p.justify { text-align:justify; }
Уран зохиолоос бусад нь…/цуврал-1

УРАН ЗОХИОЛЫН ХИЧЭЭЛ ХЭРЭГТЭЙ ЮУ?

Зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэд

/Уран зохиолын багш нартай ярилцсан ярианы тэмдэглэл/
Цагаан сараар хамаатны залуу манайд ирэв. Тэр дунд сургуулийн математикийн багш юм. “Ингэхэд чиний зааж буй хичээл хүүхдийн ирээдүйд, ерөөс хүнд хэр хэрэгтэй вэ? Чи ер нь хэрэгтэй зүйл зааж байна уу, үгүй юу?” гэж хэрэг болгон асуусанд залуу нэлээд шаралхаж, нүдээ гялалзуулж байгаад надад учиргүй том лекц уншчихав. Наад зах нь бүхий л мэргэжлийн суурьт математик бий, тэр улс орны гол ачааг үүрч явдаг эдийн засагчид, инженерүүд чинь математикгүйгээр юу ч хийх бололцоогүй, цаашлаад хүн төрөлхтний ойрын ирээдүйг тодорхойлох дижитал хувьсгал, хиймэл оюун ухаан бүгд математикт бий гэнэ. Мэргэжлийнхээ утга учир, үнэ цэнийг ингэж мэдэж, итгэж байгаа залууд баярласан. Баярлахаас ч биш яахав. Хүн ингэж байж ажил үйлс нь амжилттай өөдрөг байдаг, хийж буй ажлаасаа урам зориг авч, цог золбоотой байдаг, өөрийнх нь ахуй амьдралд төдийгүй өрөөл бусдад үр өгөөжөө харамгүй хайрладаг. Хэрвээ хэдэн төгрөг, цалингийн төлөө л ажилладаг бол ядахад л ажил чинь чамд үүрэхэд халшрам ял шахуу болно. Ажил хийх урам зориг, идэвх санаачилга, түүнийг дагадаг амжилт, үр дүн ямар л байх бол оо? Үнэхээр ч тэр залууг тун удалгүй нэгэн хувийн сургууль өмнөх цалингаас нь гурав дахин өндөр цалингаар ажиллуулахаар гэрээ хийлээ гэсэн.
Уран зохиолын хичээлийн үнэ цэнийн тухай ярих гээд та бүхний өмнө зогсож байгаа би яагаад хаа хамаагүй математикийн багшийн тухай яриад эхлэв гэвэл би энэ удаад ч гэсэн бас Та нараас дээрхтэй утга нэг асуулт асуумаар байна.

  • “Ингэхэд эрхэм уран зохиолын багш нараа, та нарын зааж буй хичээл чинь ер нь ямар хэрэгтэй юм бэ? Таны өмнө сууж байгаа тэр хүүхдүүдийн ирээдүйг таны зааж буй хичээл юугаараа гийгүүлэх юм бэ? Математик бол ойлгомжтой байна, харин уран зохиол таны, чиний шавь нарт, хувь хүнд, ерөөс хүн төрөлхтөнд хэрэг болдог юм уу, үгүй юм уу? Эсвэл зүгээр л нэг уйдсан хүний зугаа юу?”. Ийм асуултыг та бүхэн өөрсдөөсөө асуудаг уу? Асуудаг бол ямар хариулт гардаг вэ?


Олонх нь энэ талаар бодож эргэцүүлсэн байх. Уйдсан хүний зугаа юм уу гэж асууж буйд бас учир бий шүү. Яагаад гэвэл уран зохиолыг тийн үздэг үзэл хандлага энэ цаг үед маш тодорхой анзаарагддаг, тэр бүү хэл төрийн бодлого боловсруулах түвшинд хүртэл хүчтэй илэрдэг. Өнөөдөр ахлах, дунд ангид Уран зохиолын хичээл долоо хоногт ганцхан цаг ордог, бага ангид ордоггүй. Бага ангид уран зохиолийн хичээл гэж тусдаа байхгүй, Монгол хэлний хичээлийн хавсрага байдалтай байгаа. Бүр уран зохиол бол соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх нийгмийн үүрэггүй гэж үздэг онол суртал ч байгаа. Тэр нь манайд бараг хүчин төгөлдөр шахуу үйлчилж байгаа. Энэ удаад Та бид ямар нэгэн онол ярилцахгүй ээ, харин амьдралд учирсан баримт нотолгоо, туршлага л ярина.
За бүгдээрээ хамтраад дээрх асуултад хариулцгаая. Хамгийн энгийнээс нь эхэлье.
.
Нэг: МЭДЛЭГ


Нэг багш “Мэдлэг өгдөг” гэлээ. Тийм үү, би энэ багштай санал нэг байна. Уран зохиол хүнд мэдлэг өгдөг байх нь ээ. Мэдлэг гээд орхичихоор бас тодорхойгүй тул жишээ авая. А. Дюмагийн “Шадар гурван цэрэг” романыг уншаагүй хүн ховор. Энэ романаас 1600-аад оны эхэн хагасын Францын амьдралын тухай ямар нэгийг мэдээд авах боломжтой. Решилье гэдэг аймшгийн хүчирхэг их хамба байжээ. Тэр чинь түүхэн хүн шүү дээ. Тэр цагт байсан Шадар цэрэг – мушкетёри (фр. mousquetaire), Торгон цэрэг гэдэг хааны ордны үүрэгт нэгжүүдийн тухай ч мэдээд авна. Тэр яагаад хоорондоо түнжин муутай байсныг ч мэднэ. Гаскон гэдэг мужийнхны онцлогыг ч мэдэх боломжтой. Анхны бялтат бууны талаар ч мэднэ. Дуэл буюу халз тулаан гэдэг нь юу болох, ямар зарчим, ямар эр зориг, ямар итгэл үнэмшил шаарддагийг ч мэднэ. Мөн тэр үед Англи, Франц хоёр улсын хооронд ямар үйл явдал өрнөж байсныг ч мэдэх боломжтой. Өөр зөндөө зүйл бий. Уг романы дараагийн боть болох “Хорин жилийн хойно” гэдэг романаас ч мөн олон зүйлийг мэднэ. 1640-өөд онд гарч, хүн төрөлхтний шинэ эриний хөгжлийн гол зангилаа болсон Английн хөрөнгөтний хувьсгалын удирдагч Оливер Кромвел ба түүний тэмцлийн тухай ч мэдэх бололцоотой. Зөвхөн нэг романы талаар ярихад энэ шүү дээ.


Тасманы арал, Кукийн арал, Баб эль Мэндэбийн хоолой, Марианы хонхор гээд газарзүйн ойлголтуудыг Жюль Вернийн романуудаас мэднэ. Тэр бүү хэл тэр романуудын нэгэнд модон дарьхинд чулуу улайтгаж хийгээд халуун цай хоол идэж уух боломжийн тухай ч гардаг. Манай хорхог байгаа биз. Арслан халз тулсан үедээ хүн рүү шууд довтолдоггүй тухай ч мэдэж болно.
Жованолийн “Спартак” романаас гладиатор буюу зэвсэгч боолын гашуун хувь тавилангийн тухай, тэдний их удирдагч Спартак болон бослогын эмгэнэлт төгсгөлийн тухай мэдээд зогсохгүй, легион, манифул, когорт зэрэг эртний ромын цэргийн нэгжүүдийн тухай, Везуви галт уул хаана байдаг, ямар хэлбэртэй тухай, босогчид яаж буусан тухай, патрици гэж хэн болох, Сулла, Каталина, Цезарь, Марк Красс, Эномой, Крикс, Арторикс гээд олон арван түүхэн хүмүүсийн талаар ямар нэгийг мэдээд авна. Спартакийн байлдааны уран нарийн арга барилийг ч мэдэх бололцоотой. Польшийн зохиолч Пруссын “Фараон” гурван боть романаас бүр ч ихийг мэдэж авна. За хуучны романуудаа болье, орчин цагийн зохиол бүтээлүүдээс дурдсан ч болно. Залуусын ихэд уншиж буй Муракамийн романуудаас орчин цагийн япон амьдрал сэтгэхүйн драмыг ч төсөөлөх боломжтой. “Тунгалаг Тамир” романаас л гэхэд өнгөрсөн зууны эхэн хагасын монголын нийгмийн ээдрээ будилаантай түүхийн талаар маш ихийг мэдэх бололцоотой. Ядаж л Шилийн сайн эрийн тухай гайгүй шиг төсөөлөлтэй болчихно. Түүнээс гадна ардын дунд байдаг, өнөө мартагдсан ёс заншил, хэв суртал, хэл яриа гээд бишгүй зүйл бий. Уран зохиолд зөвхөн түүх төдий бус газар зүй, улс төр, сэтгэлзүй, сансар огторгүй, нарийн шинжлэх ухааны тухай ч мэдлэг, мэдээлэл байдаг. Гүн ухааны талаар ч шаггүй мэдлэгтэй болчихно. “Демокрит мэргэний гурван авьяас” зохиолоос эртний Грэгийн мэргэдийн амьдрал, үзэл санааны талаар бага ч болов танилцаад амжина, франц зохиолчийн саяхан бичсэн “Таван эрдэмд төгссөн лам” номоос төвөдийн амьдрал, шашны зан үйл, мухар сүсэг, мөн чанартай ч танилцах боломжтой. Ер амьдралын бүхий л зүйлсийн тухай уран зохиол өгүүлдэг. Романуудын талаар дурдах төдий ийм байна. Бас уран зохиолын бүхий л төрөл зүйлээс уншигч ямар нэгэн зүйлийг мэдэж аваад үлддэг.


За тэгэхээр уран зохиол бол мэдлэг түгээдэг нэг суваг гарцаагүй мөн байх нь ээ. Эргэлзээ байхгүй шүү. Сайн уншигч ямар ч тохиолдолд маш олон талын зэгсэн сайн мэдлэгтэй байдаг. Зүгээр нэг мэдлэг төдий бус тухайн цаг үе, үйл явдлын мөн чанарын талаар ч тодорхой өөрийн гэсэн ойлголт, үзэл хандлагатай болчихсон байдаг. Тал бүрийн мэдлэг нь ертөнцийг үзэх өөрийн гэсэн цогц үзэл санаатай болгодог. Хичээлээ учиргүй давтаад байдаггүй ч сайн уншдаг сурагч ядаж цөхөх юмгүй сайн сураад байж чаддаг гэдгийг эрхэм уран зохиолын багш Та бүхэн ч бэлээхэн туршлагаараа мэдэж буй байх аа.
За, ингэхэд мэдлэг нь юу болдог билээ? Зөв, танин мэдэхүйн нэг тулгуур болж байдаг. Бид чухам мэдлэгээр л дамжин танин мэддэг. Танин мэдэхүй нь өөрчлөн шинэчлэх чадвартай. Энэ чинь нийгмийн дэвшлийн үндсэн хөдөлгүүр шүү дээ. Зөв ухаарал, танин мэдэхүй нь өөрчлөн шинэчлэх хүсэл эрмэлзлийг төрүүлнэ. Хөгжил дэвшлийг урин даллана.
Одоо тэгвэл бүгдээрээ арай өөр өнцгөөс нь танин мэдэхүйд хөтөлдөг талаас нь ярилцая.

Үргэлжлэл бий…

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *