
Далай гэдэг үг хязгааргүй ихийг илэрхийлнэ. Бас өргөн дэлгэр, уудам цэлгэрийн тухай “албан ёсны бус” хэмжигдэхүүн, мөн “асар том” хэмээх хэр хэмжээг илтгэх ухагдахуун. Хэзээнээс хүмүүс бидний орон зайн төсөөлөлд далай, тал хоёр эн тэнцүү ойлголт. Гэхдээ дорно дахины язгуур сэтгэлгээнд аль алин зөвхөн дүрстийн орны бус дүрсгүйн орны ч хэмжээс болдог. “Далай их сэтгэл” гэхэд л сэтгэлд дүрс хэлбэр, өнгө төрх үгүй. Сэтгэл дүрсгүйн орны хамгийн чухал зүйл гэсэн санаа л бий. Тэгээд ч аливаа бодит ба бодит бус зүйлийн нэн үлэмж, эвцэж эгнэшгүй чанарыг илэрхийлэхдээ “далай мэт” гэж зүйрлэх нь бүр эртний баатарлаг туульсын уран сайхны сэтгэлгээнд ч бий. Үлгэрийн далай, эрдмийн далай, сэтгэлийн далай, хүслийн далай, бодлын далай зэргээр тэр бүхний хэмжээс үгүй, тодорхой орон үгүй, магадгүй цаг хугацаа үгүй туйлгүйн шинжийг илэрхийлнэ. Тэр тусмаа монголчуудын хувьд энэ ойлголт нэлээд эртнийх. Тиймээс л “Далай их хаан”, “Далай багш” цолыг өөр хэн ч биш бид л өгсөн гэдэг нь ойлгомжтой. “Далай аварга” гэдэг бөхийн цол ч ялгаагүй. Ерөөс хүний хүч тэнхээний хэмжээг болоод оюун ухааны царааг л далайтай зүйрлэсэн хэрэг.
Тэгвэл дэлхийн уран зохиолд “далай мэт” санагдахаар ихийг бүтээсэн, “далай мэт” уудам сэтгэсэн олон зохиолчид бий. Хомер, Данте, Шекспир, Толстой, Таагүр, Фруст гээд сонгодог уран зохиолын баялаг өв үлдээсэн төдийгүй, хэл сэтгэлгээ нь “далай мэт” цөөнгүй зохиолчдыг нэрлэж болно. Азаар бидэнд ч бас тийм зохиолчид бий. Үндэсний уран зохиолын түүхэнд ихийг бичиж туурвиснаас гадна “их гүн” сэтгэж, “далай мэт” хэмээх алдрыг хүртэх хэмжээнд цараатай сэтгэж бичсэн бахдам сайхан зохиолчид төрөн гарчээ. Тэдний нэг нь ХХ зууны Монголын уран зохиолын томоохон “далай” болох Донровын Намдаг (1911-1984) юм. Чухам ямар учраас ийн өргөмжлөхөд хүргэсний цаад шалтгаан нь ердөө эдгээрт оршино.
Нэг. ТӨРӨЛ ЗҮЙЛИЙН “ДАЛАЙ”
Зохиолчид анх яруу найргаар биш жүжгийн зохиолоор уран бүтээлээ эхлэх нь тун ховор үзэгдэл. Бараг ч үгүй. Ихэнх зохиолчид эхлээд шүлэг бичдэг, дараа нь хүүрнэл зохиол, эцэст нь жүжиг бичнэ. Бидний мэдэхээр Донровын Намдагийн уран бүтээлийн хувь заяа шууд л театрын урлаг, жүжгийн зохиолтой холбогдсон байна. Зохиол бичих төрөл зүйлийн тогтсон зүй тогтлын эсрэг гэмээр сонирхолтой явц ажиглагдана. Уран бүтээлийн өв нь жүжиг үзэгдэл, улмаар драмын жүжиг, түүхэн туульсын жүжиг, тэгээд яруу найраг, роман, тууж, өгүүллэг, театр судлал, зохиолчийн туурвил зүйн шинжлэл гээд үгийн урлагийн бүх төрлийг хамарна. Мэдээж онцлох, голлох төрөл зүйл нь жүжгийн зохиол. Зарим судлаачдын үзэхээр жүжигт тоглож үзэх нь жүжгийн зохиол бичих том сургууль. У.Шекспир “Глобус” театрт анх жүжигчин байжээ. Тиймээс жүжиг бичиж эхэлсэн гэж тайлбарладаг. Үнэн ч байж мэднэ. ХХ зууны бусад жүжгийн зохиолчдоос Д.Намдагийн зарчмын ялгаа нь эхлээд жүжигчин, дараа нь найруулагч, улмаар жүжгийн зохиолч болжээ. Жүжгийн зохиол бичих туурвил зүйн хувьд хамгийн зөв эхлэл дараалал байхыг үгүйсгэхгүй. Гэвч энэ бүхэн асуудлын гол биш. Асуудлын гол нь түүний жүжгүүд төрөл зүйлийн хувьд “далай мэт” байсанд оршино. “Хярааны хонхорт” (1967), “Ээдрээ” (1968), “Жаргалт эх Оролмаа” (1972) зэрэг үндэсний сонгодог хэмжээнд үнэлэгдэх нийгэм-сэтгэл зүйн, “Наянчулууны ой” (1969), “Шинэ байшинд...” (1966), “Эрдэмтний яриа” (1975), “Сандралт арав хоног” (1967) орчин үе-ёс суртахууны, “Шарай голын гурван хаан” (1941), “Шинэ зам” (1937), “Хотгойд ван Цэнгүнжав” (1979) түүх-баатарлагийн зэргээр жүжгийн зохиолын дотоод төрөл зүйлийн бүх хэлбэрээр бичжээ.
Инээдэмт жүжиг, эмгэнэлт жүжиг, баатарлагийн жүжиг, драмын жүжиг, хүүхдийн жүжиг, дуулалт жүжиг, үлгэрийн жүжиг гээд жүжгийн зохиолд ямар л төрөл зүйл байх, тэр бүгдээр бичсэн нь зохиолчийн ур чадварын ч, сэтгэлгээний ч далай.
Хоёр. СЭДЭВ ХЭМЭЭХ “ДАЛАЙ”
Уран зохиолын үндсэн сэдэв цөөхөн. Харин сэдэв хоорондын зохицол олон дэд сэдвүүдийг бий болгодог. Ядмагхан бичлэгтэй зохиолын шинж нэг л сэдэв дотроо эргэлдсээр дуусдаг бол баялаг өгүүлэмжтэй шилдэг зохиолууд ихэвчлэн хэд хэдэн сэдвийн хүрээг хамарч байдаг. Хайр сэтгэл, нийгмийн харилцаа, гэр бүл, үхэл хагацал, иргэний дайн, улс төр гээд олон сэдвүүдийг хооронд нөхцөлдүүлэн бичсэн нь Л.Толстойн “Дайн ба энх” романы гайхалтай шинж оршдог гэж судлаачид үздэгтэй адил Д.Намдагийн “Цаг төрийн үймээн” (1960) роман мөн адил нийгэм улс төр, хувь хүмүүсийн амьдрал, тэдний хайр дурлал, үзэн ядалт, урвалт шарвалт, хагацал зовлон, үхэл зүхэл, дайн тулаан, төөрөгдөл будилал, эвлэрэл найрамдал, дарамт шахалт, эргэл мөргөл, аян зам зэрэг олон сэдвүүдийг бие биенээсээ урган гарч, зохицон нөхцөлдөх байдлаар бичсэн нь үнэхээр “далай” мэт сэдэвтэй бүтээл болсон юм. Дахин хэлэхэд зохиол олон сэдвийг хөндсөн, хэд хэдэн шугамыг сүлжилдүүлсэн байх нь
зохиолчийн сэтгэлгээтэй шууд холбоотой. “Ээдрээ” (1968) жүжиг гэхэд л зөвхөн Мөнх-Очирын хувь тавилангийн ээдрээ биш тухайн цаг үеийн улс орны хувь заяаны ээдрээ, шинэ хуучны хоорондын үзэл санааны ээдрээ, амраг сэтгэл, ашиг завшааны хоёрын халз тулсан ээдрээнүүд хоорондоо эцсийн нэгэн утганд шингэн төвлөрсөн байдаг билээ. “Жаргалт эх Оролмаа” (1972) жүжигт ч ялгаагүй. Оролмаа эхийн хэдэн хүүхдүүд, тэдний ойр дотныхны хооронд ямархан олон сэдэв-асуудлууд өрнөдөг болохыг эргэн санахтун. Хүний амьдрал далай, далай. Сэдэв ч бас...
Гурав. УТГА ДАЛДЫН “ДАЛАЙ”
Зохиолын утга гүн, тайлан тайлбарлахад төвөгтэй байх нь уран сайхны онцгой шинж гэдэг. Эсвэл хүний амьдралын түмэн үзэгдэл, олон сэдвийг хөндчихөөд, нэгэн цул утгад багтаахыг зохиолчийн эрдэм ч гэдэг. Гагцхүү тийм зохиолыг уншигч өөрийн ухаанаар тунгааж, өөрийн “үнэн”-д хүрэх нь чухал. Мөн тэрхүү утга хэмээгч нь туйлын зөв хийгээд тухайн зохиолыг уншсан бүхэнд адил бодол санаа төрүүлэх албагүй. Зохиолч Д.Намдагийн “Нэг амьтны хоёр үхэл” (1984) өгүүллэг байна. “Нэг амьтан хоёр удаа үхэж болох уу? Болно гэж үзвэл ямар шалтгаанаар тийм байдалд хүрэх вэ? Хөөрхий ямар үйлтэй амьтан бэ?” гэсэн асуултуудын тойрог дотор цаад утга далд ямархан гүн, далай мэт болохыг мэдэрдэг. Яагаад “хавчарк” нэрт орос нохой хэдэн гэрийн дундуур сүр жавхлантай саасганан гүйж, жирийн тэжээгдсэн монгол нохой үхэхэд хүрч байна вэ? Магадгүй зохиолч монгол хүний үнэ цэн алдагдаж, илт үнэгүйдэж байсан тэр цагийг хоёр нохойны явдлаар утга далдаар илэрхийлсэн байж болно. Үгүй бол бидний үндэснийхээ өв соёл, уламжлалаа үл тоож, бусдын юм бүхэнд хэт автаж буйд эгдүүцсэн мэт санагдана. Эсвэл өөрийн (Д.Намдаг) туулсан амьдралдаа үзсэн цагийн хатуу хөтүүг ч илэрхийлээд байх шиг... “1948 он хувийн минь амьдрал нэг л ерийн хэмжээнд хүрч чадаагүйхэн байлаа. Энэ нь чухамдаа өөрийн минь зорьсон уран бүтээлийн ажил нэгэн үеийн нэр алдрын доройтолд хүрсэнтэй холбогдолтой байсан юм.” (Д.Намдаг “Нэг амьтны хоёр үхэл”) гэсэн нь өнгөцхөн ойлгоход “нэг нохойн хоёр үхэлтэй” холбоотой ч байж болохоор... Огт тийм биш хэмээн үгүйсгэх ч боломжтой.
Театрын ажилчдын нийтийн хашаанд гэр барих газаргүй. Хогийн овооны дэргэд дүүгийн хамт гэрээ бариад буужээ. Хилс хэргийн учир удтал хоригдож цагдагдаад, театрын урлагт ”эргэн ирэхэд” тиймэрхүү нөхцөл байдал тулгарсан ч байж болох зэргээр өгүүллэгийн цогцолбор бүхэн утгын далд “далай”. “Хөгшин чоно ульсан нь” (1965) ямар учиртай вэ? Амьдрахын төлөөх тэмцлийн хүнд бэрхийг туулсан чоно биш хэн нэгэн өвгөн хүний хүүрнэл шинжтэй. Бас л далд утгын “далай”. “Ээдрээ” (1968) жүжигт Да Ваанжил хэмээх дүрээр “Ээ та андуурч байна. Цагаан байсан юм улаан болсон нь улирлын эрхэнд ой мод өнгө солигдсоноос өөр юу ч үгүй шиг байвал яана!” (Д.Намдаг “Ээдрээ”) гэсэн “айхтар” үгийг хэлүүлсэн нь зүгээр нэг хэлэх гэсэн үг гэж үү? Тэгээд ч Д.Намдаг зохиолынхоо дүрүүдээр “зүгээр” нэг үг хэлүүлдэг ч зохиолч лав биш.
Дөрөв. ОЛОН ДҮРИЙН “ДАЛАЙ”
Зохиолч Д.Намдаг давтагдашгүй өвөрмөц зан төрх, үйл тэмцэл, хувь тавилантай дэндүү олон дүр бүтээжээ. Олон “ондоо” дүр бүтээх ур чадвар зохиолчийн баялаг сэтгэлгээтэй холбоотой. “Ээдрээ” (1968) жүжгийн Мөнх-Очир, “Цаг төрийн үймээн” (1960) романы Балданцэрэн хоёр сурвалжит язгууртнууд, гэвч цагийн эрхэнд үймэрсэн дүрүүд. Цаг төр тэднийг адилхан үймрүүлж байгаа юм. Хоёр үзэл, хоёр хүчний хооронд өөртэйгээ тэмцэлдэнэ. Харин “Ээдрээ” (1968) жүжгийн Алтанзул, “Цаг төрийн үймээн” (1960) романы Оюундарь хоёр хайр сэтгэлийн эрхэнд үймэрнэ. Гэвч тэд мөн л цаг төрийн золиосонд амь нас үрэгдэнэ. Эндээс бид юуг ойлгох вэ?
Зохиолч Д.Намдагийн дүрүүд зүгээр нэг “галбир” төдий биш зан төрх, сэтгэл зүрх, үзэл санаа, хувь тавилангийн эзэд байдаг. “Шинэ байшинд...” (1966) жүжигт гэхэд гурван цаг нүүр тулж байгаа юм. Цэцгээ ирээдүй цаг, Насанбат одоо цаг, Агваан өнгөрсөн цаг. Нэг орон зайд гурван цаг багтана. Угаасаа л
тэгдэг жамтай. Үнэндээ дүрүүдээрээ цагийг бэлгэдэж, тэдний хувьсан өөрчлөгдөх, үл эвлэрэх, ялгаа зөрөөтэй болохыг харуулж байна. “Үрэгдсэнийг хүлээгч” (1962) өгүүллэгийн Нямаа өвгөн, “Жаргалт эх Оролмаа” (1972) жүжгийн Оролмаа эх хоёрт адилхан нэг зүйл буй. Тэр нь хүлээлт. Нямаа өвгөн үрэгдсэн хүүгээ ирэхийг хүлээнэ. Оролмаа эх үүрд жаргал эдлэх өндөр их хувь заяагаа хүлээнэ. Нямаа өвгөн, Оролмаа эх хоёр дүрийн хэв шинжийн хувьд адилгүй л дээ. Харин зохиолчийн дүрүүдийнхээ өмнө тулгасан “нөхцөл” нь ижилхэн. Гэхдээ ижилхэн нөхцлийг даван туулж байгаа дүрүүдийн замнал нь өөр өөр. Мөнх-Очирыг Балданцэрэнтэй, Агвааныг Насанбаттай, Оролмаа эхийг Нямаа өвгөнтэй, Цэцгээг Оюундарьтай адилтгах аргагүй ондоо бүтээсэнд зохиолч Д.Намдагийн зохиолуудын дүрийн хэв шинж ялгарч байдаг. Товчхондоо түүний зохиолуудын дүрийн давтагдашгүй олон талт шинж “далай” мэт өргөн. Дүр бүтээх сэтгэлгээ нь ч тийм.
Тав. ДОТООД ЗӨРЧЛИЙН “ДАЛАЙ”
Драмын онолоор нүгэл буян шашны ойлголт биш зөрчил юм. Заавал эсрэг тэсрэг хүч үйлчилж байж зөрчил үүсдэг. Эсрэгцэгч талуудын тэмцэл зөрчлийн шалтгаан болдог нь үнэн. “Хярааны хонхорт” (1967) жүжгийн Цэрэнжав занги, гамингийн цэргийн бага даргад отог жинстэй малгай дээрээ биш толгой дээр өндөг хагалуулдаг. Түүнийг харсан Волков ихэд жигшин дургүйцдэг. Тэгээд Волков “-Толгойгоо өгч хагалснаас жинсэн дээрээ хагалуулсан бол дээр сэн” гэдэг. Хариуд нь Цэрэнжав “-Хаанаас! Жинс бол төрийнх... Тэр мөртөө Богд эзний хишиг. Толгой яах вэ. Төрсөн биеийнх...” (Д.Намдаг “Хярааны хонхорт”) гэж хариулдаг. Энд дүрүүдийн хоорондын үзэл санааны зөрчил өрнөж байна. Түүнээс биш барилцаж аваад, дээр доороо орсонгүй.
Д.Намдаг бүх зохиолдоо үйлдлийн бус үзэл санааны зөрчлийг харуулахыг чухалчилжээ. “Нүгэл буян” (1962) кино туужийн Тоо Хуар орчлонгийн хамаг бүхэнтэй зөрчилдөнө. Ариун нандин зүйл үгүй гэж үзнэ. Гэвч эцэст охин Мядагмаагаа орон гэрээс зугатахаар шийдэхэд Тоо Хуарын дотор нүгэл, буян хоёр хэрхэн зөрчилдөж байгааг үзүүлдэг. Энэ бүхнээс юу тодорхой болж байна вэ? Зохиолч Д.Намдаг зохиолынхоо дүрийн гадаад зөрчлийг бус дотоод зөрчлийг чухалчилдаг байсан нь тодорхой байна. Дүрийн дотоод зөрчилгүй нэг ч дүр түүнд үгүй. Учир хүн гэдэг өөртэйгээ л зөрчилдөгч билээ.

"Нүгэл буян" киноны хэсгээс...
Зургаа. ҮЗЭЛ САНААНЫ “ДАЛАЙ”
Дүрийн дотоод зөрчлөөр үзэл санаа илэрнэ. Дүр бүхэн өөрийн үзэл санаатай. Бүтээлийнхээ утгын далд байдлаар зохиолч үзэл санаагаа илэрхийлэх нь нийгэм цаг үеийн шалтгаантай байж болох ч уран зохиолыг ухааран уншихад хөтөлдөг. Уншигчдын үзэл санаанд нөлөөлдөг, үзэл санаагаа олоход тусалдаг. Сэдэв-асуудал хэдий өргөн байна, тэр хэмжээгээр үзэл санааны олон өнцөг илэрдэг. Үзэл санааны олон өнцгийг уран зохиолын ганцхан бус олон төрлөөр үзүүлэх шаардлагатай. Тиймээс төрөл бүрээр бичих ур чадварт зохиолч суралцана. Бичихүйн энэ л холбоо сүлжээсийг ойлгож байж яруу найраг, өгүүллэг, тууж, роман, жүжиг, уран зохиол судлал гээд бүхий л хэлбэрээр бүтээнэ. Зохиолч Д.Намдаг (1911-1984) уран зохиолын энэ л зүй тогтлыг бүрэн таньж ҮЗЭЛ САНААНЫ ДАЛАЙ мэт том “тойрог” үлдээжээ. МӨН ҮҮ?
ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр. Улаанбаатар хот
Сүүлийн жилүүдэд роман бичлэгт чамгүй ахиц гарч зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Илбэ зэрэглээ” (2003), “Арван зүүдний өр” (2005), “Амь тавьж буй шувууны далавч” (2006), “Цуурайнаас төрөгсөд” (2007), “Бөөгийн домог” (2010), “Шүгдэн” (2012), “Хар цагаан улаан” (2014), “Судасны чимээ” (2015) болон зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” (2014), яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн” (2012), “Шилийн Богд” (2015), зохиолч Н.Нагаанбуугийн “Алтайн тэнгэр” (2014), зохиолч Ц.Буянзаяагийн “Морин уруул” (2016).., гээд олон бүтээл хэвлэгдлээ. Дэлхийн улс орнуудын урлаг, уран зохиолын туурвил зүйд гипертекст буюу эх текст, эш бичвэр гэх ойлголт бий. Энэ тухай профессор С.Энхбаяр «Аль ч улс үндэстэнд тухайн ард түмэн болоод бүс нутгийн соёлын язгуур эх сурвалж, шавхагдашгүй ундарга, оюун санааны суурь үндэс, ариун өлгий болсон текстүүд байдаг. Постмодернизмд үүнийг гипертекст гэдэг томьёоллын дор авч үздэг. Жишээ нь барууны соёл иргэншил, оюун санааны эх сурвалж нь Библи бөгөөд өрнө дорны сонгодог урлаг утга зохиолыг Библийн үзэл санаагүйгээр төсөөлшгүй, ойлгож ухамсарлах боломж ч үгүй. Агуулгын хувьд ч тэр, уран сайхны хэлбэр бүтэц зохиомжийн хувьд ч тэр. Нэн ялангуяа модернизм болоод постмодернизмд энэ нь онцгой тод илэрдэг бөгөөд ерөөс аливаа бичгийн соёл уналт бууралт, шинэчлэл, сэргэн мандалт гэх мэт онцгой цикл үеүддээ өөрийн соёлын эх үндэс, язгуур эш сурвалж болсон гипертекстүүддээ ханддаг түгээмэл зүй тогтол бий...» (Энхбаяр.С. Утга зохиолын онол. УБ. 2011. Бэмби сан. хуудас 274) гэж дурдсан байдаг. Мөн үүнийгээ зохиолч Г.Аюурзанын бүтээлүүдтэй холбон «...2000 оноос хойш манай боловсролтой, уншдаг, сэтгэлгээний харьцангуй өндөр төвшинд гарсан уран бүтээлчид болох Д.Урианхай, Д.Батбаяр, Г.Аюурзана нарын бүтээлүүд “Нууц товчоо” болон, “Бодичария аватара”, “Очироор огтлогч” г,м соёл, ахуй, оюун санааны язгуур, шавхагдашгүй эх ундарга болсон гипертекстүүддээ эргэж хандах болсон нь чухамдаа ийм учиртай...» (Энхбаяр.С. Утга зохиолын онол. УБ. 2011. Бэмби сан. хуудас 275) хэмээжээ. Академич Ц.Дамдинсүрэн абугуайн “Монголын нууц товчоо”-ны өмнөтгөлдөө «саглагар мод» хэмээн дурдсанчлан Нууц товчоо хэмээх энэхүү саглагар модтой холбогдох бүтээл бол зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяагийн “Морин уруул” роман. Уг бүтээлд монголчуудын туулсан амьдрал хийгээд нийгэм ахуйн өөрчлөлтийг Дэгмид гэх багийн бага эмчийн дүрд уян үзүүлэхдээ хүнийг нийгмийн амьтан гэдэг боловч яг үнэндээ байгалийн л амьтан байдаг жам ёсыг дүрсэлжээ. Ингэхдээ хүн багадаа байгалийн амьтан байгаад амьдралын хийгээд насны дунд үедээ нийгэм үрүү хандах боловч нас өтлөхийн хэрээр эргээд л байгальдаа зохирдог болохыг нь ялангуяа нүүдэлчин монгол хүнд ийм шинж давамгай байдгийг Дэгмидийн дүрээр гаргасан аж. Сав, шим ертөнц дахинаа галт амьтан, нарны толбо, луу, хөх манан.., гээд учир нь үл танигдах үй олон үзэгдэл юмс буйн адил хүний сэтгэлд ч учир нь үл мэдэгдэх өөрөө үл тайлбарлан чадах олон үзэгдэл буйг Дэгмидийн нутагтаа яагаад үлдсэнээ, Сэржмааг яагаад байнга хажуудаа байгаа мэтээр сэтгэдэг зэргээ өөрөө хэлж мэдэхгүй байгаагаар үзүүлсэн буй.Энгийн хэл найруулгаар яг л өнөөгийн амьдралын дүр зургийг бүтээсэн нь романыг үнэмшилтэй болгож байгаа бол эртний улбаатай домог хууч яриануудыг шигтгэсэн нь романыг уран болгожээ. Тодруулбал “Морин уруул” романд: «...Тэр явдал яг энэ Хүдрэнгийн голын эхэнд болсон юм. Тэр үед Дэгмидэд нэг их сайхан сэнгэнэсэн хүйтэн юм уух сэдэл төрөөд, тэгээд байж суух аргагүй болсон аазгайгаа дарахын тулд санаанд нь бууснаар Хүдрэнгийн голын эхэнд шуугиулж ирсэн билээ. Хүдрэнгийн голын ус тэгэхэд үнэхээр сэнгэсэн сайхан амтаараа сэрүү татуулан Дэгмидийн аазгайг дарж өгч билээ. Тийнхүү Дэгмидийг аазгайгаа дарж суун ахуйд Хүдрэнгийн голын эхэнд гундсан шарга морьтой өвөгжөөр эр мөн л хавцал өгсөн ирсэн юм. Тэр хүн Дэгмидтэй мэнд мэдэв үү үгүй юу дөрвөн хөллөж аваад Хүдрэнгийн голын уснаас яг л цангасан адуу шиг залгилж гарсан билээ. Эг маггүй ус ууж аваад сэтгэл нь ханасны дараа тэр хүн мод толгойгоо гарган тамхи нэрж баахан бодол болон сууж байгаад Дэгмидээс ойр зуурын яриа өдөж билээ...» (Буянзаяа.Ц. Морин уруул. УБ. 2015. Хөх Монгол Принтинг. хуудас 45) хэмээн дүрсэлсэн буй. Зохиолын гол дүр Дэгмид энэхүү болсон явдлынхаа тухай зохиолын өөр нэгэн дүр болох Насан өвгөнд ярихад өвгөн: «...Ээ базарваань. Чи чинь Бичигт хайрханы лус савдагтай таарсан байна шүү дээ. Чи их хувьтай хүн юм. Баргийн хүнд Бичигт хайрханы эзэн харагддаггүй юм гэнэ билээ. Бичигт хайрханы савдагийг тийм нэг гундсан шарга морьтой, гандсан цагаан дээлтэй өвгөн байдаг гэж ярьдаг юм...» (Буянзаяа.Ц. Морин уруул. УБ. 2015. Хөх Монгол Принтинг. хуудас 46-47) гэнэ. Энэ нь романы нэлээд өгүүлэмжийг эзлэн буй домог, үлгэрийн уламжлал, бөө мөргөлийн ёсон хийгээд уул усны эзэн түүний тайлга тахилгын зан үйлтэй холбогдох юм. Бөө мөргөлийн ёс хийгээд эртний сэтгэлгээнд бүхий л уул, ус тэргүүтнийг цөм өөр өөрийн эзэнтэй хэмээн үздэг агаад эдүгээгийн Улаанбаатар хотыг тойрон буй хүрээ дөрвөн уулын эздийн талаар профессор, бэлгэ зүйч С.Дулам «...Нэгдэх охин анхны аюулыг анхлан зайлуулснаараа “урд уулын савдаг анчин эр болоосой” гээд явчихсан гэнэ. Тэр цагаас хойш Богд уул ан гөрөөндөө харамгүй, худал хулгайд дургүй настай анчин эр савдагтай болсон гэнэ. Хоёр дахь охин хөнөөлийг хөөсөн хөх чоно болсон учир “Сонгино уулын савдаг сахиус болъё” гээд явсан гэнэ. Тэрнээс хойш Сонгино уул догшин /хөх чоно/ савдагтай уул болсон гэнэ. Гурав дахь охин эрдэмтэй хүн болж ирсэн гурав дахь чөтгөрийг дарсан учир “эрдэм номыг дээдэлсэн эрдмийн савдаг болж Чингэлтэй уулыг чимж явъя” гээд явснаас Чингэлтэй уулыг ном эрдмийн улс шүтдэг болсон гэнэ. Дөрөв дэх охин баруун урдаас байлдахаар ирсэн хорлолыг хариулсан учир “Баатар эрийн сахиус болж Баянзүрх уулын савдаг болъё” гэж явснаас Баянзүрх уул цэрэг эрст ээлтэй туг тахиж эртнээс цэрэг суурьшдаг болсон гэнэ...» (Дулам.С. Хүрээ дөрвөн уулын тахилга, бэлгэдэл. УБ. 2004. Мөнхийн үсэг. хуудас 9) гэсэн буй.Энэ мэт баримтууд нь Ц.Буянзаяагийн “Морин уруул” романыг домог зүй, аман уламжлал хийгээд нүүдэлчдийн язгуур сэтгэлгээтэй уяж байгаа бол “Монголын нууц товчоо”-ны уламжлалыг нь: «Үнэхээр гэрлэн биет хүмүүнээс хүүхэд олно гэж байх уу? Энэ асуултыг Дэгмид өөрөө өөртөө тавихаас аргагүй байдалд хүрчээ. Түүний олж авсан мэргэжил, мэдлэг бол шууд үгүй гэсэн хариултыг л тэр дор нь өгнө. Тэгвэл Алунгоо эх яагаад ийм үгийг хүүхдүүддээ хэлэх болов. Алунгоо эх худлаа хэлсэн байх уу, эс бөгөөс Алунгоо эхийн тухай “Нууц товчоо” дахь тэр өгүүлэмж домог байсан хэрэг үү. Эсхүл Нууц товчоог бичиглэн суугч нэр үл мэдэгдэх тэр нэгэн хүмүүн санаан зоргоор зохион өгүүлэв үү?...» (Буянзаяа.Ц. Морин уруул. УБ. 2015. Хөх Монгол Принтинг. хуудас 50) зэрэг баримтуудаас харж болно.Улмаар «...Монголын аугаа хаадын эмэг эх Алунгоо, Хүдрэнгийн голын жирийн нэг эмэгтэй хоёрт гэхдээ адил зүйл байна аа. Тэд хоёул тав таван хүүтэй. Эхний хоёр хүүгийнх нь эцэг гэгддэг хүмүүс байдаг. Харин сүүлийн гурван хүүхдийнх нь эцэг хэн болох нь таамаг төдий ч сураггүй аж. Өрх толгойлсон ганц бие бүсгүй хүн тавын таван хүүгээ өсгөх гэж ямархан зам туулдаг гэдгийг Дэгмид Долзодын амьдралаас харсан...» (Буянзаяа.Ц. Морин уруул. УБ. 2015. Хөх Монгол Принтинг. хуудас 50) гэж өгүүлэн Нууц товчооны домог зүйн өгүүлэмжийг орчин цагийн амьдралтай уян нийлэгшүүлээд алив өгүүлэмж дүрслэлүүддээ, тодруулбаас галт амьтан гэж юу байсан, хөх манан яагаад татсан, машинтай хүмүүстэй юу тааралдсан, Долзодын бага хүү хэний хүүхэд болох зэрэгт эцсийн хариулт өгөлгүй үлдээсэн нь “Морин уруул” романы онцлог, зохиолч Ц.Буянзаяагийн зохиомжийн шийдэл төдийгүй амьдрал, хүний оршихуйн эгэл энгийн мэт хэрнээ давтагдашгүй мөн чанарыг харуулж байна. Монгол үндэстний соёлын онцгой шилжилтийн үе, алив үндэстний олон соёлуудын мөргөлдөөн, даяарчлалын эрин үед бусад үндэстнээс ялгаран үлдэх мөн чанар нь гагцхүү бидний гипертекстүүдэд л буюу “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар”, эртний олон баатарлаг туульс, домог зүйн тогтолцоо, буддын олон судруудад л оршин буйг энэ мэт уран бүтээлүүд хоорондын уялдаа холбоо, харилцан хамаарлаас үзэж болохоор байна. Даяарчлалын үр дүнд соёл хоорондын тулгаралт үүслээ. Энэ тулгаралтыг бид өөрийн мориор буюу гипертекстүүдээрээ даван гарч үлдэхийн мөн чанарыг эдгээр бүтээлүүд номлож байна. Социализмын үед ЗХУ-ын зохиолчдоос уран бүтээлчээр суралцаж байгаа нь энэ хэмээн Дөлгөөн Доныг Тунгалаг Тамир болгох, Ч.Айтматовын “Далайн хөвөөний алаг хав толгой” туужийг Д.Мягмар “Үер” нэрээр монголжуулах зэрэг нь манай том хэлбэрийн үргэлжилсэн үгийн зохиолын хөгжилд түлхэц өгөхөөсөө илүү хөгжлийг нь боомилж байсныг эдүгээ үзэж болох юм. Харин ХХI эхэн дээр манай энэ цаг үеийн томоохон уран бүтээлчид өөрийн ард түмэн, нийт монгол туургатныхаа гипертекстүүд үрүү ийнхүү эргэн хандаж оршин буй цаг үеийнхээ хөрсөнд буулган идээшүүлж байгаа нь манай роман бичлэгт төдийгүй нийт уран зохиолын хөгжилд нааштай үр дүн авчрах нь эргэлзээгүй. Ийн үзвээс Ц.Буянзаяагийн "Морин уруул", Г.Аюурзанын "Бөөгийн домог" хоёр роман нь “Монголын нууц товчоо” хэмээх саглагар модны салаа мөчир нь буюу. Уран зохиол судлаач, шүүмжлэгч Г.БАТСУУРЬ

Шуурга уруудаж зогсох гээд урагш алхахаа больсон хашин хүрэн морио хөтлөн зүтгэх Дэгмид өвгөний сэтгэлд одоо хийгээд өнгөрсний тухай түмэн бодол бас л шуурга мэт хуйлран буй тухай энгийн өгүүлэмжээр эхэлсэн “Морин уруул” роман чамбай бүтээл болжээ. Орны хүнийг иртэл байж бай хэмээн сумын эмч үүрэгдээд мартаж орхисон багийн эмч өвгөн Дэгмид энд тэндхийн дуудлагаар амсхийлгүй зүтгэх бөгөөд дахин дахин буцалгаж хэрэглэдэг хуучин муу тариураа орчин цагийн нэг удаагийн тариураас илүү найдвартай гэж үзнэ. Энэ зуур хүмүүсийн араншин ихэд өөрчлөгдөж “Эмч ээ, эмч ээ” хэмээн хүндэлдэг хүмүүс цөөрч, ах насыг нь хүндлэхийн оронд агсарч загнадаг богино бодолтой залуус олширно. Монгол даяараа интернет сүлжээнд холбогдож дэлхийн нөгөө бөөрөнд болж буй үйл явдлын мэдээ чимээг тэр дор нь мэдэж сонсох атлаа багийн эмч Дэгмид сумын хүн эмнэлгийн салбарын даргадаа Долзодын бага хүүгээр хэл дамжуулчихаад хариу авалгүй хэдэн сарыг элээнэ. Хэвтэрт ороод хоёр нүд нь л хөдлөх төдий байгаа Долзод хөгшин “Чи энэ сонгуулиар аль намын хүн сонгох гэж байна?” гэж Дэгмидээс асуун улстөржинө. Насны залууд дагуулж ирсэн сайхан бүсгүй Сэржмаа нь хирээ угаах халуун усны газаргүй, кино үзэх улаан булангүй газарт амьдарч чадахгүй гээд нэг л өдөр гоёмсог улаан алчуураа дэрвүүлэн хойд хөтөл давснаас хойш насаараа түүнийг сэтгэлдээ хайрласаар яваа Дэгмидийн дотоод ертөнц бодлоор нь дамжин дэлгэгдэнэ.Дэгмид бол ихэнх насаа социализмын үед өнгөрөөгөөд монголчууд хөрөнгөтний нийгмийн замаар хөгжихөөр сонголт хийн, яаж хөгжих учраа олох гэж элдвээр оролдож байгаа үед үлдсэн насаа элээж буй хөдөө нутгийн жирийн нэгэн өвгөний хэв шинжит дүр юм. Түүнд эд хөрөнгө гэх юм байхгүй, эдэд шунах шунал бас байхгүй. Бусдыг дуурайн ойворгон хөвсөргөн загнах муу чанар бас үгүй. Багийн хэдэн айлын дунд насыг элээсэн, уншсан номоор маруухан ч амьдралаас олсон ухаарал мэдлэг арвинтай учраас аливаа шийдэл гаргахдаа гол алддаггүй, бас түргэн түүхий юм хүнд ярьж намба алдахгүй гэсэн хатуу зарчмаар хэнхдэг цээжнийхээ цаана ихэнх бодлоо үлдээдэг холч ухаантай нэгэн. Тэглээ гээд хүн чанараа гээчихсэн аминч муу бодолтон биш. Алтны эрэлчид дунд байсан найман сартай жирэмсэн эмэгтэй дутуу төрөх гээд орь дуу тавьж байхад тэр олон хүн огт тоохгүй байгаад Дэгмид гайхашран халаглаж, цооног руу олсоор дүүжлэн орж эх үрийг хоёр яс хагацуулна. Олз ашгийн төлөө хоёр нүдээ ухахаас буцахгүй улсад яснаасаа дургүй. Бас улстөр ярьж сул хөрстэй газарт боссон хуй салхи шиг хамгийг үймүүлж явдаг хүмүүст дургүй. Тэрээр Сэржмаагаа мөрөөдөн солиорох дөхөвч энэ нутгаа орхиод хойноос нь явж төвдөөгүй, Хүдрэнгийн голын хөвөөнд өөрийг нь юу түшчихаад байгааг ойлгоогүй, ойлгохсон гэж хичээгээ ч үгүй нэгэн.Түүний төрөлх нутгаас хот хүрээ бараадсан залуусаас эргэж ирсэн нь цөөн. Үүнийг хагархай Санжийн “Хот газар гэдэг чинь нэг уургалж авсан хүнээ буцааж явуулдаг газар биш юм шиг байна билээ. Нэгэнт хотруу явсан хүн тэндээ өлсөж цангаж байсан ч буцаж чаддаггүй юм биш үү” гэсэн хэдхэн үгээр зохиолч илэрхийлж, хөдөө газрын эмгэнэл болсон том асуудлын мөн чанарыг гаргаж чадсан байна.Аймгийн сургуулийн захирлаар ажиллаж байгаад дотуур байрны хүүхдийн хоолны гурил будаа шомбодон ажлаасаа халагдсан Бадруул нэг мэдэхэд сумын хамаг хөрөнгөнд эзэн сууж, сонгуульд ялан Засаг даргаар хоёронтоо сонгогдоно. Ингэхдээ коммунист Нээнээтэй хонь чоно болж, түүнийг хоцрогдсон бүдүүлэг, коммунист хэнхэгээр нь дуудаж, Нээнээ өөрийг нь нийтийн хөрөнгөнөөс завшигч, үл бүтэх этгээд хэмээн цоллоно. Улмаар хэн хэнийхээ бөгс бөөр, хөнжил дэвсгэрийн асуудлыг хүртэл сөхөж, эцэст нь Бадруул ялж, Нээнээ насан эцэслэтлээ түүнийг муучлана. Зохиолч ийнхүү хөдөө суманд эрх мэдэл, албан тушаал булаалдсан хоёр хүний тэмцэл хөрхөн өрнөж, хэрхэн дуусгавар болж байгаагаар Монгол оронд сүүлийн хоринтаван жилд өрнөж буй улстөрийн амьдралын нийтлэг дүр зургийг хураангуйлан харуулж чадсан нь энгийн боловч оновчтой шийдэл юм.“Хүдрэнгийн гол бол гээгдсэн ертөнцийн тасархай билээ” гэж зохиолч нэгтээ бичжээ. Өнөөгийн Монголын амьдрал, монгол хүмүүний сэтгэлгээний өөрчлөлт хувьслыг Хүдрэнгийн гол хэмээх бөглүү нутгаар дэвсгэрлэн тэнд амьдрах цөөн хүний дүрээр, тэгэхдээ ихэвчлэн өвгөн Дэгмидийн бодол эргэцүүлэл, дурсамж, мөн зохиогчийн энгүүн хүүрнэлээр илэрхийлсэн нь “Морин уруул” романыг өвөрмөц сонирхолтой болгожээ.“Морин уруул” романы хоёрдахь шугам нь хийсвэр ертөнцийн үзэгдлүүд. Дэгмид өвгөн их шуурганаар харьж явахдаа эрчилсэн улаан гал өөрийг нь чиглэн довтолгосоор хажуугаар нь өнгөрөхөд яалтгүй л амьтан байна гэдгийг ойлгосон ч чухам ямар амьтан болох тухай төсөөлөл ч үгүй хоцорно. Тэгтэл Мөнгөн толгойд ирж алт ухан газар сэндийчиж байгаа алтны эрэлчдийн хоёр нь мөнөөх их шуурганы үеэр цооногт унаж бэртэх агаад ер бусын аврага том шувуу довтолгон ирэхэд далавчных нь салхинд цохигдон нүхэнд унасан гэж барим тавим ярьцгаана. Нутгийнхан Хүдрэнгийн голын эхэнд луу ичдэг гэж эртнээс хэлэлцсээр ирсэн бөгөөд Дэгмид нэг удаа сэнгэнэсэн хүйтэн ус уумаар санагдан голын эхэнд шуугиулж хүртэл гандмал дээлтэй өвгөн хүрч ирээд адуу мэт дөрвөн хөллөн ус ууж ханасныхаа дараа “Луу гэдэг амьтан байдаг юм аа. Хувилгаан амьтан учраас ямар дүртэй үхнэ, тэр дүрийнх нь яс үлддэг” гэхчлэн хөөрөлдөж байгаад голын эхний Бичигтийн хэцрүү морьтойгоо гарна. Энэ тухай сонссон Насан өвгөн “Бичигт хайрханы савдаг нь гундсан шарга морьтой, гандсан цагаан дээлтэй өвгөн байдаг юм гэнэ билээ” хэмээн сүйд болно. Долзод өөрийн бага хүүг тэнгэрийн хүүхэд, шар гэрлээс бий болсон гэж ярина. Ямартай ч бага хүү нь чих зөөлөн, зан сайтай, аливаад сэтгэлээсээ ханддаг хүн болж өснө. Долзодын бага хүүгийн ихэр хүүхдийг нь Дэгмид хонон өнжин байж эх барьж аваад Хүдрэнгийн гол минь он удаан жил өнөр олонтой байх нь гэж баярлана.Мөнөөх Бичигт уулруу лууны мөр үзэх гэж очсон гаднын хүмүүс элгэн хадан дээр гал асч байхаар нь сонирхон очтол юуг нь тодорхойлох аргагүй сонин амьтны дүрс сийлээстэй байх бөгөөд түүнийг харсан бэр нь оройдоо халуурч сандаргана. Тэр бүсгүй өмнөх шөнө бүх биеэр нь гал дүрэлзсэн амьтан давхиж явна хэмээн зүүдэлснээ Дэгмид эмчид хэлнэ.Тэнгэрт хоёр нар мандаж, хөхүй өвлөөр тэнгэр дуугарч, чоно нохой шиг атлаа уртаасурт дэлтэй амьтан жолооч залууд харагдсанаас тэрэг нь хөрвөөсөн зэрэг хий биеийн учир битүүлэг элдэв сонин үзэгдэл учралын талаар романы эхнээс дуустал өгүүлсэн нэвт шугамыг бүхэлд нь авч үзвэл этгээл сонин учралууд хоорондоо төдийлөн хамааралгүй мэт боловч нэг л зүйлийг хэлэх гээд байна гэсэн хүлээлт үүсгэж, түүний тайлал романы хувь заяаг тодорхойлно гэсэн урьдач дүгнэлт өөрийн эрхгүй бий болгоно.Голоос ус авахаар мордсон Дэгмид гэнэтийн шуурганд өртөн хаяандаа төөрөх нь халаг юм болж эмээл, устай борви сэлтээ хээр хөдөө орхисоор үдшээр нэг юм ирээд савны ёроол дахь усны шавхруугаар ганц аяга цай хийж ууна. Маргааш босч чадахгүй байж мэднэ хэмээн хаширлаж хашин хүрэн мориндоо ахиухан өвс тавьж өгөөд ор бараадсан тэрээр өөвгөр гэртээ орь ганцаар халуурч шаналан хэвтсээр мөнхийн нойронд автах бөгөөд түүнийхээ өмнөхөн бодит хийгээд хийсвэр ертөнцийн уулзах цэг нь хүмүүний бодол санаа болохыг тодхон мэдрэнэ. Зохиолчийн бичсэнчлэн “Хүний мэддэг бүхэн мэддэггүйн учир холбогдлыг давхар агуулсан” энэ хорвоод Сэржмаатайгаа насан туршдаа сэтгэл санаагаараа цуг байсан атлаа түүнийгээ үгүйлэн санааширсаар өдийн хүрснээ тодоос тод ухаарах тэр мөчид үхэл ирнэ. “Ер нь хорвоо ертөнцөөс хүмүүс буцахын тоолонгоор хичнээн ч үлгэр домог үгүй болж байгааг хэн мэдэх билээ. Ингэхлээр амьд бие махбод байтугай үлгэр домогт ч гэсэн сүүлчийн амьсгал байдаг бололтой” хэмээн зохиогч бээр романы эхэнд титэмлэсний тайлал нь энэ болно.“Морин уруул” романаа ийн жаргааснаар зохиолч Ц.Буянзаяа хий ертөнц гэдэг нь учир битүүлэг, үл тайлагдах аймшиг биш бөгөөд бодит ертөнцтэй учир шалтгааны хатуу эрэмбэд үл хамаарагч тэс өөр холбоосоор холбогдож хүмүүний бодол оюунд оршдог гэдгийг өгүүлснээрээ оновчтой шийдэл гаргаж, романаа зөв төгсгөж чадсан байна.Эцэст нь “Морин уруул”-ыг туурвигчийн талаар цөөн үг хэлье. Ц.Буянзаяагийн бичсэн шүлэг, нийтлэл, хүүрнэл зохиолын номуудын тоо 15-д хүрээд буй. Аль ч номонд нь уран зохиол судлаачдын анхааралд зайлшгүй өртөх ёстой бүтээлүүд бий. Харамсалтай нь тэр талаар хэн нэгэн судлаач дорвитой дуугарсныг санахгүй байна. Үүний цаана ямар учир шалтгаан байдгийг би мэдэхгүй.Гэхдээ Ц.Буянзаяа бол утга зохиолын ертөнцөөс шүр сувд эрж буй судлаачдын анхаарлаас ангид байх жижигхэн уран бүтээлч биш гэдгийг би сайн мэднэ. 2001 онд хэвлүүлсэн “Улаан шувууны жиргээ” роман дараа нь монгол бичгээр ч хэвлэгдсэн, англиар ч хэвлэгдсэн. Чимээгүй л байцгаана. 1997 оны “Залуугийн бадгууд”, 2012 оны “Гүн санааны дүрс” шүлгийн түүврийнхооронд эрэлхийлэл, ур чадвар, оюун санааны тэлэлтийн мэдэгдэм ахиц бий. Тэр бүхнийг нь олж харахыг хүсээгүй шигээ “Морин уруул”-ыг бас чимээгүй орхичих вий гэсэндээ ийн нуршив.“Морин уруул” уншсан хүний урам хугарахаагүй, бас тийм гэж хэлэхийн аргагүй эмзэглэл, харуусал, юу хэлчихэв ээ гэж тухтайхан эргэцүүлэхээс аргагүй байдлыг сэтгэлд үүсгэсэн сайн бүтээл болжээ. Урианхан Б.Галаарид

Зохиолч Ц.Буянзаяагийн “Морин уруул” романд гарч буй үзэгдлүүд нь Дэгмид өвгөний шороон шуургатай өдөр харсан галт шувуу, цэнхэр өнгөтэй манан, Бичигт уулын гандмал дээлтэй, шарга морь хөлөглөсөн савдаг, тэнгэрт гарсан хоёр нар, дүн өвлөөр дуугарах тэнгэр, шуурганы дараа тал дүүрэн ургачихсан бөгөөд нэгэн агшны дараа үзэгдэхгүй болсон морин уруул зэрэг сэтгэх явцаар ухамсарт нь бий болж буй зүйлүүд юм. Гагцхүү байгаль эх юуны учир энэ бүх зүйлийг Дэгмид өвгөний оюун бодолд ургуулж, нүдэнд нь харагдуулж буйг тайлах эрлийн зүг уншигчдыг огтхон ч хөтлөлгүй, мөн чанар, далд утгыг нь зохиолын гол баатарын бодлоор дамжуулан хүмүүст хэлж өгч буйгаараа “Морин уруул” нь шинэлэг зохиол болж чаджээ. Учир нь “Энэ улаан шорооны байж байгааг, жилээс жилд л улам нэмэгдээд байх юм аа. Намайг бага байхад манай нутагт шороо шуурдаггүй байсан гэвэл худлаа болно, гэхдээ арай ч ийм байгаагүй юм даа…, ….Манайх чинь газар шороо ухах төнхөхдөө сайн юм, харин ургуулж цэцэглүүлэхдээ маруухан улс байх аа.” хэмээсэн нь Дэгмид өвгөний үзсэн “Гэрийнх нь зүгээс яг түүнийг чиглэн улаан шороон дундуур нэг их хуйларсан бөөн гал довтлогон ирж харагдчихуй” гэх ба “Гэхдээ тэр гал түүний дэргэдүүр өнгөрөхдөө гал биш амьд амьтан болох нь танигдах төдийхөн болоод чанх урагш одчихуй” гэж амьдралынх нь сүүлчийн мөч хүртэл оньсого мэт бодогдож, сэтгэхүйгээс нь үл салах шороон шуурган дундаас уурссан мэт цоо ширтэх галт амьтны нүдээр анхнаасаа л газар нутаг ухаж төнхсөний учир лус садваг хилэгнэж Дэгмид өвгөн болон өөр бусад хүмүүст дохио өгч байгаа юм гэх зохиолчийн далд санаа, мөн чанар нь анхнаасаа үзэгдэж буй зүйлд нь давхар өгөгдчихсөн байна. Тиймдээ ч Германы философич Эдмунд Гуссерль “Ухамсар бол зүгээр ч нэг бодит биш, харин туйлын бодит, аливаа мөн чанарын үндэс” гэж үзсэн билээ. Үүнтэй адил Дэгмид өвгөний дүр болоод “Морин уруул” романы гол утга агуулга нь үүн дээр л зангидагдаж буй юм.Мөн Гуссерлиэс ч өмнө феноменологи гэх нэр томьёог хэрэглэж байсан гэгддэг Германы сонгодог идеалист философич Гегель “Үгүйсгэл бол үнэний шалгуур мөн. Үгүйсгэл үгүй байна төөрөгдлийн шалгуур болно” гэж үзсэн байдаг. Тиймдээ ч уг романд алт ухаж байгаад шороон шуургатай хамт аварга том шувуу нисч ирээд нүх рүү унагасан хэмээн ярих хоёр залууг ухаан мэдрэлгүй юм ярилаа гэж шүүмжлэх “нинжа”-нуудын дунд сууж яваа Дэгмид өвгөн “…Тиймээс тэдэнтэй юу ч ярих билээ зөвхөн дотор хүнтэйгээ л, – Өчигдөр би нэг хачин галт амьтан яалт ч үгүй харсан даа. Өчигдөр их л сонин өдөр байж. Би галт амьтан хараад өөр хүмүүст бас аварга том шувуу харагджээ. Яахын л аргагүй миний харсан тэр гал бол амьтан байсан даа” хэмээн бусдад мэдэгдэлгүй сэмхэн ярих “Сонин юм даа. Миний дээр харсан нөгөө нэг галт амьтантай л төстэй юм шиг байна даа. Яахаараа хадны зураг тэгж гал шиг улалзан харагддаг байна аа. Эд нарт би бас гал дүрэлзсэн сонин амьтан харсан гээд хэлчихвэл айж сандраад сүйд болох байлгүй. Холын хүмүүст юу ч хэлэхэв” хэмээх нь үзэгдэж буй юмсын мөн чанарын тухай ойлголт бөгөөд үнэний үгүйсгэл юм. Тиймдээ ч Дэгмид насан эцэстлээ өөрийн дотоод мөн чанарт үнэнийг хадгалсаар байдаг. Харин тэр өөрийн үзсэн бодит зүйлсийг үгүйсгэх сэтгэлгүйгээр шуудхан л хүн бүхэнд ярьж явсан бол үнэн үгүй болж Гегелийн үзсэнээр бодол дотроо төөрөлдөх байсан болов уу.Нөгөөтэйгүүр Дэгмид өвгөний оршихуйн утга учир нь дурсамжийн гэрэл гэгээ юм. Тэр өөрийн гэсэн гэрэлтэй, бүрхэг, цочмоор олон дурсамжуудыг сэтгэлдээ сэргээн санаж түүгээрээ өөрийгөө хүрээлүүлэн өдөр хоногийг өнгөрөөнө. Үүнийгээ өөрт нь тохиолдох гэнэтийн явдлуудын хүчээр дурсан санаж, домгийн ертөнцөд очин ухамсаргүйгээр “архетип” бий болгож байна. Дэгмидэд төсөөлөгдөж буй зүйлүүд лууны дүрс, Хүдрэнгийн голд луу ичдэг гэх яриа, Бичигтийн хаднаас лууны мөр үзвэл их буян хураадаг, урт насалдаг гэх цуу зэргийг хооронд нь холбож өгсөн нь зохиолд онцгой байр суурь эзлэх бөгөөд ид шид, үлгэрийн олон баримтууд энэ номонд олноор бичигдсэн нь талын дунд цавцайх эсгий гэрийн дотор, тоонын хээ туяаруулан гэрэлтэх галын хажууд үлгэр, туульс зохиогдож эцэг өвгөдийн түүх бүтээгдэж байсныг өгүүлсэн санаа биз ээ.Хамгийн гол нь хуудсаас хуудас дамжин өгүүлэгдэж буй ганцхан хүний бодол л энэ романы турш үргэлжилнэ. Үнэний үгүйсгэлийг олж нээснээрээ үнэн гэдэг зүйлтэй учирч буй Дэгмид өвгөний ухаарал нь “Сэржмаа уураг тархинд минь, сэтгэл зүрхэнд минь үргэлжид цуг байсан болохоор насан туршид минь л надтай хамт байсан байж таарч байгаа юм биш үү” гэх мөчид хүрээд “Тэгээд ч гэсэн хүний биеэр туулсан амьдралаас бодлоор туулсан амьдрал нь хавьгүй уудам байдаг бус уу. Тиймээс Сэржмааг хүлээгээд байх шаардлага надад байхгүй байсан юм байна, эргэж ирээгүйд нь харуусах шалтгаан ч угаасаа байхгүй байсан юм байна” гэж бодсоноо толгойгоо дахин хэзээ ч дааж чадахааргүй болчихуй” хэмээн бодол нь дуусна. Өвгөн дахин өндийхөөргүй болжээ. Тиймээ “биеэр бус бодлоор туулсан амьдрал” хавьгүй уудам байдаг бус уу. Юутай ч Дэгмид өвгөн өөрийнх нь оронд ажлыг нь хүлээн авах эмч байхгүйг сайн ухамсарлаж байвч, үхэл ирчихээд буйг ухааран Долзодын бага хүүг сумын төв ороход нь эмнэлгийн захиралтай уулзуулахыг даалгаж буй, эцсийн эцэст морин уруул нь тал дүүрэн ургахыг харсан ч түүндээ эргэлзэж байгаа зэрэг нь үзэгдэж буй юмсын жинхэнэ дүр, бодох бүрийд тархинд нь асар том орон зайг эзлэн тэлсээр байсан хэрэг. Ийм л нэг бодлоор туулсан амьдрал дэндүү уудам байсан нь мэдээж. Монголын уран зохиол дахь хүүрнэл зохиолын нэгэн том төлөөлөгч С.Дашдооров гуайн өгүүллэг шиг буугаад л мордох хорвоод үзэж харсан зүйлсээ үгүйсгэх төвшинд хүргэж, дурсамжийнхаа аглагт даяанчлан, бодлоор тэтгэгдэж яваа хүмүүний оршихуйн утга учир нь дан ганц сэтгэхүйд бус бусдын тухай гэгээн бодолдоо ганцаар суух мөч бүр нь хүний сэтгэл зүй, хайр дурлал, шашин, нийгмийн бүрхэг байдал, цөвүүн цаг, уул усны нарийн тогтолцоо, ичимтгий зан төрхийн мөн чанарт хандаж өгсөн нь Дэгмид өвгөний төсөөлөл, мэдрэхүйд зангидагдсан байна. “Эд зүйлсийн хувьд оршин байх гэдэг нь хүнд ашиглагдах гэсэнтэй утга нэг сонсогддог бол, хүн оршин байх явцдаа гадаад ертөнцөө өөрчлөн хувиргаж, сонголт хийж, ингэснээрээ өөрөө өөрийгөө ч бас өөрчилдөг” гэж Мартин Хайдеггер үзсэн. Тэгвэл зохиолын гол баатар маань өөрийн оршин байх үедээ бодол санаандаа буух зүйлүүдийн өөрчлөлтүүдийг ухамсаргүйгээр тусган авч өөрийгөө бүхэлд нь өөрчилж байна. “Луу үнэхээр байдаг болов уу гэж үнэн санаасаа нэг удаа ч эргэлзэн гайхширч байгаагүй билээ. Дэгмидэд луу гээч амьтан домгийн л амьтан, газар дэлхий дээр тийм амьтан огт байхгүй гэсэн итгэл үнэмшил оюун санаанд нь гүн гүнзгий хадагдсан юм. Тэгтэл энэ итгэл үнэмшил нь нөгөө галт амьтныг өөрийн нүдээр харснаас нь хойш бүрмөсөн өөрчлөгджээ. Дэгмид Хүдрэнгийн голын эхэнд луу ичдэг гэдэгт одоо эргэлзэхээргүй болжээ” гэсэн буй. Үлгэр, домгийг зохиомол л гэж бодож явдаг Дэгмид өвгөн нэгэн шуургатай өдөр галт шувуу дэргэдүүр нь нисэн өнгөрснийг үзсэн цагаас л эхлэн бүхий л сэтгэхүй нь нэг ёсондоо урвалд орж гадаад ертөнц нь хувирснаар өөрийгөө өөрчилж байгаа юм. Ерөөс хувь хүн аж төрөх, нөгөөтэйгүүр оршин байх гэдэг хоорондоо тэс ондоо зүйлүүд ажгуу. Хүн төрөлхтний сэтгэхүй аж төрөх тал руугаа нэлээд хэвгийсэн боловч оршихуйн утга учир, мөн чанар нь төсөөллөөр дамжин сэтгэхүйд үүсэж буй зүйлс юм гэдгийг цөөнх нь ухамсарладаг.“Морин уруул”-ын хамгийн их сонирхол татахуйц нэгэн бүлэг нь “Эр газар” юм. Насан өвгөн Дэгмидэд нөгчихөөсөө өмнөхөн хоёр газар нүдлүүлж, сайтар ажиглаж авахыг тушаасан байдаг. Дэгмид үүний учрыг нь тайлалгүй явсаар л… Харин “Монголчууд газрыг эр, эмээр нь ялган тогтоогоод тухайн газар нутгийн онцлог байдалтай амьдрал ахуйгаа тохируулахыг эртнээс хичээж иржээ…, … Учир нь эм газар нь хэзээ хувьсан өөрчлөгддөггүй учраас олон жилийн дараа ч нуусан зүйлсийг эргэж хайхад төвөггүй олддог байна. Харин эр газар бол тодорхой хугацааны дараа хувьсан өөрчлөгддөг учраас ямар нэгэн зүйлээ булж үлдээвэл эргэж олоход төвөгтэй болдог байсан байна” хэмээн Дэгмид радиогоор уламжлалт ардын ухаан судлаач хэмээгдэх нэгэн эрдэмтний яриаг олж сонсоно. Энэ нь өвгөний ухамсарт тусч буй баримт юм. Тийнхүү “…Дэгмид өнөөх хоёр газрынхаа өвс, шороог нь л арай тоолж үзсэнгүй. Сайтар нарийвчлан шинжилж харлаа. Нэг их юм бодолгүй хальт, мульт харвал олон жилийн өмнө Насан өвгөнийг дагаж анх очсоноос нь хойш тэрхүү хоёр газар дээр хүний нүдэнд анзаарагдах өөрчлөлт нэг их ороогүй юм шиг л харагдах аж. Гэсэн хэрнээ сайн анзааран харвал эхний үзсэн газар нь зарим хэсгээрээ үл ялиг овон товон үүсгэсэн байхын сацуу өвс ургамал нь өөрчлөгдсөн байх нь анзаарагджээ. Харин хоёр дахь газар нь ямар ч өөрчлөлт ороогүй анх харахад ямар байсан яг л тэр хэвээрээ байгаа мэт санагджээ. Энэ бүхнийг харчихаад Дэгмид арай ганцаараа дуу алдсангүй. Насан өвгөн түүнд газрын хүйс нүдлүүлэх гэж тийнхүү хоёр газар зааж өгсөн аж” хэмээн ухамсарт буусан зүйлээсээ тухайн юмсын мөн чанарыг олж, нээж буй явдал юм.Үүнтэй холбоотойгоор дахиад л Гуссерлийн жишээг татах хэрэгтэй болох нь. Түүний “Аливаа зүйлийн ухамсарт тусч буй туйлын мөн чанарыг тодорхойлох нь феноменологийн нэг чухал үүрэг юм. Аливаа зүйл ухамсарлагдаж байгаагийн гол учир мөн чанарт нь л байгаа хэрэг” гэж үзсэнтэй Ц.Буянзаяагийн зохиолд гарч буй газрын эр, эм хүйсний талаарх өгүүлэмж Дэгмид өвгөний үйлдэлтэй гойд сайхан зохицож буйтай маргах хүн үгүй биз ээ. Баримт угаас оршин буй зүйлсийг л тодорхойлон өгүүлдэг. Харин энэ нь “Ингэхэд ер нь Чингис хааныг эр газар онголчихсон юм биш үү. Тиймээс өнөөдөр зүсэн зүйлийн хүмүүс их хааны маань онгоныг хайгаад олохгүй байгаа юм биш үү” гэх цаад мөн чанарын асуудалд хандах шинэ хандлагаар илрэн ухамсарт тусч байна. Оршин тогтнож буй бүхий л цаг үедээ хүмүүс юмсын мөн чанарыг эрж хайсаар ирсэн. Учир нь оюун ухаан, сэтгэхүйгээ аль ч зуунд хөгжүүлэхэд анхаарч байсан нь юмсын мөн чанарыг олж мэдэх хязгааргүй хүсэлд хөтөлсөн хэрэг. Тиймдээ ч ухамсар нь ахуй болон оршихуйгаа тодорхойлно. Нэг ёсондоо Дэгмид өвгөн бодлоор дамжуулан аж төрж байна гэсэн үг билээ.Утга зохиол судлаач, яруу найрагч Б. Алтанхуяг

“АНД хэвлэлийн газар” нь МҮОНРТ-ийн Хүүхдийн нэвтрүүлэг бэлтгэх албанаас хүргэх эх хэлний суурь мэдлэгтэй хүүхдүүдийг бэлтгэх зорилго доор зохиогддог “Хөгжилтэй үсэгнүүд” нэвтрүүлэгт ивээн тэтгэгчээр ажиллаа. Тухайн нэвтрүүлгийн зорилго нь: Манай улсын Бага, дунд боловсролын тухай хуульд бага боловсролын зорилгыг “Эх хэлний суурь чадамжтай, бүтээлч, сурах арга барилтай монгол хүүхэд төлөвшүүлэх” хэмээн тодорхойлсон байдаг. Тэгэхээр бид нэвтрүүлгээ энэ боловсролын зорилготой уяж, бага ангийнханд эх хэлний мэдлэгээ эзэмшихэд нь дэм болох, уралдаанд оролцсон хүүхдүүдээр дамжуулан олон хүүхдийг монгол хэлний хичээлдээ дуртай болгох зорилготой юм. Энэ нь ирээдүйд тэд эх хэлээрээ зөв ярьж, зөв бичиж, уншиж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлдэг болох суурийг тавьж байгаагаараа ач холбогдолтой юм.
