Д.НАМДАГИЙН ОХИН ЭРДЭНЭЭ: Аав минь хүүхдүүддээ эр зориг, сэтгэлийн хат, ард түмэндээ чансаатай бүтээл үлдээж чадсанаараа агуу юм
Д.НАМДАГИЙН ОХИН ЭРДЭНЭЭ: Аав минь хүүхдүүддээ эр зориг, сэтгэлийн хат, ард түмэндээ чансаатай бүтээл үлдээж чадсанаараа агуу юм

2023-02-06 03:43

-БИ ААВЫНХАА ЮУНД Ч НУГАРДАГГҮЙ, ХУГАРДАГГҮЙ ЗАНГ НЬ ДУУРАЙСАН БАЙХ-



1947 оны долдугаар сарын 10. 22:00 цагийн үед тэр хорих ангиас суллагджээ. Уг нь тэр шөнө хайрт хань, энхрий үрстэйгээ уулзах олон жилийн хүлээлтийн зангилаа тайлагдах байв. Гэвч гэрэлт орчлон түүнийг тийм элгэмсэг, дотноор хүлээж авсангүй. Эхнэр, гурван хүүхэд нь хэдийнэ өөр хүнийх болсон байв. Үүнийг мэдсэн тэр шаналж, шархирч, өөрийгөө үзэн ядаж байсан болов уу. Тийм ч учраас түүнийг зоригтой, бүр хэнээс ч илүү алдар хүндтэй амьдарч, бусдад хайрлагдаж чадсан болов уу гэж боддог.

Ингээд тэр өмсөх хувцас, очих газар, ойчих аягагүй учир хаачихаа мэдэхгүй Төв талбайгаар хэсэг алхаж, Сэлбэ голын зүлгэн дээр удтал суусан гэдэг. Чухам тэнд юу бодож, хэрхэн суусныг нь таамаглах аргагүй. Долоон жилийн турш жадтай буу, омогтой харгалзагчийн балмад хэрцгийлэл, үргэлжийн өлсгөлөн, сэтгэлийн хүнд дарамтад байсан тэрээр хорих ангиас суллагдсан шөнөө хилс хэргээр өөрийг нь матаж, шоронд суулгасан хүнийхээ гэрт нь очсон гэдэг. Нөгөө хүн нь айж, цочихдоо үүднээсээ хоймроо хүртэл үсэрсэн биз.

   Түүнийг суллагдсаны маргааш нь улсын их баяр наадам болжээ. Тэр наадмын дээлээр гангарсан халхгар сайхан эрчүүд, тас тас инээлдэж, цэцэгтэй алчуур хүзүүндээ тохож гунхсан хүүхнүүдийн дунд уранхай, цоорхой хувцастай хоол хайгаад явж байсан нь гарцаагүй. Түүнийг харсан найз нөхөд, таньж мэддэг хэн бүхэн нь дөлж, айж зугтсан гэдэг. Ингээд наадмын талбайгаар идэх юм хайж, гундуухан явахдаа тэр эхнэр гурван хүүхдүүдтэйгээ таарчээ.

Таарсан ч гэж дээ, барааг нь хараад юу ч хэлж чадалгүй, хүүхдүүдээ ч үнсэж зүрхлээгүй гэдэг. Харин тэднийг нүдэндээ, сэтгэлдээ сайтар хадгалж, цоо ширтэж байгаад л явуулсан гэдэг. Хэзээ мөдгүй төрөх дөхсөн тогоо шиг том гэдэстэй эхнэр нь түүнийг харчихаад шинэхэн нөхөр, гурван хүүхдээ дагуулаад бушуухан зугтсан гэдэг юм билээ. Ийн ганцаардаж, ядарч, гансарч арга ядахдаа тэр “Шорон сайхаан” гэж хүртэл уулга алдсан байдаг.

Шоронгоос гарсан эхний өдрөөс түүний зовлон нимгэрч, сэтгэл уужирсан зүйлгүй. Харин бүр илүү хүнд бэрхийг туулж, амьдын хагацал мэдэрч, эргэн, эргэн хараад үлдсэн охиноо бодолдоо энхрийлсээр өдөр, хоногийг өнгөрүүлж байсан тэр хүн бол Төрийн хошой шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын уран зохиолын гол төлөөлөгчдийн нэгэн эрхэм Донровын Намдаг юм.

   “Цаг төрийн үймээн” романаа бодож, чээжиндээ тэрлэж байхдаа буюу 36 настайдаа шоронгоос гарч, гурван жил хүний амьдралын жаргал, зовлонгийн дээгүүр хөвж, туучиж, заримдаа бүр шигдсэн ч амьдралын үнэнд хотойгоогүй зүтгэсээр ирсэн нэгэн билээ. Гарснаас гурван жилийн дараа Булганы цуутай гурван сайхан хүүхний нэг гэгддэг Мөнгөндамбын Баасансүрэн гэх эмэгтэйтэй танилцаж, дөрвөн жил айлын хажуу өрөөнд амьдарсан гэдэг.

Энэ үедээ тэр жүжгийн зохиолын уралдаанд түрүүлж, 6000 төгрөг авснаар тэд гэр, ор дэр авч төвхнөх аядсан гэдэг. Энэ бол түүний гурав дахь удаагаа бадрааж буй гал голомт байжээ. Энэ гал голомтод түүний том охин болж мэндэлсэн Н.Эрдэнээтэй та бүхнийг уулзуулж, аавынх нь үзэж туулсан бараан хийгээд гэрэл гэгээтэй амьдрал, Д.Намдаг хэмээх эрхэм ямархан аав байсан, ямар замнал туулж ирсэн талаар ярилцсан юм.



-Таны аавын амьдрал, үзэж туулсан бэрхшээлийг мэддэг хүн бүр аавынх нь тэвчээр, хатуужил, зориг, хүчийг гайхаж, “Жинхэнэ монгол эр хүн. Эр хүний чанар гэж энэ дээ” хэмээн шагширдаг болов уу гэж боддог. Харин та аавыгаа ямар хүн байсан гэж бахархан дурсах вэ?

   -Аавын амьдралд хугардаггүй, нугардаггүй занг бишрэхгүй байхын аргагүй юм. Миний аав ямар ч эрх чөлөөгүй, нийгэмдээ ад үзэгдэж байхдаа ч уран зохиолоо орхиогүй. Тийм үнэнч, тууштай хүн байлаа. Юманд тууштай байх ямар гайхамшигтай болохыг бидэнд мэдрүүлж чадсан. Асар их тэвчээртэй хүн байсан. Аав минь цонхоор харах дуртай.


Тэгээд надад “Миний охин цонх цэвэрхэн байвал аавд нь сайхан сэдэв, санаа төрдөг юм. Тэр бүхэн бүтээл, зохиол болдог. Зохиолоо сайн бичих юм бол мөнгө авна. Авсан мөнгөөрөө хүүхдүүдээ тэжээж, эрүүл саруул өсгөнө. Хүүхдүүд минь эрүүл байх юм бол би баярлана. Хүнд сайн санаж явах шиг сайхан зүйл байдаггүй. Хүнтэй ямар ч үед муудаж, хэрэлдэж болохгүй. Чамайг харааж л байг, зэмлэж л байг бүгдийг эерэг талаас нь харж, бодож бай” гэдэг байсан.


Аав цаг сайн баримталдаг, хоол сайхан хийдэг, маш нямбай хүн байлаа. Тийм учраас намайг сайхан хоол хийлгэж, мах зөв хэрчүүлж сургасан. Тэгээд “Миний охин ариун цэврийн өрөө цэвэрхэн байвал хүн тухтай бие засдаг юм. Тухтай бие засахаар бие амардаг. Тэгээд л зохиолоо бичнэ” гээд инээдэг байлаа. Би бас ч гэж аавынхаа үгэнд ордог байж. Тэгээд л аавыгаа баярлуулахын тулд ариун цэврийнхээ өрөөг зүлгэчихдэг байсан. “Айлын гал тогоо, ариун цэврийн өрөө ямар байхаас гэрийн эзэгтэй, охиныг нь хэн бэ гэдгийг таньдаг. Уранхай хувцастай явж болохгүй, олон хувцас хэрэггүй, битгий цамаан бай. Ямар ч хоол байсан идэж сурах хэрэгтэй. Хүн яаж ч ядарч, зовж болно. Түүнийг таахын аргагүй. Тиймээс хивэг байсан ч зажилж сурах ёстой” гэдэг байсан. Тэр үед нь би “Хивэг идээд байхдаа яах вэ дээ” гэж бодоод л өнгөрдөг байж дээ. Хүн 50 нас хүртлээ ухаан суудаггүй юм билээ. Энэ бүхнийг би 50 хүрч байж зах зухаас нь ойлгож, мэдэж эхэлсэн. Би аавынхаа хүчээр гэр орноо цэвэрлэж, хүнд гологдохооргүй хоол хийж, хүүхдүүдээ зөв хүмүүжүүлсэн гэж боддог. Миний аав хөдөлмөрч, ажилсаг хүн байсан. Бас хэнтэй ч хэрэлдэж, муухай загнаж үзээгүй. Хэн ч ямар ч муухай үг хэлж байсан инээж л байдаг хүн байсан даа.



-Аав нь таныг эрдэм номд гэхээс илүү амьдралын ухаанд сургасан юм шиг санагдлаа?

   -Аав минь намайг бичгийн машинаар бичүүлж сургасан. Эхэндээ үсгийг нь олохгүй ганц, хоёр хуруугаараа тогшдог байлаа. Тэгсээр байгаад арван хуруугаараа бичиж сурсан. Би аливаа зүйлийг хурдан сурдаг, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Засгийн газрын ордны арван хурууны бичээчийн дамжаанд шалгалт өгөхөд нэгдүгээр зэргийн бичээч болж байсан. Мөн намайг дөрөв, тавдугаар ангид байхад аав “Миний хүү автомашин барьж сур” гэдэг байсан. Аавынхаа үгэнд орж автомашин унаж сурах гэж байхдаа байшин мөргөчихөж билээ. Гэсэн ч аав загнахгүй.


Зүгээр л “Өөрөө сур, өөрөө хий” гэдэг байсан. Ээж минь “Эрдэнээг дээд сургуульд оруулж, боловсролтой хүн болгоё” гэхээр аав “Үгүй ээ. Амьдралын ухаан суулгаж, амьдралын боловсролтой болгох хэрэгтэй. Харин Ананд минь эрэгтэй учраас боловсрол эзэмшиж, ажил хийж, гэр бүлээ тэжээх ёстой” гэж ярьдаг байсан.


Миний аавыг таньж, мэддэг хүмүүс, шавь нар нь намайг яг Д.Намдаг багшийн барилаар хүмүүжсэн хүүхэд гэж ярьдаг байсан.

   Миний аав агуу хүн байсан. Муу муухай бүхнээс хол хөндий, муухай явах ямар байдаг вэ, сайхан явах ямар байдаг вэ гэдгийг мэддэг. Амьдарсан шиг амьдрах, амьдрах амьдрахдаа бүр сайхан амьдрахыг буй биеэрээ үлгэр, жишээ болгосон доо. Миний аавыг ядарч, зүдэрч юу ч үгүй явахад нь ээж хань болсон юм билээ. Ээж минь аавд үнэн голоосоо хайртай байсан. Аав ч ээжийг ёстой жинхэнэ хайрлаж байсан даа. 

-Танайханд аав шигээ, өвөө шигээ зохиолч болсон хүн бий юү. Та ямар мэргэжилтэй вэ?

   -Аавын минь мэргэжлийг өвлөсөн зохиолч байхгүй. Би театрын зураач мэргэжилтэй. Гэхдээ мэргэжлээрээ ажиллаагүй Хүүхдийн театрын боловсон хүчинд ажиллаж байгаад Зохиолчдын хороонд бичээч хийж байсан. Өдөрт 21 нүүр бичих байтал би 30, 40 нүүр бичдэг байсан. Тухайн үед Зохиолчдын хорооны даргаар Д.Цэдэв гуай ажилладаг байсан. Тэд намайг “Цахилгаанд залгачихсан юм шиг хурдан” гэж ярьж байлаа шүү дээ. Би аавынхаа бүх зохиолыг бичгийн машинаар цохиж өгсөн. Тухайлбал, “Цаг төрийн үймээн”, “Хярааны хонхорт”, “Хөгшин чоно ульсан нь”, “Үрэгдсэнийг хүлээгч”, “Ээдрээ”, “Халх гол”, “Шарай голын гурван хаан”, “Сүрэг чоно”, “Тэмцэл” зэрэг даацтай, Монголын уран зохиолд жин дарах зохиол, бүтээлүүдийг нь арван хуруугаараа бичиж байсан. Тэр үеэ эргэн дурсах сайхан байна шүү. 

“25 дугаар суваг” телевизийн захирал З.Алтай миний аавын ууган зээ хүү нь. Түүний бэлтгэдэг “Урт цагааны гудамж”, “Миний муу сайн найзууд” гээд сайхан нэвтрүүлгүүдийг үзэж байхад тэр миний аавтай ямар адилхан юм бэ. Тэр эсэргүү ярьж байгаа, ганц дайсан ганцаардахгүй гэдэг шиг зүтгэж байгаа нь үнэхээр адилхан. Бас манай том хүү яг миний аав. Аавын минь ач, зээ нь бүгд сайхан ажиллаж, амьдарч байгаа. Ажиллах ажиллахдаа бүр нэртэй яваа шүү.



-Бүх зохиолыг цохиж өгөхөд аав нь их баярласан байх даа. Танд баярласан тухайгаа илэрхийлж байсан уу?

   -Тэр үед би “Аав, ээжийгээ яаж баярлуулах вэ. Ж.Гүррагчаа шиг сансарт нисэж, тив, дэлхийд аавынхаа нэрийг мандуулж чаддаггүй юм гэхэд өөр юу хийж болох вэ” гэж дандаа боддог байлаа. Тэгээд л би аавынхаа бүх зохиолыг бичгийн машинаар цохиж өгөхөөр шийдсэн хэрэг. Аав минь их алдаатай бичдэг, шоронд байхдаа гараа гэмтээчихсэн учир тахир бичдэг байсан юм. Би алдаа бүрийг нь засаж бичсээр байгаад хурдан, алдаагүй бичиж сурсан.

  Гэтэл нэг удаа гэртээ ортол аав цонхны наана нуруугаа үүрчихсэн зогсож байна. Тэгээд намайг харснаа “Миний охин суу” гэснээ “Аавдаа үүнийг дахиад бичээд өгөөч. Аав нь цай асгачихлаа” гээд жүжгийн нэг үзэгдэл өгч байна. Тэгэхээр нь бушуухан сууж биччихээд “Биччихлээ, аав аа” гээд өгтөл аав минь “Би ийм сайхан ажилсаг, сайн охинтой болчих гэж дээ” хэмээн уйлж байсан.

Өмнө нь надад тэгж хэлж байгаагүй. Би заримдаа бууз, баншаа хол, ойр зайтай чимхчихнэ. Тэгсэн ч аав уурлахгүй “Аав нь өнөөдөр будаагаа идээд унтчихна” гэх үгнээс нь би аавын сэтгэлд нийцэхгүй юм хийж дээ гэдгээ мэдэрдэг байсан. Аав минь банш, бууз, нарийн махан хуурганд дуртай байсан юм.

Тэгээд муухай чимхсэнээ мэдээд жигд сайхан чимхсэн бууз өмнө нь тавихад “Өө, иднэ ээ” гээд инээгээд суудаг байлаа. Тэгж намайг нямбай байхад сургасан байгаа юм. Үүнийгээ 70 хүрч яваа би одоо л ойлгож байна. Тэгээд л “Миний охин шалаа ямар сайхан угаасан юм бэ. Бүүр зүлгээд байхаар гялалзаад илүү сайхан өнгө ордог, тэ” гэхээр нь онгироод л шалаа учир зүггүй зүлгээд л эхэлдэг байв. Аав минь намайг бусдаас өөр өсгөж, хүмүүжүүлсэн нь загнаж, зандардаггүйд байсан юм. Хорвоод тийм аав хэд байдгийг таах аргагүй.

-Та аавыгаа баярлуулж чадсан гэж боддог уу. “Би аавыгаа баярлуулж чадсан” гээд итгэлтэй хэлж чадах уу?

   -Би аавыгаа баярлуулж чадсан гэж боддог. Аав минь хоёрдугаар эмнэлэгт хэвтдэг байсан юм. Тэгээд уушгины хорт хавдраар нас барсан хүн шүү дээ. Тэр үед аав минь ганцхан миний гараас хоол иддэг байлаа. Тэгэхэд аав намайг “Чи эвтэйхэн гурвалжин үүсгэж өгөх юм. Бусад нь амаар дүүрэн тараачих юм” гэдэг байсан.

Аав минь бурхан болохоосоо өмнөхөн “Ашгүй дээ, чи миний санасанд бараг хүрэх гэж байна. Аав нь чинийхээ буянаар нэг ч удаа хиртэй хувцастай явж үзсэнгүй. Энэ миний чамайг хүмүүжүүлсэн хүмүүжил гэж бодож байна. Миний охин амьдралын дээд сургууль төгслөө” гэж баярлаад, нулимс нь цийлэгнэж байх шиг байсан. Миний аав хөгшрөөд жаахан уйламтгай болсон. Манай нөхөрт “Би чамд сайн охиноо өглөө шүү. Миний охинд сайн хань болно шүү” гэж байсан.

Тэр хоёр биднээс илүү найзууд байлаа. Би хоол хийхдээ, гэрээ цэвэрлэхдээ заавал аавынхаа сэтгэлд хүргэх гэж, ер нь л сэтгэлд хүртэл нь хийдэг байсан. Хүн бүрийн аав хамгийн сайхан. Тэр дундаа миний аав гойд сайн аав байсан юм шүү. Би аавынхаа ачаар ертөнцийг дандаа сайхнаар хардаг, боддог болсон.



-Та аавдаа эрхэлдэг байв уу?

    -Аав намайг “Чи миний охин болж төрсөн юм чинь миний үргэлжлэл болж, ухаантай явах ёстой” гэдэг байлаа. Би их эрх байсан болохоор юу авна гэснээ авч, юу иднэ гэснээ иддэг байсан. Тэр үед над шиг эрх дураараа, үнэтэй хувцас өмсдөг хүн байсан уу, үгүй юү мэдэхгүй. Аав минь залуудаа гэр бүл, үр хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй олон жил ганцаараа бэтгэрч явсан болоод ч тэр үү дүү, бид хоёрт хатуу, ширүүн үг хэлж, муухай хандаж үзээгүй. Биднийг их эрхлүүлдэг байсан.

-Таны ээж Булган аймгийн Сайхан сумын гурван сайхан эмэгтэйн нэг байжээ. Аавтай нь ямар учралаар холбогдож, гэр бүл болсон юм бол?

    -Миний ээж их сайхан эмэгтэй байсан. Бид хоёроос гадна аавын минь гурван хүүхдийн хүүхдүүдийг өсгөсөн. Тухайлбал, “25 дугаар суваг” телевизийн З.Алтай, сэтгүүлч н.Оргил, Мааяа эгчийн хүүхдүүдийг хардаг байсан. Бид нэг дор өссөн гэсэн үг. Ээж минь тэгж л аавыг хайрлаж байсан даа.


Тэгээд “Хань минь гурван хүүхэдтэйгээ амьдарч чадаагүй. Би ач, зээ нарыг нь харж өгье. Хань минь жаргалтай байвал би жаргалтай гэсэн үг” гэдэг тийм ухаантай эмэгтэй байсан даа. Аав эхний жилээ “Энэ залуухан хүүхэн надтай суухгүй, удахгүй явна” гэж бодоод ээжид итгэдэггүй байсан гэдэг.


Харин ээж аавыг их өрөвддөг, “Баярлуулах юм сан” гэж дандаа хичээдэг байсныг нь би мэдэрдэг байсан. Юм л бол “Аавдаа өг, аавдаа хэл. Аав нь баярлана” гэдэг байсан. Их сайхан царайлаг эмэгтэй байсан юм шүү, Ээж минь ааваас хойш 30 жил ганцаараа амьдарсан.

-Та аавынхаа ямар зан чанарыг нь илүүтэй дуурайсан гэж боддог вэ. Аав нь багаасаа тэвчээр, хатуужилтай хүүхэд байв уу. Та өвөө, эмээгийнхээ талаар мэддэг үү?

   -Би аавынхаа аав, ээжийн нэрийг нь сонсож байснаас өөр юу ч мэдэхгүй. Аав минь дөрвүүлээ байсан юм билээ. Ичинхорлоо гээд ганц эгчтэй, хоёр дүүтэй байсан юм гэдэг. Миний аав мэдэхгүй хүнд их харамч хүн шиг санагддаг байсан. Тухайн үед хүмүүс аавыг “Харамч Намдаг, Герман Намдаг” гэдэг байв. Гэхдээ үгүй юм. Харин аав минь цэгцтэй, нямбай, хоол илүү хийдэггүй, талхны үйрмэг гартаа тосоод аягатай цайндаа хийж уудаг хүн байсан. Өлсөж, ядарч явсан болохоороо жаахан байсан ч юм хаяж сураагүй гэсэн үг. Ийм хүмүүжлээр өссөн надад одоо ч “Хоол халааж иднэ” гэх ойлголт байдаггүй.

Миний аав их зөөлөн сэтгэлтэй, уярамтгай хүн байсан. Ядарсан хүмүүст их тусална. Нэг удаа хичээлээ тараад иртэл манайд нэг хүн сууж байна. Аавтай инээж, хөхрөөд л, хоол, цай болж хэсэг сууж байгаад явчихлаа. Тэгэхээр нь ааваас ямар хүн болох талаар нь асуутал “Өө, аавыг нь шоронд байхад миний хуяг байсан юм. Энэ золиг заримдаа надад хоол өгдөггүй байсан” гэдэг байгаа. Тэгэхээр нь би “Та ямар сонин хүн бэ. Ийм хүнийг гэртээ оруулж, хоол, цай өгөөд байх даа вэ дээ” гэтэл “Миний охин, тийм биш. Энэ хүн ажлаа л хийж явсан хүн байхгүй юу” гэхээр нь би “Аан” гээд ойлгож байгаа юм.

Тэр хүн их ядарсан байсан. Аав тэр хүнд бүр гэр өгч байсан санагддаг. Тийм хүн харамч байх уу. Амьдралыг ухаарахад уярал гэж байдаг юм байна. Миний аав уян зөөлөн, муу, муухай бүхнийг дандаа зөв талаас нь хардаг, ярьдаг байсан. Аавын ярьсан бүхнийг нь сонсохоор миний сэтгэл дагаад сайхан болчихдог, аливааг хайрламаар санагддаг байсан. Бүгдийг аав шигээ боддог, санадаг болсон байна гэж өөрийгөө боддог.

-Таны аавыг цохондоо босоо зураастай байсан гэдэг. Тийм хүн их ухаантай байдаг гэж ярьдаг юм билээ. Та аавынхаа гаднах төрхийг тодорхойлбол?

   -Аавыг гаднах байдлаас нь харахад их сонин. Хүнтэй барагтай бол юм ярихгүй. Хүний яриа сонсоод л суугаад байна. Харин маш сайхан инээдэг, дандаа инээмсэглэдэг хүн байсан. Аавынхаа инээхийг харах дуртай байж. Заримдаа зургийг харах сайхан байдаг.



-Таны аав зохиолоо ямар цаг үед хамгийн удаан сууж бичдэг байв. Аавынхаа ажилд саад болохгүй гээд та бүхэн чив чимээгүй суудаг байв уу?

    -Аав минь урлаг, уран зохиолд бүх зүйлээ зориулсан. Манай гэрийнхэн зун болохоор дандаа малчдынхаар явдаг байсан. Тэгээд л аав яаж ийж байгаад хүмүүсийн амьдрал, жаргал, зовлон, алдаа, оноо бүрийг яриулчихна. “Үр тариа” туужаа яг бодит байдлаас сэдэвлэж бичиж байсан. Мөн сэтгэл, мэдрэлийн эмнэлэгт очиж галзуу хүмүүсийн дунд эмч нартай явж, дүрийн судалгаа хийдэг байв. Чи бид хоёр сууж байлаа гэж бодоход чиний хэмжээнд өдөж нэг юм ярина.

Миний хэмжээнд өдөж өөр юм ярина. Тэгээд гэнэт юу болов гэмээр босоод, яваад өгнө. Тэгээд тэр ярианаас сэдэв санаа авч зохиолдоо оруулдаг байсан. Тухайн үед би аавынхаа зохиолуудыг уншдаггүй байж. Харин одоо бүх зохиол, аавын минь талаар судлаач, зохиолчдын хэлсэн, ярьсан бүгдийг нь уншдаг, үздэг. Аав минь зохиолоо ихэвчлэн шөнө бичдэг байсан. Шөнөжин бичгийн машин тар тар хийлгэж байгаад л өглөө унтдаг байв. Аав минь их сайн төвлөрдөг хүн байсан. Аавын санаа, чин үнэн сэтгэл нь зохиол бүтээлд нь яг таг тусгагдсан байдаг. Аливааг их хайрладаг хүн байсан даа.

-Таны аавын жүжгийн зохиолын мастер болсон шалтгаан, зохиолч болох хүсэл, мөрөөдөл юунаас үүдэлтэй гэж боддог вэ. Та энэ талаар мэдэх үү?

    -Энэ бол миний ээжээс эхлэлтэй гэж хэлнэ. Миний ээж аавын сэтгэл санааг дандаа өргөдөг, бадрааж, тэжээж, доороос нь түлхүүрдэж нүдийг нь баясгаж, сэтгэлийг нь цэнгүүлдэг харуулдаг цорын ганц хүн байсан. Аавын минь бүх том зохиол, бүтээл төрөх болсон шалтгаан ээж минь. Аавын зарим зохиол засвартай байх, хэвлэгдэхгүй удах гээд асуудлууд үүсдэг байсан.

Тэр үед ээж “Болно оо Намдаг минь, болно. Чи засаж чадна. Зас. Чи чадна” гэхээр аав “Засна аа хө” гээд хоёр өвдгөө цохиод босдог байсан нь санаанаас гардаггүй юм. Ингэвэл ямар вэ гээд аавыг зарим зүйлээ асуухад ээж “Арай хатуудаж байгаа юм биш үү. Арай зөөлрүүлэх юм уу” гэх мэт зөвлөгөө өгдөг байсан. Ээж минь их ухаантай хүн байсан. Тэгээд аавыг “Чи зохиолоо сайн бичиж мөнгө ол. Би ар гэрийнхээ бүх асуудлыг хариуцаж, даана” гэдэг байсныг би бүр сайн санаж байна.



-Таны аав хүүхдүүдээ хүмүүжилтэй, дэгтэй өсгөсөн байна. Харин уламжлалт ёс заншил, үндэсний баяр наадамд хэр ач холбогдол өгдөг байв?

  -Аав цагаан сард дуртай байсан. Тэгээд наадам, цагаан сарын бөхийн барилдааныг радиогоор сонсож, “Х.Баянмөнх аварга түрүүлчихэж, өө, Ж.Мөнхбат аварга түрүүлчихэж” гээд баярладаг байсан. Түүнээс биш заавал монгол гутал, дээл өмс гэдэггүй байлаа. “Хийморио сэргээх гэж лам дээр очиж, цагаа барж байснаас уулын орой дээр гараад сайхан хашгирчихаж бай. Дандаа дээшээ харж бай” гэж захидаг байсан.

-Таны аав анхны шавь сургалтыг нээсэн гэдэг. Шавь нартаа ямар арга барилаар хичээл зааж байсан бол?

   -Гурван үеийн олон шавьтай. Яг аавын барилаар зохиолч болсон хүн гэвэл, Дарма Батбаяр, Х.Зандраабайды, Д.Мягмар, Б.Лхагвасүрэн, Ж.Лхагва, Д.Урианхай нар зүй ёсоор ордог. Мөн аавын зохиол бүтээлийн талаар тасралтгүй судалгаа, шинжилгээ хийсэн хүн бол зохиолч, сэтгүүлч Ү.Хүрэлбаатар юм. Аав шавь нартаа “Би та нарын багш шүү” гэж томордоггүй байлаа.

Яг аав шиг нь, ах, шиг нь, найз шиг нь ханддаг байсан. Ийм олон мундаг шавьтай байна гэдэг асар их хөдөлмөр, авьяас, ухаан. Харин тухайн үед Х.Дашдооров, Э.Оюун, Д.Наваансүрэн, С.Удвал, Д.Цэдэв даргатай дотно нөхөрлөдөг байсан. Жүжгийн зохиол бичихээс гадна жүжгийн найруулгаа театрт очиж өөрөө хийдэг байсан. Тэгэхгүй бол зарим найруулагч санааг нь өөрчилж, нэмж, хасдаг байсан байх. Аав архи уудаггүй байсан. Тэгээд яагаад уудаггүй талаар нь асуухаар “Би дайснаа баярлуулахгүй” гэдэг байлаа шүү дээ.

-Хүн бүр аав, ээжийгээ санаж, үгүйлдэг. Гэхдээ та бүр илүү аав, ээжийгээ бодож, дурсдаг юм шиг санагдлаа?

   -Тэгэлгүй яах вэ. Өдөр бүр аав, ээжийгээ санадаг. Ямар сайхан найрсаг хүмүүс байсан юм бэ. Би аав, ээж хоёрынхоо хэрэлдэж байхыг үзээгүй. Манай аав ээжийг яаж ч байсан тоохгүй, инээгээд л суудаг байлаа. Миний хүү аавыг минь нас барахын өмнөх өдөр хичээлдээ онц аваад ирсэн юм. Гэтэл аав минь бугуйныхаа цагийг хүүд минь тайлж өгөөд “Миний хүү бүүр ав. Өвөөгөөсөө том хүн болоорой” гээд эрхий хуруугаа гозойлгож байсан. Харин надад түүнийхээ дараа “Чи жинхэнэ миний охин шүү” гэж билээ. Миний аав залуудаа зовлонгийн хатуу бүрийг мэдэрч, насны эцэст жаргаж, баярлаж чадсан байх. Би аавыгаа сэтгэл дүүрэн биднээс явсан гэж боддог.

   Би сүүлийн үед маш олон хагалгаанд орж байгаа. Эмнэлэгт сэхээнд байхдаа аавынхаа талаар байнга боддог. Тэгээд л ямар ч эмчилгээ, хагалгааг даваад гараад ирдэг юм. Зүрхний хагалгаанд орчихоод Сэхээн амьдруулах тасагт “Яана даа” гээд хэвтэж байхдаа “Миний аав хэчнээн жил яаж зовсон билээ. Түүний хажууд миний энэ өвдөлт юу юм бэ. Хагалгаанд орчихоод үхлүүт хэвтэж байхдаа яах вэ дээ. Өвдөж чадсан юм бол эдгэж чадна биз дээ. Би заавал босох ёстой” гэх бодол төрж байсан. Тэгээд л би удалгүй тэнхэрч, эдгэрсэн дээ. 

Дараа нь нурууны хагалгаанд орохдоо бас л тэгж бодоод, өвчнөө ялж чадсан. Удахгүй хоёр том хагалгаанд орно. Бас л тэсээд гарна гэдэгтээ итгэлтэй байгаа. Тэгж л би амьдралын хүнд хэцүү үедээ ааваасаа хүч авдаг юм. Хэрвээ бурхан гэж байдаг бол миний аав хамгийн том бурхан гэж боддог.

Харин миний том хүү “Ажил төрөл бүтэхгүй байгаа юм шиг санагдсан үедээ өвөөгөө бодож, нэрийг нь хэлэхэд л хийморь сэргээд сайхан болчихдог. Зовж, зүдэрч байж энэ их амжилтад хүрснийг нь бодохоор заавал чадах ёстой гээд нүүр, гараа угаамаар санагддаг” гэж ярьдаг юм. Миний аав үр хүүхэд, ач, зээдээ хүртэл хүч, сэтгэлийн хатаа үлдээж чадсан. Би үхлээс бусад бүх зовлон аавын минь үзэж, туулсан зовлонгийн хажууд юу ч биш гэж боддог. Тийм учраас би ааваасаа нугардаггүй, хугардаггүй занг нь сурчээ гэж дотроо баярладаг.



-Та ааваасаа шоронд байхдаа ямархуу байсан тухай нь асууж байсан уу?

   -Аав энэ тухай ярих их дургүй, эмзэг хүлээж авдаг байсан. Тэр үед хөнгөн цагаан халбага, сэрээ их байлаа. Би баахан хөнгөн цагаан халбага, сэрээ шинээр аваад иртэл аав “Хөнгөн цагаан аяга, тавагт битгий ид. Шоронгийн хоригдлууд ийм аяганд иддэг байхгүй юу. Тэгэхээр аавд нь шоронд байсан үе бодогдоод хэцүү юм” гэж билээ. Тэгэнгүүт нь би шинээр авсан бүх халбага, сэрээ, хувин саваа хаяж байсан. Аав минь их эмзэг хүлээж авдаг байсан байгаа биз.

Аавыг шоронд байхад нь улаан булан хариуцуулж, ханын сонин наалгадаг байсан юм билээ. Тэгээд сонин наалгахаар өгсөн жонхуунаас нь ганц долооход л хөлс нь гарч байсан гэсэн. “Тэгж их өлсөж, ядарч байсан. Хүсэх ч юм биш. Тэр гайхлын талаар ярих ч юм биш” гэдэг байсан.

Харин манай нөхөртэй ганц, хоёр зүйлийнхээ зах зухаас яриад л “За болно” гээд босоод явчихсан гэдэг юм. Чухам юу ярьсан талаараа манай нөхөр одоо ч надад ярьдаггүй. Харин надад шоронд байсан тухайгаа тодорхой ярьдаггүй байсан. “Намайг шоронд явахад Мааяа минь баруун орон дээрээ бомбойтол инээгээд, Дарьсүрэн арай том болчихсон байсан” гэж ярьдаг байсан. Ийм ч болоод аав минь “Уранхай хувцастай битгий яв, хагархай аяганд битгий ид” гэж захидаг байлаа.

-Та аавынхаа зохиол, бүтээл, алдар хүндийг нь мөнхжүүлэх ямар ажил хийж байна вэ?

    -Би өөрийнхөө хэмжээнд аавынхаа номуудыг хэвлэж байгаа. Аав минь өөрийгөө “Би Завханы Алдархааны хүн шүү” гэдэг байсныг нь санадаг юм. Түүх үнэнээрээ байх сайхан. Тиймээс аавыгаа Завханы “Алдархааны есөн алдартан” болон “Завханы алдартнууд” гэх номонд оруулж, аавыгаа алдаршуулсандаа баярладаг. Аав минь 1911 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрж, Өвөрхангай аймгийн Тарагт суманд өссөн.

Тэртээ тэргүй аавыг минь зохиолч тэр дундаа жүжгийн зохиол, үргэлжилсэн үгийн зохиолын мастер байсан гэдгийг Монголын ард түмэн, судлаач, эрдэмтэд мэдэж байгаа. Миний аав хэлмэгдэлтийн хүнд ангиар зүйлчлэгдэж, гурван удаа шоронд орж, гэр бүлээсээ салж, хагацаж байсан. Аав минь дүү, бид хоёроос өмнө гурван хүүхэдтэй байсан гэдгийг нь би бүүр сүүлд мэдэж, ойлгосон. Ах, эгч нартай минь намайг тийм ойрхон өсгөсөн амьдралын ухаантай хүн байсан. Миний ах, эгч, дүү нар бүгд бурхан болсон. Аав минь биднийг зөв хүмүүжүүлсэн болохоор аавын ач, зээ нар өнөөдөр сайн, сайхан амьдарч байгаа.



Та аавынхаа залуу насных нь талаар хожуу мэдсэн гэсэн үг үү?

-Аавыг минь 1932 оны тавдугаар сарын 16-ны шөнө Дотоод яамныхан баривчилсан гэдэг. Тэр үед хөл хүнд эхнэр Лхам нь айж, сандарч үлдсэн гэдэг нь тодорхой. Тэр үед аав минь 21 настай байсан юм билээ. Аавыг минь “Хувьсгалын эсэргүү, улс төрийн хэрэг хийсэн” хэмээн С.Буяннэмэх, Д.Нацагдорж нартай хамт хилс хэрэг тулгаж, зургаан сар хорьсон гэдэг. Дотоод яамныхны хэцүү авирын улмаас эхнэр нь хэвлий дэх үртэйгээ хамт эндсэн юм билээ.

Түүний дараа 1941 оны аравдугаар сарын 9-нд Дотоод яамныханд дахин баривчлагдан “Гадаадын тагнуулын байгууллын гишүүн, Германы тагнуул байсан” гэж гүжирдэж хоёр жил гаруй шоронд хорьж байгаад хилс хэрэг тулгаж, долоон жилийн ял оноосон байдаг. Ингээд аавыг минь хэзээ хойно 1958 оны аравдугаар сард цагаатгаж байсан юм билээ. Ингэж аав минь 10 гаруй жил “Эсэргүү” нэр зүүж, доромжлогдож, гадуурхагдсан байгаа юм. Харамсалтай байгаа биз.

Аав минь сүүлд баривчлагдахаасаа өмнө Гажидмаа гэх эмэгтэйтэй гэр бүл болж, гурван хүүхдийн аав, ээж болсон байдаг. Гэхдээ аав минь бүгдийг нь нэг сэтгэлээр хайрлаж байсан гэдэгт би итгэдэг. Цаг төрийн элдэв хэлмэгдүүлэлт аавын минь амьдралын хувь заяаг ийм болгосон хэрэг шүү дээ.

  Хүн тэгээд аав, ээжийгээ хөгшрөх тусмаа илүү их санаж, бишрэх юм.Тэднийгээ өдөр бүр л бодож, тэд бодол, сэтгэлд орж ирдэг. Залуудаа мөнхийн хамт байх юм шиг санаж, төдийлөн тоодоггүй байж дээ. Аав, ээж байхгүй болсон тэр үед бас ч гэж гайгүй. Жил болоод л амьдралын бүх зүйл миний нуруун дээр ирж байгааг мэдэрсэн. Аав, ээж гэдэг уулаар бол уул нурж байгаа юм шиг тийм өмөг түшиг байдаг юм байна даа, дүү минь” хэмээснээр бидний ярилцлага энэ удаад өндөрлөсөн юм.


   Ярилцлага эхлэхэд тэрбээр “Намайг Намдагийн Эрдэнээ” гэдэг хэмээн зангирсан хоолойгоор өөрийгөө “Надад үүнээс илүү алдар гэж юу байх билээ дээ” гэх шиг бахдал дүүрэн өөрийгөө танилцуулсан юм.

Үүний учрыг одоо ухвал, Н.Эрдэнээ эгч биднийг очихоос өмнө аавтайгаа өнгөрүүлсэн гэрэлт өдрүүд, нандин дурсамжаа уудлан бодож суусан байх аа. Донровын Намдаг гэж түүний аав, аавынх нь нэр Монголын утга зохиолын хойморт залрах баринтагтай судар, хүмүүний тархи, сэтгэлийг нээх гэрэлт тарни мэт шидтэй, хүчтэй. Ийм сод хүмүүний үр учраас тэр тийм даруухан, эгэл атлаа хүчтэй оршдог биз ээ.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл