p.justify { text-align:justify; }
Сайн уу гуниг минь!

САЙН УУ ГУНИГ МИНЬ!

Д.Нандинцэцэг: Нийтлэлч/блоггер/

Сайн уу гуниг минь! гээд мэндлээд үз дээ. Цаанаа л нэг тийм гоё мэдрэмж төрөхгүй байна уу? Уг нь эсэргээрээ “баяртай гуниг минь” л гэмээр байдагсан.
Энэ номыг олон хүн уншиж, тэмдэглэл бичсэнтэй таарсан ч зүгээр өөрөө л авч уншъя гээд алгасаад явчихдаг байж. Заримдаа мэдээж сайн уншигч гэж үнэлдэг хүмүүсийнхээ бичвэрээс буцахгүй.
Ер нь миний унших номын жагсаалтанд жагссан номны талаар бичвэрүүд байвал дийлэнхдээ алгасна. Яг тийм амтат бялууг хайрцагнаас нь өөрийн гараар задлан өмнөө болгоомжтой гэгч нь тавиад гоё чимэглэл сэлтийг нь таатай нь аргагүй удаан гэгч нь ажин нүдээн баясгаад сая нэг зүсмийг зүсэн өмнөх жижиг пял тавган дээрээ тавиад хажуу талаас нь зөөлхөн эвтэйхнээр сэрээдээд тагнайдаа хүргэн нүдээ анин амтлан жаргахтай төстэй мэдрэмж юм уу даа шинэ ном өөрт минь.

Уг нь эл бэсрэг туужийн үйл явдал тийм ч шагшмаар гайхалтай биш. Харин арван наймтай охин туурвисан гэж бодох тусам гайхмаар гайхалтай болж хувирах юм.
“Би ер нь арван наймтайдаа юу гийгүүллээ дээ?” гэж өөрийн эрхгүй өнгөрсөн лүү өнгийж хармаар болчихно. Арван долоотойдоо дунд сургуулиа төгсөөд, сумын дэлгүүрийн худалдагч болчихсон явж байж хөөрхий. Бас болоогүй анхны захиагаа өвөртлөөд, хотоос шилжиж ирсэн хөөрхөн хөвгүүнд гараасаа хөтлүүлчихсэн ичсэндээ улаан лооль аятай амьтан дэрвэж явжээ. Сумын төвийн охид дундаа бас азтай юу гүй юу? Хөөрхөн ч биш гийгүүлэх ганц юм нь ном шагайдаг охин өөрөөсөө зөндөө дүү царайлаг хөвгүүнтэй тунчиг хөөрхөн үерхээд авсан байдаг. Духан дээрээ ганцхан үнсүүлээд атгахан зүрх нь хэдэн сараар савчиж, бодох тусам хацар улайж, цээжиндээ багтаж ядан цовхчиж явсан байдаг юм. Үүнээс хөөрхөн үерхэл гэж ер нь хаана ч байдаг юм. Мэдэхгүй юмаа.
Зохиолчийг л шүтэхээс биш өөрөө нэг юм бичдэг болно доо гэх мөрөөдлийн хэлтэрхий байгаагүй ч байж мэднэ. Хэлтэрхий нь байсан ч мөрөөдөхөөс ч айж явсан гэвэл зохилтой.

Зохиолын баатрууд болох зургаан сар тутам амрагаа сольдог хүүхэмсэг бэлэвсэн эцэг, түүний зугаа цэнгэлийн нөлөөнд автсан арван долоотой төрсөн охин нь, бас нэг хөнгөн амьдралд дурласан залуу бүсгүй (эцгийн амраг) мөн дөч эргэм насны дэг журамтай хийгээд боловсрол мэдлэгтэй сайхан бүсгүй зэрэг болно. Байдаг л нэг амьдралын хүүрнэл.

Гэхдээ л арван наймтай охины зүрх сэтгэлээр тэднийг цэгнэж, дүрийнхээ зан авир, үйл хөдлөлийг нүдэнд харагдтал зурж бичсэн нь гайхалтай. Миний үзэж туулсан нь энэ арван долоотой Сесилээс шал өмнөө байсан болохоор түүний дүр, сэтгэн бодох аашлах аяглах нь хүртэл содон байсан. Гэхдээ би юмны наад цаадхийг гадарлах насанд хүрсэн болохоор түүнийг чадлаараа ойлгон толгой дохиж л суулаа. Жаалхан байхад нь ээж нь өөд болж, хоёр жил шахуу шашны хатуу дэг жаягтай сургуульд сураад тэгээд аавынхаа хажууд (зугаа цэнгэлийн орон луу пүлхийтэл үсрээд ороод ирсэнтэй адил) ирсэн өсвөр насны охин тэгж дураар авирлахаас юунд буцав гэж. Хайраар дутсан хүн (ялангуяа өсвөр насны бардам охин) эд хөрөнгөөр дутуу хүнээс илүү хоосон байдаг байх. Зүгээр л энэ гэр бүлийг би завхай зайднаар нь дуудаж шүүмжилмээргүй байсан. Дундуураа нөхөж, өөрсдийнхөөрөө амьдарч яваа эцэг охин хоёр. Тэдний хувьд энэ л хамгийн зөв хувилбар байж.
Тэгээд ч ер нь зугаа цэнгэл, шинэ амраг сэлтэд дургүй хүн хаана ч байхгүй. Хүний дотрыг юу юугүй онгичоод гаргаад ирвэл ямар ичгэвтэр бодол мөрөөдлүүд гарна гээч! Өөрсдөө ч цочмоор.
Гагцхүү бид тэр бүхнийг дарж бүдгэрүүлж, зөв буруугаа өөр өөрийнхөөрөө цэгнэж амьдардаг нь сайн, муу хүн байхын цор ганц ялгаа бизээ.
Тэгээд ч тэднээс шал өмнөө амьдралын хэв маяг үзэл бодолтой Аннад тэнд амьдрах орон зай байхгүй нь анхнаасаа ойлгомжтой байсан. Хэдийгээр тэр бидний мэдэх өнөөх “зөв” хүн боловч …
“Буруу ч бай зөв ч бай өөрөө бодож тунгааж, хэн байхаа, хэрхэн амьдрахаа өөрөө шийдэх эрх чөлөөтэй байхыг хүснэ.
Өөрөөрөө баймаар байна гэж хэлэхгүй. Яагаад гэвэл би, өөрийгөө ямар “түүхий” байгааг мэднэ. Гэхдээ “боловсорч гүйцэх” гэж хичээхгүй” гэсэн энэ өгүүлбэрээс л охины сэтгэлзүйн дотоод зөрчлийг бас амархаан мэдрэх боломжтой.
Сесиль бол гадаад хийгээд дотоод мөн чанарын хувьд асар сонирхолтой дүр. Тийм хөнгөн хийсвэр хүнд “гуниг” байж, түүнийхээ тухай нэг ертөнц үүсгээд нухацтай бодож чадаж байна гэдэг дур булаам хийгээд хүн чанарлаг. Бүх зүйлд өөрийнхөөрөө “гуниг”аа хүртэл бөмбийлөн авч буй нь түүнд ямар ч баггүй жинхэнэ бодитоор амьдарч чадаж буйд нь атаархам.

Зарим өдрүүд хар бараан гуниг нөмөрсөн тэр гэхийн аргагүй уйтгартай байдаг. Өөрөөсөө холдоод явахад минь яг аргамжаа мэт тэр “гуниг” өөр лүү минь дөхүүлж татаад “хэн билээ гэдгээ сайн эргэцүүл охин минь” гэх шиг санагддаг. Түүнээс зугтаад бид хаа холдох?
Илүү л хуурамч болдог шиг!
Гуниг надад мөн чанараа эргэцүүлэхэд тусладаг. Тиймээс одоо чамаас зугтахгүй байхсан. Тулж уулзаад тэврэх хүчтэй болноо. Сайн уу гуниг минь!

Тэнгис Нандин📝💡📖
20190925 📚🙏🖋

1 Comment

  • Зочин Posted October 7, 2019 2:29 pm

    Нандингийн бичвэрийг унших туйлын дуртай. Надад бол ингэж бичих авъяас чадвар байхгүй ээ

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *