ. Санаа зовсон үзэг нэгт анд нөхөд нь шинэ зохиолийг нь хэсэг бүлгээр нь хуваан авч хамтран бичих санал гаргасан байна.Харин зохиолч Достоевский “бусдын бүтээл дээр нэрээ тавихын оронд зохиогчийн эрхээ алдах юм уу торгуульсан нь дээр” гээд эрс татгалжээ. Одоо өөр ямар арга байж болох вэ? Зохиолчийг өрөвдсөн нөхөд нь зохиолоо түргэн бичээчид хэлж бичүүлэхийг зөвлөжээ. Үүнээс л бүх юм эхэлсэн гэж болно.

Түргэн бичээч хөлслөн авах зарын дагуу нэгэн бүсгүй зорин ирсэн нь гайхамшигийн эхлэл байж. Эхийн талаасаа шведийн сурвалжит удамтай, эцгийн талаасаа үе дамжсан газрын эзэн баян чинээлэг айлын охин, дөнгөж л хорь шүргэж буй үзэсгэлэн гоо, нүд алдам сайхан бүсгүй үнэ хөлсөө тохирч зохиолчтой хамтран ажиллахаар болсон байна. Оросын анхны эмэгтэйчүүдийн гимназийг мөнгөн медальтай төгссөн,  тэр үедээ л өндөр боловсролтой сэхээтэн бүсгүй Анна Григорьевна эхэндээ нэрт зохиолчоос ихэд айж эмээж байсан боловч Достоевскийн туулсан амьдрал хийгээд хүчирхэг хувь хүний зан чанар, энгүүн сайхан яриа хөөрөөнд нь татагдаж эхэлсэн байна. Өрөвч сэтгэлээс үүдсэн хайрын оч асаж эхэлжээ. Зохиол хамтран бичих явцдаа улам бүр дотноссон байна. Тэр хоёр урамтай гар нийлж “Мөрийчин” хэмээх зохиолыг хорин зургаа хоногт багтаан дуусгаж яг хугацаандаа амжсан энэ гайхалтай түүх Достоевскийн хувь заяаг өөрчлөх учиртай байж…Энэ тухайгаа

“Бид хоёул шинэ романаар аж төрж, Федор Михайловичийн үлгэрээр хайртай хүмүүс, өөдгүй улстай ч болчихов. Бие муутай эмээ дур талархал татаж, Полино жигшил төрүүлдэг, гол баатар Астлей ноёнтны тоглоомын хорхой, хулчгар занг уучилдаггүйсэн. Федор Михайлович “үргэлж тоглоомчин”-ы талд байж, сэрэл мэдрэмж, оюун бодлынх нь олон талыг өөрөө мэдэрч туулсан гэж ярина. Амьдралд ноён нуруутайгаа харуулж чадах ч рулет тоглох их хүслээ дарж хүчрэхгүй юмаа гэж баталж хэлнэ” хэмээн хожим “Дурсамж” номдоо Анна Григорьевна Достоевская бичсэн байдаг.

“Мөрийчин”-өө амжилттай бичиж дуусгасан баяр хөөр намжаагүй байхад зохиолч Достоевский залуу бүсгүйд гэрлэх саналаа тун өвөрмөц байдлаар тавьжээ. Тэрээр авьяас билигтэй боловч амьдрал нь бүтэлгүйтсэн зураачийн дотоод ертөнц, хайр сэтгэлийг харуулсан зохиол бичих гэж байгаа тухайгаа хуучилсан байна. Зураач өөрийн авьяас чадлыг гаргаж чадахгүй, амьдрал нь бүтэлгүйтэж  байгаадаа шаналан тарчилж байгаа тухай.Гар нь саажсан, эмгэг хуучтай, ядуу зүдүү, өр ширэнд баригдсан өтөл настай мань зураач нэгэн залуухан үзсэгэлэн гоо бүсгүйд дурлаад сэтгэлээ илчилж чадахгүй зовж шаналах аж.  Яагаад гэвэл зураач бүсгүй хоёрын насны зөрүү хэт хол, зан ааш, царай зүс гээд бүхий л зүйл нь газар тэнгэр шиг ялгаатай учир унаж доройтсон амьдралдаа шинэ аз жаргал хайж буй хөөрхий зураач дотроо аймшигтай шаналж тарчилж буйг дүрслэн үзүүлэх аж. Зураачид хайраа өгнө гэдэг залуу бүсгүйн хувьд аймшигтай золиос болох  төдийгүй ерөөсөө боломжгүй мэт…Ийнхүү зохиолынхоо санааг ярьсаны эцэст “Залуу бүсгүй зураачид дурлаж болох уу? Та хэрвээ энэ бүсгүйн оронд байсан бол яах вэ?” хэмээн Достоевскийг асуухад Анна Григорьевна “ Яагаад болохгүй гэж? Тэр бүсгүй өр нимгэн сайн хүн л юм бол яагаад зураачийг хайрлаж болохгүй гэж.Ядуу бас бие муутай гээд тэр үү? Гадаад төрх, эд баялагт л дурлах ёстой юм гэж үү? Хэрэв хайртай бол өөрөө ч бас жаргана” хэмээн эрс шулуун хэлжээ. “Энэ зураач бол би,  танд үнэхээр хайртай , эхнэр минь болооч? гэж суут зохиолч хэлээд царай нь шаналж тарчилсан мэт цонхийн , сэтгэл нь ихэд үймэрчээ. Хайр сэтгэлээ илчлэх гээд арга эвээ олохгүй, хожмын үр дагаварт санаа нь зовсон зохиолч ийнхүү уран зохиол ярьж буй мэт арга сэдэж, нэг ёсондоо тандалт хийж аз туршсан байна. Сэтгэлзүйн сорилт байгаа оножээ. “Би танд хайртай.Нэг насаараа хайрлана” гэж хөөрч догдолсон Анна бүсгүй хэлсэн нь чухамхүү зовж зүдэрсэн эгзэгтэй үед нь бурхан түүн рүү илгээсэн мэт ер бусын гайхамшиг тохиожээ.

Ийнхүү уран зохиолд л байж болох гайхамшиг амьдралд биелэлээ олсон төдийгүй Анна бүсгүй насан туршийнх нь хань болж түүний суут бүтээлүүдийг өөрийн гараар буулган бичсэн түүхтэй. Нөхцөл болзолгүй хайрын хамгийн нандин  сайхан түүх. Хайрлах урлагийг төгс эзэмшсэн энэ бүсгүйн хүчинд аугаа зохиолч маань  “Мөрийчин”-өөс эхлээд Солиот, Хөвүүн, Альбингууд, Карамазовын хөвүүд гэсэн алдартай бүтээлүүдээ туурвиж үлдээсэн юм.

“Мөрийчин” бол түүний туулсан бодит амьдралын нэг хэсэг. Амьдралдаа цаазын тавцан, шорон гяндан, цөллөг, хүнд хүчир ажил, хагацал зовлон гээд бүхий л бэрхшээлийг зоригтой даван туулсан атлаа мөрийтэй тоглоом, рулетканд эцсийн зоосоо ч сийхгүй өгөөд тоглодог, хожигдоод ирмэгц биеэ барьж чадахгүй хамаг байдгаа гөвдөг энэ араншингаа татаж дийлэхгүйгээ өөрөө ч их гайхдаг байж. Энэ зохиолын гол баатар “мөрийчин” Алексей Иванович  бол яг л тийм хүн юм. Өөрөөр хэлбэл мөрийтэй тоглоомын донтой Достоевский энэ зохиолын гол баатар нь юм.

Хүний амьдрал гэдэг аз сорилт. Яг л казинод тоглож байгаа юм шиг. Орос хүний зан ааш, авир араншинг мэдэж авахаас гадна Достоевский гэж яг ямар хүн бэ гэдгийг энэ зохиолоос харж, мэдэрч болно. Хор шартай, хар сэртэй тоглоомчин Алексей Иванович бол зохиолч дүрээрээ мөн. Хайрлаж дурласан бүсгүйнхээ төлөө бүхий л амьдралаараа “мөрий” тавин тоглож байгаа тэр Алексей бол бусдад галзуу солиотой мэт харагдах ч жинхэнэ мужик. Хүний дотор ямар бодол санаа нуугдаж байдгийг хайр найргүй дэлгэн харуулсан энэ зохиол Достоевский сэтгэлзүйн аугаа мастер гэдгийн бас нэг баталгаа юм. Орос хүний зан төрхийг сайн муутай нь цуг  харуулсан төдийгүй, оросуудыг бүдүүлэг хоцрогдсон гэж дорд үздэг барууны ихэмсэгүүдэд ялангуяа францчуудад өгсөн Достоевский маягийн “хариу цохилт”гэж энэ дээ. Хүний шунал хүсэл хийгээд хөрөнгөт нийгмийн хуурмаг ёс суртахуун ч багийг хуу татсан юм. Аз сорихоос айж хулчийж, зүгээр л тээрмийн илжиг шиг нэгэн насыг барах уу, аль эсвэл байгаа бүхнээрээ бооцоо тавиад азаа үзэх үү? гэсэн асуулт гарч ирч байна. Үхэх цаг нь өнөө маргаашгүй болсон хөгшин чавганц амьдралынхаа турш цуглуулсан хөрөнгө мөнгөө бооцоонд тавьж тоглоно гэдэг шуналаас болсон хэрэг огтхон ч биш.

Мөрийтэй тоглоомын хор шар хөдөлгөдөг, хүний хамаг л бодол санааг ховх сордог, соронз мэт татдаг  тэр мэдрэмжийг амсаж, сэтгэлийн үй олон догдлолуудыг  амтлах гэсэн хэрэг. “Жишээ нь жентельмен хүн мөрийд тав эсвэл арван луидорыг (францын алтан зоос), хэрвээ баян бол хэдэн мянгаар нь тавьж болох ч, зөвхөн тоглоомоос авах таашаалынхаа төлөө л  тавина” хэмээн “Мөрийчин” зохиолд өгүүлдэг.  Хүний шунал ,таашаал хоёр ялгаатай. Хүний шуналд том, жижгийн ялгаа гэж байхгүй. Эмээ таашаалын төлөө, зугаагаа гаргах гэж  тоглож байгаа бол, Алексей хайртай бүсгүйнхээ төлөө тоглож байна. Хожих магадлал бараг л байхгүй тун бүрхэг. Гэвч азаа сорихоос өөр сонголт байхгүй. Бас л нэг аз сорилт, мэдрэмж, таашаал. Эцсийн бүлэгт Достоевский хүний сэтгэлзүйгээр наадаж байна. Та номын хуудсыг нээсэн цагаас эхлэн казиногийн шуугиант орчинд баатруудтай цуг очих болно. Зохиол маань тоглоомчин хүний тухай бус түүний цаана байгаа нуугдаж байгаа далд мөн чанар, учир шалтгаанд тулгуурлаж, түүнийг нээн харуулж байгаа юм. Тиймээс л Достоевскийн “дөрөвдэх гайхамшиг” хэмээн нэрлэсэн биз.

Хөх Толбот Д.Төмөр-Очир

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *