p.justify { text-align:justify; }
Дазай Осаму “Мөнгөн дэвсгэрт”

Дазай Осамү (1909-1948) 太宰治「紙幣」

МӨНГӨН ДЭВСГЭРТ /өгүүллэг/

Гадаад хэлэнд нэр үгийг эр, эм хэмээн ялгах нь бий.
Тиймээс мөнгөн дэвсгэртийг эм үг гэсү.

Би болбоос 77851 тоот дугаарын зуутын дэвсгэрт. Та түрийвчин доторх зуутын дэвсгэртээ нэг шалгаад үз дээ. Магадгүй би дотор нь байж ч мэднэ. Би одоо үнэхээр их ядарч туйлдаад өөрийгөө хаана, хэний түрүүвчинд байгаагаа, аль эсвэл хайрцаг саван дотор хэвтэж байна уу, үгүй юу гэдгээ ч мэдэхгүй байна. Удахгүй орчин үеийн хэв загвартай шинэ дэвсгэрт гарч ирээд мань мэтийн хуучин дэвсгэртүүдийг бүгдийг шатааж хаяна ч гэх шиг яриа дуулдаад л байна. Тийм бол яршиг зүгээр ингэж үхсэн амьдын хооронд явж байснаас нэгмөсөн шатаад тэнгэрт хальсан нь амар ч юм шиг санагдах. Шатсан хойноо диваажинд очих уу, тамд очих уу алин болохыг бурхан мэдэх хэрэг авч хөөрхий би тамд л унах биз ээ. Гэхдээ намайг анх төрөх үед би одоогийнх шигээ ийм дорд байдалтай байгаагүй юм шүү. Хожим хойно хоёр зуутын дэвсгэрт, мянгатын дэвсгэрт гээд надаас илүү үнэ цэнтэй мөнгөн дэвсгэртүүд зөндөө гарч ирсэн ч гэлээ намайг төрөх үед зуутын дэвсгэрт болбоос мөнгө зоосны хатан хаан, би анх Токиогийн нэг том банкны касснаас нэгэн хүний гарт очиход тэр хүний гар үл ялиг чичирч байсан юм. Хүүе, нээрэн шүү. Тэр хүн залуухан мужаан эр байлаа. Сайх эр ажлынхаа хормогчийн халаасанд намайг эвхэлгүй тэр хэвээр нь нямбай гэгч нь хийгээд гудмаар алхаж байхдаа ч, галт тэргээр явж байхдаа ч өөрөөр хэлбэл банкнаас гэр хүртлээ гэдэс нь өвдөж байгаа юм шиг зүүн гарын алгаараа халаасаа байн байн тон тон хөнгөхөөн цохингоо харьж ирээд намайг тахилынхаа өмнө тавиад мөргөсөн юм. Миний хүний амьдрал дээр очсон замын минь эхлэл ийм сайхан аз жаргалтай байлаа. Би тэр мужааны гэрт тэгээд байгаад л баймаар байв. Гэвч би тэнд ганц орой л болсон юм. Тэр орой мужаан залуу жигтэйхэн сайхан ааштай сархад энэ тэр тамшаалаад л, залуухан, жижгэвтэр биетэй гэргийдээ, – Хүнийг бүү бас, надад ч гэсэн эр хүний чадал гэдэг юм байлгүй дээ гэх мэт юм ярин онгирч, үе үе босон ирж намайг тахилын ширээнээсээ авсанаа алганыхаа завсарт хавчуулаад залбирч, залуухан эхнэрийнхээ инээдийг хүргэж энэ тэр болж байсан боловч удалгүй эхнэр нөхөр хоёрын дунд хэрүүл дэгдэж эцэст нь би дөрөв эвхэгдээд эхнэрийнх нь жижиг түрийвчинд явж орсон юм. Тэгээд маргааш өглөө нь эхнэр намайг ломбард уруу авч яваад би эхнэрийн нь арван кимонотой солигдон ломбардны хүйтэн, чийгтэй төмөр авдарт түгжигдэж орхив. Тэнд ёстой голдоо ортлоо даарч, гэдэс базлан тун хэцүүдэж байтал ашгүй намайг дахин гаргаж хорвоогийн нарыг үзүүллээ. Би энэ удаад анагаахын ухааны оюутны ганц микроскопоор солигдов. Тэр оюутан намайг аваад нэлээн хол аяллаа. Тэгээд явж явж Сэтогийн дотоод тэнгисийн нэг жижигхэн арлын дэн буудалд очоод би оюутанд хаягдав. Түүнээс хойш нэг сар орчим би тэр буудлын тооцооны шүүгээнийн шургуулганд нь хэвтсэн боловч яасан юм бол, өнөөх анагаахын оюутан маань намайг орхин дэн буудлаас явсаныхаа дараахан Сэтогийн тэнгис үрүү үсрэн орж амиа егүүтгэсэн гэж үйлчлэгч нар шивэр авир ярилцахыг сэм сонсов. “Ганцаараа үхдэг яасан тэнэг эр вэ. Тийм сайхан залуу бол би хамт үхэж өгөх байсан юм гэж нэг жигтэйхэн бүдүүн, дөч орчим насны, нүүрээрээ дүүрэн батгатай үйлчлэгч авгай бусдадаа яриад инээлдэж байлаа.


Түүнээс хойш би таван жил Шикокү, Кюүшюүгээр тойрон явахдаа өнгө зүсээ алдаж бүр өтөлж гүйцсэн юм. Тэгээд аажим аажмаар надад улам бүр хөнгөн хуумгай хандах болж, зургаан жилийн дараа дахин Токиод ирсэн үед, ээ та минь, дэндүү хувирч орхисон өөрийгөө, өдийг хүртэлх үзэж харсан зүйлээ бодохоос өнөө өөртөө ой гутна. Токиод ирээд би зөвхөн ломбардны ажлыг л гүйцэлдүүлдэг зөөгч болж хувирлаа. Тав, зургаан жил Токиогоос холдсон хугацаанд би ч гэсэн зөндөө л өөрчлөгдсөн гэхдээ Токиогийн өөрчлөгдсөнийг хэлэх юм биш. Оройн найман цагийн алдад халамцуу мөнгөний брокерт атгуулаад Токио өртөөнөөс Нихонбаши, цаашаа Кёобаши өртөө, Гинзагийн гудмаар алхан Шинбаши хүртэл явахад, ээ, та минь зүгээр л нэг тас харанхуй орчлон яг л аглаг гүн ой тайгад алхаж яваа юм шиг нэг ч хүний бараа үгүй, урдуур хөндлөн гарах ганц муур ч үзэгдсэнгүй. Аймшигтай үхлийн гудмын муу ёрын дүр зураг ноёлж байлаа. Тэгээд төд удалгүй нөгөө пан, пан, пан хийх нь эхэлсэн бөгөөд өдөр бүрийн, шөнө бүрийн эмх замбараагүй үймээн шуугиан дунд би ёстой борив бохисхийлгүй эгээ л буухиа гүйлтийн цүү мод шиг нэг хүний гараас нөгөө хүний гарт дамжин явсаар ийм аймшигтай үрчийсэн амьтан болоод зогсохгүй элдэв янзын муухай эхүүн үнэр биед минь шингэж үнэхээр ичиж үхмээр ёстой нэг алиагаа алдаж дууссан юм. Тэр үед Япон орон ч гэсэн хэдийн алиагаа алдаж дуусаад байсан биз ээ. Намайг ямар хүний гараас ямар хүний гарт ямар зорилгоор очиж тэгээд ямар аймшигтай яриан дор дамжин явж ирсэнийг та бүхэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа байлгүй дээ. Аль эсвэл сонсож, харсаар бүр залхаж орхиод хэрэг болгон ярьцгаахгүй байгаа биз. Гэхдээ яг л араатан адгуус мэт болцгоосон нь ганцхан цэргийн дарга нар ч гэнэ үү этгээдүүд биш шиг санана. Тэр бол япон хүн төдийгүй хүн төрөлхтөний нийтлэг нэгэн том асуудал юм болов уу. Өнөө шөнө үхэж магадгүй байдалд орох аваас эдийн шунал ч тэр, дур тачаал ч тэр ул мөргүй арчигдан хаягдах байлгүй дээ гэж бодох атал хэрхэвч тийм биш бололтой, хүн гээч эцсийн мухардалд орсон үедээ ч бие бие рүүгээ хараад инээх нь бүү хэл улам л шуналын нүдээр харцгаадаг аятай юм.


Энэ хорвоод золгүй нэг л хүн байх аваас өөрөө ч гэсэн аз жаргалтай байж чадахгүй хэмээн бодох нь жинхэнэ хүн шиг хүний сэтгэл байтал зөвхөн өөрийнхөө магадгүй зөвхөн гэрийнхэнийхээ тэрхэн үеийн тав тух, баяр цэнгэлийн төлөө хажуудах хүнээ хараан зүхэж, хууран мэхэлж, хавчин шахаж (Үгүй ээ, та ч гэсэн нэг удаа тийм юм хийсэн л байгаа. Өөрийн мэдэлгүй хийчихээд түүнийгээ анзаарахгүй байна гэдэг харин ч бүр том гэм бус уу. Ичигтүн. Хүн юм бол өөрөөсөө ичигтүн. Ичих гэдэг зөвхөн хүнд л байдаг сэтгэлийн хөдлөл учраас.) яг л тамд ойчсон үхдэлүүд өөр хоорондоо барилцан авч зодолдож нүдэлдэж буй мэт инээдтэй бөгөөд элэг эмтрэм гаслантай явдалтай байнга учирсаар ирлээ. Гэхдээ би энэ мэт эргэлдэн гүйх увайгүй дорд амьдралдаа нэг, хоёр удаа, ай энэ хорвоод төрсөн минь ямар азтай хэрэг вэ гэж бодож байгаагүй биш бодож байсан юм. Одоо нэгэнт ийм болтлоо эцэж туйлдаад өөрийгөө хаа байгаагаа ч мэдэхгүй за бараг түүнийгээ ч анзаарч мэдрэх сөхөөгүй болтлоо яг л зөнөг өвчин туссан мэт болж орхисон ч гэлээ одоо ч гэсэн үл мартагдам хөгжилтэй, гэгээхэн дурсамж надад бий. Түүний нэг нь гэвэл, би Токиогоос галт тэргээр гурав, дөрвөн цаг явах нэгэн жижигхэн хотын дамын наймаачин эмгэнийнд очсон үед тохиолдсон бөгөөд тэр тухайгаа одоо товчхон ярьж өгье. Би өдийг хүртэл янз бүрийн дамын наймаачны газраар дамжин ирсэн боловч ер нь эрэгтэй дамчинаас илүү эмэгтэй дамчин намайг хоёр дахин ашигтай зарцуулж байсан шиг байлаа. Эм хүний шунал гэдэг эр хүнийнхээс бүр илүү нарийн, тууштай, эрээ цээргүй, аймаар ч юм шиг. Намайг тэр жижигхэн хот уруу авч явсан эмгэн зүгээр ч нэг дамчин биш нэгэн эрд нэг шил шар айраг өгч оронд нь намайг аваад дараа нь тэр хотоос усан үзмийн дарс худалдаж авахаар явахдаа ердийн дамын үнэ нь нэг шил усан үзмийн дарс дундажаар тавь, жаран иен орчим байдаг байтал эмгэн дарсны дамчин руу суугаагаараа бага багаар ойртон чихэнд нь ийм тийм юм шивнэн нойтон хамуу шиг салахгүй шалж, хааяа нэг хачин сэжигтэй инээж байгаад эцэст нь ганц ширхэг надаар дөрвөн ч шил дарс худалдаж аваад, даахгүй байгаа ч шинжгүй үүрээд харьсан нь өөрөөр хэлбэл эмгэний ганц удаагийн ухаанаар нэг лонх шар айраг дөрвөн том шил дарс, бага зэрэг устай холиод лонхонд хийвэл хориод шил дарс болохоор наймаа хийсэн гэсэн үг. Ямартай ч эм хүний шунал гээч хэрээс хэтэрсэн зүйл. Тийм хэрнээ эмгэн өчүүхэн ч баярласан шинжгүй, яасан ч ороо бусгаа цаг вэ дээ гэж үнэнхүү чухал царай гарган гомдол өчөөд харьж одсон юм. Би тэгээд дарсны дамчны том түрүүвчинд ороод жаахан зүүрмэглэх аятай байж байтал дахиад л тэр дорхноо суга татагдан гарч энэ удаад дөч эргэм насны хуурай цэргийн ахмадын гар дээр очлоо. Энэ ахмад бас дамын наймаачин бололтой. “Алдартай” гэсэн нэртэй цэргийн хүмүүсийн татдаг тамхи 100 ширхэгийг (ахмад тэгж хэлж байсан ч дараа нь тоолж үзэхэд 86 ширхэг байсанд, өө муу луйварчин гэж дарсны дамчин боож үхэх шахаж байв.) юутай ч дээр нь “зуун ширхэг” гэж бичсэн цаасанд ороосон боодолтой юмтай солигдон би ахмадын өмдний халаасанд хамаа намаагүй чихэгдэн ороод тэр орой хотын захын нэг жижигхэн навсгар хоолны газрын хоёр давхарт цуг очих боллоо. Ахмад улаан архичин хүн байв. Усан үзмийн конъяк ч гэнэ үү ховор нандин дарс шимэн тамшаалж тэгээд архи уухаараа ааш нь хувирчихдаг бололтой дарс хундагалж өгөх уушийн газрын хүүхнийг баахан хэл амаар дайрав.
– Чиний царай яаж ч харсан үнэгнээс өөр амьтан төсөөлөх аргагүй (“Кицүнэ” /орч: үнэг/-г “кэцүнэ” гэж дуудаж байв. Хаанахын нутгийн аялгуу юм бол доо?) Сайн санаж яваарай. Үнэгний царай бол урт хошуутай, сахалтай байдаг юм. Сахал нь баруун тийш гурван хялгас, зүүн тийш дөрвөн хялгас. Үнэгний унгас гэж, ээ бурхан минь. Тэр хавь тэр чигтээ шар утаа манаран бүрхэж, нохой түүнийг үнэрлэвэл дороо хэд эргэлдээд падхийн унадаг юм. Үгүй, худлаа биш. Хөөе, чиний царай шар юм уу даа. Чи бид хоёр унгасаны утаанд шараар будагдаж гүйцээ л дээ. Пээ, үмхий үнэртэж байна. Чи унгачихав уу? Тэглээ шүү. Хөөе, чи ичээч. Цэргийн хүний нүүрэн дээр унгас алддаг, чи ер нь яасан цадигаа алдсан нөхөр вэ. Би хэдий ийм ч мэдрэмтгий, цухалдуу хүн шүү. Нүүрэн дээр үнэг унгас алдахыг хараад зүгээр сууж чадахгүй гэх зэрэг хачин балай бүдүүлэг үгсийг чухам сүрхий царайлан хэлж хараал урсган, доод давхарт нялх хүүхдийн дуу гартал соргог гэгч нь түүнийг алдалгүй сонсож аваад, – Дуугүй бай, турсага чинь яриа тасалдуулаад. Би их цухалдуу хүн шүү. Намайг бага доромжилоорой, та нар. Тэр чиний хүүхэд үү? Яасан хачин юм бэ. Үнэгний гавар хүн шиг уйлдаг, гайхалтайяа. Хөөе, чи хүүхдээ тэврээд ийм наймаа хийж суух чинь арай дэндэж байгаа юм биш үү. Худлаа царайлаад. Чам шиг өөрийгөө ч ухаарч мэдээгүй эмсүүд байгаа болохоор Япон дайнд зүдэрч байна. Чи ч усан тэнэг болохоор Япон ялна гэж бодож байгаа л даа. Тэнэг, тэнэг. Энэ дайн ёстой хэлэх ч үг алга. Үнэг, нохой хоёр, за юу. Дороо хэд эргэлдээд падхийн ойчоод өгөх амьтад. Хнн, үхсэн хойноо ялах. Тийм болохоор би өнөө орой ингэж архи уун, хүүхэн худалдан авч байна, болохгүй юу?
– Болохгүй гэж уушийн газрын хүүхэн царай нь хөхрөн хэлэв. – Үнэг яасан гэж? Дургүй бол ирэхгүй байх чинь яасан юм. Ийм үед ингэж архи ууж, хүүхэн дээрэлхэж суудаг хүмүүс та нар л байх. Таны цалин хаанаас гарч байгаа гэж бодож байна? Бид олсон мөнгөнийхөө ихэнхийг эзэгтэйд (орч: уушийн газрын эзэн) өгнө. Эзэгтэй тэр мөнгийг та нарт өгч ингээд та нар хоолны газарт ууж идэж байгаа биш үү. Бага шиг дээрэлхээрэй. Эмэгтэй хүн юм чинь хүүхэд гаргалгүй яадаг юм. Өнөөдөр ийм нялх хүүхэд тэвэрсэн эмэгтэй ямар их зовлон үзэж байгааг та нар яаж ойлгох вэ дээ. Одоо бидний хөхнөөс нэг дусал ч сүү гарахаа байсан. Хов хоосон мөөм шов шов хийтэл сорж, үгүй ээ ойрд сорох ч хүчгүй болсон. Тийм, яадаг юм, үнэгний хүүхэд. Эрүүгээ шовойлгон, царайгаа үрчийлгэн өдөржин уйлна. Танд харуулах уу? Тэгсэн ч бид шүд зуун тэвчиж байна. Тийм байтал юу юу гэнэ вэ? гэж хүүхнийг хэлж дуусаагүй байтал агаарын түгшүүрийн дохио дуугарч бараг түүнтэй зэрэгцэн дэлбэрэх чимээ чих дэлсэн нөгөө пан, пан, пан, пан хийх нь эхэлж, өрөөний цаасан сараалжин цонх ув улаанаар гэрэлтэв.
– Аа, бас ирлээ, ирлээ гэж хашгираад ахмад боссон боловч конъяк нь толгойд нь орсон бололтой дайвалзан найгав.
Уушийн газрын хүүхэн шувуу мэт доод давхар руу ухасхийн бууж нялх үрээ тэврэн авч буцаад хоёр давхар уруу авирч, – Аль бушуулаарай, бушуулаарай, зугтая. Хөөе, болгоомжтой, аятайхан гэж бараг ясгүй мэт гулжийн дайвалзах ахмадыг хойноос нь тэврэх шахам түшиж алхуулаад, доош буулган гутлыг нь өмсүүлж, гараас нь барин хажуугийн сүм үрүү арайхийн зугтан ирэхэд ахмад тэнд дөрвөн мөчөө хөсөр хаян хэвтээд дээш харан бөмбөгдөлтийн дуу хадах тэнгэр өөд хандан юу ч гэж байгаа юм баахан хараал урсгав. Пан, пан, пан, пан. Галан бороо орно. Сүм ч шатаж эхэллээ. – Хөөе, цэргийн хүн гуай, гуйж байна. Дахиад жаахан тийшээ зугтъя. Энд нохойн үхдэлээр үхэх хайран биш үү. Чадлынхаа хэрээр зугтая.
Хүний эрхэлдэг ажил хөдөлмөр дотроос хамгийн бузар булай ажил хэмээн ад үзэгддэг энэ цонхигор хөх эхнэр миний энэ харанхуй нэгэн насны амьдралд хамгийн эрхэм сайхнаар гялалзан харагдсан юм. Ай, шунал чи тонил. Ай, хийрхэл чи тонил. Япон орон энэ хоёроос л болж ялагдсан юм. Уушийн газрын хүүхэн өчүүхэн ч шунах сэтгэлгүй бас жаахан ч хийрхсэн юмгүй гагцхүү хажуудах шал согтуу зочны амь насыг л аврахын төлөө энэ биеийнхээ хамаг чадлыг шавхан түүнийг татан босгоод сугадан авч гуйвж дайвсаар тариан талбайд зугтан очлоо. Яг очсоны дараа өнөөх сүмийн хашаа тэр чигтээ улаан гал болов.
Амуу буудайг нь дөнгөж сая хураасан тарайн талбайд өнөөх согтуу ахмадыг чирч авчиран ялимгүй өндөр далангийн хормойд унтуулаад уушийн газрын хүүхэн хажууд нь лагхийн сууж амьсгаа нь давхцан аахилав. Ахмад хэдийн гүн нойронд автаж, хур хур хурхирна.
Тэр орой, тэр хот нэг захаасаа нөгөө зах хүртэл шатаж гүйцсэн байлаа. Үүр цайхын алдад ахмад сэрээд одоо ч шатаж буй их түймрийн галыг харан гөлөрч тэгсэнээ хажууд нь хоёр тийш найган зүүрмэглэх уушийн газрын хүүхнийг хараад юунд ч юм учиргүй сандран босонгуутаа зугтах мэт тав гурав алхаснаа буцан ирж хүрмийнхээ халааснаас миний найзууд болох зуутын дэвсгэрт таван ширхэгийг гарган бас өмднийхөө халаасыг ухан намайг гаргаж зургаан ширхэгийг давхарлан хоёр нугалаад нялх хүүхдийн хамгийн дотор талын хувцасны бүр нүцгэн нуруунд нь лавхан гэгч нь шургуулаад сүр сар харайн явж одов. Би өөрөөсөө аз жаргалыг мэдэрсэн нь энэ үед байлаа. Мөнгөн дэвсгэртүүд энэ мэтээр хэрэглэгдэх юм бол бид мөн их жаргалтай байх сан даа. Хэдий тэр нялх хүүхдийн нурууны арьс бүр хуурайшиж сайртаад бас их эцэнхий туранхай байсан боловч би бусаддаа хэлсэн юм.
– Үүн шиг сайхан газар хаа ч үгүй. Бид ямар их жаргалтай байна вэ. Ингээд хэзээд энэ нялх үрийн нурууг дулаацуулж, тордоод л баймаар байна шүү.
Анд нар минь нэгэн зэрэг чимээгүйхэн толгой дохив.

—————————————

Дазай Осамү, 1946 он, Япон.
Орчуулгын эх: 
http://www.aozora.gr.jp/cards/000035/files/276_45435.html
Орчуулсан Д. Алтанцэцэг 2016. 10. 17

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *