p.justify { text-align:justify; }
Уран зохиолоос бусад нь…/цуврал-3/

Зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэд

ДӨРӨВ: ХЭЛ ХӨГЖҮҮЛНЭ…


Тухайн үндэстний хэлний бүхий л нөөц, боломжийг шавхаж илэрхийлдэг ганцхан салбар нь уран зохиол. Хүүш, уран зохиолоос өөр тэгэж хэлийг ашигладаг, хэрэглэдэг салбар гэж байхгүй. Тухайн үндэстний хэлний хөгжлийг уран зохиолоос нь ангид төсөөлөх ч боломжгүй. Бас хувь хүний хувьд ч сайн уншигч маш сайн хэлний баялагтай, санаагаа цэгцтэй, учир шалтгаантай, бас уран яруугаар илэрхийлэх талаараа хавьгүй давуу байдаг. Маргаангүй байх аа, тийм ээ. Үүнийг эрхэм уран зохиолын багш та бүхэн илүү сайн мэднэ, нотолно.

Нэрт зохиолч Ч.Лодойдамба Тунгалаг тамир романаа бичиж байсан бичгийн машин гэнэ.

Бид өдөр тутмынхаа ярианд ихдээ 1500 орчим үг хэрэглэдэг гэдэг. Бүр нарийн мэргэжлийн хэл хэллэгүүдийг оруулаад шүү дээ. Тэгвэл Өвөрлөгч монголчууд маань “Тунгалаг Тамир” романы хэл зүйд судалгаа хийгээд элдэв хувиргалтайгаа нийлээд 1.5 сая үгтэй байна гэсэн тооцоо хийсэн байсан. Энэ магадгүй нийт үгийнх нь тоо байх. Гэхдээ л монгол хэлний үгийн сан асар баялаг, хэдхэн мянгаар тогтохгүй. Шагжийн, Цэвэлийн толь бичгүүд хэдэн мянган үгтэй билээ, та бид мэднэ. Тэр бүх үгс бараг л ихэнхдээ уран зохиолд ашиглагдаад зогсохгүй зарим уран бүтээлчид бүр цоо шинэ үг бүтээчихдэг, тэр нь яваандаа үндэсний үгсийн санд ороод баяжуулчихдаг тохиолдлууд ч бий.
Энд зөвхөн үгийн сангийн тухай ярьлаа. Түүнээс огтхон ч дутахааргүй нэг ойлголт бий нь үгийг мэдрэх юм. Чухам үгийг мэдэрч, сэрнэ гэдэг уран бүтээлчийн нэн чухал чадвар. Үг бүр өөрийн гэсэн амин сүнстэй, түүнийг жинхэнэ утгаар нь амьдруулж, мэдрүүлж байдагтаа уран зохиол нь онцгой үүрэгтэй. Орчин цагт амьд тод хэлээр ярьдаг нь ч, бичдэг нь ч бас ховор болж байгаа.
За тэгэхээр уран зохиол нь үндэстний ч, хувь хүний ч хэлийг хөгжүүлдэг байх нь. Энд олон жишээ таталтгүй ойлгомжтой гэж бодож байна.
.
ТАВ: УРАН САЙХНЫ СЭТГЭЛГЭЭ БУЮУ ХИЙСВЭР СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛНЭ…


Хэдэн жилийн өмнө “Мянгуужингийн адал явдал”-ын талаар нэгэн эцэг саналаа надад хэлсэн юм. “Та ийм байгалийн шинжлэх ухааны эсрэг үл бүтэх худлаа зүйл бичсэн зохиолыг хүүхэд багачуудад тарааж, тархийг нь эргүүтүүлэхээ болих хэрэгтэй” гэв. Нэг талаас тэр эцгийн үнэн. Яагаад гэвэл Мянгуужингийн адал явдалд итгэхэд нэн бэрх. Тухайлбал, Мянгуужин дайснаасаа зугтаж яваад морьтойгоо намагт шигдчихнэ. Тэгээд аргаа барахдаа өөрийн үснээсээ дээш нь үгтээгээд морьтой юутайгаа намгаас сугараад цааш явчихна. Яах ч аргагүй энэ бол байж болшгүй худал зүйл. Худлаа гэвэл та өөрийнхөө үснээс дээш нь үгтээгээд үз. Хэдэн хялгас л сугарахаас биш та газраас хөндийрөхгүй. Гэтэл Мянгуужин болохоор намгаас морьтойгоо юутайгаа сугарчихаж байгаа юм. Физикийн ш/у-ны таталцлын хууль зөрчсөн ийм зүйлийг хүүхдэд уншуулах нь ер зөв үү? Бас Их бууны аман дээр отож байгаад буудангуут суман дээр нь суугаад дайсныхаа цэргийн байрлал дээгүүр нисэж, цэргийн тагнуул хийнэ. Тэгээд яаж буцаж ирсэн гээч, дайсных нь талаас буудсан сум зөрөөд ирэхээр нь үсэрч суугаад буцаад ирж байгаа юм. Морио сэлгэдэг шиг л. Хэн ч үнэмшимгүй үйл явдалтай ийм мэт зохиолд ингэхэд орчин цагийн мэдлэгжсэн, мэдээлэлжсэн, технологижсон хүүхэд багачууд итгэх үү? Тэднийг ингэж худал хуурмагаар төөрөгдүүлэх нь үнэхээр гэмт хэрэг үү? Оюун санааны террор биш үү?
Үгүй юм. Энэ мэт зохиолын үйл явдалд бүрэн итгэх тухай хэн ч яриагүй, албадаагүй. Хүний тархи толгойг адгууснаас ялгадаг бас нэг онцлог нь уран хийсвэр сэтгэлгээ юм. Чухам ийм мэт зохиол нь хүний уран хийсвэр сэтгэлгээ, бүр хошин сэтгэлгээг ирлэж хурцалж өгнө шүү дээ. Тийм болохоор л “Мянгуужингийн адал явдал”-ыг 200 гаруй жил дэлхий даяараа уншиж иржээ. Манайхан 1930-аад оноос хэсэг бусгаар нь орчуулж эхэлсэн, энэ цаг үед ч орчуулаад хүүхэд багачууддаа уншуулсаар л байна. Тэглээ гээд хүн төрөлхтний хүүхэд багачууд үснээсээ үгтээгээд, эсвэл их бууны суман дээр сууна гэж дайрсангүй өдий хүрчээ. Хийсвэр сэтгэлгээ нь сармагчныг /хэрвээ Дарвины эволюцийн онолыг үнэн гэвэл/ оюун ухаант хүн болгож, төрөлхтний хөгжлийг өдий хүртэл нуруундаа тээж ирсэн байна. Хийсвэр сэтгэлгээ үгүйгээр өдий хүртэл хөгжиж ирсэн Шинжлэх ухаан, технологийн, урлаг уран сайхны, ерөөс нийгмийн хөгжлийг төсөөлөх боломжгүй. Хэрвээ хүн төрөлхтөн 2 + 2 = 4 гэдгээс өөр хариу байхгүй л гэж яг таг итгэдэг байсан бол бид аль хэдийнэ неандарьтал хүн шиг мөхчих байв.


Эйнштейн нэгэнтээ “Би багадаа нарны цацраг дагаад гүйх юмсан гэж мөрөөддөг байлаа” гэж дурсжээ. Тэр боломжтой юу? Ямар ч боломж үгүй. Секунтэд дэлхийг бүслүүрээр нь тав, зургаа тойрчихдог нарны цацрагийг секунтэд үсрээд л 5 метр хурдалж чадах хүн яаж дагаж гүйх билээ. Ямар ч боломжгүй мэт. Бас гэрлийн тусгал шиг тийм шув шулуухан гүйж чадах уу? Тэр гэрлийн тусгал дээр тогтож чадах уу? Гэвч чадна, бүр чадсан, түүнээ Эйнштэйн өөрөө нотолсон. Өөрөөр хэлбэл уран хийсвэр сэтгэлгээний хүчээр чадна. Чухам Эйнштейнийг тэр хүсэл мөрөөдөл нь хөтөлсөөр Харьцангуйн онолоо нээхэд хүргэжээ. Хар багаасаа л номын улаан хорхойтон байсан Элон Маск өнөөдөр үнэхээрийн уран галзуу SpaceX-ийг, Сансрын технологийг бүтээж байна. Хэдий чинээ уран хийсвэр сэтгэлгээ хөгжинө тэр хэрээр гайхамшгийг мөрөөдөх боломжтой. Харин түүн дээр эрдэм мэдлэг, эр зориг, шаргуу зан, авьяас билгийг нэмчихвэл тэр гайхамшиг хэрэгждэг. Хэрвээ эрдэм мэдлэг дутвал солиорол, хийрхэл болно. Өдий хүртэлх хүн төрөлхтний хөгжил дэвшлийн нэгэн хөшүүргийн механизм нь ийм л зарчмаар ажиллаж иржээ. Уран хийсвэр сэтгэлгээ хөгжихгүй бол тийм гайхалтай онол нээлт ч гарахгүй, цаашид ч биднийг угтаж буй энэ дижитал эрин ч ирэхгүй.


Нэгнийхээ төлөө адгуус амьтан хүртэл амиа золиослох чадамжтай байдаг, харин хошигнох чадвар зөвхөн хүмүүн төрөлд л бий. Чухам хошин шогийн мэдрэмж чинь дээд зэргийн уран хийсвэрлэл юм шүү дээ. Дэлхийн үндэстэн бүрийн ардын аман зохиолд манай Бадарчин Баадай шиг, Далан Худалч шиг уран хошин дүр байдаг нь нэг зүйлийг хэлээд байгаа биз. Тухайлбал, Нидерланд, Дани орчмоор Тилл Оленшпигель, Германд Мянгуужин буюу Барон Фон Манхуазэн, Орост Иванушка, Солонгост Ким Саль Дон, Дундад Азийн орнуудад Молла буюу Хожа Насреддин, Энэтхэгт Бийрбал, Америкт Харрис гэх мэт. Ингэхэд хошин шогийн мэдрэмж гэдэг хүний ухааны үндсэн шалгуур. Хошигнол, шоглол, алиалал, егөөдөл, ёжлол, маазрал гээд бас харилцан адилгүй олон янз байна. Одоо ихэнхдээ маазрахаа л хошигнол хийгээд бусад бүх юм гэж ойлгодог, тэр бүү хэл амин чухал зүйлийг ч, үнэнийг ч хүртэл маазруулаад үнэ цэнэгүй юу ч биш болгодог нэг гаж үзэгдэл түгээмэл болсон шүү. Уншихгүй л байгаатай холбоотой үзэгдэл. Өөр онош байхгүй. Уншихгүй бол сэтгэхгүй. Энэ бол аксиом. Нотолгоо шаардлагагүй үнэн.


Тэгэхээр уран зохиол нь хүний сэтгэлгээг уран хийсвэр, хошигнол, эмгэнэл, өөдрөг бадрангуй гээд олон талаар нь хөгжүүлнэ. Бүр гүн ухааны сэтгэлгээг ч хөгжүүлнэ. Чинад логикийг ч, логик бус сэтгэлгээг ч хөгжүүлнэ. Хэл сэтгэлгээ хоёр салшгүй холбоотой гэдэг байх аа. Хэл хөгжиж буй бол сэтгэлгээ хөгжиж таарна. Бас л маргаангүй аксиом. Сэтгэлгээг хөгжүүлдэг талаар маш олон жишээ баримт дурдаж болох ч хэт тодорхой учир ингэсгээд орхие.
Ер нь уран зохиолд өгүүлж буй үйл явдал нь үнэн байх албагүй, харин тэр үнэн биш үйл явдлаар дамжуулан өгүүлж буй утга санаа нь үнэн байдаг гэдгийг дахиад давтая.

Үргэлжлэл бий…

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *