p.justify { text-align:justify; }
“Хагацашгүй”-ээс юу үлдэв?

“Хагацашгүй” романы талаархи уншигч миний сэтгэгдэл

Би түүхэн роман унших төдийлөн дуртай биш ч, 1900 оноос хойшхи, тэр дундаа хэлмэгдлийн үеийн тухай роман унших дуртай нь тэр үеийн болон социализмийн үеийн түүхийг сонирхдогтой холбоотой. Тиймээс “Хагацашгүй” хэмээх энэхүү бэсрэг романыг барьж авсан хэрэг.

Романы үйл явдал 1935 оны зун Бараат уулын хавьцаах Ангиртын тойром /ингэхэд энэ маань өнөөгийн ямар аймаг сумын нутаг юм бол оо?/ ганц охинтой ганц бие эмэгтэй Пунсалынд болж буй үйл явдлаар эхэлнэ. Романы гол баатар бол Пунсалын ганц охин, энэ жил 17 хүрч буй Сүнжидмаа. Залуу бүсгүй өөрийг эргүүлэх нутгийнх нь бэл бэлчинтэй айлын хүү Батмөнх гэрт нь ирэхэд ээж нь хэрхэн саймширч буйд дотроо дургүйлхэн, залуугийн эрээгүй харцнаас дальдчин гэртээ орох байх газраа олж ядан сууж байтал айлынх нь хөвүүн тэдний тугал шаварт шигдсэнийг ирж дуулгаснаар гэрээсээ годхийн гарна. Тэгээд тугалаа гаргах санаатай шаварт хутгалдан аргаа барахдаа ойрхи явсан шилэн портыг даллан дууддаг. Гэтэл машинаас залуухан цэргийн дарга гарч ирсэнд бүсгүй харангуутаа дурлан романы үйл явдал цааш өрнөнө… Ийн явсаар 1937 оны их баривчилгаа, хэлмэгдүүлэлтийн үетэй золгосноор романы үйл явдал дээд цэгтээ хүрнэ.

Хэлмэгдлийн үеийн гашуун түүхийг манай урлаг уран зохиолд үзүүлэхдээ голчлон Дотоод яамны төлөөлөгч юм уу /С. Эрдэнийн “Хойд насандаа учирна” романд орон нутаг дах До яамны төлөөлөгч Яндаг Цэвэлмаад санаархсандаа түүний дурлалт залууг хэлмэгдүүлэн хөнөөлгөдөг ба “Дөчөөд оны жавар” роман ч бас үүнтэй төстэй санагдаж байна/ өөр ямар нэг эрх дархтан түшмэл /эсвэл тийм эрх дархтанд худал мэдээлж/, “өрсөлдөгчөө” хилс хэрэгт гүтгэн замаасаа зайлуулдаг байсан бол, “Хагацашгүй” роман түүхийн баримтат үйл явдал дээр тулгуурласанаараа илүү байлаа. Сүнжидмаагийн эр нөхөр Чулуун Манж-Японы эзэмшилд орсон Халхын сүмийг буцаан авах хэлэлцээнд /тэр үеийн Сэцэн хан аймаг буюу өнөөгийн Дорнод аймгийн Халх гол сумын нутагт байсан ч манжууд эзэлж авсан/ Сэцэн хан Навааннэрэн болон тухайн үеийн тэргүүний дипломат сэхээтнүүдийг дагалдан явснаасаа болж Японы тагнуул хэмээн сэрдэгдэж, улмаар баривчлагдан Эрхүү/Иркутск хот руу ачигдан, хожим Алс дорнодын хязгаарт шоронд харамсалтайгаар амь эцэслэж байна. Амраг ханийнхаа араас явсан бээлийн чинээ жаахан бүсгүй Сүнжидмаагийн хувь тавилан ч мөн л санаанд оромгүйгээр эргэнэ. Үнэхээр л нөхрөө анх баривчлагдаад явахад араас нь “Үхэл ч та бид хоёрыг хагацааж чадахгүй” гэж байсан нь шигээ хагас зуун жилийн дараа эрүү өвдөг нь нийлсэн эмгэн болсон ч анхны ханийнхаа булшийг олж хөшөөг нь босгож байна. Энэ бол монгол бүсгүйн /ер нь эмэгтэй хүний/ үнэнч хайрын дууль, хувь заяаны гэнэтийн таашгүй сонин эргэлт, улс төр хэмээх хар машины золиос болсон хөөрхийлөлтэй хувь заяа, их гүрэн өөрийнхөө эрх ашгийн төлөө манай мэтийн жижиг буурай орныг хэрхэн ашиглаж, ийн ашиглахдаа хичнээн эх оронч, тэргүүний сэхээтнүүдийнх нь толгойг авч, гэмгүй ардын аж амьдралыг самарч, үнсийг нь хийсгэж байсны тод жишээ юм.

Энэ романаас миний сэтгэлд машид хүрсэн хоёр туслах дүрийн нэг нь Сүнжидмаагийн төрсөн эцэг Дүвчир панз, нөгөө нь Даш данжаад. Дүвчир панзыг ер тэгнэ гэж санаагүй байтал гэнэт гарч ирээд тийн аашилахад нь би яасан их гайхаж, бас баярлав аа. Сүнжээгийн ээж Пунсал ч бас хатуу чанга, айхтар, нилээн хэцүү хүн байж гэж бодогдлоо. Даш данжаад бол ёстой гэмгүй, тусч сайхан сэтгэлтэй луухаан. Хятад хүн гэхээрээ л дандаа муу байх албагүй биз дээ? Миний хувьд романыг сонирхолтой болгсон өөр нэг юм бол Чулууны ч тэр, Сүнжидмаагийн ч тэр, хоёр гол баатар маань хоёулаа өвөрмонголоос ар халхыг зорин дүрвэж орж ирсэн улсын үр ач байсан нь. Учир нь би мөн тэр үед яг тийн Ар Монголоо гэж зорьж орж ирсэн зарим айлын үр удмыг мэднэ, заримтай нь бүр худ ургийн хэлхээтэй болоод ч явж байна.

Сүнжидмаа бол эрх хонгор, гэнэн томоогүй, хор шартай, ажилсаг шазруун, адтай сэргэлэн, хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн бүсгүй. Шавилхан биетэй, туяхан нуруутай, цэвэрхэн царайтай, шөнтгөр хамартай, гоёж гангалах дуртай охин. Шүүдэрцэцэгийн гол баатар бүсгүйчүүд ерөнхийдөө бүгд л нэг иймэрхүү төрх, ааш араншинтай байдаг, тэдний л нэг. Хамгийн гол нь дурлалдаа үнэнч, хувиршгүй сэтгэлтэй, шалиг завхай, хувирамтгай биш, зорьсондоо, тэр нь ГОЁ. Тийм ч учраас энэ жаахан бүсгүй амрагийнхаа араас болохоос нь болохгүй, чадахаасаа чадахгүйтэй тултал, хамаг байдгаа шавхан, өөрийгөө умартан зүтгэсэн, тэр нь бүр ч ГОЁ.

Бүсгүйн амраг хань Чулуун бол 18 настай юм үзээгүй охин байтугай дол цохисон хүүхэн ч нүдэнд нь торчих санаатай энүүгээр тэнүүгээр нь гүймээр тийм л эр. Өтгөн үс хөмсөгтэй, өндөр чилгэр нуруутай, эрдэм чадал төгс сайхан эр. Хамгийн гол нь дээрэлхүү сагсуу завгүй, хүүхэмсэг биш, бас ариун цэвэрчийг яана… Хичнээн олон ийм сайхан эх оронч сэхээтнүүд минь Чулууны адил Зөвлөлтийн шоронд ясаа тавьсан бол? Харамсалтай нь улс төр рүү нэг орохгүй, гэхдээ энэ нь романы гол дүр Чулуун биш, Сүнжидмаа болохоор арга ч үгүй биз. Энэ бол ариун үнэнч хайрын дууль гэж би дээр хэлсэн дээ. Тийм учраас зохиол тэр аяараа романы гол баатар Сүнжидмаагийн өнцгөөс бүх юм хүүрнэгдсэн.

Зохиол хөнгөн хурдан уншигдах хэдий ч романы эхний хагасыг өнгөртөл үйл явдал нэг л удаан, жаахан залхуутай гэмээр үргэлжилдэг ч, Сүнжидмаагийн авааль нөхөр Чулууныг дотоод яамны ногоон малгайтнууд ирж баривчлан авч явснаас хойш л сонирхолтой болж ирэх бол, бүр төгсгөлд буюу Сүнжидмааг нөхрийнхөө хойноос Зөвлөлт Орост ирснээс хойш бүр ч сонирхолтой, бас таамаглашгүй болно. Эхэн хэсэгтээ залхуутай байсны шалтгаан нь: нэгд, романы үйл явдал анхнаасаа тодорхой байсан, хоёрт гэвэл болж буй бүхнийг хэт их тайлбар дагалдсан санагдсан. Мөн Сүнжээ бүсгүйн Чулуунд ухаангүй татагдан дурладаг хэсэгт уншигч миний сэтгэл тэр эрд хамт татагдан баясаж гунисангүй, зүгээр л үйл явдал мэт уншчихсан нь, эсвэл миний хөлдүүгийнх байх, эсвэл хүний мэдрэмж хөндөхүйц бичигдээгүйнх байх.

Надад бол зохиолын төгсгөл хэсэг эмгэнэлтэй хэдий ч, би Сүнжидмаагийн хувь заяаг урьдчилан огт таамаглаагүй байсан болохоор маш сонирхолтой байлаа. Хувь заяа үнэхээр сониноор эргэсэн. Тиймээс надад бол хамгийн гоё, бүхний тайлал, ХАГАЦАШГҮЙ хэмээх нэрнийх нь учир төгсгөлд нь тайлагдсан.

Уншигч надад анзаарагдсан хэд хэдэн асуудал байна. Нэн түрүүнд түрүүнд дурдсанчлан хэт их тайлбарласан, заримдаа зохиолч романы үйл явдал дундуур орж өөрийн дүгнэлтийг хавчуулсан юм ч ганц биш харагдлаа. Уншигчдад харилцан яриа хэн нь хэн бэ гэдгийг бэлээхэн хэлээд өгдөг болохоор /эсвэл жинхэнэ характерийг нь нууж бас болох юм/ түүнийг заавал дэлгэрүүлэн тайлбарлах нь уншигчийн таамаглан, ургуулан бодох боломжийг боогдуулж, улмаар сонирхолгүй болгож байна. Мөн романы гол баатрын бодлыг давхар бичих нь бас аливааг хэт тодорхой болгох, ингэснээр уйдаах залхаах аюултай мэт.

Мөн буруу зөрүү алдаатай юм нилээн харагдлаа. Заримаас нь дурдвал Чулуун Сүнжидмааг мориноос нь хоёр хөлөөр нь тэврэн өргөж буулгалаа гэх юм. Морь унаж буй хүнийг хоёр хөлөөс нь тэвэрч мориноос буулгах боломжгүйг морь унадаггүй хүн ч мэднэ байх. Мориноос хүнийг тохойноос нь түшиж буулгана, эсвэл бэлхүүсээр нь тэвэрч буулгана. Мөн Чулуун Сүнжээтэй моринд сундалдаад явахдаа өөрөө түрүүлж мордоод /эр хүн болохоор эмээлийнхээ араар зайдан унаад хүүхэн нь урд нь эмээл дээрээ/ сүүлд нь Сүнжээгээ гараас нь татаж моринд нь мордуулах юм. Сүнжээ мориндоо яаж мордох вэ? Өрөөсөн хөлөө дөрөөндөө хийгээд нөгөөхөө Чулууны толгой дээгүүр давуулж шидэн морин дээрээ гарах уу, эсвэл мориныхоо толгой дээгүүр хайчилж харайлган мордох уу? Бас Сүнжээ Их Хүрээнд ирсэн хойноо Чулуунд “Би хэвтээ бичиг” /кирилл/ сурмаар байна гэж хэлэх юм. Орос хэл сурангаа хэвтээ бичгийг нь сурна гээд байгаа юм болов уу, эсвэл? Манай улс кирилл үсгийг 1946 онд авсан гэнэ, гэтэл энэ романы үйл явдал 1935-1937 онд болж буй. Тэгэхээр энд Сүнжээ орос хэл чурах хүсэлдээ хөтлөгдөн тэдний хэвтээ бичгийг сурах гээд байна уу? Гэх мэтчилэн нарийн анзаарч уншвал цаг хугацааны хувьд ч яв цав таарахгүй, зөрүүтэй юм бас ажиглагдсаныг нуух юун.

Үүнээс гадна тодруулмаар юм ч бас бус харагдсан. Сүнжээ бол хөдөөний ганц бие хүүхний /өвөрмонголоос цагаачилж ирсэн хүүхний/ бутач охин. Гэтэл тэр бүсгүй хэзээд нь яаж бичиг үсэгтэй болсон юм бол? Ардын сургуульд явж байсан энэ тэр гэж огт гараагүй, тэгэхээр хэн нэгэн зааж өгсөн юм болов уу? Мөн Сүнжээ бие нь муу эхийгээ бариулах удган залж ирэхээр харанхуй шөнөөр ганцаараа морьтой явж байгаад Чулууны шилэн порттой таарч, Чулуун хөлөө гэмтээсэн жолоочоо бариулах хүн хэрэгтэй болоод Сүнжээд хань болж моринд нь сундалдаад хамтдаа явдаг. Тэгэхэд нь би гайхлаа. Яагаад сайхан шилэн порт машин бэлэн байсаар байтал түүгээр явахгүй, заавал ганц моринд сундалдан барин явдаг билээ гэж. Машин нь эвдэрсэн барьсан гэж дурдаагүй. Хэдий жолооч хөлөө хугалсан ч цэргийн дарга, мөн Чулуун машин барьдаг баймаар, хэрэв барьдаггүй бол түүнийг нь дурдан хэлж оруулахгүй бол мань мэтийн иймэрхүү юмны утга авцалдааг өөрийн эрхгүй анзаарч уншдаг улсуудад үнэмшилгүй болох нь байна шүү. Бас Ангиртын тойром, Бараат хайрхан уул, Номт хайрхан гээд нутгийн уул усны нэр их гарч уншигчдад танил болох ч, эд маань чухам аль аймгийн, аль хошууны /эсвэл сумын/ нутаг юм бол гэдгийг мэдэх туйлын хүсэл оволзож байсан ч, тэр тухай огт дурдсангүй ном дуусчих юм. Модтой уул энэ тэр гээд хангай газар гараад байсан тул би Хэнтийн хойд хэсэг юм болов уу, эсвэл Булган, Архангай тийм юм болов уу хэмээн багцаалдан суулаа. Дээр үеийн ачааны машинаар хот орж ирэхэд бүтэн хоёр хоног гаран машинаар янхичуулж байж ирнэ гэхээр айхтар холын аймаг биш, төв хавьцаа л болов уу гэж бодлоо…

Мөн Сүнжидмаа нөхрөө баривчлуулсны дараа цочирдоод үр зулбасны дараа гэртээ ирээд байн байн унтаад байхаар би бас гайхаж л байлаа. Төдий хэрийн хагацал үзэж, сэтгэлийн гүн цочролд орсон хүн уул нь нойр, хоолноос гарч турж эцэж сүйд болмоор байтал Сүнжээ маань муураа тэврээд л энд тэнд очиж хажуулаад байгаа нь сонин санагдав. Мөн шинэ ажилд ороод сар ч болоогүй мөртлөө Улаан-Үд явах болчихдог нь надад үнэмшил муутай санагдлаа.

Өөр нэг зүйл бол Сүнжидмаа хойшоо явахдаа хамаг байдгаа зараад /бүсгүй маш их алт мөнгөтэй байсан/ 3000 рубль худалдаж авсан нь арай л их санагдав. Тэр үед рубль чанга байсан уу? 1937 оны 3000 рубль гэж өнөөгийнхөөр бол тэрбум төгрөг болмоор ч юм шиг. Гэхдээ зохиолч маань үүнийг шалгаж нягталж байж бичсэн байх аа, би л мэдэхгүй болохоороо үнэмшмээргүй санагдаж байж болох шүү… гэх мэтчилэн аливаад тийм ч амархан итгэдэггүй би мэт нь ном уншихдаа ядаргаатай. Хэлэхээр зохиолчид нь атаархсан болох юм уу, гомдоох аюултай. Уул нь хувь хүн рүү нь халдахгүй, зөвхөн уран бүтээлийг баримт нотолгоотой тэнцүү бичвэл уран бүтээлчдээ ч гэсэн нэмэртэй л баймаар… Тиймээс би монгол зохиолчийн ном уншихаараа тэмдэглэл бичихээс айдаг. Гадаад зохиолчийг бол юу ч гэж бичиж байсан яахав дээ, тийм ээ? Ямар надад дургүйцээд, ирж заргалдах биш. Гэхдээ уул нь ном уншаад төрсөн сэтгэгдлээ ийн хуваалцаж байвал дан магтаал, эсвэл дан шүүмж биш тэнцвэртэй юм даа… Тиймээс монгол зохиолчийн ном уншвал хааяа ийн сэтгэгдлээ бичиж байхыг бодно оо. Ухаантай хүн бол уурлахын оронд авахыг нь аваад гээхийг нь гээнэ биз.

Ийн хайраар гагнагдсан хоёр сэтгэлийг орон зай, оршихуйгаар нь хагацаан тасалсан ч, цохилох зүрхэнд нь хүрч тасалж бараагүй хэлмэгдүүлэлтийн түүхийн нэгэн өнгө, гунигт хайрын түүхийг уншсандаа баяртай байгаагаас гадна хэрвээ энэ зохиол уран сайхны кино болвол их маш сайхан кино болно доо гэж бодож байна. Тиймээс дэлгэцийн бүтээл болохын ерөөл өргөе! ❤❤❤🙏🙏🙏

Сэтгэгдлээ буулгасан Д. Болортуяа
Швейцарь, Женев хот
2019. 09. 28

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *