p.justify { text-align:justify; }
Эсээний тухай Эсээ-II

ЭСЭЭНИЙ ТУХАЙ ЭСЭЭ- II


Нэг. Эсээг хэрхэн бичих вэ? гэдэг асуултыг хүмүүс хамгийн их тавьдаг. Ер нь аливаа уран сайхны зүйлийг ямар нэгэн жороор бүтээнэ гэдэг бүтэшгүй зүйл. Харин эсээний тухайд бол жор биш юмаа гэхэд “тогтсон таалал” мэт тодорхой болсон хэд хэдэн зүйл байна. Эртний философийн матери анхдагч уу? оюун санаа анхдагч уу? хэмээх одоо ч бүрэн тайлагдаагүй маргаан шиг ЭСЭЭ бичихэд санаа анхдагч уу? эсвэл ЗОРИЛГО анхдагч уу гэдэг асуудал байна. Сүүлийн үед эсээг хэтэрхий “албан шаардлага” зорилгоор бичих явдал газар авснаар эхлээд зорилгоо тодорхойлоод дараа нь санаагаа бодож олдог гэх хандлага дэлгэрсэн бололтой. Тиймээс зорилгоо хэрхэн тодорхойлохоос эсээ бичих үе шат эхэлдэг гэж үзэх болжээ. Онолын хүрээнд бол МЭРГЭЖЛИЙН буюу чөлөөт бус хэлбэрийн эсээнд эхлээд зорилгоо тодорхойлох шаардлага бий болдог. Хамгийн гол нь “би энэ эсээг ямар зорилгоор бичиж байна вэ?” гэдгээ тогтоох учиртай гэсэн үг. Тэгвэл уран сайхны эсээнд зорилго хамгийн чухал зүйл биш. Харин өвөрмөц давтагдаагүй, шинэ САНААГ хэрхэн олж, хэрхэн бодож, хэрхэн бичих вэ? гэдэг л хамгаас чухал.

2.
Хоёр. Санаа гэдэг зүйл оюун санааны хүчтэй ТӨВЛӨРӨЛТЭЙ холбоотой. Ердийн гэж үзээд анзаардаггүй зүйлсийн дотор ч гайхалтай санаа нуугдаж байдгийг сэтгэгчид баталсан байдаг. Угаалгүй удад халтардсан цонхны шилийг хараад нийгэм оюун санааны бохирдлын тухай эсээ нийтлэл бичих санаагаа олсон тухай нэгэн сэтгүүлчийн тэмдэглэл бий. Молхи би ч эхээс төрөөд 10 хоноогүй атлаа өлгийдүүлэхийг эсэргүүцсэн орчин цагийн хэт хурдан хөгжилтэй хүүхдийг хараад “ХУРД” эсээг бичих санааг олсон юм. Эсээ бичих арга зүйн орчинд:
-БОДОХ
-ТӨЛӨВЛӨХ
-БИЧИХ
-ХЯНАХ
-ЗАСАХ
гэсэн 4 үе шаттай хэмээн үздэг. Бодох гэдэг нь САНАА олох үе шатыг нэрлэж байна. Харин төлөвлөх бол эсээний орчинд СУДАЛГАА ба БАРИМТ цуглуулах үе юм. Харин бичих үе шат бол тусдаа илүү нухацтай ярих зүйл. За, тэр хянах, засах бол “давааны ард” гарсны дараа хийх ажлууд.

3
Гурав. Аливааг эхлэх, төгсгөхөөсөө үргэлж хэцүү байдаг. Олон зохиолчид зохиолоо яаж эхлүүлэх вэ гэж удтал шаналсан тухайгаа тэмдэглэн үлдээжээ. Бодол ханаагүй цагт бичиж эхлэх үжирсэн олсоор татлага хийж уулын оргилд авирахтай адил юм. Тэгэхээр бодох төлөвлөх буюу баримт цуглуулах, судалгаа хийх эсээний эхлэл гэж ойлгож болно. Сургалтын орчинд эсээ бичих гүйцэтгэлийг даруй 10-14 хоногийн өмнө өгч, суралцагчдад төлөвлөх, судлах, баримт цуглуулах, боловсруулах хугацаа олгодог. Харин манай өнөөгийн сургалтын практикт сэдэв зарлаад маргааш нь эсээгээ нэхдэг нь одоо болтол зохион бичлэг, эсээ хоёрыг ялгахгүй байгаагийн яруу тод жишээ мөн. Энэ бүхнээс үүдээд эсээ бичих 6 зарчмыг танилцуулах нь зүйтэй. Олонх эсээчдийн санал нийлснээр:
-ЯАРАХГҮЙ БАЙХ ЗАРЧИМ
-ТӨӨРӨХГҮЙ БАЙХ ЗАРЧИМ
-СУДАЛГААТАЙ БАЙХ ЗАРЧИМ
-СУНЖРАХГҮЙ БАЙХ ЗАРЧИМ
-ЭХЛЭЛТЭЙ БАЙХ ЗАРЧИМ
-ТӨГСГӨЛТЭЙ БАЙХ ЗАРЧИМ
гэсэн түгээмэл ойлголтонд хүрсэн байна. Эсээ бичиж сурахад яарахгүйгээр суралцах гэсэн санаа байна. Мөн ингэж бичдэг, тэгж бичдэг гэсэн олон “санал” дунд төөрөлгүй, зөвхөн өөрийнхөө арга барилыг олох, түүний тулд СУДЛАХ шаардлагатай. Харин бичих явцад хэт сунжрахаас эсээ бичигч байнга болгоомжлох шаардлагатай гэж үздэг. Дээрх 6 зарчмыг нарийн ажиглавал эхний 3 нь эсээ бичих эхлэл үе шат, нэг үгээр БЭЛТГЭЛ үе, дараагийн 3 нь эсээ бичих эхлэл үе шат, нэг үгээр БЭЛТГЭЛ үе, дараагийн 3 нь эсээ бичих үе буюу ТУУРВИХ үед хамаатай болохыг анзаарна уу?


Дөрөв. Ихэнх нь эсээг ГАРЧИГ тавиад л шууд бичээд эхлэх мэтээр боддог. Харамсалтай нь тийм биш. Бичиж эхлэхээс өмнө хүмүүсийн наргиан болгож ярьдгаар” НАЯН ЮМ” бий. Түүнийг онолын хүрээнд дараах байдлаар систем болгожээ.
-АЖИГЛАЛТ БА САНАА ОЛОХ
-ТӨСӨӨЛӨЛ БА УРГУУЛАН БОДОХ
-СУДЛАХ БА БАРИМТЖУУЛАХ
-ЭХЛЭХ БА БИЧИХ
хэмээжээ. Хэрэв танд эсээ бичих өвөрмөц санаа, сэдэв байгаа бол түүнийгээ төсөөллөөр баяжуулж, ургуулан бод. Ургуулан бодох үйлдэл уран сайхны сэтгэлгээний анхдагч ойлголт юм. Бараг бүх зохиогчид ургуулан бодох чадвараа хамгийн ихээр хөгжүүлсэн байдаг. Ургуулан бодохоос уран сэтгэмж бий болно. Үнэндээ шинжлэх ухааны эсээнд ч ялгаагүй УРАН СЭТГЭМЖ хамгаас чухал. Эсээг мод гэвэл СУДАЛГАА ХИЙХ, БАРИМТ БОЛОВСРУУЛАХ нь түүний мөчир юм. Мод хэдий арван салаа мөчиртэй байна, төдий сүрлэг сайхан харагддагийн адил эсээ хэдий их судалгаа, баримтаар баян байна, төдий хэмжээгээр сонирхолтой байдаг. Гэтэл уран сайхны эсээ бичлэгт баримт нь ДУРСАМЖ, судалгаа нь НЭХЭН САНАХ хэлбэрээр илэрч болдог талтай.


Тав. Надад “Бальдийчлал” нэртэй эсээ бий. Шүүмжийн эсээ л дээ. Чухам яагаад ингэж нэрлэх болсон нь монгол киноны нэг дүртэй холбоотой юм. Тэр кинонд Бальдий нэртэй бялдууч гарна. Зохиогч Бальдий, бялдуу гэж ойролцоо дуудлагатай үгээр их зүйлийг хэлэхийг зорьсон санагддаг билээ. Өнөөгийн нийгэмд бялдуучлал хэрээс хэтэрч байгааг, хөөрхий Бальдийтай холбож шинэ үг үүсгэсэн гэх үү дээ? Энэ нь эсээний “ГАРЧИГТ БҮГДИЙГ АГУУЛ” хэмээх сонгодог шахуу болсон ойлголттой холбоотой. Тэрхүү эсээний гол санаа ”Бальдийчлал” гэдэг гарчигандаа агуулагдаж байгаа юм. Олон сонгодог эсээ энэ зарчмыг баримталсан байдаг. Бичил ч бай, бүрэн ч бай эх/текст/-ийн гарчиг оновчтой байхаас олон зүйл шалтгаалдаг.


Зургаа. Яаж эхлэхээс тэгж төгсөнө гэсэн үг бий. Эсээнд “АНХААРАЛ ТАТАХААР ЭХЭЛ” гэсэн сонирхолтой ч гэмээр юм уу шаардлага байдаг. “Эхлэлтэй байх зарчим” гэдэг нь анхаарал татахуйц байдлаар эсээгээ эхэл, тэгээд тэр байдлаа алдалгүй цааш нь үргэлжлүүлж бичихийг хэлээд байна. Харин эсээний ТӨГСГӨЛ-ийг шинжлэх ухааны эсээнд оновчтой ДҮГНЭЛТ гэж үздэг бол уран сайхны эсээнд ердөө зохиогчийн ҮЗЭЛ САНАА л юм. Ялимгүй нарийвчлавал:
-ДҮГНЭЛТ БУЮУ ҮЗЭЛ САНААГААР ТӨГСГӨХ
-АСУУЛТААР ТӨГСГӨХ
ТААМАГЛАЛ ДЭВШҮҮЛЖ ТӨГСГӨХ
гэсэн нийтлэг хандлага байдаг. Харин агуулгын талаасаа арай ондоо ТӨГСГӨЛ байхыг үгүйсгэхгүй. Уран сайхны эсээ ихэвчлэн агуулгын БҮРЭН ТӨГСГӨЛД хүрэх албагүй. Голдуу уншигчдад АСУУЛТ ҮЛДЭЭХ хэлбэрээр төгссөн байх нь нийтлэг. Зарим талдаа АСУУЛТ ҮЛДЭЭХ төгсгөл нь ҮРГЭЛЖЛЭЛТЭЙ МЭТ санагдахаар байдаг. Тиймээс ид эсээ бичлэгт ажиглалт хийж дараах байдлаар эсээний ТӨГСГӨЛ-ийг тодорхойлж байна.
-БҮРЭН ТӨГСГӨЛ
-АСУУЛТ ҮЛДЭЭХ ТӨГСГӨЛ
-ҮРГЭЛЖЛЭЛТЭЙ МЭТ ТӨГСГӨЛ
.


Долоо. Үндсэндээ эсээний ЭХЛЭЛ хийгээд ТӨГСГӨЛ-ийн тухай товчхон ярив. Эхлэл, төгсгөл хоёрын дунд ЭСЭЭНИЙ ИХ БИЕ гэж байна. Түүний юу бүрдүүлдэг бэ? Хүний амьдрал эхлээд өрнөөд, төгсдөгтэй л адил. Эсээ өөрийн өрнөлөө өөртөө агуулж байдаг. Зохиолын өгүүлэгдэхүүний онолоор ЭХЛЭЛ, ӨРНӨЛ, ТУЙЛ, ЗАНГИЛАА, ТАЙЛАЛ, ТӨГСГӨЛ гэдэг шиг эсээнд бас өгүүлэгдэхүүний үндсэн зарчим үйлчилдэг. Гэхдээ уран сайхны, шинжлэх ухааны гэж ялгалгүй ЭСЭЭ хэмээх нийтлэг ойлголтын хүрээнд ИХ БИЕ-ийг бүрдүүлэгч хэсгүүдийг тодорхойлж буйг ойлгоно биз.


Найм. Эсээг бүрдүүлэгч дотоод хэсгүүд гэж байна. Тэдгээр нь эсээний ИХ БИЕ-д багтдаг. Зарим эсээ бие даасан цогцолборууд бус “бичил хэсэг” бүхий бичвэр сүлжилдээний аргаар ч бичигдсэн байдаг. Мэдээж, нийтлэг хандлагаараа:
АЖИГЛАЛТ, ТААМАГЛАЛЫГ БАРИМТААР БАТЛАХ ХЭСЭГ,
-БАРИМТЫГ БАЯЖУУЛАХ, МЭДЭЭЛЛЭХ, ҮНДЭСЛЭЛЭЭ БАТЛАХ ХЭСЭГ
-ҮНЭЛЭХ, ШҮҮХ, ЗАДЛАН ШИНЖЛЭХ ХЭСЭГ
гэсэн 3 бүрдэл хэсгээс бүрдэнэ. Эдгээр бүрдэл хэсгүүдийн талаар дараагийн эсээнд илүү тодорхой өгүүввээс зохино. Учир нь эсээг хэрхэн бичих вэ? хэмээх асуултын ихэнх хариулт эсээний дотоод хэсгүүдийн учир шалтгаанд оршиж байна. Эсээ бичлэгийн орчинд ХОЛБООС, ШИЛЖИЛТ, ЭРГЭЛТ гэсэн зүйлүүдийн талаар ойлголгүйгээр “цааш явах” бэрхтэй юм. Дотоод хэсгүүдийг хэрхэн холбох, хэрхэн шилжүүлэх, хэрхэн эргүүлэх талаар ойлголт өгөх шаардлагатай.


Ес. Одоо бидэнд эсээний тухай яриагүй юу үлдэв. Их л олон зүйлийн тухай ярьсан санагдавч юм юм л үлджээ. Тэгвэл үргэлжлүүлээд ярилцах уу, даа. 

Пүрэвхүүгийн Батхуяг

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *