p.justify { text-align:justify; }
Уран зохиолоос бусад нь…/цуврал-4/

Зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэд

УРАН ЗОХИОЛЫН ХИЧЭЭЛ ХЭРЭГТЭЙ ЮУ?
ЗУРГАА: ӨӨР БУСАД….
За, эрхэм уран зохиолын багш нар аа. Та бидний заадаг хичээл буюу Уран зохиолд өөр ямар ашиг тустай зүйлс байна вэ? Бид бараг л гол зүйлсээ гаргаад ирлээ. Гэхдээ дуусаагүй ээ. Жижиг сажиг зүйлс бишгүй. Зөвхөн уран зохиол гэлтгүй ерөөс ном унших нь ямар хэрэгтэй талаар тоочие.
– Хүний уншиж ойлгох чадвараас аливааг сурах, бусад бүх төрлийн хичээл, мэдлэг эрдэм сурах чадвар шууд хамаардагийг судлаачид тогтоосон.
– Номыг тархины фитнес гэдэг. Уншдаг хүн зөнөх нь бага байдаг гэж судалгаагаар батлагдсан. Уншдаг хүн бас урт насалдаг нь судалгаагаар батлагдсан. Унших нь стресс тайлдаг гэнэ. Бүр алхахаас ч дутахааргүй тархи амраадаг гэнэ. Стресс багасахаар нас уртасна. Уран зохиол нь шууд утгаараа хүний насыг уртасгаад зогсохгүй мөн дам утгаараа ч хүний амьдралыг асар уртасгадаг. Ном бүхний ард нэг ертөнц бий, тэр хэмжээгээр уншдаг хүний амьдралыг баялаг, сонирхолтой болгож, уншдаггүй хүнтэй харьцуулахад хэдэн арав, магадгүй хэдэн зуу дахин илүү амьдралын туршлагатай мэт болгосон байдаг. Уран зохиол уншигчаа зохиолынхоо баатрын амьдралаар хөтлөн дагуулна, алданаас нь суралцана, амжилтад нь баярлана.


– Уншдаг хүн илүү бүтээлч, амжилттай байдаг гэнэ. Олон талын мэдлэг, мөн сэтгэлгээний уян хатан байдал гэдэг нь хүний бүтээлч чадварт юугаар ч орлуулашгүй хүч чадлыг өгдөг. Дэлхийн 200 гаруй тэрбумтны амьдралд 5 жилийн турш хийсэн судалгааны дүн нэгийг хэлнэ. Тэдгээр эрхмүүд зурагт үздэггүй, харин 86 хувь нь уншдаг, 63 хувь нь өглөө гэрээс ажилдаа хүртлээ аудио ном сонсдог байна. Дэлхийн тэргүүлэгч хөрөнгө оруулагч Уоррен Баффет ихэнх цагаа уншиж өнгөрөөдөг, Опра Уинфри, Жэк Ма, Элон Маск нар ч мөн адил. Марк Кубан, Ден Гилберт зэрэг тэрбумтнууд өдөрт 1-3 цаг заавал ном уншдаг. Билл Гейтс ч долоо хоногт нэг ном заавал уншдаг, бас жилдээ нэг авдаг 14 хоногийн амралтаа идэж, наргиж, унтаж, зугаалах гэж биш, зөвхөн ном уншиж өнгөрөөдөг гэх мэт эх адаггүй баримт дурдаж болох нь ээ. Бенжамин Франклин маш их уншдаг байж, өдөр тутамдаа уншсанаа эргэцүүлэн, тэмдэглэл хөтөлдөг байж. Мөн өнөөгийн номын клуб маягийн арга хэмжээ ч зохион олонтаа байгуулж, ярилцаж, мэтгэлцдэг байжээ. Уншдаг хүмүүсийн ялгаа нь зөвхөн олон талын өргөн дэлгэр мэдлэгтэй байгаад зогсохгүй аль ч салбарын стратеги, тактикийг ч мэддэг. Бас хүмүүстэй ойлголцож, хамтрах чадвар ч илүү байдаг. Энэ бүхэн амжилтад нь нөлөөлдөг байна. Ер нь ном хүний хүсэл мөрөөдлийг хөгжөөж, улмаар амжилт руу хөтөлж байдаг.

^


– Хөгжингүй орнуудын ард түмнийх нь уншилтын түвшин харьцангүй өндөр. Олон улсын NOD гэдэг судалгааны байгууллага хэдэн жилийн өмнө хамгийн сайн уншдаг 50 бүс нутгийг жагсаахад хүмүүс нь дунджаар долоо хоногт 11 цагийг ном уншиж өнгөрөөдөг өмнөд хөршийн Шанхайн бүс нутаг магнайлсан байсан. Өнөөдөр дэлхийн шинжлэх, ухаан технологийн төдийгүй урлаг, уран сайхны төв нь Шанхай руу шилжиж байгаа. Скандинавын орнууд, Герман, Швейцарь, Япон гээд дандаа хөгжингүй улс орнууд араас нь жагссан. Америкчууд харьцангуй сайн уншдаг. Уг судалгаа хийгдэх цаг үед Нью-Йоркийн, эсвэл Чикаго, Вашингтоны метронд гурван хүн тутмын хоёр нь ямар нэгэн хэмжээгээр ном уншиж явдаг байсан. Одоо магадгүй, бүгд гар утсаа шагайдаг болчихсон байж мэднэ. Гэхдээ л Америкчууд дээрх жагсаалтад 22 орчимд орсон байв. Мэдээж, жагсаалтын эхний 50-д манай Монгол багтаагүй. Тэгээд бид хэд орчимд байх боломжтой вэ гэсэн нэг тойм судалгаа хийж үзсэн. 100 америк нэг жилд 462 ном худалдаж авдаг, харин 100 монгол хүн жилд 20 орчим ном худалдаж авдаг. Харьцуулахад бид жагсаалтын 22 дугаарт эрэмблэгдсэн Америкчуудаас даруй 23 дахин бага уншиж байна гэхээр бүр бараа сураг ч үгүй байгааг хэлнэ.

Энэ мэтээр өөр хэд хэдэн жишээг хэлж болно. Ер нь уран зохиолын ач тусыг сайн мэддэг хөгжингүй орнууд Боловсролын систем дэх Уран зохиолын агуулгадаа онцгой анхаардаг. Хүүхэд багачууддаа уран зохиолыг жинхэнэ утгаар нь хүргэж, мэдрүүлдэг.

Ойрхноос нь хойт хөршөө сонирхоё. Оросууд уран зохиолын талаарх Төрөөс баримтлах үзэл баримтлалдаа, “…уншилт нь дараах зүйлүүдэд эн тэргүүний ач холбогдолтой, үүнд:

  • – өсвөр үеийнхний хүмүүжил, боловсролд, хувь хүний төлөвшил, хөгжилд;
  • – нийгмийн бүх гишүүд, түүний дотор төрийн түвшинд шийдвэр гаргагчид, орон нутгийн эрх баригчид, албан байгууллага, үйлдвэрийн газар, олон нийтийн байгууллагуудын удирдах хүмүүсийн боловсролын түвшин, мэргэжлийн мэдцийг дээшлүүлэхэд;
  • – улс орны нийт соёлын чадамжийг бүрэлдүүлэхэд;
  • – амьдралын чанарыг дээшлүүлэхэд гэж ТОДОРХОЙЛСОН БАЙНА.


Хэдэн жилийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч нь улс орныхоо оюуны элитүүдээс бүрдсэн баг бүрдүүлж байгаад Оросын хүүхэд багачууд, өсвөр үеийнхний унших ёстой номын жагсаалт гэж гаргасан. Уг жагсаалтад 770 орчим гарчиг зохиол орсон. 70 орчим хувь нь үндэснийх нь утга зохиол. Ер иймэрхүү жагсаалт хөгжингүй улс орон бүрд байдаг. Оросын ЕБС-ийн бага ангиас Унших бичиг буюу Уран зохиолын хичээл ордог ба 3-р ангийнх нь Уншихийн сурах бичиг 110 орчим гарчиг зохиол орсон хоёр боть. Харин манайд бол Бага ангид Уран зохиолыг Монгол хэлний хавсарга болгож ордог. Бүхэл бүтэн нэг зохиолоос нэг хоёр өгүүлбэр авч, найруулга зүй, хэлзүйн үүднээс нь үзсэнээ уран зохиол үзэж байгаа гэж тайлбарладаг Мэргэжилтнүүдтэй байгаа нь гамшиг юм даа. ОХУ-д бага ангиудад Уран зохиол болон Орос хэлний хичээлээс гадна Төрөлх хэл гэсэн хичээл хүртэл ордог байна. Энэ нь хэл зүй биш, харин төрөлх хэлнийхээ гоо сайхныг, илэрхийлэх чадварыг суралцах хичээл аж. АНУ-ын бага сургуульд, сургуулийн өмнөх сургалтад үндсэндээ үлгэр голчилсон сургалт явагддаг, үлгэр ярьж, яриулж, бүр зохиолгож, бичүүлж. Үр дүнд нь хүүхдийн дотоод ертөнц баяжиж, хүсэл эрмэлзэл асаж, үнэт зүйлээ ялгах чадамж сууж, төлөвшдөг. Тэр хойно нь харин ерөнхий эрдмийнхээ хичээлийг хангалтай өгдөг. Боловсролынхоо чанараар, системээр үлгэрлэж байгаа Финлянд, Япон, Швед, Герман зэрэг орнуудад зохиолын үнэлэмж маш өндөр.
Ер нь XXI зуунд бичиг үсэгт тайлагдаагүй хүмүүс гэж уншиж, бичиж чаддаггүй хүнийг хэлэхгүй. Харин суралцдаггүй, сурч чаддаггүй, уншдаггүй хүнийг хэлнэ. Боловсролтой хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэвэл уншдаг л хүнийг хэлнэ. Уншдаг л бол аяндаа бүх талын боловсролтой болно.
За ингээд бид Уран зохиолын хичээлийн, ерөөс Уран зохиолын ач холбогдлын талаар бишгүй ярилцлаа. Хангалттай юу? Үгүй ээ. Гол юм аа орхисон байна. Тэр нь юу гэж бодож байна вэ?
.
ДОЛОО: НИЙГМИЙГ ХУВЬСГАН ӨӨРЧЛӨХ ХҮЧ…


Ингэхэд нийгмийг дэвшилд хөтлөгч гол хүч юу вэ? Манай либералиуд болохоор хоол, хувцас, орон гэр гэх гээд байдаг. Анхдагч хэрэгцээний тухайд бол маргах юмгүй, гэвч бид анхдагч хэрэгцээ биш, хөгжил дэвшлийн тухайд ярьж байна. Хэрвээ анхдагч хэрэгцээнээсээ давж харж чадахгүй бол хувь хүн ч, нийгэм ч хол явдаггүй. Бүр тийм жамтай. Нийгмийг дэвшилд хөтлөгч гол хүч нь үзэл санаа юм. Бас эсрэгээрээ нийгмийг сүйрүүлэгч хүч ч үзэл санаанд бий. Тиймээс нэгийг хулгайлбал гар, нэлээдийг хулгайлбал бүлэг, бүр ихийг бол хууль, бүгдийг нь хуу хамах хэрэгтэй бол үзэл санаа гэсэн үг байдаг. Одоо энэ талаар ярилцая.
1789 онд Францад болсон үйл явдлыг аугаа их хувьсгал гэдэг. Хэдий аллага хядлага, алдаа эндэл нь хэрээс хэтэрсэн ч хүн төрөлхтөнд шинэ дэвшилтэт эриний үүдийг нээсэн учраас аугаа их гэж нэрлээд буй хэрэг. Гэтэл энэ их хувьсгалын үзэл санааны үндсэн тулгуур нь Руссогийн “Эмилия” роман, бас “Нийгмийн гэрээ” зохиол болно.
Марксыг капиталын мөн чанарыг нээсэн “Капитал” хэмээх суут бүтээлээ туурвихад нь тэр цагийн толгой эдийн засагч Прудон бус харин зохиолч Бальзак тусалжээ. Учир нь Бальзак “Хүн төрөлхтний хошин шог” хэмээх цуврал романдаа хөрөнгө, хүн хоёрын харилцааг ямар ч эдийн засагчаас илүүгээр гүн гүнзгий бодитой илчлэн нээж харуулсанд байна. Энэхүү “Капитал” зохиолын нөлөөг тоочиж баршгүй. XX зуунд хүн төрөхлтнийг хоёр лагерт хүртэл хувааж орхисон. Одоо ч судалсаар байна.


1861-1865 онд болсон Америкийн иргэний дайны гал ид өрнөж байх үед Ерөнхийлөгч Абрахам Линкольн Цагаан ордныхоо эллипс танхимд жирийн нэгэн эмэгтэйг хүлээн авчээ. 150 гаруйхан см өндөртэй, олон хүүхэдтэй настай эмэгтэй хаалгаар орж ирэхэд 198 см өндөртэй Линкольн тосож очоод, ихэд тонгойн “Энэ Аугаа их дайныг эхлүүлсэн эмэгтэй Та мөн гэж үү?” хэмээн гар барьсан гэдэг. Яагаад тэр ийн хэлэв гэвэл, тэр цаг болтол АНУ-д боолчлол гэдэг жинхэнэ утгаараа байжээ. Боол бол хүн биш, түүнийг яг гахай, нохой, илжиг, тахиатайгаа адилхан үзнэ. Дургүй нь хүртэл бууны сүмбээр үхтэл нь ороолгоод, гахайнд хаяад өгчихөж ч болно. Гэтэл олон хүүхэдтэй нэгэн цагаан эмэгтэй боолчуудын тэр тэсвэрлэшгүй хүнд амьдралд эмзэглэхдээ нэг зохиол бичжээ. Ямар зохиол билээ? Манайд аль дээр орчуулагдсан. За зөв, “Том авгын овоохой” роман. Энэ зохиол дариу дуусаж, дахин дахин хэдэн арван мянгаар хэвлэгджээ. Энэ романыг уншсан цагаан хүмүүс тэдний боол болох харууд чинь мал биш хүн юм байна, хүн шиг боддог, ээжийгээ, охиноо, хүүгээ хайрладаг, бас шаналдаг, зовдог, уйлдаг юм байна. Бидний нэгэн адил хүн юм байна гэдгийг харж мэдэж, гайхаж, шуугиж эхэлжээ. Улмаар энэ нь Боолчлолын эсрэг том хөдөлгөөнд хүргэж, улмаар боолчлолыг эсэргүүцсэн Умард, дэмжсэн Өмнөд хоёр тал болон байлджээ. Чухам үзэл санааны, танин мэдэхүйн том дэвшлийн төлөө тулалдсан учир уг иргэний дайныг Аугаа их дайн гэдэг. Нэг роман Америкийг өөрчилж дөнгөсөн түүх энэ.
Бас нэг жишээ дурдая. Энэтхэгийг 300 жилийн колонийн дарлалаас нь чөлөөлөх хувьсгал ер бусын байв. Хүч үл хэрэглэх хувьсгал. Бусад хувьсгал бол цусан далайгаар туучиж, үл эвлэрэх үзэн ядалтаар өдөөгддөг бол Энэтхэгийн хувьсгал эсрэгээрээ байлаа. Энэ хувьсгалын удирдагч Махатма Гандиг өнөө Энэтхэгийн оюун санааны эцэг ч гэдэг. Манайд хөшөө нь ч, нэрэмжит гудамж нь ч бий.


Гэтэл Ганди энэхүү хүч үл хэрэглэх хувьсгалынхаа хүчирхэг үзэл санааны эх ундаргыг хаанаас олсон гээч… Уран зохиолоос, тодруулбал Энэтхэгийн хөлгөн их тууль “Рамаяана”-гаас. Дундад зуунд бидний дээдэс “Раамын үлгэрийн цоморлиг” нэрээр орчуулсан. Саяхан ч хэд хэдэн хувилбараар нь буулгасан. Гандийн үхэхдээ хэлсэн сүүлчийн үг нь РАМА байж. Рама хан хөвүүний эцэг нэгтэй, эх тусдаа ах дүүс нь хуйвалдаад Хаан ширээг нь булааж, хайртай бүсгүйгээс нь хагацуулж, харанхуй шугуйд 10 жил цөлдөг. Энэ завсар эх нь өнгөрнө. Хожмоо Рама хаан ширээгээ эргэж авахдаа өнөөх зовлонд унагасан ах дүүсээ үзэн ядсангүй, өш хонзон авсангүй, харин ч хайрлан тэвэрсэн байна. Өнөөдөр манай ТВ-ийн суваг бүрээр орой болгон гардаг Солонгос цувралын үзэл санаагаар бол Рама тэр ах дүүсээ бүр мөчилж алах байх. Гэтэл тэгсэнгүй. Үзэн ядалтаас хайр энэрэл, өршөөл гэдэг нь хувь илүү хувьсган өөрчлөх хүчтэй гэдгийг уг зохиол өгүүлдэг. Махатма Ганди чухам энэ үзэл санааг нь зүрхэндээ тээж, бодит амьдралд хэрэгжүүлжээ.
Гандигийн энэ хүч үл хэрэглэх үзэл санааг хожмоо Мартин Лютер Кинг Америкт жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн. Линкольнын хөшөөний өмнө хэлсэн түүний алдарт “Би мөрөөдөж байна” илтгэлд дарлагдан гадуурхагдаж буй хар хүмүүсийн үзэн ядалтын тухай өчүүхэн ч сүүдэр байдаггүй, харин ч миний хар хүүхдүүд, та бүхний цагаан хүүхдүүдтэй хөтлөлцөөд тоглож явдаг тийм ирээдүйг би мөрөөдөж байна гэсэн. Тэгээд ч Америкийг өөрчилж чадсан. Хэрвээ үзэн ядалтаар эхлүүлсэн бол өөр үр дүн гарах байсан биз. Кингийн энэ үзэл санаа Өмнөд Африкт Нильсон Мандела ч бас хэрэгжүүлсэн.


Өөдрөг хүчирхэг үзэл санаа гэдэг гэрэл гэгээ цацрах шиг ийм хүчтэй. Энэ мэт олон жишээг дурдаж болно. Хүн төрөлхтний буурал түүхэнд ийм жишээ түм бумаараа бий. Одоо дахиад нэг жишээг, гэхдээ та бидний амьдралд нөлөөлсөн жишээг дурдая.
1983 онд энүүхэн хойт Эрхүүгийн зохиолч В.Распутин “Түймэр” нэртэй бяцхан тууж бичсэн. Уншсан нь үйл явдлыг санаж буй байх. Ганцхан шөнийн л үйл явдал гарна. Гэвч тэнд өнөөх 70 жилийн турш бүтээх гэж хичээсэн социалист хувь хүн, соц ёс суртхуун, итгэл үнэмшил гэдэг ямар хуурамч, хэврэгхэн болохыг, энэ нь зөвхөн бие биедээ нялзаасан тодорхой дүргүй хуурамч хоосон баг болохыг хайр найргүй илчлэн дэлгэсэн. ЗХУ даяар маргаан мэтгэлцээн болсон. Дагаад манайд ч яриа, хэлцээ гарсан, манай зарим зохиолчид ч тэр уур амьсгалаар зохиол бүтээл бичсэн. С.Жаргалсайханы “Сахиул уу, сахиус уу?”-г дурдаж болно. Үр дүнд нь нийгэм даяараа Социализмын мухардлыг бүр гүн гүнзгий мөн чанараар нь олж харсан. Тун удалгүй В.Астафьевийн “Гунигт явдал” роман гарснаар “Түймэр”-т өгүүлсэн утга санааг бүрмөсөн гүйцээсэн. Энэ нь ЗХУ төдийгүй соц системийн орон зайд өөрчлөлт, шинэчлэл гарах оюун санааны суурь дэвсгэр болж өгсөн байна. Хэрвээ тийм суурь дэвсгэр байгаагүй бол, хэрвээ нийгмийнхээ зогсонги байдлыг мэдэрч, цаг үеэ хувьсган өөрчлөхийг эрмэлзсэн ард түмний дотоод эрмэлзэл байгаагүй бол 1990 оны хаврын хүйтэн хавсарганаар монголчууд мянга мянгаараа талбайд гарч жагсахгүй байв.
Энэ бүхний эцэст нэг зүй тогтол та бүхэнд нэн тодорхой харагдаж буй байх аа, тэр бол нийгмийн аливаа дэвшил өөрчлөлтийн өмнө заавал оюун санааны гүнд ямар нэгэн өөрчлөлт, танин мэдэхүй, хүсэл эрмэлзэл бий болдог явдал юм. Харин тэр хувьсган өөрчлөгч дэвшилтэт үзэл санаа нь, гүн гүнзгий танин мэдэхүй нь зарим тохиолдолд уран зохиолоос эх ундаргатай байдаг байх нь ээ.


Одоо бүгдээрээ Уран зохиолийн хичээлийн үнэ цэнийн талаар нэлээд зүйлийг итгэлтэйгээр өгүүлж чадахаар боллоо. Өнөөх математикийн багш шиг өөртөө, мэргэжилдээ итгэл төгс байж чадна. Бүр хангалттай чадна. Хувь хүний ч тэр, нийгмийн ч тэр хөгжил дэвшил гэдэг олон эх ундаргатай, уялдаа холбоотой, түүнийх нь нэг хүчирхэг эх ундарга нь та бидний мэргэжлээ болгон сонгож Уранзохиол мөн байх нь ээ.
“Хүүхэд болгон математикч болох албагүй, харин хүүхэд болгон эцэг эх болох ёстой” гэсэн нэг үг байдаг байх аа. Сухамлинский. Үүнийг уран зохиол руу холбовол “Хүүхэд болгон математикч болох албагүй, харин хүүхэд болгон ХҮН болох ёстой”. Тэр хүнийг адгуус амьтнаас, хүйтэн роботоос ялгаж байдаг гол үндсэн шинжүүд болох хүнлэг, энэрэнгүй, ёс зүйтэй, үнэт зүйлтэй, сайн сайхныг мэдэрч, талархаж чаддаг, эрмэлзэл тэмүүлэлтэй, гоо зүйн мэдрэмжтэй гээд олон шинж төлвүүдийг хэрвээ ямар нэгэн витаминтэй зүйрлэвэл урлагт, ялангуяа уран зохиолд тэр витаминууд нь маш ихээр байдаг байх нь ээ. Тэгэхээр эрхэм уран зохиолын багш Та бүхэн сонгосон мэргэжилдээ бүрэн дүүрэн сэтгэл хангалууж байж болно. Уран зохиолын багш гэдэг бол Уран зохиолын мэргэжилтэн гэсэн үг. Тэгэхээр эрхэм уран зохиолын мэргэжилтнүүд ээ, юуны өмнө эхлээд маш сайн уншигч, бүр үлгэж жишээ уншигч байх ёстой шүү. Хичээлийн хөтөлбөрийн хүрээнд уншдаг багш бол Уран зохиолын багш биш шүү.


Одоо бүгдээрээ Уран зохиолийн хичээлийн үнэ цэнийн талаар нэлээд зүйлийг итгэлтэйгээр өгүүлж чадахаар боллоо. Өнөөх математикийн багш шиг өөртөө, мэргэжилдээ итгэл төгс байж чадна. Бүр хангалттай чадна. Хувь хүний ч тэр, нийгмийн ч тэр хөгжил дэвшил гэдэг олон эх ундаргатай, уялдаа холбоотой, түүнийх нь нэг хүчирхэг эх ундарга нь та бидний мэргэжлээ болгон сонгож Уранзохиол мөн байх нь ээ.
“Хүүхэд болгон математикч болох албагүй, харин хүүхэд болгон эцэг эх болох ёстой” гэсэн нэг үг байдаг байх аа. Сухамлинский. Үүнийг уран зохиол руу холбовол “Хүүхэд болгон математикч болох албагүй, харин хүүхэд болгон ХҮН болох ёстой”. Тэр хүнийг адгуус амьтнаас, хүйтэн роботоос ялгаж байдаг гол үндсэн шинжүүд болох хүнлэг, энэрэнгүй, ёс зүйтэй, үнэт зүйлтэй, сайн сайхныг мэдэрч, талархаж чаддаг, эрмэлзэл тэмүүлэлтэй, гоо зүйн мэдрэмжтэй гээд олон шинж төлвүүдийг хэрвээ ямар нэгэн витаминтэй зүйрлэвэл урлагт, ялангуяа уран зохиолд тэр витаминууд нь маш ихээр байдаг байх нь ээ. Тэгэхээр эрхэм уран зохиолын багш Та бүхэн сонгосон мэргэжилдээ бүрэн дүүрэн сэтгэл хангалууж байж болно. Уран зохиолын багш гэдэг бол Уран зохиолын мэргэжилтэн гэсэн үг. Тэгэхээр эрхэм уран зохиолын мэргэжилтнүүд ээ, юуны өмнө эхлээд маш сайн уншигч, бүр үлгэж жишээ уншигч байх ёстой шүү. Хичээлийн хөтөлбөрийн хүрээнд уншдаг багш бол Уран зохиолын багш биш шүү.


Гагцхүү уран зохиолын хичээлээ монгол хэлний, монгол бичгийн хичээлийн хавсарга битгий болгоорой, ямар нэгэн зохиомж, туслах болон гол дүр гэж хэлбэрт баригдалгүй хүүхдийн зүрх сэтгэлд нь эмзэглэл, шаналал, баяр баясгалан болж очдог тэр мөн чанараар нь хичээлээ заагаарай, хүргээрэй. Тэгэж чадвал уран зохиол гэдэг энэ гайхамшигтай гэрэл гэгээтэй, өгөөмөр баян ертөнцөөр өмнө чинь суугаа балчир оюуныг Та замчлан дагуулагч болно. Чухам тэгэж чадвал эрхэм уран зохиолыг багш Та жинхэнээсээ Уран зохиолын багш болж, үхэр шөргөөж, нохой сарьдаг шавар суврагууд биш, харин хэзээ ч унтардаггүй гэрэл гэгээ цацруулсан, цааш цаашаа өөрөө өөрийгөө хувилган үржүүлдэг амьд суваргуудыг бүтээгч буянтан болох боломжтой шүү. Түүн шиг эрхэм сайхан буяны үйлс гэж хаа билээ. Эрхэм мэргэжил нэгт уран зохиолын багш та бүхэнд амжилт хүсье. Энэ удаагийнхаа яриаг үүгээр өндөрлөе.
Б.Номинчимэд
/2019 оны 4 сард Нийслэлийн болон аймаг, сумдын уран зохиолын багш нарын сургалт семинарт “Уран зохиолын хичээлийн үнэ цэнэ” сэдвээр ийнхүү ярилцсан болно. Зарим нэгэн санааг орхив./

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *