p.justify { text-align:justify; }
Хүлээх өрөөний эзэгтэй

ХҮЛЭЭХ ӨРӨӨНИЙ -ЭЗЭГТЭЙ

Манай нэрт шог зохиолч Ш.Цэнд-Аюуш гуайн энэхүү хошин роман хэмжээний хувьд багашаархан боловч хэлэх гэсэн санаа, агуулга цар хүрээний хувьд нэлээн их орон зайг хамаарч” үхрийн мах үнхэлцэгтээ багтана” гэдгийг үзүүлж чадсан бүтээл билээ.Инээд наргиан, егөөдөл, элэглэл, ёгтлол, хэтрүүлэл зэрэг хошин шог зохиолын олон төрлийг уран нарийн сүлжин шаглаж уншсан хэний ч болов сонирхолыг соронзон мэт татах элэг хөшөөм үйл явдлуудаар дүүрэн ёстой жинхэнэ “саваадаг” зохиолуудын нэг мөнөөсөө мөн шүү.

Шинжлэх ухаанд сэтгэл зүрхээ өгч шинэ нээлт хийхийн туйлын хүслэн болсон Дүрээрээ гэх залуу “үл үзэгдэгч болгох” нээлт хийсэн боловч амин хувиа хоохойлсон “амьгүй албат” -уудаар хүрээлүүлсэн шинжлэх ухааны байгууллага нь хүлээж аваагүй төдийгүй хүнд суртлын хана хэрэм мөргөж ,шат дамжлагагүйгээр юу ч бүтдэггүй гаж тогтолцоонд тээрэмдүүлсээр хөөрхийлөлтэй хорвоог орхиж буй инээдтэй гэхээсээ эмгэнэлтэй түүх! Социализм байгуулах гэж хөглөсөн түүхийг хошин зохиолдоо чадмагаар сүлжин үзүүлж хувь хүний оюун сэтгэлгээ хүсэл тэмүүллийг хаан боогдуулсан нийгмийн гажуудлыг эрс шүүмжлэн үзүүлсэн гайхалтай зохиол юмаа.

Энэ зохиолд гарч буй бүх дүрүүд хоорондоо ямар нэгэн сэжмээр холбоотой төдийгүй эсэргүү нарын баривчилгаа, шашин соёлыг сүйтгэсэн хэнээрхэл, хамтрал хомоон зүүний алдаа завхрал, хүч далайлгасан нэгдэлжих хөдөлгөөн, хот газар суух эрхгүй хачин хууль дүрэм гээд нийгмийн онцлог цаг үеүүдийг хамруулснаас гадна зохиолын баатрууд энэ бүхэнд хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсныг урнаар элэглэн үзүүлсэн байдаг билээ.”Ялааны авгалдай шиг олон эрдэмтэд” ямар ч үр бүтээлгүй мөртлөө нэр алдар цалин хангамжийн хойноос үхэн хатан хөөцөлдөж байхад жинхэнэ “эрдэмтэй” хүн нь сургууль соёл төгсөөгүй, боловсролгүй гэсэн шалтгаанаар гадуурхагдан шат дамжлагын аль нэг гинжинд хэлхээнд ороогүй л бол хөсөр хаягдан амьдрах орон зайгүй болж байгаа эмгэнэлт хувь тавиланг инээдэм наргианаар үзүүлж байгаа нь гайхалтай юмаа.

Дүрээрээгийн өвөг эцэг сүү усыг ялгадаг жинхэнэ “ялгасан гэгээн” үнэнч шудрага Живаа лам, шашны номтой боловч амиа аврахын тулд зүсээ хувиргасан шалиг зант Гаваа лам, юмны цаад учрыг үл ухан хөөрцөглөдөг Нохойхүү төлөөлөгч, бусдыг аялдан дагалдагч,зусар бялдууч Тоодгор, арга заль ов мэхээрээ хүссэн бүхнээ бүтээж чадах хуншгүй зант Буджав ,хүнд суртал мунхаг харанхуйн амьд биелэл Сосор дарга, үнэн цагаан сэтгэлтэй жинхэнэ эрдэмтэн хүн боловч хүнд суртлын хүлээсэнд орсон Оюут гээд олон сонирхолтой дүрүүд зохиолыг амьдруулж бие биеэндээ гинжин хэлхээ үүсгэн холбогдсон байдаг билээ.Онцгой нээлтийн хэлтсийн нарийн бичиг ,хүлээх өрөөний эзэгтэй-Тэмүүлэн хэзээнээс нээлт хийсэн мундаг эрдэмтнийг мөрөөдөн суудаг бүсгүй бөгөөд хэдийд учрахаа мэдэхгүй он цагийг элээж байтал гэнэт нэгэн өдөр нээлт хийлээ гэсээр нэгэн хүн өрөөнд нь орж ирсэн нь Дүрээрээ байжээ.Ингээд л адал сонин, элэг хөшөөм явдлууд ар араасаа хөврөнө дөө.

Угтаа манай хүн нээлтээ бүрэн дүүрэн батлахад тун жаахан бодис хэрэгтэй байсан бөгөөд түүнийг олж авах гэж аль муугаа үзэн арайхийн захиалж гадаадаас ирэхий нь хүлээж ядан өчнөөн хоног хугацаа өнгөрөвч сураг чимээ аниргүй байтал нэг өдөр нөгөө хүсэн хүлээсэн чимхийн төдий бодис нь овоолсон шороо мэт асар их хэмжээгээр хэнд ч хэрэггүй хог болон хэвтэхийг үзээд зүрх нь тэссэнгүй дээ хөөрхий.Ай мөн ч их паян, адал явдал өрнөнө дөө!

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *