p.justify { text-align:justify; }
Албер Камю ЭТГЭЭД ХҮН

“Буддизм бол шашин болоод хувирчихсан шашингүйн үзэл юм” (А.Камю)
Оршихуйн философийн сод төлөөлөгч, Францын гүн ухаантан, зохиолч А.Камю “Сизифийн домог” эсээнийхээ бодит биелэл болгон нэгэн гайхалтай бүтээл туурвисан нь “Этгээд” хүн хэмээх өвөрмөц сонирхолтой тууж билээ.

                  Алжир хотын жирийн албан хаагч Мерсод нэгэн өглөө асрамжийн газар байсан ээж нь нас барсан тухай цахилгаан ирсэнээр зохиолын үйл явдал эхэлнэ. Цалин мөнгө нь хүрэлцэхгүйн улмаас ээжийгээ гурван жилийн өмнө асрамжийн газар аваачиж өгсөн ажээ. Ээжийгээ оршуулж ирээд маргааш нь урьд хамт ажиллаж байсан бичээч Мари гэх бүсгүйтэй дайралдаж хамтдаа усанд шумбан, кино үзэж дараа нь гэртээ авчирч хонох аж. Мари бүсгүйтэй янаг амрагийн холбоо тогтоогоод удаагүй байтал тэр бүсгүй гэрлэх санал тавихад мань хүн “Чи хүсэж байгаа бол дураараа бол” гэжээ. Түүний амьдрал нэгэн хэвийн уйтгартай боловч өөр арга зам хайхыг хүссэнгүй, өөрт оногдсон хувь тавилангаа өөрчлөх аргагүй гэж бодох тул мөрөөдөхийг ч хүсдэггүй, хязгаарлагдмал эрх чөлөөндөө захирагдан, “Сизифийн чулуу” өнхрүүлэх үйл лайтай ажлыг хийж буй хүн ажээ.
                 

                  Нэгэн удаа хөршийн Раймон гэгч янхан зуучлагч залуу гэртээ урьж найз болох хүсэлтэйгээ хэлж өөрт тулгарсан асуудлаа шийдэхэд нь туслахыг хүснэ. Нууц амрагтаа мэхлэгдсэнээ ярьж, түүнийг хууран авчрах захиа бичихийг хүссэнд биелүүлж өгчээ. Тун удалгүй Раймон нууц амрагаа хууран авчирч зодсон хэрэг мандаж, хүүхний ах түүнийг заналхийлэн арабуудаар мөрдүүлж эхэлжээ.              

                 Нэгэн амралтын өдөр Раймон найзуудтайгаа далайн эрэг дээр амрахдаа Мерсо болон Мари нарыг дагуулан явсанаар санаанд оромгүй үйл лайтай юм болж, нөгөө мөрдөн дагагч арабуудтай муудалцан зодолдсоны дараа гэнэтийн цочролд орсон Мерсо гар буугаар нэгнийх нь амь насыг хөнөөж гэмт хэрэгтэн болов. Хамгийн хачирхалтай нь тэр өөрийгөө аврахыг огтхон ч оролдсонгүй, ердийн үйл явдал мэт тун ч тайван байсан төдийгүй өөрийн хувь заяа хэрхэхийг огтхон ч сонирхсонгүй. Хэрэг нэгэнт тодорхой байсан боловч мөрдлөг удаан үргэлжилж, түүний гэмт хэргийн сэдлийг холоос хайж эхэлжээ. Шүүгч, өмгөөлөгч, прокурор гээд бүгд түүнийг “этгээд, гаж” хүн гэж үзэх аж. Учир нь тэр ээжийгээ асрамжийн газар өгсөн, насыг нь мэдэхгүй байсан, оршуулахад нь уйлаагүй, нүүр царайг нь харахыг хүсээгүй, шарилыг нь сахиж хонохдоо кофе ууж тамхи татсан, дөнгөж оршуулж ирчхээд юу ч болоогүй мэт хүүхэнтэй зугаалж, инээдмийн кино үзээд гэртээ авчирч хоносон, үл бүтэх этгээдтэй нийлсэн, гэмт хэрэг хийсэндээ гэмшиж харамсаагүй, өршөөл энэрэл хүсээгүй зэрэг нь нийгмийн ёс суртахуун, хэм хэмжээг уландаа гишгэж, тогтсон загварыг зөрчиж буй учир тэрээр хөндлөнгийн хүн болж байгаа юм.

                Нийгмийн хэвшмэл сэтгэлгээний эсрэг зогсож байгаа түүнийг худал хуурмаг дээр тогтсон хүний ертөнц гадуурхан үл тэвчиж байна. Бурханд сүсэггүй ч үнэн сэтгэлээсээ худал хэлж чаддаггүй Мерсо цаазын ялыг тайвнаар хүлээн авч, эцсийн мөчид нүглээ наманчлахыг хүссэн шоронгийн санваартны хүсэлтийг хүлээн авахаас татгалзана. Учир нь “Сизифийн чулуу” өнхрүүлэх утга учиргүй, үр дүнгүй, боолын амьдралаас эгнэгт чөлөөлөгдөж байгаагаа ухаарч байна. Үхэл зайлшгүй тул одоо үхэх хорин жилийн дараа үхэх хоёрт нэг их ялгаа алга даа хэмээн бодох төдийгүй хүний амьдрал бол ердөө л төсөөлөл, цаг хугацааны хуурмаг үзэгдэл, ой санамжийн цуглуулгаас өөр юу ч биш гэсэн гаргалгаанд хүрч үхлийн өмнө өөрийгөө амар амгалан аз жаргалтай байгааг мэдэрч, тайвшрал олж, цоо шинэ ертөнц нээж буйгаар зохиол өндөрлөнө.

                Энэ зохиолын бас нэг дам бэлгэдэл нь Мерсогийн хөрш нохойтойгоо амьдрагч Саламано өвгөн бөгөөд урьд эхнэртэйгээ таарамж муутай, аз жаргалгүй байсан боловч дасал болсон учраас сайхан байсан тухай өгүүлж, нохойгоо гэнэт алга болоход санаа зовон эрж хайдаг. Харааж зүхдэг байсан ч нохойдоо дассан учраас маш хэцүү байгаа тухайгаа ярьдаг. Яг л бид амьдралдаа дасаж орхиод салж чадахгүй зууралддаг шиг.

               “Итгэлээр тэжээгдэж явсан найдвар тасарсан газраас абсурд эхэлдэг” гэж нэрт зохиолч философич А.Камю хэлсэн нь учиртай биз. Абсурд хэмээх нь зүгээр ч нэг утга учиргүй гэсэн тодорхойлолт төдий биш бололтой. Тэр утга учиргүйг таньж ухаарч чадваас хэрэггүй зүйлд шаналан зовох, мөнх бусын амьдралыг мөнхийн юм шиг санаж хүнд хэцүү ачаа овоолон өөртөө төвөг удахгүй амьдарч болохыг ухаарна гэдэг тэр л утга учиргүйг сөрөн зогсож байгаа жинхэнэ эрх чөлөөний мэдрэмж бизээ. Нийгэм хэмээх ахуйн дарамтыг сөрөн зогсох боломж бололцоо үргэлж хаагдмал, ямар нэгэн ёс суртахууны хориг дарамтын хүлээсэнд байх орчин цагийн хүн өөрөөрөө оршин байх нь хэцүү, тийм нөхцөл дунд байгаад орчихсон байгааг мэдрүүлж байна.

              Тухайн нийгэмтэйгээ зохицон амьдрахын тулд баг зүүх, дүр эсгэх зайлшгүй шаардлага тулгарч, тэр нь худал хуурмагаар өөрийгөө төөрөлдүүлж явах үйл лайнд унаж байна. Харин Мерсо тэр бүх дарамт саадыг үл тоож, өөрийнхөө үнэнээр байх гэсэн нь хүнлэг дүр эсгэгч тэр хүмүүсээс илүү хүнлэг үзэлтэн гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. ХХ зууны том философич, Камютай нэгэн цаг үед амьдарч байсан Жан Пол Сартр хэмээх сартваахь “Хүн бол эрх чөлөөтэй байхаар шийтгэгдсэн золгүй амьтан “ гэж хэлсэн нь буй. Өөрийнхөө сонголтын үр дүнгээс ирээдүйнхээ амьдралыг шийдэх тийм хувь заяаны эзэн, бурхнаас үл хамаарах хувь хүн гэсэн  санааг дэвшүүлсэн нь одоо ч хамгийн хүчирхэг философи үзэл хэвээр байна.

АНД хэвлэлийн газар

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *