Диваажингийн цэцэрлэг хаана байдаг бол? Ятгалгад орсон Адам мэдлэгийн модноос жимс тасдаад хөөгдсөний дараа сураг тасарсан гэх тэр цэцэрлэгийг Андерсен, Хималайн уулсын хаа нэгтээ байгаа гэж үзээд мэдлэгийн оргил өөд тэмүүлэгч баатраа тийш нь илгээжээ. Дагуулж явсан хөтөч салхи нь дорнын хувцас өмсгөлтэй гэж байгаа.
Төрөл дамнан мөнхөд оршсоор оддын тэртээд ханьцашгүй жаргалын орноо хүрэх хүслэндээ автан, үүнд хүрэх цорын ганц арга зам нь хүний төрөл авч сүнстэй болох явдал гэдгийг мэдсэн лусын дагинын эгэл хүн болох хүсэл нь ханхүүд дурласан хайрынх нь хажуугаар давхар нэгэн шалтгаан нь байсныг бид хэр анзаарсан билээ?
Хамгийн сайхан сарнайг хаанаас олж болох вэ? Үзэмж, үнэр нь түүнийг төгс болгоно уу? Хагдардаггүй мөнхийн тавиланг нь магтан дуулна уу?
Эрдэмтэн Альберт Эйнштейн нэгтээ “Та хүүхдээ ухаалаг болгон хүмүүжүүлье гэвэл шидэт үлгэр уншуул. Бүр ухаалаг болгоё гэвэл бүр их шидэт үлгэр уншуул” гэсэн байдаг.
Үлгэрт бүгдийг шийдэж болдог нь гайхалтай. Үлгэрт гардаг ид шид бол бодит амьдралын “болохгүй, бүтэхгүйн” зааг хязгаарыг давж харах боломж олгодог оюуны портал буюу “төсөөллийн үүд” билээ. Бүх зүйлийг үлгэрт гардаг шиг хийсвэрлэн авч үзвэл зарим нэг асуудлын шийдлийг төсөөллийн аргаар олж харах боломжтой бус уу? Шийдлээ олоод харчихсан байхад бодитоор биелүүлэх арга зам өмнө маань дурайн тодрох ч юм билүү? Зүсээ хувиргасан маягаар шийдэл, шинэ боломж биднийг хүлээж байгаа юм биш биз?
Шидэт үлгэрийн гол элемент нь хийсвэр төсөөлөл буюу “төсөөлөн бодох оюуны чадвар” ажээ. Үлгэрийн орчилд уншигч өөрийн оюундаа зохиолын дүрийн талаар төсөөлж, орчин болоод бусад зүйлсийг ургуулан бодож, хийсвэр орчин бүтээдэг. Энэ үед бодит ертөнц замхарч, бүтээлч эрх чөлөө жигүүрээ дэлгэнэ. Зохиолч Ж.Р.Толкиен, “Хийсвэрлэл нь хүний оюун ухааны суурь ойлголт агаад учир шалтгааныг үгүй хийдэггүй. Харин ч бодит байдлын хийсвэр загварыг үүсгэдэг” гэжээ. Ид шид биелж, “туйлын гэгээн мөрөөдөл” биелэх боломжтой “төсөөллийн үзэгдэл” хэмээгддэг шидэт үлгэр нь романтик зохиолчдод хамгийн тохирсон төрөл бизээ.
Шалтгаанаас ангижирч хийсвэр төсөөлөлд тэмүүлдэг нь шидэт үлгэрийг романтисизмын бүлэгт аргагүй л багтаах аж. Энэ арга бол романтик зохиолчдын бүтээлдээ тусгадаг урам зоригийн давлагаа билээ.
“Үлгэрийн хаан” өргөмжит Ханс Кристиан Андерсений (1805-1875) амьдралын үнэний эрэл хайгуул, чин шударгыг эрхэмлэх уриа дуудлагаар дүүрэн үлгэрүүд зохиогдсон цагаасаа эхлэн уншигчдыг байлдан дагуулсаар иржээ. Бид Х.К.Андерсенийг үлгэрийн зохиолч гэдгээр нь сайн мэддэг бөгөөд “үлгэрийн” гэдэг тодотголоор нь хүүхдийн зохиолч гэж оноон нэрлэж даджээ. Судлаач Йохан Милиусын хэлснээр Андерсений үлгэрүүд нь хүүхдэд л зориулагдсан уламжлалт хэлбэрийн шидэт үлгэрүүд биш томчуудад хандсан шүүмжлэлт үлгэрүүд юм. Романтик зохиолуудад гардаг нийгмийн шүүмж түүний зохиолуудад түгээмэл. Уран бүтээлчийнхээ хувьд тэрээр Й.Гёте, В.Гюго, У.Уитман нарын адилаар романтик арга барилаар бичдэг байсан нь бүтээлүүдэд нь илхэн байдаг.
Романтик зохиолчдын бүтээлүүдэд дараах зургаан үндсэн хэв шинж давамгайлж байдаг бөгөөд эдгээрийг Х.К.Андерсений үлгэрүүдээс жишээлбэл:
Байгалийг дээдлэх
Романтик зохиолчид байгалийг төгс гоо сайхны эх үүсвэр, бүхнийг заагч багш гэж үздэг.
Андерсений “Гахайчин” үлгэрт тарчигхан хунтайж эзэн хааны гүнжтэй гэрлэхийн тулд өөртөө байсан хамгийн эрхэм, үнэ цэнтэй зүйлсээ гүнжид өргөн барьдаг. Эдгээр нь эцгийнх нь булшин дээр ургадаг, үнэртсэн хэн бүхний уйтгар гунигийг үргээн сэтгэлийг амирлуулдаг сарнай цэцэг, ертөнцийн хамгийн сайхан аялгууг уянгалуулагч алтан гургалдай хоёр бөлгөө. Эдгээр бэлэг нь байгалийн үнэт бүтээлүүд агаад мөнгө зоосоор хэмжишгүй эрхэм шинжтэй. Үлгэрийн эхэнд гүнжийн хөнгөн хуумгай байдлыг наадам цэнгээнд дуртай, байгалийн хишгийг үл хэрэгсэгч нэгэн гэдгээр харуулсан. Тэрээр байгалийн эрхэм дээд бүтээлийг үл тоомсорлож, хүний бүтээсэн зүйлс байгалийн бүтээлээс хол дээр гэж үздэгээ илэрхийлдэг.
Хунтайж гүнжийн үзэмж төрхөд татагдан, түүний сэтгэлийг дагуулахын тулд хааны ордонд гахайчнаар ажиллах болно. Гүнжид хүмүүний бүтээл илүү таалагддагийг мэдсэнээр түүний сэтгэлийг энэ аргаар татах гэж оролдож айл бүрийн хийж байгаа хоолны үнэр гардаг тогоо зэргийг зохион бүтээгээд гүнжийн үнсэлтээр солих хүсэлт тавьдаг. Хожим гүнжийн талаарх сэтгэгдэл, бодол нь өөрчлөгдсөн хунтайж түүнтэй гэрлэхээс татгалзаж байна. Түүний бэлэглэсэн эрхэм үнэт зүйлсийг үл тоож байгаа нь сэтгэлийг нь хүлээн авах чадваргүйг илтгэсэн хэрэг гэж үзсэн.
Английн романтисизмын төлөөлөгч Уиллиам Вордсворд, С.Т.Колриж нарынхаар “Хүмүүний дотоод мөн чанарын зохицол найрслыг дахин сэргээх чадвар бүхий онгодлог зохицуулагч бол байгаль” аж.
Хувь хүн болоод онгодлог байдал дээр төвлөрөн авч үзэх
Романтикууд дотоод ертөнц рүүгээ өнгийж, хувь хүний үзэл, туршлагаа өндөрт тавьдаг. Энэ арга барил дээр нууцлаг өгүүлэмж болоод сүнслэг элементүүдийг нэмж өгснөөр романтик бүтээлүүдийн онгодлог мэдрэмж улам нэмэгддэг.
“Диваажингийн цэцэрлэг” үлгэрт мэдлэгт тэмүүлж, ертөнцийн хүмүүсийн амьдралыг диваажингийнх мэт байгаасай хэмээн хүсэмжилдэг залуу хожим сэтгэлийн тэнхээ дутаж Адам шиг бүтэлгүйтэн, диваажингийн цэцэрлэгийг сүйтгэж буй талаар гарна. Бидний чин хүсэл юу байв? Завсрын хүсэл шуналд автах нь үндсэн зорилгыг маань баллаж орхидог уу гэсэн асуудал дэвшүүлж байна.
Ганцаардал, эргэцүүллийн орчинг эрхэмлэх
Ганцаардлыг эрхэмлэх байдал, эргэцүүллийн орчин нь романтисизмын ихэнх бүтээлд түлхүүр үзүүлэлт болж өгдөг.
Зохиолчид өөрсдийн олж мэдэрсэн гоо сайхныг бүтээлээрээ илэрхийлэхийг хүсдэг. Санаандаа хүртэл илэрхийлж чадахгүй байх үеийн зайлшгүй цөхрөл, гутралд нь ганцаардлыг эрхэмлэх үзэл нь хариу үйлдэл болж байдаг. Энэ номд орсон “Сар юу харав” үлгэрт залуу уран бүтээлч, огторгуйд аялах сартай ярилцаж, түүний аяллын түүхийг сонсон төсөөлөх нь мөнхүү романтик ганцаардлын зураглал болжээ. Газар газрын соёл, цаг цагийн түүхээс эргэцүүллийн хэлхээ үүсгэн байх нь яруу.
Эгэл хүнийг чухалчлан авч үзэх
Хэн ч уншсан ойлгомжтой, сонирхолтой зохиол бичиж сэтгэл хөдлөлийг энгийн атлаа урнаар илэрхийлэх нь романтикуудад чухал. “Шүдэнз худалдагч охин”, “Эрэлхэг тугалган цэрэг” үлгэрт нийгэмд оршин амьдрахын төлөөх тэмцэлд хүчин мөхөстөж буй эгэл хүмүүсийн талаар өгүүлсэн нь хүнлэг сэтгэл, тэмцэгч чанарын уриа болон эдүгээ ч цуурайтсаар байгаа билээ. Энэхүү номд маань “Эрэлхэг тугалган цэрэг” үлгэр багтсаныг дуулгахад таатай байна.
Бүсгүй хүнийг эрхэмлэн дээдлэх
Бүсгүйчүүдээр хамгийн гэгээн ариун, энэрч өрөвдөм, хүндтэй дүрийг бүтээдэг. “Зэрлэг хун” үлгэрийн Элиза охин бол энэрэл дүүрэн энхрий атлаа эгэлгүй тэвчээрийн туйл болон амьдарч буй олон бүсгүйчүүдийн төлөөлөл дүр билээ. Хайртай ах нарт нь туссан хараалын хариуд халгайгаар нөмрөг нэхэн, энэ хугацаанд ганц ч үг дуугарч болохгүй гэсэн хатуу шаардлага, гүтгэлэг доромжлол бүрийг даван гарч хожим гэр бүлийнхэн болоод хань болсон хаантайгаа амар сайхан жаргана.
“Бяцхан лусын дагина” үлгэрийн гол дүр лусын дагина эрхэм мөрөөдлийнхөө төлөө хамаг бүхнээ золиослон байж олж авсан боломжоо алдсан ч хайр энэрлийн сэтгэлдээ автан ханхүү, түүний сүйт бүсгүй хоёрыг хороолгүй өөрөө далайн хөөс болон замхрах замыг сонгоно. Сайн сэтгэлийн хариу заавал ирдгийн үлгэрээр лусын дагинын сүнс хурмастын охинд хувилж мөнхийн сүнстэй болох боломж өөрийнх нь гарт ирдэг билээ.
Дүрийн хүншүүлэл, өрөвдөм төөрөгдөл
Дүрийг хүншүүлж, тэдгээрийн мэдрэмжээр дамжуулан төөрөг заяаны тухай өгүүлэх нь түгээмэл. Хэдий энэ номд багтаагүй ч бидний сайн мэдэх “Нугасны муухай дэгдээхэй” үлгэрт нийгмээс гадуурхагдсан романтик баатрын дүрийг хунгийн бяцхан дэгдээхэй нугасны гэр бүлд төрж өсөн, алив бэрхшээлийг даван туулсаар үзэсгэлэнт хун шувуу болж өөртөө болон бусдад хүлээн зөвшөөрөгдөж буйгаар өгүүлдэг.
Түүхээс харвал XIX зууны Дани оронд хоёр өөр үзэл баримтлал зэрэгцэн оршиж байжээ. Нэг нь эзэнт гүрний уламжлалт засаглал, хуучинсаг үзэл санаа болоод үлгэр домог, мухар сүсэгт итгэх сэтгэлгээ. Нөгөө талаас дэлгэрэн цэцэглэж буй ардчилсан үзэл санаа, рациональ үзэл, шинжлэх ухааны ололт амжилт өөд тэмүүлэх үзэл. Хэдийгээр орстед цахилгаан соронзон үзэгдлийн нээлт хийгдсэн байсан ч тариачдын эгэл хөдөөх амьдралд нэвтэрч амжаагүй байсан бөгөөд байгалийн хүчин зүйлсийн өмнө хүч мөхөс эдгээр хүмүүс нууц хүч, ид шидээр амьдралын олон асуудалд хариулт барьсаар байв. Европ даяар үйлдвэрлэл хөгжиж, чинээлэг дундаж давхарга бүрэлдэн бий болж эхлэсэн ч олон хүмүүс ядуу зүдүү амьдарсаар байлаа. Фредерик хаан ардчилсан системийг хүлээн зөвшөөрөх шаардлагыг хүлээн авсан ч эзэн хааны эрх мэдэлтэй хэвээр байхад Францын хувьсгалын үр дүнд эгэл ард эрх мэдэлд хүрч, нийгмийн байр сууриа дээшлүүлж болохыг олж харсан ажилчин ангийн тэмүүлэл, ахуй амьдралдаа сэтгэл дундуур байгаагаас үүдсэн үймээн идэвхжиж байлаа.
Оденз хотын гуталчны бяцхан хүү Хансын төрж өссөн сүсэг бишрэлт орчинд нь хийсвэр төсөөлөл нь суурилж байсан бол “өөрийгөө бүтээгч хүн” хэмээх итгэл үнэмшил, хичээл зүтгэлээр нийгмийн байр суурь болоод үнэлэмжээ өөрөө бий болгож болно гэсэн ардчилсан үзэл баримтлал түүнийг урагш хөтөлж байжээ.
Улс төрийн өөрчлөлт, үйлдвэрлэлийн хувьсгалаас гадна утга зохиолд “Гэгээрлийн” үе шувтарч романтисизмын давлагаа нөмрөн ирсэн ба зохиолчийн өөрийнх нь амьдрал ч шидэт үлгэр мэт өрнөсөн гэдэг. 1820 он гэхэд романтисизм нь Европыг бүхэлд нь хамарч авай. Энэ үеийн романтисизмын чиг хандлага нь үндэстэн нэг бүрийн түүх, соёлын өв уламжлалыг нарийвчлан харж, гоцлон үзэж буй хүмүүсийнхээ тэмүүлэл, түүнээс үүдэх шаналанг нягталж харах болов. Бүхнийг бодитоор, байгаагаар нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж ертөнцийг төгс байлгахыг хүсдэг үзлээр романтисизмыг тодорхойлж болно. Романтикууд нийгмийг дарангуйллын тогтолцоо, хязгаарлагдмал үзэл бодлоос чөлөөлөхийг эрмэлздэг. Тэд эрх чөлөөг эрхэмлэж, уран бүтээлчийн чөлөөт сэтгэлгээ, учир шалтгааныг бус хийсвэр төсөөллийг тодотгон авч үзэх, байгалийг дээдлэх өндөр түвшний үзэл баримтлал, эгэл боргил хөдөөх амьдрал, бодол эргэцүүллээс илүүгээр мэдрэмж мэдрэхүйг дээдлэх, өдөр тутмын өнгөц оршихуйгаас илүү сэтгэл болоод сүнсний үүрдийн ноёрхол зэргийг эрхэмлэж байв. Ингэснээр уран бүтээлч өөрийн зохиол бүтээлээрээ “чухам үнэн” оршин байх дээд түвшинд хүрэх тэмүүлэлд нийгмийг хөтлөхийг зорьдог.
Романтикуудын үздэгээр нийгэм хувь хүмүүсийг нэгэн хэвийн ноомой зан авиртай байж, үр ашигтай нэгэн байхыг шаардаж дарангуйлдаг аж. Энэ хэв шинж нь хүмүүсийг бүтээлч, онгодлог байх боломжийг дарангуйлдаг. Уран бүтээлч хүний үүрэг бол олон нийт, нийгмээс өөрийгөө чөлөөлөх явдал. Ж.Кийтс болон Английн бусад романтикуудын адилаар Андерсен ч бас хувь хүнийхээ хувьд дээрх төөрөгдөлт сэтгэлгээ болоод оюуныг дарангуйлсан байдлыг хаяж орхиод мөнхийн хайр, эгэл хүмүүст ээлтэй орчлон хорвоог мөрөөдөж байв.
Бодит байдлыг ягшмал, уламжлалт ойлголт ба туршлагын үүднээс бус хийсвэрээр төсөөлөн харж чадвал зуурдын ертөнцийн асуудлуудыг магад даван гарах боломж нээгдэнэ. Энэ бол итгэл найдварын илгээлт бөгөөд уран бүтээлээрээ хүмүүсийг зоригжуулан дэмжихийг хүссэн Андерсений тэмүүлэл юм. Түүний хувьд хийсвэр төсөөлөл нь хязгаарыг даван гарах арга зам болжээ. Андерсений олон зохиолд урсгал сөрөх хандлага ажиглагддаг. Онгодын түвшинд цөхөрч байсан нь аз жаргалгүй төгсдөг олон үлгэрүүдээс нь харагддаг. Тэрээр хүмүүсийн зовлонг нимгэлэхэд авьяасаа зориулахыг үүргээ хэмээн үзэж байсан нь илт. Ганцаардсан идеалист тэрээр урлаг, хийсвэр төсөөллөөр сэтгэлээ зогоож байжээ. Түүнийг “Гэрэл гэгээ, өөдрөг сэтгэлд тэмүүлэгч” гэж Де Милиус онцолсон бол Бранди болон бусад шүүмжлэгчид “хүүхэд зантай, хүүхдийн зохиолын төрлөөр бичдэг, утга зохиолын хүүхэд шиг үе шат болох романтисизмын өнгө аясаар бичдэг зохиолч” гэсэн байдаг.
Үнэний дуу хоолойд бялдууч өнгө аяс нэмдэггүй түүний бүтээлүүд олон хэл дээр орчулагдан дэлхий нийтэд түгжээ. Үлгэрийн баатрууд нь номын хуудас, жүжгийн тайз, цэнхэр дэлгэцээр бидэнтэй мэндчилсээр байна. Түүний бүтээлүүдийг дахин эргэлтэд оруулахдаа ихэвчлэн агуулгыг хялбаршуулж, өгүүлэмжийг “хүүхдэд зориулсан” нэрийн дор өөрчилдөг нь бүтээлийн өнгө төрхийг бүдгэрүүлдэг хэмээн өдгөө судлаачдын дунд яригдах болсон билээ. Энэ номоороо зохиолчийн эх зохиолуудыг өөрчилж таналгүй, дорогшлуулж засалгүй уншигчдадаа хүргэхийг чухалчилсныг болгоон соёрхоно уу.