p.justify { text-align:justify; }
Цао Сюэ Чин “Улаан асрын зүүд” (The dream of the red chamber)

Францын алдарт зохиолч Маргерит Дюрас энэ романыг “Амьдрал бол зүүд гэсэн түгээмэл томъёоллын нэлээд дорно зүгийн тайллыг хүүрнэл зохиол дахь яруу найргийн хэлээр илэрхийлсэн, зохиогчийн хүссэн нь учрахгүй, баатруудын хүлээсэн нь тохиолдохгүй байгаадаа ололт гайхамшиг нь байдаг тэр л романуудын нэг билээ” гэж гайхалтай гоё тодорхойлсон байдаг. Энэ зохиолчийн Франц охин, хятад залуу хоёрын хайр дурлалын харуулсан “l ‘Amant” роман нь кино болсныг хүмүүс мэдэх байх аа.

Дорнын “Толстой” гэж болох зохиолч Цао Сюэ Чинь албанаасаа халагдан уулын бөглүү тосгонд өлөн зэлмүүн сууж, гачигдал зовлонг огоорон нүсэр том роман бичиж суух үедээ хожмоо сонгодог туурвил болон мөнхөрнө гэж бодоо ч үгүй байж магад. Зохиолч Цао Сюэ Чиний өвөг дээдэс Энх Амгалан хаантай ойр шадарлаж, нэр нөлөө бүхий байсан бол хожим Найралт Төв хааны үед энэ бүхэн урвуугаар эргэж амьдралын түмэн зовлонг амссан гашуун түүхтэй.

“Улаан асрын зүүд” зохиолд дурлахын учир нь хайр дурлал, сэтгэл зүйн уран чадварлаг бүтээл болохоос гадна дээр дурдсан “Амьдрал бол зүүд зэрэглээ мэт хоосон үзэгдэл” гэсэн тэр л философид нь автаж байгаа хэрэг. Эргэн санахад амьдрал хоосон дурсамжаас өөр юу ч байдаггүй шүү дээ. Нийт 120 бүлэгт аварга бүтээлийг Өвөр Монголын орчуулагч Хасбуу 40 бүлэг болгон товчилсон нь “Дэлхийн сонгодог утга зохиолын чуулган-50 боть”-д багтсан байдаг. “Улаан асрын зүүд”-ийг зохиолч нь дуусгаж чадаагүй өөд болжээ. Хожим олон зохиолчид үргэлжлүүлэн бичиж эцсийн нэг төгс хувилбарыг сонгож уг бүтээлийг гүйцээсэн гэнэ. “Улаан асрын зүүд” бол Хятадын соёл, ахуйг нэвт шувт харуулсан, эмэгтэй хүний дотоод сэтгэл зүйг уран гойд нээсэн, нэн чимхлүүр, нарийн, уйгагүй бичсэн зохиол юм.  

Язгуур угсаа сайт баян чинээлэг нэгэн гэр бүл бүтэл муутай өв залгамжлагчдын балгаар хоосрон сүйрэх бөгөөд амандаа цагаан хаш үмхэж төрсөн онцгой нэгэн болох Бао Юй хэмээх хүүг удам угсаагаа аварна хэмээн итгэл найдвар хүлээлгэсэн ч хожмын явдлыг хэн тааж мэдэх билээ.

Нюй ва ши дагина тэнгэрийг нөхөх гэж гурван түм, зургаан мянга таван зуун нэгэн хэсгийг шатаан хайлуулснаас сүүлийн нэг чулуу нь илүү гардаг тул “Хар далант” оргилын дор орхижээ. Дагинын гараар шатаагдан ид шидтэй болсон чулуу, тэнгэрийг нөхөхөд оролцож чадаагүйдээ гомдож харуусан явтал нэгэн эрдэмт хүмүүн таарч хувилгаан чадлыг нь үзээд түүн дээр нэгэн бичиг бичиж үлдээдэг. Хэрэв хэн нэгэн таарч чулуун дээрх бичгийг тайлж уншваас чулуу хаа нэгтээ хүн болж төрөх учиртай юм.  Зохиолын гол баатар Бао Юй нь тэр чулуу бөгөөд төрөхдөө хаш үмхэн төрсөн нь ийм учиртай юм. Яг л зүүд, зөн мэт.

Багаас эрх дураар өссөн Бао Юй “Оот цагаан царайг үлгэрлэвээс орой намрын тэргэл сарнаас өөрцгүй. Туяа гийсэн тунгалаг зүс нь тунамал хаврын гуа цэцэг шиг. Санчигийг нь үзвэл сайн ирт хутгаар өөлсөн мэт, хөмсгийг нь харвал хөө хар бэхээр зурсан лугаа адил. Өөгүй цэвэр тэгш шулуун хамартайн дээр үзэх нүд нь гүн бүрдийн ус мэт тунгалаг. Хилэнлэвч хэр баргийн хүмүүний инээснээс ялдам агаад хялайн харах нь хайрлан энхрийлснээс бараг өөрцгүй санагдмуй.” хэмээн /нэрт нанхиадч Д.Болдбаатарын орчуулга/ хэн хүний сэтгэл зүрхийг өөрийн эрхгүй булаам царайлаг сайхан залуу болон хувирсан ч түүний дотоод сэтгэл тийм байсангүй. Дэнгийн эрвээхэй мэт өөрт нь татагдах бүсгүйчүүдээр зугаагаа гаргах, тоглож наадах, наргин цэнгэхээс өөрийг үл мэдэх хатуу сэтгэлт Бао Юй урьд насны үйл барилдлага, хувь тавилангийн эрхшээлээр эцгийн талын хамаатан Дай Юй бүсгүйд л гүн гүнзгий дурлажээ. Дай Юй бүсгүй Бао Юйг анх хараад л урьд нь хаа нэгтэй таарч, учирч байсан мэт зөн совин төрдөг. Энэ хоёр өвдвөл адилхан өвдөж, эдгэвэл цугтаа эдгэдэг ер бусын гэмээр амин холбоотой хүмүүс юм.  Харин нэг гэрт өссөн эхийн талын хамаатан болох Бао Чай бүсгүй Бао Юйд ухаангүй дурлах нь тэр. Ийнхүү хайр сэтгэлийн гурвалжин тойрсон ээдрээтэй олон үйл явдлууд нэг нэгнээсээ урган гарч хэнийг нь ч зөвтгөж буруутгаж боломгүй эргүүлэгт уншигч татагдан орно. Гэр бүлийнхэн нь харин Бао Юйг түүний дурласан бүсгүйтэй бус Бао Чайтай гэрлүүлэх бодолтой байсан нь зөрлийг улам гүнзгийрүүлнэ.

Хэдий нүсэр хэмжээний зохиол боловч үйл явдлууд нь амьдлаг, үнэмшилтэй, зохиогчийн уран яруу дүрслэн бичих нь ид хавтай тул уншихад урамтай билээ. Нинго болон Жунго хэмээх хоёр бүлийг тойрсон үйл явдлуудыг цаг хугацааны дэс дараалалгүй сүлжин бичсэн онцлогтой. Хятадын уламжлалт амьдрал ямар байсныг нэгд нэгэнгүй хүүрнэн өгүүлэхийн зэрэгцээ, Күнзийн хатуу жаягт хүлэгдсэн гэр бүлүүдийн амьдрал, өөрөө сонгох эрх чөлөөгүй хайр сэтгэлийн золиос болсон дүрүүдийнхээ эмгэнэлт драмаар тухайн үеийнхээ нийгмийг шүүмжилсэн өнгө аястай зохиол юм. Зохиолын гол дүр Бао Юй хайр сэтгэл нь бүтэлгүйтсэнээр аглагт даяанчлан суух хувраг болохоор шийдсэн нь энэ айлын удам угсаа тасарч буй хамгийн эмгэнэлт үзэгдэл юм. Гэр бүл, удам угсааг эрхэмлэн үздэг дорно дахинд удам тасарна гэдэг хамгийн аймшигтай мөхөл сүйрэл болохоор тэр.

Зохиолд гарах үйл явдлууд бодит үнэн, зүүд хоёр холилдон сүлэлдэж яваа мэт санагдах ч яг үнэндээ бол урсан өнгөрөх амьдралаас хоосон дурсамж л үлддэг, яг л зүүдлээд сэрэх мэт. Дорно дахинд зүүдийг зэрэгцээ ертөнц буюу бодитоор орших амьдрал гэж үзсээр ирсэн нь уран зохиолд тод тусгалаа олсон байдгийн нэг нь “Улаан асрын зүүд” юм. “Зохиолын баатруудын хүссэн нь учрахгүй, хүлээсэн нь тохиолдохгүй” тийм гайхамшигт бүтээл учраас он цаг дамжин өдгөө хүртэл уншсаар байдаг биз ээ. Хятадын дөрвөн агуу сонгодог бүтээлийн манлайд бичигдэх энэ зохиолыг хайр сэтгэлийн сэдэвт дэлхийн хамгийн шилдэг бүтээлийн нэгэнд зүй ёсоор тооцдог юм. Дэлхийн бүх цагийн үеийн агуу 100 романы жагсаалтад багтдаг гоц гойд бүтээл яахын аргагүй мөн. Нэгэн хүн энэ агуу бүтээлийг бичиж үлдээсэн нь зохиогчийн ундармал их авьяас билиг, нөр их хичээл зүтгэлийг бахдан бишрэхээс өөр аргагүй.

АНД хэвлэлийн газар

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *