p.justify { text-align:justify; }

МҮРАКАМИ ХАРҮКИ “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлтийн он жилүүд”

МҮРАКАМИ ХАРҮКИ “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлтийн он жилүүд”

Хүн өөрөө буруугүй мөртлөө гэм буруутай юм шиг сэтгэл шаналж, гологдож хаягдсан мэт мэдрэмж төрж, тэр нь лавширсаар сэтгэл гутралын харанхуй ангал руу аажим гулссаар, бодож санах юмгүй, хоосон ертөнцөд шилжвэл энэ зовлон гуниг ор мөргүй арилж, бүх зүйл төгсөх мэтээр хийсвэр төсөөлөлд автах явдал нэг бус удаа тохиолдоно. Чухам иймэрхүү буруутгалаас болж, амиа хорлож, хорвоог орхисон хүн зөндөө байгаа байх. Гэтэл тэр бүх гутрал зовлонгийн эх үндэс болсон өөрийгөө буруутгах, яллах гэм буруу гээч юм огт байхгүй, энэ бүхэн эсрэгээрээ байвал яах вэ? Түүний учир шалтгааныг үнэнээр нь мэдэж чадалгүй хийсвэр төсөөлөлд автаад, энэ хорвоогоос явчихвал харамсалтайяа. Надад яг ийм бодол төрсөн юм.

Мүракамигийн зохиолын бэлгэ тэмдэг болсон “хөгжим ба дурсамж”, “ганцаардал”, “сэтгэл гутрал”, “нойтон зүүд”, “секс сценүүд” уламжлал ёсоороо байна. Зохиолчийн арга барил ямар нэг үл ойлгогдох далд битүүлэг зүйлсийн эрчлээсийг тайлах маягаар цааш үргэлжилдэг нь уншигчийг татах уран арга гэлтэй. Гэхдээ тэр эрчлээс яг задарч дуусах нь уу гэтэл зохиол өндөрлөдөг жамтай. Эрчлээсийн нэг үзүүрийг зохиолч, нөгөө үзүүрийг уншигч барьж буй тул Мүраками ажлаа хийж дууссан тул чи өөрөө учрыг нь олохоос өөр аргагүй.

Ахлах ангийн найзуудын фракц хоёр охин, гурван хөвгүүнтэй хамтлаг. Тазаки Цүкүрүгээс бусад найзынх овгийн нэрэнд Улаан нарс, Цэнхэр далай, Хар тал, Цагаан үндэс гэсэн өнгөний утгатай ханз орсон нь сонирхолтой. Харин мань хүнийх болохоор өнгөтэй холбоогүй “Хийх бүтээх” гэсэн утгатай нэр. Энэ үл ялиг шалтгаанаас Цүкүрү өөрийгөө бусдаас өөр, ямар нэгэн өнгөгүй цулгуй хоосон амьтан мэтээр төсөөлөх болжээ. Дөрвөн хүнтэй байсан бол эр эмээрээ хос болох ч боломжтой. Гагц Цүкүрү илүүдэл болоод байгаа мэт хачин сэрэлд автах болжээ. Ахлах ангиа төгсөөд Цүкүрү ганцаараа Токиогийн их сургуульд орсон бол бусад нь төрөлх Нагояа хотдоо суралцахаар үлджээ. Гэтэл гэнэт дөрвүүлээ Цүкүрүгээс холбоогоо тасалж, усанд хаясан чулуу шиг сураг тасарчээ. Энэ гэнэтийн хачирхалтай явдал Цүкүрүг шаналгана. Бүлэг дотор би л бусдаас ялгарах өвөрмөц, бодгаль чанар үгүй хүн юм гэсэн нөгөө ганцаардмал дурсамж нь сэдэрч, хийсвэр төсөөлөл, метафизик бодролууд хөвөрч байна. Энэ үед нэг танилтай болсон нь их сургуулийн оюутан Хайда юм. Симфони хөгжимд дуртай Грекийн эмгэнэлт жүжгүүд болон Шекспирт нугасгүй тэр нөхрийг “Саарал” гэдэг. Энэ зүгээр л тохиолдол уу?

Хүн болгон гэрлэн бүрхүүлтэй, тэр нь тухайн хүний зан араншин, сэтгэлийн дотоод төрхийг илтгэх янз бүрийн өнгөтэй, тод бүдэг байдаг тухай, тэр гэрлийг харж чаддаг хэмээх Токиогийн жааз төгөлдөр хуурч Мидорикави гэх учир битүүлэг хүн зохиолд үзэгдээд өнгөрнө. Мидори ногоон өнгийг илэрхийлж байх юм. Бас л гэнэт сураггүй алга болсон Хайда бол тун нууцлаг нэгэн. Түүний сонсох дуртай Франц Листийн “Le Mal du Pays” төгөлдөр хуурын аялгууг Цүкүрү урьд нь хэдэнтээ сонссон аж. Ямар нэгэн далд дурсамж сэргэх мэт. Гэвч ямар учиртай болох нь тодорхойгүй.

Хайдагийн дүр төрх эмэгтэй хүнийг санагдуулна. Хүзүүндээ хутгаар хэрчүүлсэн мэт 4 см орчим гүнзгий хуучны сорвитой. Нөгөө учир битүүлэг алагддаг төгөлдөр хуурч Цагаан бүсгүйн гоолиг хүзүүг нарийхан утсаар боомилсон байдаг шүү дээ. Энэ хооронд хамаарал байгаа юм биш биз. Цагааныг муу сүнсний эрхшээлд орсон гэдэг оргүй үг биш бололтой. Хорлогдож үхсэн ямар нэг хөгжимчний сүнс эргэлдээд байгаа юм шиг нууцлаг битүү гогцоо үүсэж байна. Хөгжмийн тухай яриа хөөрөө багагүй өрнөж, зохиолын турш Лазарь Берманы тоглосон “Le Mal du Pays” буюу “Эргэлтийн он жилүүд” эгшиглэж буй мэт сэтгэгдэл төрлөө.

Сэтгэлийн шарх цаг хугацааны явцад эдгэрч аних бус харин дотогшоо буглан зовоож байдгийг биеэр амссан Цүкүрү 16 жилийн дараа дөрвөн найзаа хайж, гэнэт сураг чимээгүй хаяж одсон үнэн мөнийг олохоор бэдэрнэ. Зүүдэндээ Хар, Цагаан хоёр бүсгүйтэй загас наадуулж, дур тавьдагаа оюун санааны хүчин хэмээн шаналж явсан хүн билээ, хөөрхий.

Хүн болгонд оногдсон тавилан гэж байдаг. Бусдаас ялгарах өнгө төрх, өвөрмөц зан чанар бий. Цүкүрүд тодорхой өнгө харгалзахгүй байгаа боловч тэр ерөөсөө огт гэрэлгүй гэсэн үг биш. Өөрийнхөө дотоод хүч гэрлийг олж харж чадахгүй, шаналж явсан тийм л хүн юм. Уг зохиол гарсан даруйдаа маш их эрэлт үүсгэсэн гэнэ. Уншигчдын хүлээлт их байж. Мүракамигийн “Норвегийн ой”, “Эрэг дээрх Кафка”-тай харьцуулбал сулхан зохиол юм аа. Зохиолын нууц ерөнхийдөө тайлагдах боловч Юүзү бүсгүйн нууцлаг амьдрал нууц чигээрээ үлдлээ.

Анд хэвлэлийн газар

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *