p.justify { text-align:justify; }
Д.Намдаг Үрэгдсэнийг хүлээгч /Өгүүллэгээс төрсөн эргэцүүлэл/

Монголын хүүрнэл зохиолын ноён оргилын нэг, суут зохиолч  Д.Намдагийн “Үрэгдсэнийг хүлээгч” сонгодог өгүүллэгийн талаар зарим нэг тайлбар хийж үзье.

Цэргийн албанд яваад таван жил болсон хүүгээ хүлээн суугаа Нямаа өвгөн. Үхэх төрөх гэгч хүний санаан зоргын үйл биш атал өвгөн Нямаад өөр ажээ.

Чи цэрэгт мордсоор даруй таван жил болов бус уу? Энд би үхэх маань өнөө маргаашгүй болсноор барахгүй хэдэн жилээр хожимдож байна. Өөрт минь ч амьд явах яршиг болж гүйцэв”. 

Хүүтэйгээ уулзаад санаа амар нөгөө ертөнцдөө одох гэсэн Нямаа өвгөний хүсэл, итгэл найдвар, горьдлого түүнийг амьд мэнд явуулж байгаа нь харагдаж байна. Хүний амьдрал тэр чигтээ л хүлээлт итгэл найдвар дээр тогтож байдаг. Бид ирэээдүйд юу тохиолдохыг үл мэдэх ч урсан өнгөрөх өдөр хоногуудыг заавал туулах ёстой мэт санана. Үхэл иртэл амьд явах нь ямар утга учиртай талаар эргэцүүлж бодох нь үгүй. Харин өвгөн Нямаа сураггүй болсон хүүтэйгээ уулзах тов тодорхой зорилготой. Өвгөн бол бидэнтэй адил хоосонд хууртан амь зогоогч биш учраас үхэл нь өөрөө жам ёсны үзэгдэл болж байна.

“Бид бүгдээрээ өөрийн хүсэл зоргоор биш, биднээс гадуурх ямар нэгэн абсурд хоосон ертөнцийн ёсыг дагаж л хоног төөрүүлдэг. Хэдийгээр үйлдэл алхам бүхнээ бид өөрийн ухамсраар хийдэг ч, эцсийн дүндээ тэр алхмуудад маань бидний эрх мэдэл бараг байдаггүй” гэж зохиолч Г.Аюурзана нэгэн шүүмждээ бичсэн байдаг.

Тэгэхээр зүгээр л ертөнцийн жам ёсыг даган өдөр хоногийг өнгөрөөн  бэдрэгч биднийг бодвол Нямаа өвгөн яг таг зорилготой хүн гэдгээрээ биднээс ялгарна. Үхэл бол өвгөний хувьд гарз хохирол бус дараагийн очих ёстой газар нь. Харин ч хүүтэйгээ уулзах зорилго нь биелээгүй учраас очих газартаа хэдэн жилээр хожимдож яваагаа өгүүлээд, амьд явах нь яршиг төвөг болж буйг захиандаа дурдсан.

“Үгүй ээ, тэгээд хэзээ ирэх юм бэ? гэж царай хувиргав.

-Хойтон өдийд ирнэ гэж хэлүүлж шүү дээ гэсэнд өвгөн царай үрчийлгэн бодолхийлоод:

-Нэг жил гэдэг надад тун урт хугацаа. Би амьд байж чадах уу гэж өөртөө асуулт тавиад:

-Ингэхэд чухам өнөөдөр аль сарын хэдэн бэ?

-Намрын дунд сарын 15 гэж  Жамъян хариулав. Энэ нь бол худлаа. Амандаа орсныг өгүүлсэн нь тэр байлаа. Өвгөн:

-Намрын дунд сарын 15 гэж давтаад,

-За яах вэ, би тэсье…

Хүүгээ хүлээж цөхсөн өвгөн ийм хариулт өгдөг. Магадгүй хүү нь амь үрэгдсэн гэдгийг тэр дор нь хэлсэн бол “хүлээгч” үгүй болсон өвгөн нөгөө ертөнцдөө амар амгалан одох байсан уу эс бөгөөс “Ганцхан хоргодох маань чи! Чамтай уулзалгүй нүд анивал сүнс минь хоргодон зуурдын зовлон эдлэх тул арга буюу түүнээс айн амин судас цохилж байна. Иймд чи энэ жил заавал ир! Сэтгэлийг минь амраа! Сүнсийг минь хоргодох юмгүй болго” бичсэнээс үзвэл тийн сүнс нь хоргодох байсан уу? Учир шалтгаанаар бодон үзвэл “уулзах” гэсэн ганцхан хүсэл өвгөнийг хоргоож байна. Тэгвэл “уулзах” гэсэн ганц хүсэл үгүй болсон хойно өвгөн хоргодох зүйлгүй “явна” гэдэгт эргэлзэх шалтгаан үгүй байна. Ямар нэг горьдлого найдлага бус, харин тун тодорхой хүлээлт өвгөнийг сэргээдэг. Өдөр хоногийн урсгалыг үл ажран байсан өвгөнд одоо бүх юм учир утгатай болж байна. Хүү нь гарцаагүй ирэх учраас тэр болтол өвгөн амьд байх учиртай. Бид зайлшгүй ирэх амьдралын төгсгөлөөс айдаг. Алхам алхмаар тэр төгсгөл рүү ойртон яваа мөртлөө тэр тухай бодох дурсахаас ч эмээнэ. Бодит юм шиг мөртлөө зэрэглээ мэт замхран алга болох амьдралд шунан дурлах хүний хүслийн цаад мөн чанар юу вэ? Яг тэр гээд нэрлэчих зүйл яг үнэндээ бол олдохгүй. Ийм барьцгүй хийсвэр хоосны дэргэд Нямаа өвгөний хүлээлт учир утгатай мэт санагдана. Гэвч өвгөн бас л хий хоосонд хууртан хүлээж байгаа. Тэрийгээ өөрөө мэдэхгүй учраас санаа амар хүлээж байна. Бид ч гэсэн ямар нэг зүйлийг ,аз жаргалыг  амьдралаас хүлээдэг. Түүндээ итгэж үнэмшин хорвоогийн өдөр хоногуудыг өнгөрөөдөг. Хүлээлт талаар өнгөрч буйг ухаарсан ч, ямар нэг тодорхой зорилго байхгүй ч амьдарсаар л байдаг. Харин өвгөн Нямаа өөрийн хүслээ гүйцээвэл цаашид амьд явах шалтгаан үгүй болж байна.

Үүгээрээ хорвоогийн жам ёсыг хүлцэн дагах учиртайг харуулж байна. Эцэст нь Нямаа өвгөн хүслээ гүйцээсэн тул очих ёстой газар руугаа саадгүй явсан нь эргэлзээгүй. Энэ бол зүүдний үзэгдэл. Зүүд бодит амьдрал хоёр бол зэрэгцээ хоёр ертөнц гэсэн таамаг байдаг. Өвгөн зүүдэндээ хүүтэйгээ уулзах нь бодит байдлаас нэг их ялгаа байхгүй. Тэр хүний хүсэл биелж, санаа сэтгэл амарсан хойно үр дүн нь тэр юм. Амьдралын жам ёсыг таньж ухаарсан хүмүүсийн жир биш явдал нь бидэнд инээдтэй санагддаг. Яг л Нямаа өвгөний өтөлж зөнсөнийг элэглэн шоолж буй тэр хүмүүс шиг. Үрэгдэж үгүй болсныг хүлээгч Нямаа өвгөнийг доог тохуу хийгч хүмүүс яг үнэндээ юуны төлөө яах гэж амьдарч байгаагаа өөрсдөө ч үл мэднэ. Тэр хүмүүсээс бид ч мөн ялгаагүй “үрэгдсэнийг хүлээгч”. Энэ үг түр зуурын хоосон амьдралыг өнө мөнхийн юм шиг санаж, авирлаж яваа бидэнд зориулсан үг юм шиг. Үрэгдээд дууссан бүхэн өнгөрсөн цагт байна, үзтэл хоосон бүхэн ирээдүй цагт байна. Аль аль нь хоосон. Ямар нэг “Үл ирэгч”-ийг хүлээсэн тухай “Годог хүлээхүй” жүжгийн талаар мэдэх байх. Годо чухам хэн юм, хаанаас ирэх юм, ямар учиртай юм гээд олон зүйл тодорхойгүй ч хоёр нөхөр хүлээсээр байдаг. Харин Нямаа өвгөний “Үрэгдсэнийг хүлээх” нь арай өөр. Өөрөөр хэлбэл Нямаа өвгөний хувьд хүлээлт бодит боловч бусдын хувьд бодит бус юм. Яг л зүүдэн дотор болж буй үйл явдалд зүүдлэгч хүн өөрөө үнэмшиж айх эмээх, баярлаж хөөрөх гэх мэт хариу үйлдэл үзүүлдэг шиг. Амьдрал гэдэг угтаа зүүднээс өөрцгүй. Амьдралаас ямар нэгэн зүйл горьдон хүлээх нь “үрэгдсэнийг хүлээгч” өвгөнөөс ялгаагүй мэт санагдана. Тэгэхээр Нямаа өвгөний дүр бол итгэл найдварт зүүгдэн өдөр хоногийг өнгөрөөх хүмүүний “болзолт дүр” гэсэн гаргалгаанд хүрч байна. Сайн сайхан, аз жаргалыг хүсэн мөрөөдөх нь бидний “хүлээх шалтгаан” болдог учраас амьд яваад байна уу, эсвэл зүгээр л сохор хорхой шиг зөнгөөрөө амь зууж явна уу? Хариулахад хэцүү ч “хүлээх” юм байгаа учраас л амьд явна гэхгүй бол амьдралын маань утга учир юунд орших билээ, бурхан минь.

Өгүүллэгийг бүтнээр нь унших холбоос
http://andpublishing.mn/2019/12/25/%d0%b4-%d0%bd%d0%b0%d0%bc%d0%b4%d0%b0%d0%b3-%d2%af%d1%80%d1%8d%d0%b3%d0%b4%d1%81%d1%8d%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3-%d1%85%d2%af%d0%bb%d1%8d%d1%8d%d0%b3%d1%87/

АНД хэвлэлийн газар

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *