p.justify { text-align:justify; }
“Хүрээний ганган хүүхнүүд” цуврал-7

“ШӨНИЙН БОРОО” ДУУНЫ ЭЗЭН ЛХАМ

1921 онд засаг төрөө шинээр төвхнүүлсэн монголчууд Барон Унгернийг устгасныхаа дараа Монголын баруун хязгаарыг түйвээж байсан Жа лам Дамбийжааг устгахаар 1923 онд Ардын хувьсгалын анхны партизан, домогт баатар Дашийн Балдандоржоор удирдуулсан морин цэргийн суманг илгээсэн түүхтэй. Партизан Балдандорж Жа ламтай халз тулж, цус урсгахаас болгоомжлон заль хэрэглэхээр шийдсэн байна. Үүний тулд цэргүүдээ нууц газар байрлуулаад, өөрөө нэг нөхрөө дагуулан мөргөлчин болж Дамбийжаагийн бэхлэлтэнд хүрч очоод “Жа ламд хадаг барьж адис хүртэх гэсэн юм” гэж гуйхад хаалгач нар ёсыг бодож хэрэм дотор майхан бариад холоос ирсэн гэх хоёр мөргөлчныг түр байрлуулжээ. Төдөлгүй Жа ламд бараалхаж, хадаг барих цаг болоход Балдандорж гар буугаа хадган дор нуугаад хадгаа өргөх үедээ ламыг дор нь нам бууджээ. Эцэст нь Дамбийжаагийн бүх эд бараа, буу зэвсэгийн хурааж аваад, 2000 гаруй хонь малыг тэнд боолчлогдож байсан хүмүүс болон нутгийн ядууст тарааж өгчээ. Монголын баруун хязгаарт хэмжээгүй эрхт ноёрхол тогтоогоод байсан Дамбийжаагийн бяцхан вант улсыг үгүй хийх тагнуулын үйл хэрэгт хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн Дашийн Балдандорж гэж ийм хүн байлаа. Харамсалтай нь 1937 онд ногоон малгайтнууд түүнийг баривчлан хэлмэгдүүлжээ. Дашийн Балдандоржийн төрсөн охин Лхам хэмээх сайхан бүсгүй нэрт зохиолч Д.Намдаг агсаны анхны хайр нь байжээ. Д.Балдандорж баригдах үедээ гэртээ эхнэр С.Цэрэн, охин Март нарынхаа хамт амьдарч байсан байна. Харин түүний том охин Лхам үүнээс хамаагүй эрт буюу 1932 онд нас баржээ.

“Тайж Д.Нацагдоржийн банкет… хэмээх зураг

Тэр үед Лхамын анхны хайр, зохиолч Д.Намдаг хилс хэргээр шоронд сууж байсан гэдэг. Дөч, тавиад оны зарим зохиолчийн бичиж тэмдэглэснээр бол Лхам нь шоронд орсон нөхрийнхөө хойноос шаналан бэтгэрч байгаад нас барсан гэх. 1932 оны хавар 21 настай ид шижигнэж явсан Д.Намдаг До яамныханд баригдаж, их зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх нарын хамт улс төрийн хилс хэрэгт гүтгэгджээ. Нийт 12 хүн “Тайж Д.Нацагдорийн банкет” хэмээх зохиомол хэргээр баригдсан бөгөөд төдөлгүй “Шинэ эргэлтийн бодлого” гэгчийн үрээр нугалаатны бодлого нуран унаж 1933 онд дээрхи нөхдийн зарим нь шоронгоос суллагдсан түүхтэй. Д.Намдагийг шоронгоос гарч ирэхэд анхны дурлалт бүсгүй нь нас барчихсан, ажил амьдрал нь нурж унасан, их л хүнд хэцүү орчин угтжээ. Чухам энэ үед зохиолч маань “Тэмцэл” жүжгээ бичсэн гэдэг. “Намдаг багшид бүсгүй хүний жаргалыг анх эдлүүлсэн гоо бүсгүй Лхам цэл залуугаараа насан эцэслэсэн юм” гэж урлагийнхан ярьдаг. Мөн энэ бүсгүйд зориулж Д.Намдаг агсан мөнөөх алдарт “Шөнийн бороо” дууныхаа шүлгийг гүнзгий ярууслаар бичсэн гэдэг. Эр эмийн ажлыг монголчууд “Үүл борооны явдлаар” зүйрлэн хэлдэг уламжлал дээр тулгуурлан бичсэн уг дууны “Шөнийн орсон бороо” нь “өөр бороо”, цомирлогоо дэлгэж баяссан нь өөр дусаалыг шимсэн “өөр цэцэг” юмсанж.

Энэ тухай яруу найрагч Ш.Сүрэнжав гуай өгүүлэхдээ “Өнөөдөр эротик, порно мэтийг их ярих болж. Үүнийг чинь аль эрт Хайнрих Хайне, манайд Д.Намдаг гуйгаас эхлээд биччихсэн юм шүү дээ. Хайнрих Хайне бичихдээ, “Бүү ай Анжелика Бүүр аюулгүй шүү надтай хамт байхад Хуучин байшинг шуурга Хуулж хаячих хүчгүй шүү Галаас болгоомжилж дэнгий чинь Гайгүй сайн унтраасан шүү Хаалгаар чинь хулгайч оромгүй Хангинатал сайн түгжсэн шүү Хөнжилд оролгүй удвал л харин Хөлдөж мэдмээр байна шүү” гэж шүлэглэсэн. Энэ чинь эротик. Гэхдээ яруу сайхантайгаар гаргасан бус уу? Д.Намдаг гуайн “Шөнийн бороо” дуунд, “Сэрүүн тунгалаг дусаалыг шимсэн Цэцгүүд баясан цоморлигоо дэлгэнэ” гээд байгаа чинь өөр дусал, өөр цэцгийг хэлж л дээ. Монголчууд үүл борооны явдал гэж цээрлэн хэлдэгийг Намдаг зохиолч “Шөнийн бороо”-гоор илэрхийлсэн юм даа” гэж билээ.

МАЙМАА ХОТЫН ШҮТЭЭН “ЦАГААН” ДУЛАМ

Соц нийгмийн үеийн зохиол бүтээлд хүрээ хүүхэн “Цагаан” Дулам гэсэн нэр олонтаа дурдагддаг. Энэхүү нэрийг мөнөөх л нийтийн жишиг болсон “Цагаан” Долгор гэдэгтэй адилтгаж уран зохиолын баатар мэтээр төсөөлдөг байлаа. Гэтэл хүрээ хүүхэн “Цагаан” Дулам гэдэг нь бодит хүн байсан бөгөөд тэгэхдээ бүр Маймаа хотын цууд гарсан сайхан хүүхэн байжээ. Ардын хувьсгалын партизан, алмас судлаач Ж.Дамдин агсан дурсамжийнхаа номонд “Цагаан” Дуламын тухай тов тодорхой хүүрнэсэн байх аж. Зохиолч Ж.Дамдин гуай бол хориод оны Богдын хүрээний амьд архив байлаа. Энэ ч үүднээсээ Ардын хувьсгалын эхэн үеийн үйл явдлыг тусгасан олон арван зохиол туурвисан байдаг.

Тэрбээр хүрээ хүүхэн “Цагаан” Дуламын тухай ийм нэгэн дурсамж бичиж үлдээжээ. “…Тэр үеийн Богдын хүрээнд нэр цуу нь Монгол даяар түгсэн нэгэн хүрэл суварга (Одоогийн Улаанбаатар хотын Пионерийн ордоны хашааны зүүн урд өнцөгт) байлаа.Богдын хүрээнд эргэл, мөргөл үйлдэх газар гэвэл маш олон байв. Гэвч тэр бүхний дотор хар цагаан хэл ам, архаг өвчин, ямар нэгэн ужиг удаанаар тохиолдсон гай зовлонгоо арилгахаар газрын холоос зорин ирж мөргөл үйлддэг нэгэн чухаг шүтээн бол Хүрээний тэрхүү хүрэл суварга байв. Хүрээний овоо хүүхнүүд ч бас энэхүү суварган дээр ирж эр нөхрөө цог золбоотой болгож өгөхийг гуйн мөргөх удаа бий. Мөн баян айлын уналагын морьдыг манадаг буюу мах үүрч зөөдөг хүдэр сайхан эрчүүл Хүрээ даяар нэр цууд гарсан Маймаа хотын шүтээн “Цагаан” Дулам мэтийн сайхан хүүхэнтэй учруулан танилцуулж өгөөч гэж Хүрэл суварган дээр ирж мөргөх явдал ч байв. Чив чимээгүй өмөлзөн залбирч, элэгдсэн модон бандан дээр бие, хувцас хайргүй сунан мөргөж байгаа тэр олон хүний хэн нь юу хүсч мөргөж байгааг мэдэх аргагүй…” гэж өгүүлжээ.

Их Британийн сэтгүүлч, зураач Жулиус Прайс “Өргөөгийн гоо” /1891/

Хүрээний хүдэр сайхан эрчүүл ийнхүү Маймаа хотын “Цагаан” Дуламтай учруулан танилцуулж өгөөч хэмээн мөрөөдөж байсныг бодоход энэ хүүхэн нөхөр сүүдэргүй байсан юм болов уу. Ерээд оны үед хэвлэгдсэн “Амгаланбаатарын гангачуул” хэмээх зохиолд “Цагаан” Дулам хэмээх хүрээ хүүхэн нэлээд нас ахисан хойноо Гоминданы нэг офицертой дэр нэгтгэж байгаа тухай гардаг. Энэ хүүхэн аягүй бол Маймаа хотын “Цагаан” Дулам байж мэдэх юм. Мөн “Цагаан Дуламаас гадна хүрээ дуучин “Хөөрхөн” Дулмаа гэж байжээ. “Дурдан ногоон бүсээ байдгаар нь бариувчилж зүүсэн, тахимаа хүрсэн урт үсээ сувдан даруулгаар жимбийтэл хавчсан, цагаан малгай духдуулсан хүрээ хүүхэн улаан лууны дүрстэй урт гаансаа эрхий, чигчийнхээ завсарт ямбатай гэгч барин Зүүн хүрээ орчим явна. Хажуу хударгаар нь зөрөх ардууд жир бусаар харж жив жув хийлцэх авч хүүхэнд ерөөс хамаагүй мэт гунхалзан алхана…” Энэ бол хорь, гучаад оны хүрээ хүүхнүүдийн нийтлэг дүр төрх. Түмний найр цэнгэл дээр хүрээ дуу уянгалуулдаг дуучин хүүхнүүд бол үүнээс илүү эрх ямбатай, илүү нэр хүндтэй байжээ.

Тэдний нэг бол хүрээ дуучин “Хөөрхөн” Дулмаа юм. Сэтгүүлч Ц.Навгачамба агсан энэхүү “Хөөрхөн” Дулмаатай 1970-аад оны үед нүүр тулан уулзаж явсан байдаг. Тэрбээр ийм нэгэн дурсамж үлдээжээ. “Аль ч улсын нийслэл тухайн улсынхаа сүлд хийморь, урлаг соёл, сэхээтэний төвлөрөл байдаг жамтай. Нүүдэлчин монголчуудын нийслэл Да хүрээ ч гэсэн олон хөлийн амьтан цугларсан цагтаа бас л цуутай газар байж. Энд феодалын Монголын голлох сэхээтэнүүд, язгууртан, дээд лам нар, хүрээний гангачууд голлон суудаг байсан нь маргаангүй. Цагаан сар дөхөөд ирэхэд “Цагаан сар”, “Хүрээ дуу” гэсэн үг их дотно санагддаг байлаа гэж хүрээ дуучин гэж алдаршсан дуучин Дулмаа гуай хуучилдагсан. Дулмаа гуай Зүүн хүрээний дуучин байжээ. Тэр үед баруун, зүүн хүрээ гэж ялгарч, Зүүн хүрээнийхэн хувцас хунар, эд хэрэглэл, өмссөн зүүснээрээ төдийгүй алхаа гишгээ, соёл боловсрол, дуу хуураараа ялгагдахуйц байсан аж. Хэзээнээс зүүн хүрээнийхэн ганган дэгжин, чамин гоё, соёлтой хүмүүс байсан хийгээд дуу хуур нь хүртэл өвөрмөц ондоо. Хүүхнүүд нь мөртэй дээл, сувдан даруулга, угалзтай наамал гутал, алтан шүд, цагаан өдөн малгай, гаатай янжуураар гангарч байсан гэхэд дэгжин төрх нь аяндаа тодорхойлогдоно” гэж өгүүлсэн байх аж.

Зохиолч, яруу найрагч Б.Ойдов

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *