p.justify { text-align:justify; }
“Хорин нэгэн хөрөг” бүтсэн түүх

“Хорин нэгэн зул”-аас “Хорин нэгэн хөрөг” хүртэл

Зохиолч, түүхч, зураач, сэтгүүлч МУСГЗ Онход Тангадын Мандир

1987 оны 10-р сард шиг санагдах юм. Хөдөлмөр сонины ажилтан яруу найрагч Б.Төмөртогоо бид хоёр Сэлбэ амралтанд 14 хоног амрахаар явлаа. Ноднин жил бид хоёр мөн энэ цагаар Сэлбэд хамт амарч , Тө маань шүлгийн шинэ номоо бэлэн болгож, харин би “нөмгөн эр”-тууриа бичиж билээ. Энэ удаа явахдаа тэр бүхнийг бодсон ч үгүй, тэр байтугай юу бичихээ ч мэдээгүй, ямар боловч нэг юм бичнэ дээ гэсэн бат итгэлтэй байсан. Лу.Алтан товч/кирил дээр/ цүнхэлсэн, өглөө яараад гарт таарсан номоо л шүүрсэн хэрэг шүү дээ.

Тэгээд л Сэлбэ  дэхь амралтын газрын МЗЭ –ийн мэдлийн 2 ортой нэг өрөөнд “Хорин нэгэн зул “ гэж ерөнхий нэртэй цуврал хөрөг –таталбарууд мэндлэв. Тэнд “Өүлэн эх”, “Хөлөг Боорчи” хоёрыг анх бичсэн . Харин 21 хүнээ нэлээд хожуу сонгож  цэгцлэсэн байх. 1987 оны 10-р сараас 1988 оны 4-р сар хүртэл энэ бүтээл дээрээ ажилласан. Редакциас актлагдсан “OPTIMA3 машин өрөөндөө тавиад ажлынхаа зав чөлөөгөөр өөрөө машиндав. Энэ нв бичсэнээ дахиж хянахад ашигтай, бас хэмжээгээ жигдлэх сайхан боломж өгсөн. Анхнаасаа зөвхөн сонинд нийтлүүлэх тухай л бодсон тул 120 мөрд багтахаар зорьсон юм. Хэзээ нэгэн цагт ном боож болох юм гэсэн санаа гэнэ гэнэ төрж байсан ч энэ тухай цааш нь мөрөөдөхийг цээрлэдэг байлаа. Бичлэг маань улам л сэтгэлд нийцэж байсан тул сэтгүүлч, зохиолч нөхөддөө үзүүлэхээс болгоомжилж, зөвхөн түүхчдэд харуулна гэсэн бодолтой байсан. Гэвч тухайн үед танил түүхч байгаагүй билээ. Энэ завсар хөрөг зургуудаа хийсээр байсан. Чухам энэ үед түүхийн талаас, ялангуяа хувцас хэрэглэл гээд угсаатан судлалын талаас нэмэлт мэдээлэл, аргагүй шаардагдав. ”Цаг ирвээс” гэж Ри докторын хэлсэнчлэн 21 зул асах цаг нь ирсэн бололтой, түүхч өөрөө өрөөнд минь ороод ирсэн дээ.

Тэр бол залуу архелогич Хөгөлбөөн Лхагвасүрэн байж билээ.Одоо тэрбээр доктор, профессор “Чингис хаан” дээд сургуулийн эзэн захирал байгаа. Хөдөлмөр сонин анхнаасаа монголын байгаль, түүхийн тухай материалд анхаардаг байсан бөгөөд архелогчид дотроос Д.Наваан гуай ээлжит малтлагынхаа сонин хачнаас манай сонинд байнга бичдэг байсныг би урьд өмнө зөндөө л уншдаг байлаа. Энэ удаа Наваан гуайг залгамжлахаар түүний гарын шавь Х.лхагвасүрэн тийнхүү манай сониныг зорин иржээ. Захидал мэдээний хэлтсийнхэн түүний бичвэрийг үзээд шууд л над руу илгээсэн нь мэдээж. Би тэр үед “цай уух зуур”, булан “амралт чөлөөт цаг” нүүрийг эрхлэн гаргахын зэрэгцээ түүх, угсаатны зүйн талын материалыг хүлээн авч боловсруулаад зохих хэлтэст эсвэл шууд НБД нарт илгээдэг үүрэгтэй байв. Сонины зураачийн хувьд өндөр итгэл найдвар хүлээж байсан хэрэг шүү. Жилийн дараа би сонины зөвлөлийг зөвшөөрлийн чухам тэр олон маиериал дээр тулгуурлан  “Түүхийн танхим”, “Удиртгал” зэрэг тогтмол буланг нээж, уншигчдын маш олон захидлыг олон түмэнд хүргэж билээ. Ялангуяа “Мөнх тэнгэрийн хүчин дор” киног бүтээхийн өмнө болон хойно, “Гурван гол” экспедицийн зогсоох эсэх тухай гээд тэр үеийн дуулиант асуудлаар дээрх булангууд идэвхтэй ажиллаж уншигчид маань захидлаар ёстой нэг дарах шиг болж байсан даа. Ингээд Лхагвасүрэнтэйгээ танилцаж, 21 зулынхаа бэлэн болсон хэсгүүдээс ганц нэгийг үзүүлсэнд нөгөө хархүүгийн нүд орой дээрээ гарч, “ёстой гайхамшиг л” гэж дуу алдан хүлээж авсан.

Тэгээд л Х.Лхагвасүрэн миний хөтөч болж, архелогич Д.Баяр, Д.Наваан нартай уулзуулав. Би тэдний дэмжлэгээр Улсын Төв номын сангаас Тайвань дахь ордны Юан улсын хаад, хатдын хөрөг зургийн албан ёсны бүрэн хуулбартай дэлгэрэнгүй танилцсаны дээр ШУА-ийн архелогийн хөмрөгт байгаа музейд тавих боломжгүй ховор нандин эд өлөгийг нүдээр үзэж, гараар барих завшаан тохиов. Тэр бүхнийг үзэж харсны дараа цоо шинэ зүйл олсон гэж хэлж чадахгүй, харин зурсан бичсэн болгон минь түүхийн үнэнтэй нийцэж байгааг ойлгож өөртөө итгэх итгэл минь улам улам нэмэгдсэн дээ. Тийм л байх ёстой гэсэн бодолч төрж байсан. Тухайн үед бичиж байгаа зүйлдээ, зурж таталсан зураас болгондоо чин сэтгэлээс итгэн, ёстой л “бурантагтай тэмээ” шиг л чив чигээрээ урагшилж байснаа одоо бодоход үе үе айдас төрдөг. Ямар ч бэрх битүү газраар зам гаргаснаа одоо л ойлгож, төрөлх зөн совин, мөнх тэнгрэээс илгээсэн эрч хүчийг мэдрэх шиг болдог юм даа. 1989 оны 1-р сарын 4-нд “Хорин нэгэн зул” номынхоо эхний бүлэг болох “Есүүхэй”-г “Хөдөлмөр” сониндоо тавихаар бэлдсэн эх нь одоо миний хувийн архивт байгаа._ 121 мөр болжээ. Хэлтсийн дарга Д.Жигжидсүрэн гарын “чанар”  гэсэн хүснэгтэд “ш” үсэг тавьсан нь “шилдэг”  гэсэн үг юм. Тэр үед манай сонин чанарын үнэлгээ тавьдаг байсан. Ш-шилдэг, С-сайн, Х-хангалттай гэсэн гурван үнэлгээ байсан санагдана.

Тэгтэл хэд хоногийн дараа ерөнхий эрхлэгч С.Жамбалдорж “Ийм зүйл нйитлэх цаг нь болоогүй” гээд уг эхийг надад буцаан өгснөөр ийнхүү хавтсанд минь үлджээ. Үнэхээр цаг нь болоогүй байсан бололтой.Би анх бодохдоо XVII зуун буюу Батмөнх даян хааныг хүртэлх онц содон 21 хүнийг сонгохоор бодсон ч нэг л болж өгөхгүй 18 дээр зогсчихсон нь цаанаасаа учиртай байсан юм уу гэж бодогдоно. 5 сарын сүүлчээр Лхагвасүрэн маань миний гар бичмэлийн нэг хувийг авч “Улаан од” сонины эрхлэгч Б.Чантууд үзүүлсэнд цаадах нь сониндоо тавихаар зөвшөөрчээ. Би юу гэж татгалзах вэ? “Есүүхэй” гэсэн анхны бүлэг нь тус сонины 6-р сарын 10-ны /№46/9087/ дугаарт хэвлэгджээ. Ингээд он дуустал, сүүлч нь 1990 оны 1-р сард гарч бүрэн хэвлэгдсэн билээ. Гуравдахь таталбар буюу “Чингис хаан”-ыг “Шилдэг нийтлэлийн улсын уралдаанд” гэсэн хөмсөгтэй нийтэлж эхэлсэн. Тэр үед МС холбоо нэг тийм том уралдаан зарласан юм. Одоо мартжээ. Бодвол Улс хувьсгалын 70 жилийн ойд зориулсан байхаа, даанч дундуур нь Ардчилсан хөдөлгөөн өрнөөд  уралдаан ч хаягдсан.

“Хорин нэгэн зул” хөрөг маань харин ч нэг уншигчдыг хуйлруулсан даа. Төв шууданд “Улаан од” сонины шинэ дугаар хүлээсэн хүмүүс зөндөө. Нэг сонин гэвэл хүмүүс утасдаад “Мандир гуайтай яръя” гэнэ. “Би байна” гэхээр утсаа тавьчих тохиолдол нэг биш байлаа. “Улаан од” сонинд ажиллаж байсан нэг нөхөр маань бүр ч ноцтой зүйл мэдэгдэв. “Чамтай уулзсан хүн над дээр ирлээ. “Цаад нөхрөө шалгах хэрэгтэй. Нэг настай хүнээр бичүүлээд өөрийнхөө нэрээр гаргаад байгаа юм биш үү” гэж байна гэж билээ. Бас нэг сонин тохиолдол болсон. Тэр намар УБ хотноо ирж залуу монголч эрдэмтдийн семинарыг хөтлөлцсөн АНУ-ийн нэрт эрдэмтэн Хангины Гомбожав гуайг “Улаан од”-ынхон урьж ярилцлага хийсэн юм байна. Далимд нь миний нийтлэлийг үзүүлжээ. Их эрдэмтэн ойшоосон юм байлгүй, надтай уулзахыг хүсчээ. Гай болоход тэр үед би хөдөө томилолтоор явсан байв.

Нэрт хэл шинжээч Хангин Гомбожав, нэрт археологч Н.Сэр-Оджав, нэрт археологч, академич Д.Дорж, агуу эрдэмтэн Бямбын Ринчин нар.

Хангины Гомбожав гуай миний өрөөний утсыг авч үлдээд АНУ –руу нисэхийнхээ өмнө дахин нэг утасдахад цуг суудаг гэрэл зурагчин эмэгтэй маань утсаа аваад ярихад их эрдэмтэн маань түүнийг нэлээн самгардуулсан гэж дараа нь надад ярьсан юм. Учир нь Гомбожав гуай миний нэрнээс болоод намайг эмэгтйэ хүн гэж бодсон бололтой, гэрэл зурагчныг маань “бултаж зайлах гээд байна” гэж ойлгоод эгдүүцсэн нь илт байсан гэж байж билээ. Өөр нэг сайхан тохиол бий. Төмөрзамд ажилладаг өвөрмонгол гаралтай нэг ахимаг хүн намайг сураглаж ирэв. Нэр нь мартагдаад байх юм, Хосбаяр бил үү, нэг тйимэрхүү нэртэй, 90-ээд оны эхээр бид хоёр сүрхий ходий байсан юм. Тэр хүний ярих нь, миний нийтлэлүүдийг хайчилж аваад Хөх хотод суудаг нэг эрдэмтэнд аваачиж өгсөнд их олзуурхсан юм байна. Удахгүй дахиад очно. Та нэг захиа, гарын бэлэг бодвол ямар вэ? би аваачиж өгье гэж байна. Тэр хүн нь “Чингис хааны товчоон” гэдэг 2боть судалгааны зохиолоо гаргаад байсан Сайшаал гуай юмсанж. Барааг нь харах байтугай, номынх нь сургийг сонсоогүй үе байв.Би чтэр дор нь захидал бичиж, “Монгол ардын уртын дуу” гэдэг ШУА-ийн хэвлэсэн гайгүй дөмөг цоморлигыг гарын бэлэг болгон өгч илгээсэн, 1990 он гарч цагаан сарын дараа Хосбаяр гуай Сайшаал гуайн хариу захидал “Монгол соёлын авъяас билигт залуу эрдэмтэн Т.М… “ гэх мэт гарын үсэгтэй 2 ботийг авчирч өгсөн.

“Хорин нэгэн зул” маань намайг тийнхүү түүхчдийн тэр бүр шургаад байдаггүй орчин руу шидээд оруулчихсан бөгөөд харин түүхчид намайг буцааж хаясангүй, халуунаар тосч авсанд нь насан турхаар баярлаад ханашгүй явдаг юм. Ч.Далай, Г.Сүхбаатар, Н.Ишжамц, А.Дамдинсүрэн, Н.Сэр-Оджав … нэрийг нь сонсоод л муурч унамаар тэр аваргууд өчүүхэн намайг зөвхөн “Хорин нэгэн зул”-ын буянаар л хүлээн зөвшөөрсөн гэж итгэдэг.

Төрийн шагналт, Хэл бичгийн ухааны доктор, судлаач зохиолч Ш.Гаадамба

Цувралууд сонинд гарч дуусаагүй байхад хувь заяа нь шийдэгдэв. 1989 онд “МНТ”-ны 750 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гарч Улсын комисс байгуулагдав. Комиссын н.б.д Ч.Догсүрэн намайг дуудаж “Уг цувралаа энэ ойд зориулан ном болгох хэрэгтэй” гэснээр миний гацаа арилж, Юан улс, Ар Юан улсын ихсийн тухай санаашрахаа болиод, сүүлчийн гурван хүний нэрс өөрөө тодроод ирсэн дээ. Ч.Догсүрэн гуай номын редактораар Ш.Гаадамба гуайг санал болгосон, бид хоёр их эрдэмтний гэрт очиж, энэ тухайгаа ярьсанд дуртай зөвшөөрсөн. Редакторлах ажил удсангүй, Га багш үг, үсэг байтугай цэг таслал ч засаагүй бөгөөд гагцхүү “”бэлчээр”, “нэлээд”, “хэр” гэх зэрэг үгүүдийн “н” ба “э” хоёрын ялгааг ойлгуулж өгсөн билээ. Бас “мэдрэх” гэдэг үгэнд дургүй байдгаа илэрхийлэв.Тэр бүгдийг нь би ч зөвшөөрөв. Га багш, бид хоёр дотно харилцаатай боллоо. Оны сүүлчээр үү, шинэ оны эхээр ч юм уу, Га багш бид хоёр номоо авч комиссын хуралд хэлэлцүүлэхээр орсон билээ. Комиссын гишүүд гэж ланжгар хүмүүс ээ, зүс мэдэхээс академич Ш.Бира, зураач Н.Цүлтэм, Улсын хэвлэлийн газрын дарга Цэрэннадмид гуай байлаа.

Хэлэлцүүлэг удсангүй, номын нэрийг “Хорин нэгэн хөрөг” болгосноор 100% санал нэгтэй батлав. Нэг тохиолдол мардагддаггүй. Ш.Бира академич “Таян хааны хүзүүнд яагаад эрхи зүүлгэснийг”  надаас асуусан. Би ч хариулсан. Бира гуай хариултыг ойшоолоо. Гэтэл Га багшийн эгдүү хүрсэн бололтой “Ингэхэд Таян ханы эрхитэй, эрхигүйг чи яаж мэддэг юм бэ?” хэмээн Бира гуай руу үг хаясан. Хурал тэгэсгээд өндөрлөхөд Догсүрэн гуай бид хоёр Га багшийг авч гарах гэтэл “Та хоёр явж бай. Би энэ нөхөртэй жаахан яриатай” гээд Ш.Бира гуайн ханцуйнаас атган өрөө рүү нь чирэхэд Бира гуай инээмсэглээд дурамжхан царайлан дагасныг одоо санахад аргагүй дүнгэр ихсийн цагаахан маргаан байж дээ гэж бодогдоно.

“Хорин нэгэн зул” маань тийнхүү “хорин нэгэн хөрөг” нэртэйгээр 1990 оны зун 20 000 хувь хэвлэгдэн олон нийтийн гар дээр очсон доо. 22 жилийн дараа яруу найрагч , МУСГЗ С.Лутбаяр энэ номыг өнгөт/би зургууддаа өнгө тавьсан/ болгон  хоёрдахь удаа хэвлэсэн. 2018 онд хүүхдийн зохиолч Ч.Наранцэцэг өөрийн санаачлагаар “Хорин нэгэн хөрөг” номыг гуравдахь удаагаа хэвлэв.Тоог сайн мэдэхгүй. Энэ номд нийтлэлч Төмөр-Очир гайхалтай сайхан тодорхойлолт бичсэн билээ.

  • Эцэст нь хэлэхэд олонх хүмүүс энэ номыг “түүхэн зохиол” гэж тооцдог, тэгэж үнэлж дүгнэхийг үгүйсгэх аргагүй.  Гэхдээ би энэ бүтээлээ сонинд зориулж бичсэн, сэтгүүлч хүний үзгээр бүтсэн баримтат уран сайхны нийтлэлийн шинэ төрөл гэж үздэг. Монголын сэтгүүл зүйд шинэ амьсгал нэмэрлэж, монголын агуу түүхийг өргөн олонд сонин сэтгүүлийн хуудсаар хялбаршуулан, үнэн зөв хүргэх санааг зорилгоо болгож би үүнийгээ бичсэн, зорилгоо ч биелүүлсэн гэж боддог .

Тэгээд ч МСХ- ны дээд шагнал “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр 1991,1992 онд хоёр удаа дараалан шагнуулсан хүн надаас өөр байхгүй л болов уу. Монголын нэрт сэтгүүлч, тухайн үед “Залуучуудын үнэн” сонины н.б.д байсан Д.Хатанбаатар 1992    онд надтай хэрэг болгон уулзаж “Чиний арга барилаар ийм ном бүтээсэн шүү” гээд “Ерөнхий сайдын өргөөнөө” гэдэг шинэ номоо дурсгаж байлаа. Өдгөө нэртэй түүхч болсон Эрдэнэбаатар маань “Утга зохиол” сонинд Модун хааны тухай хөрөг-найрууллаа нийтлүүлээд “Чиний замаар шинэ бүтээл хийсэн” гэж утасдахад учиргүй баярлаж байлаа даа.

Зохиолч, түүхч, зураач, сэтгүүлч МУСГЗ Онход Тангадын Мандир

2019.05.06                                                  

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *