p.justify { text-align:justify; }
Ф.М. Достоевский “АЛБИНГУУД”

“Хэрэв бурхан байгаа бол бүх юмыг түүний таалал мэднэ. Түүний тааллын эсрэг юу ч хийж чадахгүй. Хэрэв бурхан байхгүй бол, миний таалал мэднэ”  /Номын эшлэл/

Залуу Достоевский хаант засагт тэрсэлж цаазын ял сонссон түүхийг хүн бүр мэднэ. Францын хувьсгалын нөлөөгөөр, нийгмээ өөрчилж бурангуй ёсыг халах гэсэн радикал үзэлт залуучуудын нууц бүлгэм илчлэгдэж, мань Достоевский толгойгоо авахуулахын даваан дээр амь мултарч, цөллөгийг хүнд ялаар шийтгүүлсэн нь бурханд гүн сүсэглэхийн эхлэл ч болсон байж магадгүй. Цөллөгийн ялтан түүнд ганц уншдаг, аврал нь болсон ном нь Евангели хэмээх бурхны судар байж. Гэхдээ тэр өөрийн радикал үзлээсээ огтхон ч ухраагүй юм. Харин ч “бурхантай социализм” буюу хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулах утопи мөрөөдлөө хэзээ ч орхисонгүй.

Түүний хамгийн их улс төржсөн зохиол гэгдэх албингуудаа бичих гэж хамгийн их хугацаа зарцуулж, уйгагүй суусан байна. “Албингууд” номоо анх бие даан хэвлүүлж, өр ширнээсээ гарч, хэвлэлийн газрын эздийн хараат байдлаас салсан түүхтэй. Энэ нүсэр зохиол түүний туулсан амьдралаас сэдэвлэн бичигдсэн төдийгүй тэр алдаа оноогоо шүүн тунгааж, гэм нүглээ наманчилсан юм. Зохиолд хууль бус хэвлэх үйлдвэр байгуулж, хувьсгал хийх гэсэн “тавт” нууц бүлгэмийн тухай гардаг. Яг л Достоевскийн залуудаа үзэл санааг нь дэмжиж явсан тэр нууц бүлгэм гэсэн үг. Бурхныг үгүйсгэгч тэр хүмүүсийн дотор “албин” шүглэсэн байжээ. Хувьсгал хийхийн тулд нийгэмд эмх замбараагүй байдал, айдас хүйдэс бий болгох хэрэгтэй. Энэ зорилгод хүрэхийн тулд аллага, хүчирхийлэл, галдан шатаалт, ерөөсөө л терроризм үйлдэх ёстой болно. Бурхангүй хувьсгалчдын бодож олсон теором энэ байв. Үүнийгээ батлах хэрэгтэй болно. Товчхондоо сайн сайханд хүрэхийн тулд золиос , цус нулимс зайлшгүй. Хожмоо энэ теоромийг Ленин багш хэрхэн амьдрал дээр хэрэгжүүлсэнийг бүгд мэднэ. “Бурхангүй социализм”-ын ирээдүйг агуу зохиолч зөгнөн харсан ч байж магадгүй. “Хэрэв бурхан байхгүй бол бүх юм хориггүй” гэж Достоевский нэгэнтээ бичсэн нь буй. Энэ бол экзистензиализмын эш үндэс юм” гэж францын нэрт  сэтгэгч Сартр бичжээ.

Бурхан гэдэг Достоевскийн хувьд бүхнийг бүтээгч эзэн тэнгэр гэхээсээ илүү ёс суртахууны хэм хэмжээг тогтоогч, хайр энэрэлдээ багтаагч, хүний оюун санааг аврагч дээд хүчин зүйл гэдгийг тааж ядах юмгүй. “Хэн бүхнийи хувьд хаа нэгтээ төгс төгөлдөр, амар амгалан, аз жаргал нэгэнт байгаа гэдгийг мэдэж түүнд хором тутамд сүсэглэж байх нь хүнд хувийн аз жаргалаас нь хавьгүй илүү хэрэгцээтэй. Хүн хэмжээлшгүй агуу юмыг шүтэн бишрэх нь хүмүүний ахуйн хуулийн амин сүнс нь юм” гэж зохиолын гол баатар Степан Трофимович өөд болохынхоо өмнө хэлдэг. Тун ч егөөтэй үг шүү. “Хаа нэгтээ оршин байх төгс төгөлдөр” гэсэн нь ямар нэг аврагчийн тухай юм уу эсвэл хүний оюун санаа хүрч болох тэр хязгаарыг хэлсэн хэрэг үү? Гэрээсээ оргон явдаг, орос орондоо хязгааргүй хайртай, бурханд гүн сүсэгтэй, уймраа эрийн дүр зохиолчийг санагдуулна.

Энэ зохиолын нэг учир битүүлэг дүр нь Кириллов хэмээх “амиа хорлогч”. Түүний амиа хорлох санаа бусдынхаас тэс өөр. Ямар нэг шалтгааны улмаас хүмүүс амиа хорлодог бол тэрээр “шалтгаангүй” зөвхөн өөрийнхөө эрх зоргоор амиа хорлох учиртай гэдгээ зарлана. Хэрэв бүтээгч бурхан байхгүй гэж үзвэл хүн өөрөө бурхан болох нь гарцаагүй тул яах эсэхээ өөрөө бүрэн шийдэх эрхтэй гэж үзнэ. Түүнийгээ батлан харуулахын тулд тэр амиа хорлохоор шийдэж байгаа юм. ХХ зууны сонгодог философичид болох Сартр, Камю нар энэ үзэл санааг цааш хэрхэн хөгжүүлснийг хэлэх юун. Ер нь энэ зохиолын харилцан яриа, монологууд, энэ тэрийг сайн эргэцүүлж уншвал их юм гарч ирнэ шүү.

Хүчирхийлэл, цус, нулимсан дээр тогтох нийгэм энэрэнгүй байж чадахгүй,  энэ бол мөхөл сүйрлээс өөр юу ч биш гэдгийг цаагуураа хэлээд байх шиг. Хэдий тавхан хүнтэй нууц бүлгэм боловч ямар нэг тогтсон үзэл бодолгүй, зөвхөн хоосон хийрхсэн хүмүүс ямар аюултай уршиг тарьж буйг хот даяараа мэдэж авдаг. “Нийтийн үйл хэргийн төлөө” нэг хэсгийг нь золиослох хэрэгтэй гэж үзэж буй “албингууд” бол орос орныг хөнөөх “шулмын хүч” гэдгийг зөгнөж байсан нь энэ зохиолоос харагддаг. Хувьсгал хийхийг хүсэгчид нь оросын дээд хүрээнийхэн, гадаадад цагаачлан гарсан язгууртнууд, ер нь нийгмийн боловсролтой, сэхээлэг хэсэг нь ийм үзэл бодолд автаж, зорилгодоо хүрэхийн тулд ад бишийн “албин” шүглэсэн  мэт авирлаж байжээ. Достоевскйи энэ бүхнийг илчлэн бичсэнээрээ тэр үеийнхээ зарим зохиолчдоос зэм хүртэж, хоцрогдсон харгис үзэлтэн гэж адлуулахад хүрчээ.

1935 онд хэвлэгдсэн “Албингууд” номыг Сталины дэглэмийн үед шатааж устгах тушаал гаргаж байсан нь социализм байгуулах “албин” шүглэсэн удирдагчдын хилэн хорслыг хүргэсэн бололтой. Энэ шатаалгаас хоёрхон ном бүтэн үлдсэн бөгөөд өдгөө тус бүр нь сая рублиэр үнэлэгдэж буй гэнэ.

Аливаа юмсын цаад мөн чанарыг ухаарахгүй хөл хөсөөн болдог харанхуй массын хүчийг залж жолоодох тун ч хялбархан аж. Нууц бүлгэмийн гол удирдагч Петр Степанович ердөө тавхан хүнтэй бүлгээрээ хотыг агшин зуурын дотор самарчхаад, өөрөө усанд хаясан чулуу мэт алга болдог. Уг нь тэр нөгөө уймраа өвгөний хүү байгаа юм. Эцэг нь хувьсгалын талд байгаа боловч бурхныг “алах”-ыг зорьсон “албингууд”-ын хар мөртэй замнал нь Орос орныг түйвээж, гаслан зовлонд унагана гэдэгт эргэлзсэнгүй. Мухар, сохор итгэл үнэмшил гэгч юутай аюултай, харгис хэрцгий вэ? Нууц бүлгэмийн тав өөр бусад бүлгийн тухай мэдэхгүй ч өөрсөд шиг нь хэдэн мянган “тавт”-ууд орос орныг хэрэн сүлжсэн гэдэгт яв цав итгэснээс яахаас ч буцахгүй зориг зүрхтэй болж, үйл хэргийнхээ төлөө аллага, хүчирхийлэл үйлдэхээс огтхон ч эмээхгүй байна. Достоевский социалист үзэл санаа  гэгч нь “бурхныг дээдэлсэн энэрэнгүйн дээд нийгэм”  учир энэ нь тухайн үед яав ч хэрэгжих боломжгүй зүйл байж.

Достоевсктийн бүтээлүүдийг улам сайн ухаж ойлгоё гэвэл Библи судрыг зайлшгүй унших хэрэгтэй болно. Хүн төрөлхтний аврал нь бурхан юм уу эсвэл хүн өөрөө юм уу гэдгийг олон талаас нь эргэцүүлж үзсэн байдаг. Түүний зохиолын баатрууд хувь заяагаа өөрсдөө дур мэдэн шийдэж байдгаас харвал хүн гэгч ямар нэгэн бүтээгчийн урдаас тодорхойлсон зөм мөрөөр бус харин сонголтынхоо үр дүн үйл лайг эдэлж явах учиртай мэт санагдана. Гэхдээ оюун санаандаа бурхнаа тээж явахгүй бол адгууснаас нэг их ялгарахгүй. Бурхан хэмээгч нь эцсийн эцэст хайр энэрэл, оюун санааны цэвэр нандин, эрхэм дээд үзэл санаа юм гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө.

АНД хэвлэлийн газар

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *