p.justify { text-align:justify; }
“Хүрээний ганган хүүхнүүд”цуврал-6

НЭРТ ЗОХИОЛЧ БУЯННЭМЭХТЭЙ АМРАГЛАЖ ЯВСАН ХАЛТАРХҮҮ

Эртний Монголын уран зохиолд халх бүсгүйн үзэсгэлэн гоог ханамжтай сайхнаар дүрсэлсэн байдаг. Эртний гэлтгүй хорь, гучаад оны зохиолч нар ч өнөөгийн биднээс их өвөрмөцөөр дүрсэлсэн байх ажээ. Жишээ нь зохиолч С.Буяннэмэх 1925 онд “Дотоод Монголын ардын сэтгүүл”-д “Уран гоо” хэмээх бэсрэг өгүүлэл нийтлүүлсэн байх бөгөөд үүгээр хорь гучаад оны хүмүүсийн гоо зүй, ертөнцийг үзэх үзэл, халх бүсгүйн эрхэмсэг чанарыг тодорхойлж бас болох юм. “Уран гоо” өгүүллээс товчлон сийрүүлвээс: “…Уран гоо охины төрсөн байдлыг өгүүлбээс үнэхээр энэхүү дорнод тивийн үзэсгэлэнт охидын манлай ажгуу. Энэ жил сая арван найман настай. Түүнийг нэгэнт инээмсэглэхүйд түмэн хүний зүрх чичирмүй. Түүний царайг нэгэнт үзвээс тэнгэрийн дагинас хэмээгчид учирсан мэт бие сэтгэл амгалан болж, зовлон жаргал цөм умартагдмуй. Царай нь хас мэт цагаан бөгөөд тунгалаг нь ус мэт ариухан. Уруул хацрын улаан нь энгэсэг түрхсэнээс илүүхэн, хондон тоорын адил ариухан бөгөөд зөөлхөн байдалтай. Хоёр нүдний хэлбэр нь хар алтан болор эрдэнийн гэрэл мэт бөгөөд нааш цааш инээмсэглэн хөдлөх нь есөн тэнгэрийн хувилгаан охин ертөнцөд илэрсэн адил. Хоёр зурвас, эелдэг байдалтай хөмсгийн зохилдоон нь цавчсан хадны ирмэг мэт тэгшхэн бөгөөд цорхируу шувууны өд адил үзэсгэлэнтэй. Аялгуу дууны нарийхан нь зургаан хөгжмийн аялгуу мэт бөгөөд үг хэлний зөөлөн нь хүний дурыг булаамаар. Улаан уруулын завсраар цагаахан шүдний гялалзах нь уриа дунгийн яс мэт цагаан. Хөдлөх алхах байдал нь хөнгөхөн үүл нүүх мэт бөгөөд хоёр тийш ганхалзан танхилзах нь хулс бургасны найгалзан хийсэх лугаа адил. Тийнхүү энэ охин бээр энэ мэт төрсөн нь бас ч охидын дотор манлай хэмээвээс болох бөгөөд нэн ялангуяа ухаан саналын сэцэн сэргэлэн нь энгийн бүсгүйчүүд тэнцэхүйеэ бэрх болой…” хэмээжээ. С.Буяннэмэх 1937 онд улс төрийн хилс хэргээр баривчлагдаж 35-хан насандаа таалал төгссөн билээ. Тэрбээр ногоон малгайтнуудад баригдаж яваад эсгийн дотор бүтэж үхсэн гэдэг. Нэрт зохиолч маань Нийслэл хүрээний гангачуулын нэг болох Халтархүү хэмээх дэгжин хүүхэнтэй дэр нэгтгэж явсан байдаг. Мэдээж тухайн үедээ алдаршиж явсан том зохиолч Нийслэл хүрээний сайхан хүүхнийг авч суух нь тодорхой. “Буяннэмэх судлаач” Дожоогийн Цэдэв гуай түүний эхнэр хүүхдийн тухай өгүүлэхдээ “Хэдэн жилийн өмнө Буяннэмэхийн нэг зургийг олоход ард нь дөрвөн мөр шүлэг бичээд “Эхнэр Халтархүү, дүү Цэвээнжав нарын хамт” гээд монгол бичгээр бичсэн байсан. Халтархүүгийнх нь талаар судалж үзэхэд Намын шинэ хүчний дээд сургуулийг төгссөн, Сэлэнгэ аймгийн хүн юм билээ” гэж дурссан байх аж. Хүрээний сайхан хүүхэн Халтархүү гангалах их дуртай, бас жаахан хөнгөмсөг нэгэн байсан гэх бөгөөд зохиолч Буяннэмэх бараг л Халтархүүгээс болж хэлмэгдсэн тухай гуч, дөчөөд оны зохиолч нар хүүрнэсэн байдаг. Үүнийг нотолж байна уу гэлтэй маршал Х.Чойбалсангийн туслах явсан хуучин цагийн дипломатч Шагдарсүрэн гуай нэгэн содон дурсамж хүүрнэсэн байх ажээ. Жишээ нь “Маршал Чойбалсан царайлаг хүүхнийг зүгээр орхидоггүй байв. Наад зах нь монголчуудын сайн таньж мэдэх их зохиолч Буяннэмэхийн ханилж байсан Халтархүүг эргүүлээд амраадаггүй байв. Тэр бүсгүй зохих ёсны боловсролтой, царай зүсээрээ Нийслэл хүрээнд гялалзсан хүүхэн байлаа. Халтархүү байсхийгээд л алтан бөлзөг, сувдан ээмэг даруулгатай болчихсон үеийхэндээ “Чойбалсан бэлэглэсэн юм” гэж ярьж явах. Угийн ном бичгийн, чадал тэнхээ муутай ч гэсэн эр хүн гэсэндээ Буяннэмэх тэсч чадалгүй Чойбалсантай нэг удаа маргалдаж зодолдсон юм. Муу эр ч гэсэн муурын дайтай маажилгүй яахав. Тиймээс Буяннэмэх “За би ч энэ барзгар хард толгойгоо авахуулах нь тодорхой боллоо. Халтархүүгээс л боллоо. Ямар ч эр авгайг нь улайм цайм эргүүлээд байхад тийм болно биз дээ” гэж их л гашуудалтайгаар дүү Ёндонжамцдаа хэлсэн байдаг. Үнэхээр ч удалгүй Буяннэмэх баригдаж билээ” гэж өгүүлж байсан удаатай.

ХАЙДАВ ГАВЪЯАТЫН ХАЙРЛАЖ ЯВСАН БҮСГҮЙ

Ардын жүжигчин Г.Хайдав гуай бид хоёр 2015 оны зун түүний эцэг шилийн сайн эр Гонгор гэдэг хүний тухай хүүрнэлдсэн бөгөөд тэр дашрамд нэгэн цагт Хүрээний сайхан хүүхэн явсан гэргийнх нь тухай асуусан юм. Ардын жүжигчин маань өгүүлэхдээ “Эхлээд би Цооцоогоо нэг дурсчихъя. Цооцоо бид хоёр жар гаруй жил үерхэж байна. Энэ хугацаанд би тэр хүнээс нэг ч сүүдэртэй тал хараагүй. Монгол эмэгтэйн сонгодог жишээ бол Цогзолмаа юм. Түүнийгээ би Цооцоо хатагтай гэнэ. Заримдаа шоглоод миний найз охин гэж дууддаг юм. Би түүнд сэтгэл алдарч яваагүй. Хэн хэн маань сайхан хань ижилтэй улс болохоор сэтгэлд илүү орон зай байгаагүй. Заримдаа Цооцоо маань манай хүнээс илүү шүү дээ. Яаж байна, ийж байна гэж санаа тавина. Халхын сайхан хүүхнүүдийг хайрлаж, хайрлуулж явах хувьтай хүн шиг билээ би. Миний анхны эхнэр хачин гоё эмэгтэй байсан юм. Түүнээс минь надад нэг л зураг үлдсэн дээ. Би тэр зургийг хааяа нэг харж суухад сайхан байдаг байлаа. Одоо даанч тэр зургаа олохоо байсан. Уг нь байдагсан бол чамд өгмөөр л байна. Миний тэр хүрээ хүүхэн театрын Дашдулам нартай их найзалдаг байлаа. Яах аргагүй л тэр үеийн хүрээ хүүхнүүдийн нэг байсан юм даа. Даанч төрөхийн хүндрэлээр нас барсан. Амьдралд би сагаж яваагүй, аргадаж амьдарсан. Хань ижлээ алдчихаад гуньж гутарч явсан надад бурхан анхны минь хайртай усны дусал шиг ижилхэн бүсгүйг дахин бэлэглэсэн нь миний хоёр дахь хань байлаа. Тэр үед монгол хүн орос хүнтэй гэр бүл болох хориотой байсан үе.Тэрхэн цаг үе бас нэг ёс журманд баригдсан байсан болохоор бид хоёр ч түүнийг нь дагасан. Удалгүй би сургуулиа төгсөөд нутаг буцах болдог юм. Тэр үед эхнэр маань жирэмсэн болчихсон байсан. Нэгэнт бид хоёр хамт амьдрах нь ёс журмаар хориглогдсон байсан болохоор хоёулаа ярьж байгаад уйлж унжиж байж хүүхдээ авахуулсан юм. Намайг нутаг буцахаас хэдхэн хоногийн өмнө орос хүн монгол хүнтэй гэрлэхийг хориглосон журам цуцлагдаж хоёр биенээсээ салж ядаж байсан бид хоёрт амьдрал бэлэглэсэн. Тэгээд л хонгор шаргал үстэй цэнхэр нүдтэй орос бүсгүйгээ дагуулаад нутагтаа ирж байлаа. Тахимаа шүргэсэн алтан шаргал үстэй орос бүсгүйг харсан ижий минь “Өө миний хүү алтан амьтан дагуулаад ирж. Энэ сайхан амьтан яаж тоосон юм болдоо, миний хүүг” гэж баярлаж байлаа. Миний тэр хүүхэн ч харсан хүн болгоны харцыг булаасан сайхан бүсгүй байсан болохоор тэр үеийн дарга сайд нар ч эхнэрт минь нүд унагаж надад элдэв үг хэлдэг л байсан. Харамсалтай нь бид хоёрын аз жаргалтай амьдрал 19-хэн жилийн настай гэдгийг бид хоёрын хэн хэн нь мэдээгүй юм. Тэр сайхан амьтанаа би мөн л төрөхийн хүндрэлээр алдсан. Би азтай хэрнээ азгүй хүн. Сайхан ханиудаа зуурдаар алдаж сэтгэлээрээ хоёр удаа үхсэн. Амьдралдаа би гурав гэрлэсэн. Бурхан намайг дахиад л сайхан ханьтай учруулсан даа” гэж билээ.

Зохиолч, яруу найрагч Б.Ойдов

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *