p.justify { text-align:justify; }
Уран зохиолоос бусад нь /цуврал-2/

Зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэд

ХОЁР: УРАН САЙХНЫ ҮНЭН
Уран зохиол өөрөө танин мэдэхүйн нэг салбар мөөн, эргэлзээ байхгүй. Байгал, нийгмийн аливаа үзэгдлийг уран зохиолоор дамжуулан танин мэдэх боломжтой. Зарим нэг хүмүүс эсрэгээр маргадаг л юм. Наад уран зохиолд чинь үнэн юм алга байхад, дандаа хоосон санаанаасаа зохиосон юмаар дүүрэн байхад яаж зөв танин мэдэхүй байх юм бэ, битгий худлаа ярь гэх мэтээр… Хий хоосон оюун санааны хийсвэр төсөөлөл танин мэдэхүй болж чадахгүй ээ гэдэг. Та бүхэн энэ талаар юу гэж бодож байна вэ?


Би бол ийм мэт үзэл санаатай огтхон ч санал нийлдэггүй. Яагаад гэдгээ ярилцахын өмнө та бүхнээс дахиад нэг асуулт асууя. Та нар үлгэрт итгэдэг үү? Тухайлбал, арван таван толгойтой атгаалжин хар мангас энэ амьдралд үнэхээр байдаг гэдэгт итгэдэг үү? Эсвэл Цуутын цагаагч гүү гэж үнэхээр байсан уу? Түүний Цолмон цоохор унага, нум сумаар харвадаг харгис хэрцгий шувууд үнэхээр байсан хэрэг үү? Хүний хэлээр ярьдаг гүү, унага, бас нум сумаар харвадаг шувуудын арми нь уран зохиолын хийсвэрлэл, уран дүрслэл төдий зүйл. Тийм зүйл байх боломжгүй. Хүүхэд багачууд бол итгэх нэг хэрэг, харин нас биед хүрсэн хэрнээ ийм үлгэрийн дүрийг бодитой гэж итгэсээр байвал тэр нэг бол амьдралаас тасархай вакуум орчинд насаа өнгөрөөж буй хөөрхийлөлтэй, эсвэл ухаан дутуу нэгэн байхаас гарцаагүй. Их хойшлогдлоо гэхэд хүүхэд найман нас хүрэхэд л энэ мэт үлгэрийн амьтад үнэхээр бодитойгоор яг таг оршиж байдаггүй юм байна, энэ бол үлгэр буюу зохиомол гэдгийг нь мэддэг болно. Гэхдээ хүүхэд насан туршдаа бат итгэсээр байх өөр нэг үнэнийг дээрх үлгэрүүдээс авдаг. Тэр бол муу муухай зүйл гэгч яг л арван таван толгойтой мэт амь бөхтэй байдаг гэдгийг, мөн амьдралын төлөөх тэмцэл, тэр дундаа үрийнхээ төлөөх тэмцэл гэдэг ямар үнэ цэнэтэй гэдгийг мэдэрсэн тэр мэдрэмж нь юм. Үлгэр болгон нэг ийм маргах аргагүй, гарцаагүй үнэнийг тээж байдаг.


Өөрөөр хэлбэл үлгэрийн хүн итгэхэд бэрх, бодит бус шидэт өгүүлэмжээр дамжин илэрч байдаг тэр уран сайхны үнэн гэдэг зүйлд хүн итгэдэг. Тэр уран сайхны үнэн гэдэг нь хэзээ ч хоосон худал хуурмаг байдаггүй, магадгүй амьдралын хамгийн гол чухал үнэнийг өгүүлж байдаг. Чухам үнэнийг агуулж, тээж, уламжилж байдаг болохоор дэлхийн бүхий л улс үндэстнүүдэд үлгэр гэдэг зүйл заавал байдаг. Ингэхэд үлгэргүй ард түмэн олоод ирвэл би дахиад уран зохиолын талаар юу ч хэлэхээ байя, мэргэжлээ ч өөрчилж, ногоо тарьяа. Би уран зохиолын хамгийн хийсвэр, анхдагч эх болох үлгэрээр жишээ авлаа, тэгэхээр уран зохиолын ай савд буй бусад зүйлсийн тухай ярих бараг шаардлагагүй байх.
Үл бүтэх зүйл ярьж буй хүнийг “Битгий үлгэр яриад бай” гэдэг нь тэр уран сайхны үнэний тухайд нь биш, харин үл бүтэх шидэт үйл явдлынх нь тухайд юм шүү, ялгаж салгах хэрэгтэй.
Зарим хүмүүс маш муу зохиолонцоруудаар жишээ аваад, “Ийм хачин балай юм биччихээд, энд үнэн байна гэж та яаж хэлж чадаж байна аа” гэж мэтгэж, дээрх санааг няцаадаг л юм. За яах вэ, зохиол бүхэн сайн биш. Ингэхэд ямар зохиолыг муу зохиол гэдэг вэ гэхээр өнөөх үлгэрт байдаг уран сайхны үнэн гэдэг зүйлийг шингээж, илэрхийлж чадаагүй, эсвэл нэн сул илэрхийлсэн зохиолыг л муу зохиол гэдэг юм. Тийм муу зохиолуудаар Уран зохиол гэдэг энэ далай шиг багтаамжтай ай савыг төлөөлүүлж төсөөлж ч болохгүй шүү дээ. Тэгэж мэтгэдэг хүмүүст “Уучлаарай, та уран зохиолын хаягдал хогоор л хооллож дээ, тэгэхээр та ингэж бодох нь аргагүй. Харин та одоо хаягдлыг нь биш, арай өөрийг нь эрж хайгаад үзээрэй” гэж хэлэх хэрэгтэй. Ер нь уншилтын түвшин нь тухайн хүнийхээ оюуны царааг ч тодорхойлж байдаг болохоор тэдний нотолгоо, эсэргүүцэл хүчирхэг байх боломжгүй.


Уран сайхны үнэн талаас нь Уран зохиолыг бас тодорхойлж болно. Уран сайхны үнэнийг нотлон харуулж, гуйвж ганхашгүйгээр баталж чаддаг зохиолуудыг сонгодог зохиол гэдэг. Үлгэр нь тэр уран сайхны үнэнийг дээд түвшинд хийсвэрлэн илэрхийлж чаддагаараа төгс бүтээл болж байдаг. Ер энэ уран сайхны үнэн гэдэг нь маш олон талтай, амьдрал, ялангуяа оюун санаа, сэтгэл зүрхний ертөнцийг бүхэлд нь хамарч чадах нэн өргөн ойлголт юм.
Сонгодгуудаас жишээ нэхэж байна уу? Бололгүй яах вэ. Бидний сайтар танилцсан Достоевский байна. Бараг хамаг гол романуудыг нь монголчууд бид эх хэлээрээ буулгачихлаа. Энэ хүн уран бүтээлээрээ хүний дотоод сэтгэхүй, сэтгэлийн мухар чинадад байдаг үнэнийг нээн дэлгэж чадсан бөгөөд энэ нь хүн төрөлхтнийг өөрсдийгөө илүү гүн гүнзгий танин мэдэхэд хөтөлсөн. Ницще зэрэг дараах цаг үеийнхээ их сэтгэгчдийн оюун санаанд хүчтэй нөлөөлж, улмаар XX зууны урлаг, сэтгэл зүй, оюун танин мэдэхүйд хүчтэй өөрчлөлт авчирсан. Зарим зохиолын дүрүүд дээр нь задлан ярилцаж болно. Гэхдээ хугацаа хэрэгтэй тул, энэ талаар хэрвээ та бүхэн шаардлагатай гэж буй бол эргээд ярилцая.
Тэгэхээр уран зохиол нь уран сайхны үнэнээр хөтлөн танин мэдэхүйд хүргэдэг байх нь ээ. Өмнө бид мэдлэгээр хөтлөн танин мэдэхүйд хөтөлдөг талаар ярилцсан. Зө, өөр юу байна вэ?
Зөв, Гоо зүй… Одоо энэ талаар ярилцая.
.
ГУРАВ: ГОО ЗҮЙН ТАНИН МЭДЭХҮЙ


Орчин цагт гоо зүйн тухай ярихыг байгаад бараг мартаж байх шиг байна. Их дээд сургуульд ч заахыг болио юу даа. Одоо гоо сайхан гэдгийг ихэнхдээ үзэгдэх дүрс хэлбэрт хардаг болж, түүнээс цааш халих нь нэн хомс болсон. Гоо сайхны мөн чанар нь агуулгадаа байдаг. Агуулга нь хэлбэрээ тодорхойлдог. За, онол ярихаа больё гэсэн шүү дээ. Тэгэхээр амьдралд байдаг зүйлийн тухай ярьяа.
Нэг жишээ татая. Дундад зуунд, Германы эзэн ван II Конрадын үед Бавари мужийнхэн бие дааж, салан тусгаарлах гэж үзжээ. Ер Баварчууд хэзээнээс тийм зантай, одоо ч нэлээд бие даасан шинжтэй. Мэдээж хэрэг Конрад вантан хүлээн зөвшөөрсөнгүй, ингээд дайтахад хүрэв. Баварынхан ялагдаж, сүүлчийнхээ хүчийг шавхан нэгэн цайзад хориглов. Цайзад өдий хүртэл эцэг, эр нөхрүүд, эрэлхэг дайчидтай хамт тэсэж буй бүсгүйчүүд цөөнгүй байгааг харсан Конрад ван сүүлчийнхээ дайралтыг хийхийн өмнө тэдэнд хандаж, “Цайзад буй алт эрдэнэсээс дааж чадах хэрээрээ аваад, цайзаас зайлцгаа. Тэгээд хаа дуртай газраа очиж зоргоороо амьдарцгаа. Бид яах ч үгүй. Өдий хүртэл эрчүүдтэйгээ зэрэгцэн тэсэж тулсан эр зориг чинь үнэлж та бүхэнд эрх чөлөөг хайрлаж байна” гэжээ. Мэдээж хэрэг сүүлчийн дайралтыг Баварынхан тэсэхгүй нь тодорхой, нэгэнт ялсан цагт улангассан цэргүүд хөөрхий бүсгүйчүүдийг дураараа болгодог байсан хэрэг.


Конрад вангийн энэхүү өгөөмөр сэтгэлд эрэмшсэн Бавар бүсгүйчүүд цайзынхаа хаалгыг онгойлгон гарч ирцгээсэн байна. Гэхдээ тэд алт эрдэнэс үүрсэнгүй, харин шархадсан, тамир тэнхээгүй болсон аавуудаа, эр нөхрүүдээ, сүйт хархүүгээ, хүүгээ чадан ядан үүрцгээгээд, дэнхэн данхан гээд гарч иржээ. Тэдгээр бүсгүйчүүдийн энэхүү эрхэм сайхан чанар, эр зоригт нь сэтгэл хөдөлсөн Конрад ван асгартал уйлж, зөвхөн өнөөх бүсгүйчүүд төдийгүй бүр бүх Баварынхныг ч өршөөсөн гэдэг. Энэ түүхийг сонсохоор та бүхэнд сайхан санагдахгүй байна уу? Мэдээж хэрэг, сайхан түүх байгаа биз. Тэгвэл саяхан Австралид ч билүү, Шинэ Зеландад ч билүү нэг нөхөр хорин хэдэн хүнийг буудаад алчихсан. Хэвлэлээр л нэг шуугилаа. Тийм олон хүн буудна гэдэг чинь хулчгар ч хүний хийдэл биш дэгээ. Эр зориг хэрэгтэй л болдог хэрэг. Гэхдээ энэ аллагыг сонсоод та бүхэн Конрад вангийн дээрх түүхийг талархан хүлээж авсан шигээ байж чадаж байна уу. Адилхан л аллагын тухай шүү дээ. Магадгүй, Конрад ван хавьгүй илүү олныг ч алсан байх. Үгүй юу. Хоёрдахь түүх нь сайхан санагдахгүй байна уу? Мэдээж шүү дээ. Эхний түүхэнд чинь эр зоригийн гоо сайхны тухай, түүнийг ойлгох чадвартай өгөөмөр сэтгэлийн сайхны тухай, өршөөлийн тухай өгүүлж буй тул та бүхэнд сайхан санагдаж буй хэрэг шүү дээ.
Энд зөвхөн эр зоригийн гоо сайхны тухай, түүнийг мэдэрч үнэлж чаддаг мэдрэмж, өгөөмөр сэтгэлийн тухай ярьлаа. Сайхан гэдэг зүйл өнгө, гэрлийн гоо сайхан, дүрс хэлбэрийн гоо сайхан, сэтгэлгээний, зан чанарын, эр зоригийн гоо сайхан гээд амьдралын бүхий л илрэлд бий.
Хэрвээ сайн хийгээд сайхнаа, муу хийгээд муухайгаас ялгаж салгах чадваргүй болчихвол тэгээд хүн төрөлхтөн мөхөл рүүгээ авралгүйгээр гулсах болно. Достоевскийн зүгээр нэг “Гоо сайхан ертөнцийг аварна” гээд хэлчихээгүй юм. Сайханд татагдах хийгээд сайныг таашаах төрөлхийн эрмэлзэл нь хүн төрөлхтнийг аврах болно. Ингэхэд өдий хүртэл өрнөж ирсэн түүхийн мөн чанарт чухам энэ сайхан хийгээд муухай, сайн хийгээд муу, гэрэл хийгээд сүүдэр, мунхаглал хийгээд ухаарлын зөрчил байсан хэрэг.


Хүний зовлон жаргалыг ойлгож, мэдэрнэ, улмаар хуваалцана гэдэг чинь хүний ёс. Уншдаг хүмүүс бусдыг илүү ойлгох магадлалтай байдаг. Уран зохиолыг бас яг энэ өнцгөөс нь ч тодорхойлсон тохиолдол бий. “Хамгийн сайн зохиолч гэж хүнийг хамгийн сайн ойлгодог хүнийг л хэлнэ” гэж. Өөрөөр хэлбэл хүнийг хамгийн сайнаар ойлгодог зохиолчоос л сайн бүтээл төрнө гэсэн үг. Хүмүүс бид биесээ ойлгохоос, ойлголцохоос ангидаар нийгэм гэдэг нэг том тогоонд хамтран амьдрах амаргүй, ойлголцол байгаа газар эв найр, энх амгалан, улмаар хөгжил дэвшил байдаг.
Амьдралын энэ мэт олон талт харилцааг маш өргөн энгээр харж, амьдралын гоо сайхныг, зүрх сэтгэл, зан суртхууны, хайрын сайхныг танин мэдэхэд уран зохиол маш сайн туслагч болж чадна. Энэ танин мэдэхүй чинь Үнэт зүйлийг чинь тодруулж, Үзэл санааг чинь хурцалж өгдөг. Үнэт зүйлээ эрэмбэлж мэдэхгүй байна гэдэг оймс малгайгаа ялгахгүй сольж хэрэглэхтэй адил. Үзэл санаагүй хүнийг жигүүртэй атлаа нисэж чаддаггүй тахиатай зүйрлэлтэй. Тэгэхээр энэ чухал гоо зүйн боловсрол олгодог, танин мэдэхүйд хөтөлдөг гол зүйл бол урлаг, тэр дундаа хэн бүхэнд хүртээлтэй, хамгийн хүртээмжтэй нь уран зохиол.


Үнэт зүйл буюу эрхэмлэх зүйл гэдэг нь Үндэстний оюун санааны нэгдмэл байдлыг хангаж, чиглүүлж байдаг гол хүчин зүйл юм. Чухам хүнийг хүн болгодог, Хүний нийгмийг хүний нийгэм болгодог ЭРХЭМЛЭХ ҮНЭТ ЗҮЙЛ гэдэг нь уран зохиолд хангалттай ихээр шингэсэн байдаг. Уран зохиол нь хүнийг, ялангуяа хүүхдийн эрэлч, бүтээлч оюуныг тэрхүү эрхэм зүйлийн эрэлд гарахад нь өмнө нь асаж байдаг гэрэл, дэнлүү шиг зүйл. Ингэхэд үлгэр бүхэн яагаад амар сайхан жаргаж төгсдөг гээч… Хариулт нь та бүхэнд тодорхой байна уу? Үнэн нь худал хуурмагаа, сайхан нь муухайгаа, сайн нь муугаа ялж байж энэ амьдрал утга учиртай үнэ цэнэтэй болно, бас үргэлжлэн оршин тогтноно. Энэ чинь ертөнц оршихуйн суурь хууль.
Ерөөс уран зохиол нь үнэнийг зовлон шаналангийн гаслаан, гангинаатай нь, ялалт амжилтийн, баяр баясгалангийн дуутай шуутай нь, дарийн утаа, хулмас, эсвэл анхилуун цэцэгс, цэнгэг усны үнэртэй нь, улаа бутарсан хацрынх нь өнгөтэй, уйтгарт бүрэнхийн өнгөтэй нь, дүрс хэлбэртэй нь үзүүлж, харуулж, мэдрүүлж, сонсгож байдаг учраас хүний зөвхөн оюун бодомжид төдийгүй зүрх сэтгэлийн чинад мухарт хүрч чаддаг. Түүгээрээ илүү бүтээлч, хүчирхэг нөлөөтэй байдаг.
За Уран зохиолын өөр ямар ашигтай сайн тал байна вэ? Тэндээс нэг багш “Хэл хөгжүүлнэ” гэлээ. Та бүхэн санал нийлж байна уу? Би ч мөн адил. Ингэхэд хэл хөгжинө гэдэг нь юу гэсэн үг вэ?

Үргэлжлэл бий…
.

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *